| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0149/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/158 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/158
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Ариунаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*******бат, шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-д холбогдох эрүүгийн 1821000240048 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3-14 насны 3 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод ....багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай, Б,
Шүүгдэгч Б нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багт оршин суух иргэн М-ын гэрт болон гэрийн гадна О-ыг зодож эрүүл мэндэд нь тархины хүнд зэргийн няцрал, тархины хатуу хальсан доорхи цусан хураа, цусан хурааг авах мэс ажилбарын дараахь байдал, нүүрэнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...О миний төрсөн ах юм. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд танихгүй айлд байхдаа хүнд зодуулж толгойдоо хүнд гэмтэл авсан. Болсон хэргийн талаар хэн гэдэг хүн яагаад цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. Сүүлд Б гэх хүн зодсон гэдгийг нь мэдсэн. О тархинд учирсан хүнд гэмтлийн улмаас үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй, сэтгэц нь өөрчлөлтэй болсон. Эрүүл байсан хүнийг ийм болгосонд их гомдолтой байна. Энэ хэргээс болж, шатахуун, хоол хүнс, эм тариа, эмчилгээний төлбөр, бусад зардал төлбөр гээд одоогийн байдлаар 14,112,674 төгрөгийн шууд зардал гарсан. Энэ зардлыг буруутай хүнээс нэхэмжилнэ. Би ахыгаа сахиж, нөхрийн хамт 10 хоног ажлаас чөлөө авсан. Ажлаас чөлөөлөгдсөн байх үеийн 2 хүний 10 хоногийн цалин 950,000 төгрөг, нийт 15,062,674 төгрөгийг нэхэмжилнэ. Цаашид гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Гэрч Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...О нь миний төрсөн дүү юм. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд сумын төвөөс зүүн тийш 7-8 орчим км төв засмал замын хойн “Өндөр хөтлийн энгэр” гэх газарт О гэдэг айлд өөрийн 30 гаран толгой үхэр малыг харж байдаг юм. ...Би Налайх дүүрэгт амьдардаг. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр малын эрэлд явж байгаад гэртээ очиход эхнэр ******* надад “О ирээд явсан” гэж хэлсэн. Дүү нар “Оыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнодын шуудангийн автобусаар буцсан” гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчим О эхнэр ******* утсаар залгаж “ О ирээгүй байна. Хэд хоногийн өмнө ярихад унтаад Дорнодын төвд ирсэн. Эндээс шууданд суугаад очно гэж ярьсан. Одоо болтол алга байна” гэж хэлсэн. Удаагүй 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой 22 цагийн орчим миний утас руу танихгүй дугаараас залгаад “Хөлөнбуйр сумын сувилагч байна. О гэдэг хүн танай дүү мөн үү?. Эмнэлэгт ухаангүй байна” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 07 цагт дүү И хамт Хөлөнбуйр суманд ирсэн. О сумын төвд ухаангүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цаг 30 минутанд М гэх айлаас ирсэн. “ Манайд ухаангүй хүн байна” гэсэн дуудлагын дагуу очиход Мын эсгий гэрийн баруун талд шалан дээр эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Гэрт М, түүний эхнэр, эхнэрийнх нь эмэгтэй дүү, 2 жоохон хүүхдүүд байсан. Тэр хүн дээгүүрээ ноосон цамц, футболкатой, бор саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн оймстой, хөлдөө гуталгүй байсан. Үзэхэд ухаан байхгүй, даралт, амьсгал, зүрхний цохилт хэвийн, зүүн талын ташааны дээд хэсэгт шалбарч хавдсан байсан. Өөр нүдэнд харагдах шарх гэмтэл байгаагүй. Тэгээд эмнэлэг дээр аваачиж эмчилгээ хийж хоносон. Ухаан орохгүй байхаар нь мэдрэлийн эмчээс зөвлөгөө авч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө аймгийн төв рүү авч явсан юм. 13 цагийн орчим аймгийн төвд ирж өвчтнөө хүлээн авахад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... 22 цагийн орчим гаднаас *******, ******* нар согтуу орж ирсэн. ******* намайг “дүүтэйгээ хамт янз бүрийн хүн гэртээ цуглуулж архи уулаа” гэж загнасан. Эийг бас загнаж цохих гэхээр нь Э гараад явсан. ******* гэрийн баруун орны урдуур газарт унтаж байсан Оыг “ Энэ хэн юм бэ? хаанаас ирсэн гуйлгачин бэ?” гэж хэлээд хөл рүү нь 2 удаа өшиглөхөд О босоод гарч зугтаасан. Удалгүй Э ******* нар гараад явснаа ******* буцаж хүрч ирээд Мтай хамт архинд гарч явсан. Тэр хойгуур гаднаас О буцаж орж ирээд баруун талын орны зүүн талд газарт хэвтэж байтал ******* дахиж орж ирээд О-ын хөл, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. О гараад зугтаахдаа гэрийн босго даваад харуулдаж газарт унасан. ******* араас нь гарч Оыг гадаа дахин зодоод байгаа бололтой “түс, түс” хийсэн чимээ гарч байснаа чимээгүй болохоор нь би гэрээс гарч харахад О гэрийн зүүн урд газарт өмдөндөө шээчихсэн доошоо хараад хэвтэж байсан. ******* харагдаагүй. О, хөдлөхгүй ямар ч хөдөлгөөнгүй байсан. Өргөх гээд дийлэхгүй болохоор нь буцаад орсон. Эийг хүрч ирэхээр нь хамт өргөж гэрт оруулаад гэрийн баруун талд зуухны хажууд шалан дээр хэвтүүлсэн юм. Удаагүй М, ******* нар орж ирээд 1 шил архи задлаад ууж байснаа тасраад архи ууж чадахгүй тасраад унтаад өгсөн. Өглөө босоход ******* босоод явчихсан байсан. Маргааш нь О босохгүй өдөржин шалан дээр хэвтээд байсан ба хар ногооноор бөөлжсөн. Нэрийг нь дуудаад татахад босохгүй, амьсгаатай, унтаж байгаа юм шиг байхаар нь архи ууснаас болж хэвтээд байгаа юм байна гэж бодоод дээгүүр нь ямаар хучсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр О босоогүй. 218 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө болоход О босохгүй юм яриахгүй байхаар нь санаа зовоод Мтай эмнэлэг очиж дуудлага өгсөн юм ...О, Боос зугтаж гэрээс гарахдаа босгонд бүдрээд гадаа цээж элгээрээ харуулдаж унасан. Айхтар хүчтэй унаагүй. ...Б араас нь гараад өшиглөөд байгаа бололтой “пүд пүд” гэсэн чимээ гадаа дуулдаж байсан. ...Удалгүй араас нь гарахад Б явчихсан. О доошоо хараад өмдөндөө шээчихсэн гэрийн хаалганаас зүүн урагш 3 метр орчим зайтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35,157-158/
Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...О “Хотоос Түмэнцогтод буух газраасаа өнгөрөөд клонк дээр буусан” гэж ярьж байсан. О явлаа гэж гараад яваагүй буцаж ирээд тэр оройгоо хоносон. 2017.12.30-ны өдөр дахиж дэлгүүрээс архи авч ирж Э эгчтэй гурвуулаа уусан. М ах айлд бой хийхээр хөдөө явсан байсан. Тэр өдөр О согтоод надтай сууна, “Маргааш буцаж ирээд шинэ он хамт гаргана” гэж ярьж байсан. Тэр өдөр О манайд архи уугаад яваагүй. Би архинаас уугаад согтоод тасарсан байсан. Нэг ухаан ороод харахад М ах ирчихсэн, ******* гэдэг хүнтэй архи ууж байсан. Гаднаас танихгүй согтуу, 2 залуу орж ирсэн. ******* гэдэг залуу Э эгч бид 2-ыг “Янз бүрийн хүнтэй архи уулаа” гэж агсан тавиад зодох гээд байхаар нь би айгаад гарч зугтсан. Гэрээс урагш хашааны урд цаг орчим болоод буцаад ирэхэд агсан тавиад байсан залуу явчихсан, О гэрийн зүүн урд газарт доошоо хараад хэвтэж байсан. Хажууд нь ямар ч хүн байгаагүй. Гэрт ороход Э эгч байсан. Хоёулаа Оыг өргөж дамжлан гэрийн баруун талд газарт хэвтүүлсэн. Э эгч “Оыг ******* зодсон” гэж хэлсэн. ...О манайд ирэхэд зүгээр байсан. Автобусны жолоочтой маргасан гэж ярьж байсан. Зодолдсон гэж хэлээгүй. Ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. ******* гэх залууд зодуулсны дараа зүүн хацар нь шалбарсан, өмдөндөө шээсэн байсан. Өмнө нь нүүр царай нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “...Б танихгүй залууг хэвтэж байхад нь хөл рүү нь өшиглөөд гар гэж хөөсөн. Тэр залуу гараад явсан. ...Б тэр залууг айлын авгайтай архи уулаа гэж цохисон. Гэрт байхад хөл рүү нь өшиглөсөн. 2018 оны 01 сарын 02-ноос 03-ны өдрийн орчим Б-той уулзахад “2017.12.30-ны орой М-ынд байсан танихгүй залууг гадаа гараад хэд өшиглөсөн” гэж ярьж байсан, тэр залууг Боос өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/
Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017.12.30-ны өдөр гадуур архи ууж явахдаа цагийг мэдэхгүй байна, үдийн өмнө байх М-ын гэрээр орсон. Гэрт нь эхнэр хүүхдүүд нь өөр танихгүй залуу байсан. Тэр залууг хэн гэдгийг мэдэхгүй. Гарахад тэр залуу хамт гарч дэлгүүрийн гадаа ирээд би дэлгүүр рүү орж нэг пиво авч тэр залуугаас салж явсан. Тэр залуу тэндээс хаашаа явсныг мэдэхгүй. Хамт архи пиво уугаагүй. 2017.12.31-ний өглөө 09 цагийн орчим Мынд ороход Э байсан ба нөгөө танихгүй залуу гэрийн баруун талд шалан дээр чичирсэн, хөл, гар нь салганасан байдалтай хэвтэж байсан. Түүнийг “Босооч” гэхэд дуугарахгүй ямар ч хариу өгөхгүй хөл, гар нь салгаж чичрээд хэвтээд байхаар нь “Наад хүнээ эмнэлэгт үзүүлээч” гэж хэлээд гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний ирсэн автобус дотор ...жолоочийн зорчигчтой хэрэлдсэн маргасан ямар нэгэн асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65/
Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би жолоочийн ард 7 дугаартай сандал дээр суусан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Түмэнцогт сумын хойно ирээд нэг эрэгтэй хүнийг жолооч сэрээж буулгасан. Тэр залуу энд буухгүй гээд буцаад орж ирээд явж байснаа сумаас зүүн тийш замд бууна гэхээр нь жолооч “харанхуй шөнө хөдөө хүн буулгахгүй” гэхэд “бууя” гээд байсан. Жолооч тэгвэл аймаг ороод өглөөний шууданд суулгаад өгье гэхэд аймагт таних хүн байхгүй бууя аа гээд шалаад байсан. Жолооч зогсоогүй. Тэр залуу тэгвэл Хөлөнбуйрт бууя гэхээр нь жолооч Хөлөнбуйр сумын урд ШТС-ын дэргэд зогсоод тэр залуу машинаас буусан. ...Тэр залууг цохиж зодсон ямар асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1065 тоот дүгнэлтэд: 1. Л.Оын биед тархины хүнд зэргийн няцрал, тархины хатуу хальсан доорхи цусан хараа, цусан хурааг мэс ажилбарын дараахь байдал, нүдэнд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-ын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явцад эдгэрэл төгсгөлөөс шалтгаална гэжээ. /хх-ийн 72/
Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182 тоот дүгнэлтэд: “1 Л.О нь одоо Тархины гэмтлийн дараах тархи эмэгшил. Хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. 2. Л.О нь сэтгэцийн хувьд болсон үйл явдал, өөрийн үг үйлдлийг ухамсарлан ойлгох чадваргүй байна. 3. Л.Оын дээрхи эмгэг нь 2017-12-30-ны өдөр тархинд гэмтэл авсны улмаас үүссэн байх боломжтой байна. 4. Л.Оын тархинд учирсан хүн гэмтлийн улмаас уг эмгэг үүссэн байх боломжтой байна” гэжээ. /хх-ийн 76-79/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өсөхжаргалын мэдүүлэг /хх-ийн 21/
-Гэрч О-ын мэдүүлэг /хх-ийн 56/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө-ын шүүхэд өгсөн хүсэлт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багт оршин суух иргэн М-ынгэрт болон гэрийн гадна хохирогч О-ыг зодож эрүүл мэндэд нь тархины хүнд зэргийн няцрал, тархины хатуу хальсан доорхи цусан хураа, нүүрэнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Оыг өшиглөж, зодсон нь үнэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө-ийн өгсөн: “...О миний төрсөн ах юм. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд танихгүй айлд байхдаа хүнд зодуулж толгойдоо хүнд гэмтэл авсан. Болсон хэргийн талаар хэн гэдэг хүн яагаад цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. Сүүлд Б гэх хүн зодсон гэдгийг нь мэдсэн. О тархинд учирсан хүнд гэмтлийн улмаас үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй, сэтгэц нь өөрчлөлтэй болсон. Эрүүл байсан хүнийг ийм болгосонд их гомдолтой байна. Энэ хэргээс болж, шатахуун, хоол хүнс, эм тариа, эмчилгээний төлбөр, бусад зардал төлбөр гээд одоогийн байдлаар 14,112,674 төгрөгийн шууд зардал гарсан. Энэ зардлыг буруутай хүнээс нэхэмжилнэ. Би ахыгаа сахиж, нөхрийн хамт 10 хоног ажлаас чөлөө авсан. Ажлаас чөлөөлөгдсөн байх үеийн 2 хүний 10 хоногийн цалин 950,000 төгрөг, нийт 15,062,674 төгрөгийг нэхэмжилнэ. Цаашид гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч Т.Э-гийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... 22 цагийн орчим гаднаас *******, ******* нар согтуу орж ирсэн. ******* намайг “дүүтэйгээ хамт янз бүрийн хүн гэртээ цуглуулж архи уулаа” гэж загнасан. Э-ийг бас загинаж цохих гэхээр нь Э гараад явсан. ******* гэрийн баруун орны урдуур газарт унтаж байсан Оыг “ Энэ хэн юм бэ? хаанаас ирсэн гуйлгачин бэ?” гэж хэлээд хөл рүү нь 2 удаа өшиглөхөд О босоод гарч зугтаасан. Удалгүй Э ******* нар гараад явснаа ******* буцаж хүрч ирээд М-тай хамт архинд гарч явсан. Тэр хойгуур гаднаас О буцаж орж ирээд баруун талын орны зүүн талд газарт хэвтэж байтал ******* дахиж орж ирээд Оын хөл, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. О гараад зугтаахдаа гэрийн босго даваад харуулдаж газарт унасан. ******* араас нь гарч О-ыг гадаа дахин зодоод байгаа бололтой “түс, түс” хийсэн чимээ гарч байснаа чимээгүй болохоор нь би гэрээс гарч харахад О гэрийн зүүн урд газарт өмдөндөө шээчихсэн доошоо хараад хэвтэж байсан. ******* харагдаагүй. О, хөдлөхгүй ямар ч хөдөлгөөнгүй байсан. Өргөх гээд дийлэхгүй болохоор нь буцаад орсон. Эийг хүрч ирэхээр нь хамт өргөж гэрт оруулаад гэрийн баруун талд зуухны хажууд шалан дээр хэвтүүлсэн юм. Удаагүй М, ******* нар орж ирээд 1 шил архи задлаад ууж байснаа тасраад архи ууж чадахгүй тасраад унтаад өгсөн. Өглөө босоход ******* босоод явчихсан байсан. Маргааш нь О босохгүй өдөржин шалан дээр хэвтээд байсан ба хар ногооноор бөөлжсөн. Нэрийг нь дуудаад татахад босохгүй, амьсгаатай, унтаж байгаа юм шиг байхаар нь архи ууснаас болж хэвтээд байгаа юм байна гэж бодоод дээгүүр нь ямаар хучсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр О босоогүй. 218 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө болоход О босохгүй юм ярихгүй байхаар нь санаа зовоод М-тай эмнэлэг очиж дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35,157-158/, гэрч Э-ийн өгсөн: “...О “Хотоос Түмэнцогтод буух газраасаа өнгөрөөд клонк дээр буусан” гэж ярьж байсан. О явлаа гэж гараад яваагүй буцаж ирээд тэр оройгоо хоносон. ...“Маргааш буцаж ирээд шинэ он хамт гаргана” гэж ярьж байсан. Тэр өдөр О манайд архи уугаад яваагүй. Би архинаас уугаад согтоод тасарсан байсан. ...******* гэдэг хүнтэй архи ууж байсан. Гаднаас танихгүй согтуу, 2 залуу орж ирсэн. ******* гэдэг залуу Э эгч бид 2-ыг “Янз бүрийн хүнтэй архи уулаа” гэж агсан тавиад зодох гээд байхаар нь би айгаад гарч зугтсан. ...О гэрийн зүүн урд газарт доошоо хараад хэвтэж байсан. Хажууд нь ямар ч хүн байгаагүй. Гэрт ороход Э эгч байсан. Хоёулаа Оыг өргөж дамжлан гэрийн баруун талд газарт хэвтүүлсэн. Э эгч “О-ыг ******* зодсон” гэж хэлсэн. ...О манайд ирэхэд зүгээр байсан. Автобусны жолоочтой маргасан гэж ярьж байсан. Зодолдсон гэж хэлээгүй. Ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. ******* гэх залууд зодуулсны дараа зүүн хацар нь шалбарсан, өмдөндөө шээсэн байсан. Өмнө нь нүүр царай нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/, гэрч М-аас өгсөн: “...Б танихгүй залууг хэвтэж байхад нь хөл рүү нь өшиглөөд гар гэж хөөсөн. Тэр залуу гараад явсан. ...Б тэр залууг айлын авгайтай архи уулаа гэж цохисон. Гэрт байхад хөл рүү нь өшиглөсөн. 2018 оны 01 сарын 02-ноос 03-ны өдрийн орчим Б-той уулзахад “2017.12.30-ны орой М-ынд байсан танихгүй залууг гадаа гараад хэд өшиглөсөн” гэж ярьж байсан тэр залууг Б-оос өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 1065 тоот дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь түүний толгойн хэсэг руу санаатай өшиглөж цохисон шүүгдэгч Б.Б-ын санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө нь Б.Б-оос хохиролд 80 толгой бог 2 толгой адуу 1 тугалтай үнээ хүлээн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлснээс үзэхэд энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс битүүмжилсэн 4 тооны адуу, 4 тооны үхэр битүүмжилсэн Прокурорын 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-ын .... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд нийт 87 толгой бог, бод буюу 32 ямаа, 51 хонь, 2 адуу, нэг тугалтай үнээ өгсөн/ болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-ыг бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө-д нийт 87 толгой бог, бод буюу 32 ямаа, 51 хонь, 2 адуу, нэг тугалтай үнээ өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс 4 адуу, 4 үхэр битүүмжилсэн прокурорын 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б-ын .... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР