| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/1006/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/970 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/970
2020 12 01 2020/ШЦТ/970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
улсын яллагч: Г.Түвшинбаяр;
шүүгдэгч, хохирогч: Г.С /өөрийгөө өмгөөлж/;
шүүгдэгч, хохирогч: П.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.С, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *** суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “У” ХХК-нд вакум цонхчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт , урьд ял шийтгэлгүй, Г.С
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, П.Э
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч П.Э нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...... байрлах нийтийн байрны 3 тоот өрөөнд Г.Стой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...... байрлах нийтийн байрны 3 тоот өрөөнд П.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой болон нүүрэн тус газар нь архины шилээр цохих зэргээр эрүүл мэндэд нь баруун чамархай, дух, зүүн хөмсөгт шарх, дух, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт, зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч П.Э мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр архи хэтрүүлж ууснаас болж маргалдах болсон. Миний хувьд толгой хагарсан, бие хөхөрсөн. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.С мэдүүлэхдээ: “...П.Э бид 2 архи ууж байгаад маргалдсан. Тухайн үед П.Эийн энхэр байсан бөгөөд намайг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдаж зодоон болсон. Миний үүдэн шүд хугарсан. Хохирогчийн хувьд гомдол саналгүй...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.С /хх-ийн 7-8/, хохирогч П.Э /хх-ийн 11-13/, гэрч Г.О /хх-ийн 14-16/, гэрч О.Э /хх-ийн 18-20/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42, 45-46/, П.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-25, 51-52/, Г.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-37/, Г.Сын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 58-60/, П.Эийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-70/, Г.Сын хүсэлт /хх-ийн 62/, П.Эийн хүсэлт /хх-ийн 63/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...... байрлах нийтийн байрны 3 тоот өрөөнд П.Э нь Г.Сыг эхнэртэйгээ хардсаны улмаас харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Сын /хх-ийн 7-8/: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3 тоотод амьдардаг айлын ах П.Эөөс тамхи асуутал “ороод ир” гэж хэлсэн. Гэрт нь ороход эхнэр, дүү нь бас байсан. Тэгээд бид 4 пиво уугаад сууж байтал айлын эхнэр нь дүүгийнхээ хамт П.Э ахын ажлын газрын хүнийг тосохоор гарсан. Би П.Э ахтай хэсэг юм ярьж суунгаа тал шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ орохоор гарахдаа гарны сойлтоо үлдээсэн байсан учраас буцаж гэрт нь орсон. Гарах гэтэл миний өвчтэй гараас татахаар нь тоолгүй инээсэн чинь миний шүд рүү цохисон. Би гараараа нүүрээ хамгаалахад буйдан дээр татаж унагаад бөөр болон цээжин тус газар цохиод байхаар нь арай гэж зугтаж гараад цагдаа дуудсан. ...намайг эхнэртэйгээ хардаж маргаан үүссэн...” гэх мэдүүлгээр,
Г.Сын биед “...баруун дээд 1-р шүдний булгаралт, зүүн шуунд зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12087 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 41-42/,
П.Эийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 68-70/: “...зүс таних залуу Г.С надаас тамхи асууж орж ирэхээр нь тамхинаасаа өгөөд хамт пиво уух санал тавьсан. Г.С манай гэрт орж ирээд ...пиво хувааж уусан. ...Г.С бид хоёр манай гэрт байсан 0,75 литрийн “Монгол” нэртэй тал шил архийг хувааж уугаад би согтсон. ...Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Г.С миний толгой болон нүүрэн тус газар ууж байсан архины шилээр цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа цохисон чинь үүдэн дээд шүд нь хугараад амнаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлгээр,
хохирогч П.Эийн /хх-ийн 11-13/: “...Гэртээ эхнэр Г.Энхтуул, хуурай дүү Отгонцэцэг нарын хамт байсан. Манайх нийтийн байрны 3 давхарт байдаг. Зүс таних Г.С тамхи асуухаар нь хамт сууж пиво уух санал тавьсан. ...тэгээд бид 4 пиво уугаад юм ярьж сууж байтал манай ажлын хүн манай гэрт ирэхээр болоод манай эхнэр, Отгонцэцэг хоёр тосож авахаар гарсан. Тэр хооронд Г.С бид хоёр 0,75 литрийн тал шил архи хувааж уугаад би согтсон. ...Г.С гарын сойлтоо авахаар манай гэрт эргэж орж ирэх үед нь бид маргалдаж Г.С миний толгой болон нүүрэн тус газар архины шилээр цохисон...” гэх мэдүүлгээр,
П.Эийн биед “баруун чамархай, дух, зүүн хөмсөгт шарх, дух, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт, зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимад цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12202 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 45-46/,
Г.Сын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 58-60/: “...П.Э бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад би гэртээ орохоор тэдний гэрээс гарахдаа гарын сойлтоо үлдээсэн байсан. Тухайн үед би зүүн гарын дунд хурууны шөрмөс залгах хагалгаанд орсон байсан. Би буцаж орсон чинь нөхөр нь надад өгсөн 3 ширхэг тамхиныхаа 1 ширхгийг буцааж аваад надаас эхнэрээ асуухаар нь “танай ажлын газрын хүнийг тосохоор танай дүүтэй хамт гарсан” гэж хэлээд гарах гэж байсан чинь миний өвчтэй гараас татаад оруулахаар нь би тоолгүй инээсэн чинь миний шүд рүү цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.О /хх-ийн 14-16/: “...Энхтуул эгчийн хамт П.Этэй хамт ажилладаг залууг автобусны буудлаас тосоод орж иртэл гэрийн шал болон цонхны хөшиг, хана зэрэг цус болсон байсан. Мөн П.Эийн нүүр нь нилэнхүйдээ цус болоод толгой нь 2 хэсэг газарт хагарсан, харин Г.Сын нүүр, ам хэсэг нь бага зэрэг цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Э /хх-ийн 18-20/: “...Г.О бид хоёр автобусны буудлаас хүн тосоод гэртээ орж иртэл ...П.Эийн нүүр нь нилэнхүйдээ цус болсон, толгой нь 2 хэсэг газарт хагарсан байсан. Харин Г.Сын нүүр, ам хэсэг нь бага зэрэг цус болсон байдалтай байсан. Юу болсон талаар асуутал Г.С “...танай нөхөр над руу дайраад бид хоёр зодолдсон, би танай нөхөрт 500.000 төгрөг өгье...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө болон гэрч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолдсоны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан П.Э, Г.С нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч П.Эийн “...Г.Стой сайн дураараа эвлэрсэн тул нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 63 дугаар талд,
хохирогч Г.Сын “...П.Этэй эвлэрсэн тул нэхэмжлэх зүйлгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч П.Э, Г.С нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч П.Э, Г.С тус бүрийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, Г.С нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн
1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, Г.С нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч П.Э, Г.С нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бие биедээ төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э, Г.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ