| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2018/0983/З |
| Дугаар | 128/ШШ2019/0769 |
| Огноо | 2019-11-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2019/0769
2019 оны 11 сарын 04 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: М ХХК
Хариуцагч: Г Е Г Д Б Д Ш Г У Б Б.М Д.О
Гомдлын шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0240248, 0240249 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.О, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: “Г Е Грын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.М, Д.О нар М ХХК-ийн 2013-2017 оны санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримтад гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтыг хийсэн.
Шалгалтаар 79822028 төгрөгийн барааг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн, 168 996 488 төгрөгийн барааг огт мэдүүлээгүй гэж 38566871 төгрөгийн нөхөн татвар, 11570061 төгрөгийн торгууль, нийт 50136932 төгрөгийн төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0240248, 0240249 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 31/18 тоот албан шаардлагыг хүргүүлсэн.
Гаалийн улсын байцаагчийн хяналт шалгалт явуулахдаа гаалийн хилээр оруулж ирсэн бараа нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдсөн эсэхийг нягтлан шалгаагүй. Энэ нь шийтгэлийн хуудасны хавсралт болох зөрчлийн жагсаалтын “барааны нэр’\хэсэгт ямар ямар бараа гаалийн хилээр орж ирсэн талаар тэмдэглэгээг хийгээгүй, ямар бараа болохыг нь огт тогтоогоогүй, байгаагаас харагдана. Жишээлбэл; “Барааны нэр” гэсэн баганы ихэнх хэсэгт “барааны үнэ” гэж тэмдэглэн бичсэн байна.
Манай компани ургамлын тосны үр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүнтэй холбоотой үр тарианы хор, тоног төхөөрж, усалгааны төхөөрөмж, чийгшлийг хэмжигч багаж зэргийг импортоор оруулж ирсэн. Эдгээр нь гаалийн болон бусад албан татвараас чөлөөлөгдөх боломжтой бараа гэж үзэж байна. Иймд, гаалийн байцаагч нар импортын бараа бүрт гаалийн болон бусад татвар ногдох эсэхийг тогтоосны үндсэн дээр татвар нөхөн ногдуулах ёстой байсан.
Гаалийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, албан шаардлагын хууль зүйн үндэслэл нь Зөрчлийн тухай хууль болсон байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.
Үүнээс үзэхэд, гаалийн улсын байцаагч нар зөрчилд тооцох, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, шийтгэлийн төрөл, хэмжээг тогтоохдоо зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.
Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн. Тэгэхээр үүнээс өмнө үйлдэгдсэн зөрчил гэх асуудалд Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.
Манай компани 2013-2017 онд улсын хилээр бараа импортоор оруулж ирэхдээ тодорхой нэр, төрлийн барааны үнийг дутуу мэдүүлсэн зөрчил нь санаатай бус харин хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болсон бөгөөд энэхүү зөрчил гарсан үед үйлчилж байсан хуулийн дагуу шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх ашгийг төлөөлөх зорилгоор оролцож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор Улсын их хурлаас баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлж гаргасан тайланг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Ил байдлын тухай тайлан ирсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодорхойлж байгаа. Ил тод байдлын тайлангаар М ХХК 6 тэрбум 515 сая 530 мянга 052 төгрөгийн НӨАТ орлогыг ил болгож тайлагнасан байдаг. Тухайн 6 тэрбум ногдох НӨАТ 651,353,05 төгрөгийг ил болгосон. Гаалийн байцаагч нар маргаан бүхий актыг тавьж байх үед НӨАТ-ын тайлан үзэх боломжтой гэж ярьж байна. Сангийн яамны харьяа агентлагууд байгаа. НӨАТ-ын тайлан олж харсан тохиолдолд 79,822,028 төгрөгийн зөрчил дээр гаалийн нөхөн татвар 3,991,045 төгрөгийг ногдуулаад НӨАТ нь 8,381,313 төгрөг болсон. Шууд зөрчил 3,991,045 төгрөг дээр 30 хувийн торгууль ногдуулаад 0240248 тоот акт дээр 16,84000 төгрөгийн нөхөн олговор тавьсан. Гэтэл 30 хувийн торгууль ногдуулаад 1,970,343 төгрөг буюу 0240248 тоот акт дээр 5,181,431,88 төгрөг ногдуулах ёстой байсныг хэтрүүлж 16,000,000 төгрөг тавьсан. 0240249 актаар зөрчил 8,149,824,45 мөнгө дээр шууд 30 хувийн торгууль оногдуулаад 2,534,927,33 төгрөг буюу нийт 10,984,771,78 төгрөгийн акт ногдуулах ёстой гэж үзэж байгаа. НӨАТ-ын тайлан ирсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулж, хоёр актын нийлбэр дүн буюу 15,000,000 төгрөгийн зөрчилд ногдуулсан нөхөн татвар торгуулийг манай компанийн зүгээс төлөхөд болно.” гэв.
Хариуцагч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Г Е Грын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 31/18 тоот батлагдсан удирдамжийн дагуу М ХХК-ийн /РД:5005612/ 2013-2017 онд импортолсон барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гадаад худалдааны болон санхүүгийн баримтад тулгуурлан шалгалтыг хийсэн.
Шалгалтаар тус компани гаалийн хилээр оруулж ирсэн бараагаа мэдүүлээгүй болон дутуу мэдүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 хэсэгт зааснаар 16 084 139 төгрөгийн шийтгэлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 0240248 дугаартай шийтгэлийн хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт зааснаар 34 052 793 төгрөгийн шийтгэлийг мөн өдрийн 0240249 дугаартай шийтгэлийн хуудсаар тус тус оногдуулж, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг үндэслэн сайн дураар биелүүлэхийг даалгасан.
Шалгалтын үр дүнг М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Р.У болон урьд ажиллаж байсан нягтлан бодогч Баярмаа нарт танилцуулсан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч, Ерөнхий захирал У.М нь гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус компани нэхэмжлэл гаргаж байгаа нь цаг хугацаа хожих зорилго агуулж байгаа нь илт байна.
Учир нь Д ФХХК нь захирал У.Мбас нэгэн компани бөгөөд 2016 онд Бүрдүүлэлтийн Дараах Шалгалт орсон бөгөөд өдий хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа нь хууль сахилгын түвшин хангалтгүй, илэрсэн зөрчлөө цаг хугацаандаа төлөхгүй байгаа нь давтагдаж байна.
2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эрх бүхий албан тушаалтны № 01 тоот хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 128/Ш32018/6335 тоот захирамж гарсан. Мөн өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0243 тоот гүйцэтгэх хуудас гарсан.
Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол гарч, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийг хүлээн авсан нь учир дутагдалтай байна.
Нэхэмжлэгчээс Гаалийн улсын байцаагчийн хяналт шалгалт явуулахдаа гаалийн хилээр оруулж ирсэн бараа нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдсөн эсэхийг нягтлан шалгаагүй, мөн ургамлын тосны үр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүнтэй холбоотой үр тарианы хор, тоног төхөөрөмж, усалгааны төхөөрөмж, чийгшлийг хэмжигч багаж зэргийг импортоор оруулж ирсэн. Эдгээр нь гаалийн болон бусад албан татвараас чөлөөлөгдөх боломжтой бараа гэж үзэж байна гэжээ.
Гаалийн хилээр оруулсан бараа болон тоног төхөөрөмжийг тухай үед нь гаалийн байгууллагад зохих хууль, дүрэм, журмын дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтийн горимд байршуулан хамруулж, мэдүүлсэн тохиолдолд гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх боломжтой байсан боловч гаальд мэдүүлээгүй зөрчил илэрсэн. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хяналтыг хэрэгжүүлж байгаа хилийн боомтоор Гаалийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмын дагуу бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэн, гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт, шалгалт хийлгэж, гарах зөвшөөрөл авдаг.
Мөн гадаадаас худалдан авсан барааны үнийг БНХАУ болон ОХУ-руу шилжүүлсэн юань, рубль нь гадаад төлбөрийн нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн баримт, банкны харилцах дансны хуулга, кассын анхан шатны баримтад барааны төлбөрийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон болно.
Мөн нэхэмжлэгчээс Гаалийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, албан шаардлагын хууль зүйн үндэслэл нь Зөрчлийн тухай хууль болсон, Гаалийн улсын байцаагч нар зөрчилд тооцох, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, шийтгэлийн төрөл хэмжээг тогтоохдоо зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэхээр байна гэжээ.
Зөрчил үйлдэгдсэн үеийн хуулиар буюу Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэсэн бол 0240249 тоот шийтгэлийн хуудасны дүн нь 168 996 488,90 төгрөгийн акт тогтоогдох байдалд хүрч хүндрүүлэх нөхцөл болох байсан бөгөөд харин Зөрчлийн тухай хуулийн 11.21.1.1 зүйлийн дагуу 34 052 792,51 төгрөг оногдуулсан нь Зөрчлийн Тухай Хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу хуулийг дээрдүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.
М ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанаар 2013-2017 онд улсын хилээр бараа импортоор оруулж ирэхдээ тодорхой нэр, төрлийн барааны үнийг дутуу мэдүүлсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэдгээ шүүхэд нотолсон байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч М ХХК нь тус шүүхэд “Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0240248, 0240249 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 31/18 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” гомдол гаргасан боловч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гомдлын шаардлагаа “Г Е Грын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0240248 0240249 дугаар шийтгэлийн хуудсаар тус тус ногдуулсан төлбөрийг Татварын ерөнхий газарт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлөгдсөн нэмэгдсэн өртгийн албан татвараас тооцож, бууруулах” болгон өөрчилсөн тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гомдлын шаардлага өөрчилсөн үндэслэлээ “...тус компани Татварын ерөнхий газарт нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулахаар тайлагнасан учир гаальд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй, үүнтэй холбоотой торгуулийн дүн өөрчлөгдөх ёстой, харин гаалийн татварын 5 хувийг төлөхийг зөвшөөрч байна.” гэж тайлбарлав.
Хариуцагч Г Е Грын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар М ХХК-ийн 2013-2017 оны санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт бичигт шалгалт явуулж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0240248 дугаар шийтгэлийн хуудсаар М ХХК-ийн 79.822.028 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлсэн зөрчилд 3.711.724 төгрөгийн шийтгэл, 12.372.415 төгрөгийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, нийт 16.084.139 төгрөгийн төлбөр төлүүлэхээр,
0240249 дугаар шийтгэлийн хуудсаар М ХХК-ийн 168.996.488.90 төгрөгийн гаалийн үнэ бүхий барааг мэдүүлээгүй зөрчилд 7.858.337 төгрөгийн торгууль, 26.194.456 төгрөгийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр нийт 34.052.792.51 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
М ХХК-иас Татварын ерөнхий газарт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж, чөлөөлөгдсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг гаалийн байгууллагад төлөх ёстой татварт хамруулан үзэж, шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Учир нь: Хариуцагчаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “16.2.1.гаалийн байгууллага энэ хуулийн 7.1.2, 8.1.1-д заасан импортын бараанд энэ хуулийн 9.1.1, 11.1-д заасны дагуу албан татвар ногдуулж, төсөвт төлүүлэх арга хэмжээ авна;” гэж заасан чиг үүргийн дагуу М ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үүрэгтэй бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ... бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч, ... энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусахаас өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн мэдүүлсэн бол ... нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө. ... 4.1.6. Гаалийн тухай хууль ..., гэж,
4.2-т “...хориглосноос бусад хилээр нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн ...хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого ...д албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж зааснаас үзэхэд нөхөн мэдүүлсэн тайлагнасан тохиолдолд албан татвараас чөлөөлөхөөр зохицуулжээ.
Гэтэл нэхэмжлэгч М ХХК нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“гаалийн татвар”, 3.1.3.“бусад татвар”-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх талаар Г Е Гарт хүсэлт, тайлан гаргаж өгөөгүй болох нь Г Е Грын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01-1/3120 дугаар албан бичиг болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчаас М ХХК-ийн гадаад төлбөрийн нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн баримт, банкны харилцах дансны хуулга, кассын анхан шатны баримтад барааны төлбөрийг шилжүүлсэн баримтаар тус компани 2013-2017 онд улсын хилээр бараа импортоор оруулж ирэхдээ тодорхой нэр, төрлийн барааны үнийг дутуу мэдүүлж, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т заасан “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;” зөрчил үйлдсэн гэж үзсэнтэй гомдол гаргагч маргаагүй болно.
Иймээс гомдол гаргагч М ХХК-ийн гаргасан “Г Е Грын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0240248 0240249 дугаар шийтгэлийн хуудсаар тус тус ногдуулсан төлбөрийг Татварын ерөнхий газарт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлөгдсөн нэмэгдсэн өртгийн албан татвараас тооцож, бууруулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.6, 4.2-т заасныг баримтлан гомдол гаргагч М ХХК-иас Г Е Г Д Б Д Ш Г У Б Б.М Д.От холбогдуулан “Г Е Грын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0240248 0240249 дугаар шийтгэлийн хуудсаар тус тус ногдуулсан төлбөрийг Татварын ерөнхий газарт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлөгдсөн нэмэгдсэн өртгийн албан татвараас тооцож, бууруулах”-аар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН