| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00354/и |
| Дугаар | 369 |
| Огноо | 2017-10-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Есөнбулаг сум, ...... оршин суух, эмэгтэй, *******-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- *******-т холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ******* дагалдан дуучнаар ажиллаж байсан. Тус чуулгын нийт ажилчид, уран бүтээлчдийн 2017 оны амралт 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн буюу уг өдөр намайг Б/63 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С-ийг 2017 оны 07 сарын 24-ний өдрийн Б/63 дугаартай ******* даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа. Ингэж чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Байгууллагын Дотоод журмын 9.8.9, хөдөлмөрийн гэрээний 5.5.8-ыг үндэслэсэн байдаг. 40 дүгээр зүйлийн 40.1.4-т юу байдаг вэ гэхээр сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан, эсхүл ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Хариуцагч талаас ноцтой зөрчил гэдгийг ажил тасалсан гэж тайлбарлаж байх шиг байна. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гаргасан тушаал хоёр хоорондоо зөрүүтэй байна гэж үзэж байгаа, тушаалдаа 1 сар үндэслэлгүй ажил тасалсан гэсэн тушаал гарсан байгаа. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоног тасалсан гэсэн тайлбар гаргаж байна. Гэвч үндэслэлгүй гэж үзэж байна, яагаад гэвэл Ж.С-т чөлөө олгосон 2017 оны 04 сарын 21-ний өдрийн А/08 дугаартай тушаал байгаа. Энэ тушаалаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 сарын 01 өдрийг хүртэл гэж сарын хугацаатай цалинтай чөлөө олгосугай гээд чөлөө олгосон хугацаагаа чуулгын дарга өөрөө үндэслэлгүй гэж үзэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа. Нөгөө талаасаа 2017 оны 03 сарын 24-ний Б/30 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл сахилын шийтгэлийг хүлээлгээгүй гэж үзэж байгаа. Учир нь хэрэгт байгаа нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас харахад 03 сарын цалин бүтэн олгогдсон байгаа. 3, 4, 5 сар цалин бүтэн бичигдсэн байгаа, харин 5 сар дээр хасагдаж орж ирсэн нь ямар учиртай вэ гэхээр чи 5 сард ажилдаа ирэх юм чинь 15 хоногийн цалинг олгохгүй, цалин авах гэдэг үүднээсээ олгооогүй байдаг, бусад цалин авах бүтнээрээ орсон байдаг. Тэгэхээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал байгаа боловч бодит байдалд хүлээлгээгүй, тушаалтай холбоотой хурлын тэмдэглэл гарсан байдаг боловч гарын үсэг дутууу зурагдсан тул нөхөж хийсэн байх магадлалтай байгаа. Тиймээс сахилгын зөрчил давтан удаа дараа гаргасан нь нотлогдохгүй байна гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуучин Ж.С анх 2013 оны 01 сарын 22-ны өдөр ******* дагалдан дуучнаар 6 сарын хугацаатайгаар томилогдсон байдаг. Дагалдан дуучнаар 6 сар ажиллаад үндсэн дуучнаар ажиллах байсан боловч гоцлол дуу дуулдаггүй, албан үүргээ хангалтгүй биелүүлдэг шалтгааны улмаас 2 жил 8 сар дагалдан дуучнаар ажилласан байгаа. 2015 оны 09 сараас үндсэн дуучнаар ажилласан боловч ажиллах хугацаандаа мэргэжлийн анги, дамжаа төгсөөгүй мэргэжлийн бус дуучин юм. Ж.С-тэй 2017 оны 02 сард хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээний дагуу ажил үүргээ сайжруулж, гоцлол дуу дуулж ур чадвараа дээшлүүлж ажиллахыг даалгасан боловч ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн. 2017 оны 03 сард уран сайхны зөвлөл хуралдаж С-ийн асуудлыг хэлэлцэж, найруулагч санал оруулахад дуучин С нэг ч уран бүтээл шалгуулаагүй, гоцлол дуу дуулаагүй, хөдөө малчдын шагнал гардуулах ажиллагаанд очиж дуул гэхээр би хөдөө айлд дуулж чадахгүй гэж найруулагчтай хэрэлдэж, ёс бус байдал гаргасан тул уран сайханы зөвлөл хуралдаж дуучин С-ийн үндсэн цалинг нэг сар 20 хувиар бууруулах шийдвэр гаргасан. 2017 оны 03 сарын 24-ний өдрийн тушаалаар үндсэн цалин нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл анх ногдуулсан байгаа. Дуучин Ж.С 2017 оны 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Соёл урлагын их сургуулийн салбар сургууль Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид 1 сарын хугацаатай суралцах боломж нөхцөлийг хангаж 1 сарын цалинтай чөлөө олгосон боловч тухайн сургуульдаа суралцаагүй, Солонгос явах виз гарсан нэрээр худал хэлж сарын чөлөө авсан. Энэ хугацаандаа анги, хамт олон, бусад хүмүүстээ албан ёсоор чөлөө авсан талаараа мэдэгдээгүй. Энэ хугацаанд ажлдаа ирээгүй, 14 хоногийн ажил таслаж сахилгын ноцтой зөрчил гаргасан. 2017 оны 05 сард АЧ-ийн уран сайхны зөвлөл хуралдаж Ж.С-т 7 дугаар сарын 01-ний хүртэл хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй. Ингээд 2017 оны 07 сарын 24-ний өдрийн Б/63 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа. Сарнайцэцэг нь нэхэмжлэлдээ тус чуулгын нийт ажилчид уран бүтээлчдийн амралт 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхэлсэн энэ өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж мэдүүлсэн байна. АЧ-ын нийт ажилтан уран бүтээлчдийн ээлжийн амралт 2017 оны 07 сарын 24-ний А/15 тоот тушаалаар олгосон, амрах уран бүтээлч, ажилчдын нэрсийг хавсралтаар баталсан, уг хавсралтанд дуучин С-ийг амраасан нэр байхгүй тул дуучин С-ийг амралт авсан гэж үзэх боломжгүй. Энэ хүн Хөдөлмөрийн дотоод журамд сарын хугацаанд нийлбэр дүнгээр 3-аас дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэж ажлаас чөлөөлнө гэсэн заалт байгаа. Ж.С нь 14 хоногийн ажил тасалсан, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн учраас ажлаас чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Чөлөө олгосон тушаалын хувьд хүчингүй болгоогүй, хүчинтэй хэвээр мөрдөгдөж байгаа. 2017 оны оны 3 сард ногдуулсан цалингийн суутгалыг яагаад хасаж тооцоогүй гэдгийг манай нягтлан бодогчоос л асууж тодруулмаар юм байна. 5 сарын цагийн тооцооны хүснэгтэд манай байгууллагын нягтлан бодогч, төрийн сангийн мэргэжилтний гарын үсэг байхгүй байна. Ер нь ажилчдын цагийг өдөр бүр жижүүрүүд бүртгэдэг тусдаа бүртгэлийн дэвтэр байдаг гэв.
Нэхэмжлэл, зохигчдийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.С нь ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг шаарджээ /хх-1/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Нэхэмжлэгч Ж.С-т 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний .... дугаарын утсаар 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9 цаг 45 минутад мэдэгдэхэд “би Сайншандад явж байна, хурлын товыг мэдлээ” гэх тайлбарыг утсаар хэлсэн, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд мэйл хаягаар ирүүлсэн хүсэлтдээ “миний бие хувийн ажлаар Дорноговь аймагт байгаа тул намайг оролцуулахгүйгээр өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү” гэжээ /хх-86, 90/.
Нэхэмжлэгч Ж.С өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд түүний өмгөөлөгчийг оролцуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-90/.
******* 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/63 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.8.9, хөдөлмөрийн гэрээний 5.5.8 гэсэн заалтуудыг үндэслэн дуучин ажилтай Ж.С-ийг ажлаас нь чөлөөлсөн байна /хх-3, 77/.
*******
Нэхэмжлэгч Ж.С нь *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна /хх-1 арын хуудас/.
Түүнчлэн Ж.С нь *******-д дагалдан дуучин, дуучинаар ажиллаж байсан болох нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/08 дугаартай чөлөө олгосон тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, 0010691 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан Б/30 дугаартай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/63 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн уран сайханы зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн уран сайханы зөвлөлийн хурлын тэмдэглэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдсон /хх-4, 40, 17-18, 37, 3, 77, 6-8, 9-16, 33-36, 41-43/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ж.С хөдөлмөрийн гэрээний 5.5.8-д заасныг зөрчиж, ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ сайжруулж, идэвхи санаачлагатай ажиллахыг үүрэг болгож, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд чуулгын уран сайхны зөвлөл хуралдаж дуучин Ж.С-ийн асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгаварч өгч цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ногдуулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй. Мөн Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь хөгжим бүжгийн коллежид суралцах боломж нөхцөлөөр хангаж 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар Ж.С-т 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 1 сарын цалинтай чөлөө олгосон боловч сургуульд суралцаагүй хагас жилийн чөлөө авсан, энэ талаараа анги хамт олон байгууллагад мэдэгдээгүй, чөлөө сунгах талаар албан ёсоор хүсэлт гаргаагүй бөгөөд албан ажилдаа ирэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоног ажил таслаж сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж,
уран сайханы зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Ж.С-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад ******* захиргаа, уран сайханы зөвлөлд бичгээр гаргасан өргөдөл, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/08 дугаартай чөлөө олгосон тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, уран сайханы зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн цагийн тооцоо, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн цагийн тооцоо, СУИС-ийн салбар Завхан аймаг дахь хөгжим бүжгийн коллежийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/161 дугаартай албан бичиг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/15 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, АДБАЧ-ийн хөдөлмөрийн дотоод журам, АЧ-ын дуучны ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргасан /хх- 30-31, 33-36, 37, 39, 40, 41-43, 44-47, 48, 49-51, 52-73, 74-76/.
Хариуцагч *******-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/63 тоот тушаалд нэхэмжлэгч Ж.С-ийг
- албан үүргээ хангалтгүй биелүүлж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн,
- уран сайханы зөвлөлийн хурлаас ажлаа сайн хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежид суралцахаар 1 сарын хугацаатай цалинтай чөлөө авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хагас жилийн чөлөө авч нэг сар ажил таслаж сахилгын ноцтой зөрчил гаргасан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.8.9, хөдөлмөрийн гэрээний 5.5.8-д заасныг үндэслэсэн байна /хх-3, 77/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.\
Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил үүсээгүй тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн уран сайханы зөвлөлийн хурлаас ажлаа сайн хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалсан гэх үйлдэл ноцтой зөрчилд тооцогдохоор тусгагдсан эсэх нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл Ж.С хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.
Зохигчдын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 21, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний 5.5-д ажилтан дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 10.1.5, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ гэж, 5.5.8-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажлын 3-аас дээш өдөр буюу сарын хугацаанд нийлбэр дүнгээр 3, түүнээс дээш өдрийн ажлын цагтай тэнцэх хугацаагаар ажил тасалсан, ажлаас хожимдсон, эрт явсан, ажлын байрандаа байгаагүй тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ /хх-14-15/.
Түүнчлэн ажил олгогчийн Б/63 тоот тушаалын үндэслэл болсон *******-ын хөдөлмөрийн дотоод журмын 9.8.9-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажлын 3-аас дээш өдөр буюу сарын хугацаанд нийлбэр дүнгээр 3, түүнээс дээш өдрийн ажлын цагтай тэнцэх хугацаагаар ажил тасалсан, ажлаас хожимдсон, эрт явсан, ажлын байрандаа байгаагүй тохиолдлыг уг журмын 9.8-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор тодорхойлсон байна /хх-65-66/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Ж.С-т 1 сарын цалинтай чөлөө олгосон даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/08 дугаартай тушаал хүчингүй болоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14 хоног ажил тасалсан нь Соёл урлагийн их сургуулийн Завхан аймаг дахь хөгжим бүжгийн коллежийн албан бичиг, 4, 5 дугаар сарын цалингийн тооцооны хуудсаар нотлогдож байгаа гэж тайлбарлаж байх боловч хэрэгт нотлох баримтаар гаргасан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/63 тоот тушаалд 1 сар ажил тасалсан гэж, *******-ын уран бүтээлчид, ажилчдын 2017 оны 04 сарын 21 цагийн тооцоо гэх хүснэгтэд нийт 64 нэр бичигдсэн байх бөгөөд 13 дугаарт Ж.С, чөлөөтэй өдөр 20, чөлөөтэй цаг 160 гэж тэмдэглэгдсэн хоёр нүүр баримтыг нотариатаар гэрчлүүлсэн,
2017 оны 05 сарын 24 цагийн тооцоо гэх хүснэгтэд нийт 66 хүний нэр бичигдсэн байх бөгөөд 13 дугаарт Ж.С, тасалсан өдөр 10, тасалсан цаг 80 гэж тэмдэглэгдсэн байх боловч уг цагийн тооцоог хянасан нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй, төрийн сангийн мэргэжилтнээр хянагдсан талаар тэмдэг дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй, нотариатаар гэрчлэгдээгүй хуулбар баримт ирүүлсэн байна /хх-3, 77, 48, 44-47/.
Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч Ж.С Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь, тухайн ноцтой зөрчил тогтоогдсон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч тайлбартаа нэхэмжлэгчийг 1 сар ажил тасалсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр 14 хоног ажил тасалсан гэж тайлбарлаж байх боловч ажилтан ажил тасалсан болохыг нотлох ажилтаны цагийн тооцооны бүртгэлийн дэвтрийг шүүхэд гаргаагүй, 2017 оны 5 сарын 24 гэх огноотой цагийн тооцооны хүснэгт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно /хх-46-47/.
Түүнчлэн нэхэмжлэгч Ж.С “...СУИС-ийн харьяа Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежид эчнээгээр суралцаж байгаа, энэ оны хичээллэх хугацаа 4-р сарын 01-нээс 5 сарын 15 хооронд хичээллэх тул цалинтай чөлөө олгож өгнө үү” гэх хүсэлтийг Алтай чуулгын захиргаа уран сайханы зөвлөлд гаргасныг тухайн байгууллага 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад хүлээн авсан болох нь хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн өргөдөл, түүний арын хуудсанд дарагдсан АДБАЧ бүртгэсэн гэсэн тэмдэгээр нотлогдож байна /хх-39/.
Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг ажил олгогч нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/08 дугаар тушаалаар шийдвэрлэхдээ Ж.С-т 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгосон байх бөгөөд нэхэмжлэгч Ж.С-т 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл чөлөө олгоогүй болохоо, 1 сарын хугацаатай чөлөө олгосон талаараа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Ж.С-т цалинтай чөлөөг 4 сарын 1-нээс 5 сарын 1 хүртэл олгосон, 5 сард чи өөрөө ирээд ажиллах учраас 5 сард цалингүй чөлөө олгоно гэж хэлсэн учраас нэхэмжлэгч 5 сарын 15-нд ажилдаа орсон, түүний ажил олгогчид гаргасан чөлөө хүссэн өргөдөлд 5 сарын 15 гэж байгаа, ажил олгогчийн чөлөө олгосон тушаал нэхэмжлэгчийг сургуульдаа явсан хойгуур гаргасан байдаг...” гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй болно.
Тиймээс ажил олгогчийн ажилтанд чөлөө олгосон 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/08 дугаартай тушаал хүчинтэй хэвээр байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, түүнийг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгч Ж.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийн нэг болох 1 сар ажил тасалсан гэх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Мөн ажил олгогчийн Б/63 тоот тушаалын хоёр дахь үндэслэл дуучин Ж.С албан үүргээ хангалтгүй биелүүлж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, уран сайханы зөвлөлийн хурлаас ажлаа сайн хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаад нотлох баримтаар Алтай чуулгын уран сайхны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 тоот тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, уран сайханы зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн /хх-33-36, 37, 41-43/.
Дээрх баримтаас үзэхэд АЧ-ын уран сайхны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.С-т сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч уран сайханы зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар нэхэмжлэгч Ж.С-т 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай үүрэг даалгавар өгч, ажил үүргээ сайжруулахыг даалгасан байх бөгөөд уг хугацаатай үүрэг даалгаварыг шалгасан эсэх, Ж.С албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болохыг тогтоосон тухайн салбарын байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссийн дүгнэлт, шийдвэр гарсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй буюу “...ажлаа сайн хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй...” нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болно гэх үндэслэл тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй болно. Учир нь ажлаас чөлөөлсөн Б/63 тоот тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 9.8.9, хөдөлмөрийн гэрээний 5.5.8 гэх зохицуулалтыг үндэслэсэн бөгөөд эдгээр зохицуулалт нь ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан бол гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтаныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх тайлбар, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Маргааны зүйл ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/63 тоот тушаал тул уг тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Ж.С гаргасан гэх үйл баримт хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно...” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 0010691 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2017 оны 6, 5, 4 дүгээр сарууд байх бөгөөд /7 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн/ эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 542.784 + 413.400 + 540.784 = 1.496.968 : 3 сар = 498.989 : 21 = 23.761 төгрөг байна. Нэхэмжлэгч Ж.С-ийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажлын 62 өдрөөр тооцож олговорт 1.473.182 /нэг сая дөрвөн зуун далан гурван мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна /хх-17-18/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.С-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч *******-д даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.521 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ж.С-ийг *******-ын дуучны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч АДБАЧ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 62 хоногийн олговорт 1.473.182 /нэг сая дөрвөн зуун далан гурван мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч *******-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.521 /гучин найман мянга таван зуун хорин нэгэн/ төгрөгийг хариуцагч *******-д гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ