Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 046

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
 Нарийн бичгийн дарга: Т.Маншүк
 Улсын яллагч: Т.Серикжан
 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.Сьезд
 Хохирогч: А.Айдос 
Хохирогчийн өмгөөлөгч: С.Алтай, Т.Бахыт
Орчуулагч: А.Еркегүл
Шүүгдэгчид: С.Онгарган нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Көбеген овогт Сукайн Онгарганд холбогдох эрүүгийн 201604000141 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1972 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 45 настай, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн,  урьд ял шийтгүүлж байгаагүй, Көбеген овогт Сукайн Онгарган РД:БЛ72082417  
Шүүгдэгч нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу аймгийн хөгжимт драмын театрын урд байрладаг хот хоорондын авто тээврийн зогсоолд С.Онгарган болон А.Айдос нар хоорондоо маргалдаж харилцан зодолдож А.Айдосын зүй бус харилцааны улмаас С.Онгарган нь А.Айдосын бүсэлхийн зүүн хажуу тал руу хутгалж биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Прокурор гаргасан саналдаа: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Серикжан би  Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 239 дүгээр зүйлийг удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С.Онгарганд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч С.Онгарган нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын 5 дугаар нутаг дэвсгэр буюу аймгийн Хөгжмийн  Драмд театрын урд байрлах хот хоорондын авто тээврийн зогсоолын газарт хохирогч Айдосын бүсэлхийн зүүн хажуу тал руу хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ гэмт хэрэг нь дараах шууд ба шууд бус нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 290 дугаартай дүгнэлт, хохирогч А.Айдосын мэдүүлэг, гэрч Даулетбек, Мурат, Бергенбек, туслах жолооч байсан Нурбек, Игилик нарын мэдүүлэг, сэжигтэн С.Онгарганы мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа  тул С.Онгарганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний эд хөрөнгийг хураахгүйгээр 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй. Хэрэг бүртгэлтийн шатанд тогтоогдсон бодит хохирол 530000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. 6139900 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа бөгөөд үүнийг шүүх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх байх гэж үзэж байна. Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хохирогчийн тухайн үед өмсөж байсан цэнхэр өнгийн фудболк, хар өнгийн биеийн тамирын өмд, гар утас зэргийг хохирогч буцааж авахгүй гэсэн тул шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч Онгарганы фургон машиныг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.
-Шүүгдэгч С.Онгарганы хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би 1972 онд төрсөн. Ам бүл 6. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёр хоёулаа ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2013 оноос Улаанбаатар Өлгий хооронд зорчигч тээвэрлэж эхнэр хүүхдүүдээ тэжээн тэтгэж байгаа. 2013 онд “Газрын Од” ХХК-д ХААН банкны хөрөнгө оруулалтын зээл, хашаа байшингийн зээлээр 70 сая төгрөгөөр том оврын автобус авсан. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс Улаанбаатар-Өлгий, Өлгий-Улаанбаатар чиглэлд хүн тээвэрлэх үүрэг авсан. Хохирогч Айдос болон миний эцэг нар Цэнгэл суманд хөрш сууж байсан нэг нутгийн хүмүүс. 2014 онд дүү бид хоёрт эдгээр хүмүүс Цэнгэл Транс гэх ХХК байгуулсан та нарыг дэмжиж ажиллана, хамтарч  ажиллаарай гээд тохиролцож гэрээ хийсэн. 2014 оноос хойш хагас жилийн дараа эдгээр хүмүүс нь хэлсэндээ хүрээгүй. Орон нутгийн тээврийн ХХК байсан ч хотод очоод хэвтчихдэг, хүн олдоод гарах болохоор өөрсдөө гараад явдаг тийм шударга бус зүйл болсон. Тэгээд би үүнийг маш эсэргүүцэж, 2015 онд яамд хүртэл өргөдөл бичиж байсан. Би 2016 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Улаанбаатар явах хуваарьтай байсан. Өглөө 10 цагийн үед ирж зогссон. Миний өмнө 8-9 цагийн үед Айдос Улаанбаатар явна гээд машинаа авчраад тавьсан байсан. Нэг хүн ирээд Өвөрхангай явна гэж надтай тохирсон. Тэр хүнийг явсны дараа араас нь таксигаар Айдос явсан ба би бас зах явах ажилтай байсан тул хөдөлсөн. Хуучин ХААН банкны урд Айдос тэр хүнтэй ярьж зогсож байхад би наад хүн надтай тохирсон гэж хэлэхэд  тэр залуу ирээд энэ хүн намайг 50 мянган төгрөгөөр авч явна гэж хэллээ гэсэн. Тухайн үед юм хэлээгүй. Зогсоолд ирээд зогссон ба 10-20 минутын дараа Х. Жанка гэх залуу ирээд өнөөдрийн явах автобус хэн бэ гэхэд би гэж хэлээд ачааг нь  30 мянган төгрөгөөр авч явж мөнгийг нь очоод авахаар тохирсон. Тэр залуу яваад удалгүй буцаад ирж тэр залуу 10 мянган төгрөгөөр авч явна гэнэ гэхэд харсан чинь бас л Айдос байсан. Би очоод түрүүн миний зорчигчийг ятгаад аваад явсан одоо энэ хүний ачааг бас авлаа ямар учиртай юм бэ гэж хэлэхэд би бас өнөөдөр гарна, чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн. Тэгээд яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэхэд намайг зодсон, өмнө нь бас хэдэн удаа зодсон асуудал байсан. Би маш их гомдоод машиндаа ороод уйлж сууж байсан, миний туслах жолооч ирээгүй байсан. Машины кабинд дугуй нөхдөг, цавуу түрхдэг, иргүй нэг хутга байсан ба үүгээр айлгая гэсэн бодол төрөөд айлгах гээд очиход театр луу  зугтахад нь араас нь хөөхөд тэр унасан ба би бас дээр нь унасан. Ямар нэгэн орилж хашхирсан асуудал гараагүй. Хүн хутгалснаа мэдээд гүйж очоод утсаар түргэн, цагдаа дуудсан. Болсон явдал энэ гэх шүүх хуралдааны тэмдэглэл/ 
- Хохирогч А.Айдосын хэрэг бүртгэлийн шатанд болон шүүх хуралдааны шатанд өгсөн:” Би энэ хүнийг гаднаас нь танина. Худлаа ярьж хүн гүтгэж байна. Шүүгдэгчийн ярьж байгаа шиг 80000 төгрөгөөр тохирсон байхад нь 50000 төгрөгөөр авч явна гээд дуудсан асуудал байхгүй. Би 06 дугаар сарын 16-ны өдөр 08:30 минутад Улаанбаатар хотоос ирээд ачаа тараах зорилгоор зогсоолд зогсож байсан. Онгарган 10 цагийн үед ирсэн ба үүнийг ойлгоогүй. Чи муу новш дандаа ийм зан гаргаж байдаг гээд над руу чулуу шидсэн ба зүүн талын нүд рүү оносон. Тэгээд машин дотор ороод байж байхад хутга бариад буугаад ирэхээр нь би зугтсан. Зугтаж яваад унаад босоод ирэхэд намайг татаж аваад шууд хутгалсан. Хутгалснаа чамайг ална гээд гараа далайлгасан. Гарыг нь барьж аваад түлхсэн. Дүү нь араас ирж салгаагүй байсан бол намайг дахиад хутгалаад алах байсан.  Дүү нь барьж авсан байхад дүүгээ түлхээд намайг дахиад хөөхөд театр луу зугтсан. Шууд анхны тусламж үзүүлсэн гээд худлаа ярьж байна. Хэрэв хүн ирж салгаж аваагүй байсан бол намайг алах байсан. Хот руу явж шинжилгээ хийлгүүлсэн.  Цэнгэл Транс ХХК нь 3 сар явуулах, явуулахгүй байх нь надад хамааралгүй. Мөнгөөр хүнээс уучлалт гуйдаг юм уу. Энэ хүн хутгалсан болохоос биш аав нь намайг хутгалаагүй. 3 сар хүлээхэд ганц ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Бие нь гайгүй юу гээд ганц удаа ирсэн бол би гомдолгүй байх байсан. Түрүүн яагаад уучлалт гуйгаагүй гэхэд 3 сар явж чадсангүй хэлж байна. Би компаний захирал биш. Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. 6 сараас хойш хаашаа ч яваагүй. 6669900 төгрөгийн  хохирол учирсан. Яагаад 530 мянган төгрөг хийсэн гэдгийг ойлгохгүй байна . Утас маань ажиллагаагүй болсон, хувцас хунар маань урагдсан. Тэдгээр нь яагаад үнэлгээнд ороогүй байгааг ойлгохгүй байна. Бид хоёулханаа байсан гэж хэлж байна. Тухай үед хүмүүс байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/
- Гэрч А.Даулеткелийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ” ... Би уг өдөр 10 цагийн үед Онгаргантай цуг түүний автобусаар хот хооронд явах зогсоолд ирээд зогстол Айдос Улаанбаатар хотоос ирчихсэн ачаагаа тарааж байсан. Тэгтэл Улаанбаатар хот руу явна гэж нэг эрэгтэй хүн ирээд Онгаргантай уулзаад явсан ба тэр хүний араас Айдос таксинд суугаад хойноос нь явахаар нь Онгарган ч гэсэн тэр хоёрын араас нэг Истана машинд суугаад явсан. Хэсэг хугацааны дараа Онгарган ирээд надад ямар нэгэн зүйл хэлэлгүй ачаагаа янзалж байтал Айдос зогсоолд хүрч ирсэн. Айдосыг ирэнгүүт Онгарган машинаасаа бууж очоод надтай ярьсан хүнтэй чи яагаад ярьсан юм бэ гэж хэлж байхыг би хагас дутуу сонссон хариуд нь Айдос чадаж байгаа юманд арга байхгүй гэх утгатай зүйл хэлсэн. Тэгтэл Онгарган Айдосыг заамдаж барьж авахад Айдос ч гэсэн Онгарганыг заамдаж барилцаж авч Айдос Онгарганы толгойн хэсэг газар нь гараараа цохиж авсан ба Нурбек очиж салгахад Онгарган газар байсан чулууг Айдос руу аваад шидэхэд Айдосын нүүрэн тус газар нь чулуу хүрсэн. Тэгтэл уг чулууг Айдос аваад Онгарган руу чулуугаар хүнийг ингэж цохьдог юм гэж хэлээд шидэхэд Онгарганы нүүрэнд уг чулуу ирээд хүрсэн. Уг чулуу нь жижиг чулуу байсан юм. Тэр үеэр нь Нурбек, Амака бид гурав очиж дахин салгаж авсан. Салгасны дараа Онгарган машиндаа орчихсон сууж байсан. Би тухайн үед Онгарганы автобусны хойно сууж байсан юм. Айдос машиныхаа хажууд сууж байсан юм. Тэгтэл Онгарган машинаасаа буугаад явчихаар нь хартал Айдос гүйгээд явчихаар нь би юу болчихов гэж бодоод автобуснаас буутал Айдосын араас боловсролын хэлтсийг чиглэн гүйж байсан ба тэгтэл Айдос ёоёо гэж орилсон юм. Тэгээд би тэр хоёрын араас гүйж очтол Айдос боловсролын хэлтсийн хажууд зогсож байсан ба би очоод Онгарганыг барьж аваад гарт нь байсан хутгыг авсан юм. Онгарганы гарт нь хутга байсан болохоор нь би Айдосыг хутгалсан байна гэж мэдсэн юм. Тэр даруйд нь би Онгарганыг дагуулж очоод машинд суулгасан юм. Онгарган машин дээрээ цагдаа болон эмнэлэг рүү залгаж би хүн хутгалчихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
- Гэрч Ш.Муратын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ” ... 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би Онгарганы хамт Улаанбаатар хот руу явах ёстой байсан бөгөөд өглөө гэрээс 10 цагийн үед гарах гэж байтал Онгарган над руу залгаад би Айдостой хүн булаацалдаж маргалдаж муудалцаад намайг зодохоор нь айлгах гээд хутга бариад хойноос нь гүйж явж байгаад Айдос бүдэрч унахад би дээр нь унаад хутгалчихлаа яах уу гэж хэлэхээр нь би авто тээврийн зогсоолд яваад очтол Онгарганы хажууд нэг цагдаа байсан ба тэдний наад талд нь Айдос зогсож байсан. Би очоод Айдосоос юу болсон талаар асуухад юу ч болоогүй, зүгээр зүгээр гэж хэлсэн бөгөөд Айдосын ах болох Бергенбек чулуу авчихсан, тэднийг ална гэж хэлж байсан бөгөөд би Бергенбекийг тоогоогүй юм. Тэгээд Онгарган цагдаа руу явсан бөгөөд би Онгарганы машиныг цагдаад хүргэж өгсөн юм. Болсон асуудал энэ. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Онгарган хувиарын дагуу Улаанбаатар хот руу явах ёстой байсан бөгөөд уг өдөр Айдос Улаанбаатар хотоос орж ирсэн байсан байна. Тэгтэл нэг хүн ирээд би Улаанбаатар хот руу явна, хэдэн төгрөгний зардалтай бэ гэж асуухад Онгарган 60.000 төгрөгөөр авч явна гэж хэлэхэд Айдос уг залуутай уулзсанаас болж хоорондоо маргалдсан гэсэн. Тэгтэл Онгарган Айдост чи яагаад үнэ буулгаад хүн булаацалдаж байгаа юм бэ гэж хэлэхэд чадаж байгаа хүнийг яах юм бэ гэж хэлсэн гэж надад Онгарган хэлж байсан. Тэр үйл явдал болж байхад би хажууд нь байгаагүй ба уг маргаанаас болж хоорондоо муудалцсан гэж хэлсэн. Би тэдний булаацалдсан хүнийг хараагүй, тэр хүмүүс түүнийг танихгүй гэж хэлж байсан. Айдос, Онгарган нар өнгөрсөн жил маргалдаж хэрэлдэж байсан. Юунаас болж хоорондоо маргалдсаныг би мэдэхгүй байна. Ер нь Айдос Онгарганыг дарамталж явдаг гэж Онгарган надад хэлдэг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
- Гэрч А.Нурбекийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “... 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр автобусны зогсоолд би ачаа тарааж байтал Онгарган Айдост хандан чи миний хүнийг булаалаа. Өнөөдөр би хот руу явах ёстой гэж хэлээд тэр хоёр маргалдаж хоёулаа заамдалцаад барилцаж авахад бид нар очиж салгахад Онгарган газраас жижигхэн чулуу аваад Айдос руу шидэхэд чулуу Айдосын нүүрэнд очоод хүрэхэд Айдос уурлаад Онгарганы нүүр болон толгойн тус газар нь хоёр удаа гараараа цохьсон. Тэр үеэр би Айдосыг бариад Онгарганы хажууд байсан залуу Онгарганыг бариад салгаж авсан. Тэгтэл Онгарган дахин Айдос руу гүйж хэрүүл хийгээд байхаар нь Амака Онгарганы хажууд байсан залуу бид гурав дахин очиж салгаж авсан. Тэднийг салгангуут Онгарган машин руугаа явсан ба би автобус дотор ороод ачаа тарааж байтал Айдос намайг хутгалчихлаа гэж орилохоор нь би автобуснаас гүйж гараад хартал Айдос аймгийн Боловсролын хэлтсийн урд талын машины зогсоолд нуруугаа барьчихсан зогсож байсан. Онгарган Айдосын хажууд байсан ба түүнийг хажууд нь явж байсан залуу Онгарганы хойд талаас нь тэвэрчихсэн байж байсан. Онгарганы гарт төмөр хутга харагдаж байсан. Би очоод Айдосын нурууг хартал цус гарч байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/
 - Гэрч Ж.Игиликийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “... 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр намайг өглөө 10:00 цагийн үед автобусны зогсоолд очих үед С.Онгарган, А.Айдос нар тэнд ирцгээсэн байж байсан. Тэгээд би тэнд машинаа унтраагаад буцаж Мобикомын байр луу ирээд бараг 1 цагийн дараа байх буцаж зогсоолдоо очих үед бөөн хүмүүс цугларсан, цагдаа нар ирсэн байсан. Миний харсан зүйл гэвэл энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
- 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хувцас болон гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 69 дүгээр хуудас/
    - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №290 дугаартай дүгнэлт “... 1. Иргэн А.Айдосын биед баруун талын өвдөгний хэсэгт зулгарсан зулгаралттай, бүсэлхийн зүүн хажуугийн 1-2-р нугаламын түвшинд зах ирмэг нь тэгш хурц үзүүр хэсэг толгой тийшээ харсан мэс заслын оёдол тавсан хатгагдаж зүсэгдсэн шарх зэрэг гэмтэл учирсан байна. 2. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бусад гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. 5. Дээрх шарх нь дээрээс нь дарж унах болон босоо байдалтай байх үед хутгалсан байх боломжтой. 6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, хохирогч А.Айдосын гар утас, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-69-72/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа болох хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 
Шүүх дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч С.Онгарган нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн Хөгжимт Драмын театрын урд байрладаг хот хоорондын авто тээврийн зогсоол дээр иргэн А.Айдостой маргалдан харилцан зодолдож А.Айдосын бүсэлхийн зүүн хажуу тал руу хутгалж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байх нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгч С.Онгарганд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж өөрийн гэм бурууг ухамсарлан гэмших боломжоор хангаж  түүнийг нийгмээс тусгаарлан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Онгарган нь цагдан хоригдсон хоноггүй болно. Шүүгдэгч  С.Онгарганы эзэмшлийн 13-28 БӨТ улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. 
Хохирогч Айдос нь 6660900 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад хөнгөн гэмт хэргийн хохирогч А.Айдос нь Улаанбаатар хот руу очиж эмчилгээ хийлгэх шаардлагагүй байх тул онгоцны зардалд нэхэмжилсэн 329900 төгрөг /хх-102-103/, нотлох баримтын шаардлага хангахгүй тасалбар 31250/хх-106/, автбусаар олох ёстой байсан орлого 5280000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зөвхөн автобусын хуваарь, ХААН банкны дансны хуулга зэргээр олох ёстой байсан  орлого гэж үзэх боломжгүй юм. Дээрх нэхэмжлэлүүд болох нийт 5641150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 
Шүүх хуралдаан дээр хохирогч А.Айдос нь эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн биеийн тамирийн өмд 1ш, футболк 1ш, “Галакси эс-3” маркийн гар утас 1 ширхгийг буцааж авахаас өөрөө татгалзсан тул устгах нь зүйтэй байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан эвдэрхий Галакси маркийн гар утас, өмд, фудболкийг мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилж үнэлгээ гаргуулсан боловч хохирогч, шинжээч нарын үнийн санал, дүгнэлт нь эрс өөр өөр байх тул шинжээчийн үнэлгээг хөдөлбөргүй үнэн зөв гэж үзэх боломжгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу шүүгдэгч С.Онгарганаас эм тариа, эмчилгээний зардал болох 84794 төгрөг, өмгөөллийн хөлс 850000 төгрөг, нийт 934794 төгрөг гаргуулахаас шүүхийн шатанд шүүгдэгч нь 530000 төгрөг төлсөн байх тул хасан тооцож 404794 төгрөг гаргуулан хохирогч А.Айдост олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297, 298, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
  1. Шүүгдэгч Көбеген овогт Сукайн Онгарганыг “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч С.Онгарганыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах  ялаар шийтгэсүгэй.
   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Онгарганд оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Онгарганы эзэмшлийн 13-28 БӨТ улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
  6.  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, хохирогч А.Айдосын цэнхэр өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн фудболк 1 ширхэг, Галакси-эс 3 маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон шүүгдэгч С.Онгарганаас 404794 төгрөгийг гаргуулж хохирогч А. Айдост олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5641150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 
   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 
   9. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ