Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0785

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 11 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0785

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Ф ХЗХ

Хариуцагч: С Д Т Х Т У Б.Т, Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “С Д Т Х Т У Бийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 252018161 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагч Б.Т, Ж.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ф ХЗХ нь шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “С Д Т Х Т У Бид нь Ф ХЗХ-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 252018161 дугаар шийтгэлийн хуудсаар Ф ХЗХ-д 2017 оны зээлийн хүүгийн төлбөрт бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, цахим төлбөрийн системд бүртгээгүй зөрчил гаргасан гэж 1500000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь Ф ХЗХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байна.

Ф ХЗХ нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2014 онд 8,005.28 төгрөгийн, 2015 онд 1,464.21 төгрөгийн, 2016 онд 539.17 төгрөгийн 2017 онд 35,409.21 төгрөгийн, мөн хувь хүний орлогийн албан татварыг тус тус төлж тайлангаа цаг тухай бүрт нь татварын байгууллагад тайлагнаж, аж ахуй нэгжийн орлогийн албан татварт 556,088.00 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварт 12,756,804.00 төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төлсөн.

Гэтэл татварын улсын байцаагч нар 2017 онд Монгол Улсын стандартын шаардлага хангасан пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй, хэрэглэгчийн нэгдсэн системд бүртгээгүй зөрчил гаргасан, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т "Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.8-т “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх”, 44.1-т “Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэн шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Ф ХЗХ Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудад зааснаар татвар ногдох зүйл, татварын хувь хэмжээгээ санхүү татварын тайлангууддаа зөв тусгаж, цаг хугацаанд нь тайлагнаж ирсэн бөгөөд хуульд заасан үүргээ шударгаар биелүүлж ирсэн. Ф ХЗХ-ны үндсэн үйл ажиллагаа нь бараа бүтээгдэхүүн борлуулах бус хадгаламжийн мөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Өөрөөр хэлбэл банктай ижилхэн иргэд, аж ахуй нэгж байгууллагаас хадгаламж бүрдүүлж, мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад зээл олгодог учир пос терминал машин хэрэглэх үүрэг хүлээхгүй” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С Д Т Хсээс Ф ХЗХ-ны 2014-2017 оныг дуустал хугацаанд албан татварын ногдуулалт болон төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг хийсэн. Шалгалтыг хийсний дараа сугалааны дугаартай төлбөрийн баримтын талаар захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэж зөрчлийн шийтгэлийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны 252018161 өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11, 19 дүгээр зүйлийн 19.6, 19.5 дахь хэсэгт зааснаар уг хадгаламж зээлийн хоршоог 1,500,000 төгрөгөөр торгосон. Торгох нь хууль зүйн үндэслэлгүй улмаар шийтгэлийн хуудас бичих ёсгүй зүйл дээр арга хэмжээ авсан.

Татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1, 8 дугаар зүйлийн 8.6.12 дахь хэсэгт зааснаар зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг тогтоож өгсөн. Зөрчлийн тухай хуулийг татварын улсын байцаагч нар шийтгэлийн арга хэмжээ авна гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.8.6.12-д татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил гэж зааж өгсөн. Улмаар нэг ёсондоо байцаагчийн харьяаллыг тогтоож өгсөн байтал харьяалал зөрчиж арга хэмжээ авсан.

 Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11, 19 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ авсан. Та бүхэн заасан заалтуудаар та нар шийтгэх хуудас бичих ёстой. Ф ХЗХ нь Зөрчлийн тухай хуулийн 11, 19 дүгээр зүйлийн 19.6.5-д заасан заалтыг биелүүлэх үүрэггүй. Яагаад гэвэл Ф ХЗХ нь хуулийн этгээдийн улсын 00136204 тоот бүртгэлийн гэрчилгээг ажиллах чиглэлийг заагаад өгсөн. Хадгаламж хоршоо нь зээлийн үйл ажиллагаа явуулна гэж заасан. Та нарын шийтгэлийн хуудас бичсэн гол утга нь кассын машин түүний салшгүй хэсэг пос терминал буюу түүнтэй адилтгах програм хангамж бүхий тоног төхөөрөмжийг борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн хуулийн этгээдэд арга хэмжээ авах ёстой.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг гэж заасан. Борлуулалтын үйл ажиллагаа явуулдаггүй хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Хэрвээ шүүх борлуулалтын машин явуулсан гэж үзэх юм бол эднийх борлуулалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй юм шиг харагдаж байгаа.

Нэг ёсондоо борлуулалтын үйл ажиллагаа явуулах чиглэлийг шүүх тогтоох болчхоод байна. Зөрчлийн тухайд 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 40 минутад илэрсэн. Шийтгэлийн хуудсыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 252018161 тоот шийтгэлийн хуудас бичиж байгаа. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалгах ажиллагаа явуулах хугацаа боломжгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Дууссан үед шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Шийтгэлийн хуудсыг хялбаршуулсан журмаар заасан. Ямар нөхцөлд хялбаршуулсан журмаар шийдэх вэ? гэхээр зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэж заасан. Тэгш байдлыг ерөөсөө хангаж чадаагүй. Банк бол том байгууллага юм. Хуулийн этгээдэд шийтгэлийн хуудас бичиж байгаа юу? гүйцэтгэх захирал н.Номин-Эрдэнэд арга хэмжээ авч байна уу гэдэг нь тодорхойгүй байсан. Шийтгэлийн хуудсанд юунаас болж арга хэмжээ авсан талаар заагаагүй. Пос терминал машин хэрэглээгүй гэдэг дээр шийтгэлийн хуудас бичиж байгаа. Хуулинд маш тодорхой заасан байдаг. Хуулиа маш сайн унших хэрэгтэй. Та бүхэн Татварын ерөнхий хуульд заасан арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Гэмт хэрэг гэж тооцоогүй зүйл дээр ял шийтгэл оногдуулсан.” гэв.

Хариуцагч С Д Т Х Т У Б Б.Т шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч 2342154 регистрийн дугаартай Ф ХЗХ-ны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу С Д Т Х Т У Б Б.Т, Ж.Нямдорж нар нь “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 25180500415 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж, санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн журналууд, бусадтай хийсэн гэрээ, холбогдогчийн мэдүүлэг зэрэгт тулгуурлан Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад, тус хуулийн этгээд нь 2017 онд Монгол улсын стандартын шаардлага хангасан пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй, цахим төлбөрийн системд бүртгээгүй зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн, 18.1.8-д “Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, татварын хувь хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухай нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө” гэж заасныг зөрчсөн болох нь татварын тайлан, холбогдогчийн мэдүүлэг анхан шатны баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээд нь стандартын шаардлага хангасан төхөөрөмж ашиглан, НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14- т заасан “төлбөрийн баримт”-ыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил үйлчилгээ эрхэлдэг эсэхээс үл хамаарч татварын нэгдсэн системд холбогдон, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох сугалааны дугаартай төлбөрийн баримтыг ажил гүйлгээ гарсан тухай бүрт олгох ёстой байна.

Иймд холбогдогч 2342154 регистрийн дугаартай Ф ХЗХ-ны гаргасан зөрчилд торгууль ногдуулах үндэслэлтэй гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн 2017 онд зээлийн хүүгийн төлбөрт бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, цахим төлбөрийн системд бүртгээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дах хэсэгт “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг 1,500 нэгжээр торгоно” гэж заасны дагуу нийт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан болно.” гэжээ.

Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Борлуулалт хийгдээгүй гэж яриад байна. Банк бус хадгаламж зээлийн хоршоо нь борлуулалт хийхгүй тусгай үйл ажиллагаа явуулдаг газар юм. Гэхдээ бүгд ашгийн төлөө газар юм. Борлуулдаггүй боловч зээлийн хүүгийн ашиг шимийг хүртэж байна. Борлуулалт хийдэггүй тул төлбөрийн баримтыг олгох ёсгүй гэж ойлгох боломжгүй. Касс, пос терминал түүнтэй адилтгах тоног төхөөрөмж гэдэг нь компьютер, принтерийг хэлж байгаа. Та бүхэн татварын нэгдсэн системд холбогдох үүрэг хүлээсэн. Хүмүүст сугалаанд оролцох эрхтэй баримтыг олгоно. Танайх компани зээл авсан талаар төлбөрийн баримтаар нотолно. Танайх төлбөрийн баримт олгоогүй байх юм бол тухайн компанид хариуцлага тооцно. Танайх заавал төлбөрийн сугалаанд оролцох баримтыг олгох ёстой.  

Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19 дэх зүйл нь өөрөө татварын бүлэг орж ирж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19-ийн 6.5-д Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Татварын улсын байцаагч нар хуулийн дагуу хариуцлага ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд татвар төлөгч үүргээ биелүүлэх ёстой.  Зөрчил нь хяналт шалгалтын үед гарсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа ярихгүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол гэж заасны дагуу улсын байцаагч нар хариуцлага ногдуулсан. Мөн хуулийн 6.6.1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулах шаардлагагүй бол гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлээд явсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

С Д Т Х Т У Б Б.Т, Ж.Нямдорж нар нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 25180500415 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу Ф ХЗХ-ны 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2017 онд зээлийн хүүгийн төлбөрт бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, цахим төлбөрийн системд бүртгээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг 1500 нэгжээр торгоно” гэж заасны дагуу 1.500.000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагчаас гомдлын үндэслэлдээ “Манай байгууллага нь борлуулалт явуулдаггүй учраас төлбөрийн баримтыг олгох ёсгүй” гэж маргаж байна.

Гэтэл Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн, 18.1.8-д “Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, татварын хувь хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухай нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө.”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт”-ыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил үйлчилгээ эрхэлдэг эсэхээс үл хамаарч татварын нэгдсэн системд холбогдон, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох сугалааны дугаартай төлбөрийн баримтыг ажил гүйлгээ гарсан тухай бүрт олгох”-оор заасныг Ф ХЗХ зөрчсөн болох нь татварын тайлан, холбогдогчийн мэдүүлэг, анхан шатны баримтуудаар нотлогджээ.

Үүнээс үзэхэд хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.”-ныг зөрчсөн гэж үзэн Ф ХХК-д 1.500.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Зөрчлийн тухайд 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 40 минутад илэрсэн байхад 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 252018161 тоот шийтгэлийн хуудас бичиж байгаа нь зөрчил шалгах ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө.” гэж зааснаар  Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил...” гэж зааснаар зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эсвэл гүйцэтгэх захирал Б.Номин-Эрдэнэд оногдуулсан эсэх нь шийтгэлийн хуудсанд тодорхойгүй.” гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлдээ дурдсан боловч  Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-д “Холбогдогч 2342154 регистрийн дугаартай Ф ХЗХ-ны захирал Б.Номин-Эрдэнэ...” гэж шийтгэл оногдуулах хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийн нэрийг дурдсан нь иргэн Б.Номин-Эрдэнэд шийтгэл оногдуулсан гэж үзэхээргүй байна.

Иймээс Ф ХЗХ-ны гаргасан “С Д Т Х Т У Бийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 252018161 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн, 18.1.8, 44 дүгээр зүйлийн 44.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасныг тус тус баримтлан Ф ХЗХ-ны гаргасан “С Д Т Х Т У Бийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 252018161 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН