Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Ш.М, Л.Б нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Ш.Мөнхцас,

хохирогч Ц.Ц.Э-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.М, Л.Б- нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.М, Л.Б- нарын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.М, Л.Б- нарт холбогдох эрүүгийн 1808014840388 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 593 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар, 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хорих ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоож, 2004 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Ш.М-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Ц.Э-тай маргалдаж, гараараа нүүр лүү нь цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Л.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Ц.Э-тай маргалдаж, гражаас чирч гарган цээж рүү нь хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Мөнхцасыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Л.Б-хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-690 цагийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнхцасыг 360 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Л.Б-, Ш.М-нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Ц.Э- гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М-хохирогчид 250.000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Л.Б-, Ш.М-нар цагдан хоригдсон хоноггүй, тэд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.М, Л.Б- нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ш.М, Л.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч Л.Б-нь хохирогч Ц.Ц.Э-ын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогддоггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгээр Л.Б-хохирогчийн биед халдсан үйлдэл хийгээгүй болохыг гэрчилсэн мэдүүлгүүд авагдсан байдаг.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирсон хүн бол нотлох баримтын эх сурвалжуудын тэргүүн эрэмбэд багтах бөгөөд түүний мэдүүлгийг үнэлэхэд бусад баримтаар батлагдсан эсэхийг бус, бусад баримтаар няцаагдаж буй эсэхийг анхаарч үздэг. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэхдээ бусад баримтаар батлагдаж буй эсэхийг чухалчилан үзэж, зөвхөн яллах үндэслэл болгодог. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдаж тайлбарласан байна.

Гэтэл шүүгдэгч Л.Б-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэж бус гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байхад дээрх хуулийн зохицуулалтыг гэм буруутайд тооцох үндэслэлээ болгож байгаа нь буруу юм.

Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Л.Б-бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай болох нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байхаар бичигдсэн байна...”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тус тус тусгана” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, Л.Б-ямар үндэслэлээр, тухайлбал хавтас хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудыг үндэслэж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гэм буруутайд тооцож байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Л.Б-цагаатгах байр суурьтай оролцож, түүний хууль зүйн үндэслэл тайлбарыг нотлох баримттайгаар дүгнэлт гаргасан боловч өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаасан үндэслэл нь хууль зүйн хувьд ойлгомжгүй байна.

Шүүгдэгч Ш.Мөнхцасын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдал нь ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцогддог.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ш.Мөнхцаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулах саналыг оруулсан боловч хүлээж авалгүйгээр, 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна гэж би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо буруу бичсэн байна. Шүүгдэгч Ш.М-өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэ гомдлоосоо татгалзаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ш.М-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа ойлгож байгаа. Хүн зодсон нь үнэн тул надад оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Ц.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолыг зөв гарсан гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр миний нүд урд нь хөхөрсөн байсан. Тэр нь эдгэрээд шаргал туяатай болсон байснаас өөр ямар нэгэн гэмтэл миний биед учраагүй байсан. Миний биед учирсан зүүн хавирганы 5, 6 дугаар хугарал гэмтлийг Л.Б-надад учруулсан. Л.Б-нь надад гэмтэл учруулаад надаас уучлал гуйхын оронд намайг утсаар дарамталж байсан. Би гэмтэл авснаас хойш тодорхой хугацаанд ажилгүй болж, цаг хугацаа болон санхүүгээрээ хохирсон бөгөөд тухайн үед эмчилгээний баримтаа бүрдүүлж чадаагүйн улмаас хохирч үлдсэн. Л.Б-намайг дарамталж байсан учраас би хохироод үлдэхээс гадна буруутан болж магадгүй гэж бодож, өөрийн эрхээ хамгаалахын тулд өмгөөлөгч хөлсөлж авсан. Өмгөөлөгч хөлсөлж авсан баримт хавтас хэрэгт байгаа. Гэтэл шүүх миний өмгөөлөгчид төлсөн хөлсийг гаргаагүй нь намайг давхар хохироогоод байна. Л.Б-нь намайг зодоогүй, надад учирсан гэмтлийг учруулаагүй гэж гомдол гаргасан байна. Би хэн нэгэн өөр хүнд зодуулсан гэмтлээ Л.Б-учруулсан гэж гомдол гаргаагүй. 2018 оны 3 дугаар сарын 18-ны орой Ш.М, Л.Б- нарт зодуулаад шууд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, эр хүмүүс учир надаас уучлал гуйх байх гэж бодоод 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найз Батдэлгэр дээр очоод “танай найз нар намайг зодоод гэмтээсэн” талаар хэлсэн. Тэгээд Ш.Мөнхцастай уулзахад надаас уучлал гуйхын оронд намайг дооглон тохуурхсан. Шүүх хурал дээр миний биед учирсан хавирганы гэмтлийн талаар шинжээч эмч хавирганы гэмтэл нь цусан болон ясан бороо үүсээгүй байсан нь шинэ гэмтэл гэдгийг харуулж байгаа талаар” хэлсэн. Харин нүдэнд учирсан гэмтлийг Ш.М-учруулсан.

Л.Б-, Ш.М-нар нь надад учирсан хохирол болон өмгөөлөгчийн зардлыг төлөөгүй, намайг өдий болтол хохироож байгаад гомдолтой байгаа тул өмгөөлөгчийн зардлыг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гарч, маргааш нь буюу 19-ний өдөр нь хохирогч Ц.Э- өөрийн найз Батдэлгэртэй уулзаад “танай хоёр найз намайг зодчихлоо” гэж хэлээд эр хүмүүс тул учраа олохоор уулзсан боловч нөгөө хоёр нь “явдаг газраараа яв” гэж хэлсэн учраас 3 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол гарсан, шүүх эмнэлэгт удаж үзүүлсэн асуудал байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцож, Ц.Ц.Э-ад учирсан гэмтлийг шинэ гэмтэл учирсан гэж хэлсэн. Хохирогч ч мөн эдгээр гэмтлүүдийг хэн, хэн учруулсан гэдгийг ялгаж, анхнаасаа тогтвортой мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Д.Энхцэцэгээс гаргасан “...шүүгдэгч Л.Б-нь хохирогч Ц.Ц.Э-ын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, ...шүүгдэгч Ш.Мөнхцаст шүүхээс 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Мөнхцаст оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн торгуулийн ял шийтгэл болгож өгнө үү...” гэсэн гомдол нь шүүхээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

хохирогч Ц.Ц.Э-ын “... Маргаан юунаас болсон бэ гэхээр Мөнхөө уг гражид машинаа засуулж байсан ба засварчид машиныг нь засаад баяртай байж байхад нь би жаахан халамцуу Мөнхөөд /Мөнхцас/ хандаад анх эвдэрсэн оношийг нь олоогүй байж, одоо асаачихаад юундаа баярлах вэ дээ гэж хэлээд яриан дундуур нь орчихсон чинь Мөнхөө /Мөнхцас/ намайг шууд нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Энэ хооронд миний ухаан балартаад нэг сэрэхэд намайг гражаас Магнай /Баярмагнай/ гэдэг нь чирч гаргаад Магнай /Баярмагнай/ “чи яасан том хулгайч вэ, муу пиздааг нүдчихье” гээд харанхуй гражийн булан луу чирсэн, ... Мөнхөө /Мөнхцас/ гарч ирээд дахин нүүрэн тус газарт нэг удаа цохиход Батдэлгэр бид хоёрыг хүргэж ирсэн... Зүүн зовхинд цус хуралт гэмтлийг Мөнхцас намайг сууж байхад өшиглөснөөр үүссэн. Харин 5-6 дугаар хавирганы гэмтлийг Баярмагнай гэгч залуу гражаас гаргах үедээ чирч, дээрээс цохисон үйлдлээрээ учруулсан. ... Мөнхцас гражид намайг хөлөөрөө нэг удаа, гражийн гадаа гараараа нэг удаа миний зүүн нүдний хэсэгт цохисон...” /хх-6-7/, гэрч Б.Батдэлгэрийн “... Драгоны ар талын гражид очиход Мөнхцас, Одхүү, Баярмагнай, өөр хоёр засварчин залуу байсан. ...гарч нэг нойл орчихоод буцаад гражид ороод ирэхэд нөгөөдүүл чинь босоод зогсчихсон Мөнхцас, Ц.Э-тай маргалдаад Баярмагнай Ц.Э-ыг чирч гаргах үед нь би хамт гарсан бөгөөд түүнийг Бат-Эрдэнийн машинд суулгаад явуулсан. ... сүүлд нь сонсоход Ц.Э- жаахан эвгүй яриа ярьсан л юм шиг байна лээ. ...Ц.Э- энэ өдрөөс өмнө 20-иод хоногийн өмнө байх манай ажил дээр ирэхдээ баруун нүд нь хөхөрсөн ирсэн. Үүнийгээ тэр хэлэхдээ, ажил дээр барилгын юм унаад гэмтсэн гэж ярьж байсан. Энэ нүдний хөхөрлийг нь зах дээр ирж байхад нь Мөнхцас харж байсан. Тухайн өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ц.Э-ын нөгөө нүд нь эдгэрэх маяг орчихсон, бага зэргийн шаргал туяатай харагдаж байсан. Маргааш нь манай гэрт ирээд танай найзууд зодчихлоо гээд ирэхэд нүдний хөх нь ихэссэн, шинээр гэмтсэн, хар хөх болж хавдсан байдалтай ирэхээр нь Мөнхцастай уулзуулж утсыг нь олж өгсөн. ...” /хх-13-14/ гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3967 дугаартай: “1. Ц.Ц.Э-ын биед зүүн 5, 6-р хавирганы хугарал, зүүн зовхинд цус хуралт
гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх 5, 6-р хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн зовхины цус хуралт нь 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” /хх-17/ гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Ш.Мөнхцасын яллагдагчаар өгсөн: “...би дүгнэлттэй танилцлаа. Түүний зүүн нүдэнд цус хуралт гэмтлийг би түүнд учруулсан. Учир нь, Ц.Э-ыг гражид сууж байхад нь би зүүн гараараа нүд рүү нь нэг удаа цохисон. ...миний цохилтын улмаас үүссэн шинэ гэмтэл мөн байсан. ...” /хх-30-31/ мэдүүлэг зэргээр хангалттай үгүйсгэгдэж байна.

Иймд өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

1. Шүүгдэгч Ш.М-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Ц.Э-тай маргалдаж, гараараа нүүр лүү нь цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Ц.Э-ын: “…2018 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед ...Батдэлгэрийн хамт ажилладаг найзууд нь ... хүрээд ир гэснээр Батдэлгэр Бат-Эрдэнэ гэх машинтай найзаа дуудаад бид хоёр хүргүүлж очсон. ... Маргаан юунаас болсон бэ гэвэл Мөнхөө уг гражид машинаа засуулж байсан бөгөөд засварчид машиныг нь засчихаад баяртай байж байхад нь би жаахан халамцуу Мөнхөөд (Мөнхцас) хандаад “анх эвдэрсэн оношийг нь олоогүй байж юундаа баярлах вэ дээ” гэж хэлснээс болсон. Би яриан дундуур нь орчихсон чинь Мөнхөө (Мөнхцас) уурлаад намайг шууд нүүр лүү нэг удаа өшиглөсөн. ... ..Би “та нараас айлаа, одоо больё” гэтэл Мөнхөө (Мөнхцас) гарч ирээд дахин нүүр лүү нэг удаа цохисон. Батдэлгэр бид хоёрыг хүргэж ирсэн залуугийн машинд суулгаад намайг явуулсан. ... Миний зүүн зовхинд учирсан цус хуралт гэмтэл нь Мөнхцас намайг өшиглөсний улмаас үүссэн. ... Мөнхцас намайг нүд рүү өшиглөхөд нэг хэсэг ухаан манараад, ... Мөнхцас нүүр лүү гараараа дахин цохисон. Үндсэндээ бол Мөнхцас гражид намайг хөлөөрөө нэг удаа, гражийн гадаа гараараа нэг удаа миний зүүн нүдний хэсэгт цохисон. …” /хх-6-7/,

гэрч Б.Батдэлгэрийн: “... 2018 оны 3 дугаар сарын 18-ны орой ...Драгоны ар талын гражид очиход Мөнхцас, Одхүү, Баярмагнай болон өөр хоёр засварчин залуу байсан. ...Би гарч нойл орчихоод буцаад гражид орж ирэхэд нөгөөдүүл чинь босоод зогсчихсон, Мөнхцас Ц.Э-тай маргалдаад, Баярмагнай Ц.Э-ыг чирч гаргах үед нь би хамт гарсан бөгөөд түүнийг Бат-Эрдэнийн машинд суулгаад явуулсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Сүүлд нь сонсоход Ц.Э- жаахан эвгүй яриа ярьсан юм шиг байна лээ. Ц.Э- тэр өдрөөс 20-иод хоногийн өмнө байх, манай ажил дээр ирэхдээ нүд нь хөхөрсөн байсан. Тэр хэлэхдээ “ажил дээр барилгын юм унаад гэмтсэн” гэж байсан. ... 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ц.Э-ын нүд нь эдгэрэх маяг орчихсон, бага зэргийн шаргал туяатай харагдаж байсан. Маргааш нь манай гэрт ирээд “танай найзууд намайг зодчихлоо” гэхэд нүдний хөх нь ихэссэн, шинээр гэмтсэн, хар хөх болж хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би түүнийг Мөнхцастай уулзуулж өгсөн.” /хх-13-14/,

 

шүүгдэгч Ш.Мөнхцасын яллагдагчаар өгсөн: “...би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Түүний зүүн нүдэнд учирсан цус хуралт гэмтлийг би учруулсан. Учир нь, Ц.Э-ыг гражид сууж байхад нь би зүүн гараараа нүд рүү нь нэг удаа цохисон. Ц.Э-ын зүүн нүд нь бүдэг хөхөрсөн, улайсан харагдаж байсан. Хуучин гэмтэлтэй байхад нь би дээрээс нь цохиод улам хөхрүүлсэн байна. ...Миний цохилтын улмаас үүссэн шинэ гэмтэл мөн байсан. ...” /хх-30-31/ болон гэрч Ч.Одхүүгийн /хх-12/ мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 3967 дугаартай: “1. Ц.Ц.Э-ын биед ...зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ... зүүн зовхины цус хуралт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” /хх-17/ дүгнэлт зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Л.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Ц.Э-тай маргалдаж, гражаас чирч гарган цээж рүү нь хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Ц.Э-ын: “...миний ухаан балартаад нэг сэрэхэд намайг Магнай (Баярмагнай) гэдэг нь чирээд гражаас гаргаад “чи яасан том хулгайч вэ, муу пиздааг нүдчихье” гээд харанхуй булан руу чирсэн. Тэгэхээр нь би “та нараас айлаа, одоо больё” гэтэл Мөнхөө (Мөнхцас) гарч ирээд дахин нүүр лүү нэг удаа цохисон. ... 5, 6 дугаар хавирганы гэмтлийг Баярмагнай гэгч залуу гражаас гаргах үедээ чирч, цээж рүү өшиглөх үйлдлээрээ учруулсан. ...Баярмагнай намайг гражаас чирч гаргаж байх үед ухаан гайгүй болсон юм. Тэднээс би “больё, намайг битгий зод” гээд гуйсан чинь Баярмагнай “яасан овоо муу гар вэ” гээд намайг харанхуй булан руу чирээд “алчихья” гээд Баярмагнай хөлөөрөө цээж рүү өшиглөсөн. ...” /хх-6-7/,

 

гэрч Б.Батдэлгэрийн: “... Баярмагнай Ц.Э-ыг чирч гаргах үед нь хамт гарсан бөгөөд би түүнийг Бат-Эрдэнийн машинд суулгаад явуулсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, сүүлд нь сонсоход Ц.Э- жаахан эвгүй яриа ярьсан юм шиг байна лээ. ...” /хх13-14/, мөн шүүх хуралдаанд: “... гражаас хэрэлдээд гарсан. Ц.Э-ыг зодсон талаар маргааш нь мэдсэн. ...” /хх132/,

 

шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “...Хавирганы гэмтэл зөрүүтэй байхад яваад байж болно. Өшиглөх үед үүсэх боломжтой. ...” /хх-132/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 3967 дугаартай: “1. Ц.Ц.Э-ын биед зүүн 5, 6-р хавирганы хугарал ... гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх 5, 6-р хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт ... хамаарна” /хх-17/ гэх дүгнэлт зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ш.Мөнхцасыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Б-хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Ш.Мөнхцасын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Л.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ш.М, Л.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд нь тохируулан тэдэнд тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтайгаар оногдуулсан буюу шүүгдэгч Ш.Мөнхцасыг 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Л.Б-690 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг “Шүүгдэгч Л.Б-нь бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь эргэлзээтэй, нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй. Шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Ш.М-нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин шүүгдэгч Л.Б-нь гэм буруугийн талаар маргаантай байна.

 

Хохирогч Ц.Ц.Э- нь шүүгдэгч Л.Б-н үйлдлийн талаар мөрдөн байцаалтын шатанд  “...миний ухаан балартаад нэг сэрэхэд намайг Магнай (Баярмагнай) гэдэг нь чирээд гражаас гаргаад “чи яасан том хулгайч вэ, муу пиздааг нүдчихье” гээд харанхуй булан руу чирсэн.  ... 5, 6 дугаар хавирганы гэмтлийг Баярмагнай гэгч залуу гражаас гаргах үедээ чирч, цээж рүү өшиглөх үйлдлээрээ учруулсан. ...Баярмагнай намайг гражаас чирч гаргаж байх үед ухаан гайгүй болсон юм. Тэднээс би “больё, намайг битгий зод” гээд гуйсан чинь Баярмагнай “яасан овоо муу гар вэ” гээд намайг харанхуй булан руу чирээд “алчихья” гээд Баярмагнай хөлөөрөө цээж рүү өшиглөсөн...” /хх-6-7/ гэж тодорхой мэдүүлдэг бөгөөд Ц.Ц.Э-ын чирэгдэж гарсан талаар гэрч Б.Батдэлгэр: “... Баярмагнай Ц.Э-ыг чирч гаргах үед нь хамт гарсан бөгөөд би түүнийг Бат-Эрдэнийн машинд суулгаад явуулсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй...”/хх13-14/ гэж мэдүүлжээ.

 

 Шүүгдэгч Л.Б-нь хохирогч Ц.Ц.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 3967 дугаартай дүгнэлт /хх-17/, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтад нийцжээ.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Ш.Мөнхцаст 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна” гэж дурдсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд “ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Ш.Мөнхцасын талаар буруу бичсэн байна. Шүүгдэгч Ш.М-өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэ гомдлоосоо татгалзаж байна” гэж гомдлын үндэслэлээ өөрчилж тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 929 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.М, Л.Б- нарын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ