Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ991

 

 

 

 

2020          12           08                                     2020/ШЦТ991

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2009000001448 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ***өмнөд хошуунд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 охины хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:../, паспортын дугаар ..., GB1 оршин суух зөвшөөрөлтэй, С.Б нь:

 

- 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот гэртээ эхнэр Б.Г-тай маргалдсан үйлдлийг таслан зогсоох зорилгоор салгах үйлдэл хийсэн Л.Э-г г зодож унагаан дээрээс нь сууж нүүрэн тус газар нь удаа дараа цохиж “баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралт, дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, доод уруулын цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.Э салгаад “Би согтуу байсан болохоор газарт унахад С.Б- миний дээр суугаад нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Тэгээд эхнэр нь салгаад би босож цагдаа дуудсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. С.Б- надаас уучлалт гуйсан. Бид хоёрын хооронд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. / хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас /

 

Гэрч Б.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Нөхөр С.Б-у ажлаасаа орж ирээд хувцсаа тайлчихаад мөнгө хийдэг шкафаа уудалж байснаа энд байсан мөнгө яасан гэхээр нь би найздаа 300.000 төгрөг зээлүүлсэн талаар хэлсэн. Тэгэхэд уурлаад над руу чанга дуугаар хашгирч эхэлсэн. Тэгтэл манай өрөөнд Эрдэнэбилэг ах орж ирээд “чи эмэгтэй хүн рүү чанга ориллоо” гэж хэлээд С.Б-угийн өмссөн цамцны энгэр хэсгээс 2 гараараа заамдсан. С.Б-у Э-г түлхэж газар унагааж байгаад нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиход би дундуур орж болиулсан гэжээ. / хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас /

 

Гэрч С.Н мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Танихгүй дугаараас эрэгтэй хүн залгаад цагдаагийн байгууллагаас ярьж байна. Та Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс нөхөр Эрдэнэбилэгийг ирж авна уу гэхээр нь очсон. Очиход Э-н баруун нүд хөхөрч хавдсан, хамрын нуруу хэсэгт шалбарсан, уруул хэсэгт язарсан шархтай жаахан халамцуу коридорт сууж байсан. Тухайн үед юу болсон талаар асуугаагүй такси бариад гэртээ харьсан гэжээ. / хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас /

 

Яллагдагч С.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... э баатар манай гэрийн усны өрөөнд пельта нааж байсан. Би мөнгө хийсэн шкафаа уудалсан чинь 300.000 төгрөг байхгүй байхаар нь эхнэрээсээ асуухад найздаа зээлүүлчихсэн гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёрын дунд маргаан гараад чанга дуугаар эхнэр рүүгээ хашгирсан. Энэ үед Л.Э орж ирээд чи яагаад эмэгтэй хүнийг дээрэлхээд байгаа юм гэж хэлээд миний өмсөж байсан цамцны энгэр хэсгээс хоёр гараараа заамдсан. Би уурандаа буйдан дээрээс босоод түүнийг түлэхэд газар дээш хараад унасан. Би Л.Э дээрээс дарж суугаад нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад 2-3 удаа цохьсон. Түүний биед учирсан гэмтлийг би учруулсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид хууль дүрмийг чанад сахиж амьдрах болно гэжээ. / хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11844 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Эрдэнэбилэгийн биед баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас /

 

Шүүгдэгч С.Б-г 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хавтаст хэргийн 19-20, 31-34 дүгээр хуудас /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 64 дүгээр хуудас / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид хууль дүрмийг чанд сахиж явна гэв.

 

Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот гэртээ эхнэр Б.Г-тай зүй бус харьцлаа гэж заамдаж авснаас болж Л.Э-н  газар унагаан дээр нь сууж нүүрэн тус газар нь удаа дараа цохиж “баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралт, дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, доод уруулын цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... С.Б- миний дээр суугаад нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.Э-н мэдүүлэг / хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас /, … С.Б-у Эрдэнэбилэгийг түлхэж газар унагааж байгаад нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиход би дундуур орж болиулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Г--н мэдүүлэг / хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас /, … Цагдаагийн байгууллагад очиход Э-н баруун нүд хөхөрч хавдсан, хамрын нуруу хэсэгт шалбарсан, уруул хэсэгт язарсан шархтай жаахан халамцуу коридорт сууж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Н-н мэдүүлэг / хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас /, … Би Л.Э-ийн дээрээс даран сууж, нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад 2-3 удаа цохьсон. Түүний биед учирсан гэмтлийг би учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч С.Б-гийн мэдүүлэг / хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас /, ... Л.Э-н биед баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11844 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Л.Эрдэнэбилэг нь нэхэмжлэх зүйлгүй / хх 87 / гэсэн тул С.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б-уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Б-уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ