Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

            Улсын яллагч Б.Цэцэгмаа,

            Шүүгдэгч ........ түүний өмгөөлөгч Б.Зулбаяр    

            Шүүгдэгч .........., түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ................... нарт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020213 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 42-49 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, .............

 

2.Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн. 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, охины хамт, Өмнөговь аймаг Номгон сум 2-р багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, .................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Галт нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 1-17 тоотод картаар цэнэглэж тоглодог 10 ширхэг автомат тоглоомын тоног төхөөрөмжийг буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,

Яллагдагч Ц.Отгонбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 1-17 тоотод яллагдагч Э.Галтын ажиллуулж байсан картаар цэнэглэж тоглодог 10 ширхэг автомат тоглоомын тоног төхөөрөмжийг буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Галт шүүхийн хэлэлцүүлэгт “…Энэ бол мөрийтэй тогтоол биш зүгээр тааварт тогтоол тоглуулж байсан...”гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… 2017.01.07 өдөр 15:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5-р хороо 1-р байрны 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын төвийг нээгээд хамгаалагч Мишигдоржийг үлдээгээд би гадагшаа гараад 17:30 цагийн орчим тоглоомын газар очтол цагдаа нар ирсэн байсан тэгээд манай тоглоомын газрыг хааж цагдаагийн байгууллага руу авч явсан.... Би автомат тоглоомын газрыг өөрөө ажиллуулдаг. Өөр хүнтэй хамтран ажилладаггүй…автомат тоглоомын газрыг 2016.12.26 өдөр БНХАУ-с нэг тоглоомыг 7.000.000 сая төгрөгөөс 8.000.000 сая төгрөг хооронд худалдан авсан.... 2017.01.04 өдрөөс хойш бараг хүнд үйлчлээгүй.... манай тоглоомын газар нийт 10-н тоглоом байдаг үүнээс ажилладаг нь 2 тоглоом.... Эхлээд 5000 төгрөгөөр надаас карт авдаг тэгээд тэр картаараа тоглох гэж байгаа тоглоомын дээд талд байдаг карт уншуулдаг хэсэг рүү нь картаа хийж уншуулаад тоглодог...” гэсэн мэдүүлэг /хх-36/,

 

Шүүгдэгч Ц.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “…Би мөрийтэй тоглоом гэдгийг мэдээгүй зүгээр компьютер тоглоом юм байна гэж бодоод тоглосон. 5000 төгрөгөөр тоглосон. Би учрыг нь мэдэхгүй байсан...”гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… Ц.Отгонбаяр 2017.01.07 өдөр би Сүхбаатар дүүргийн 5-р хороо Тээврийн товчоон дээр Өмнөговиос мах сүү ирж байсан тэр хооронд би өмнө тоглож байсан газраа орж очиж хараад сууж байсан тэгтэл цагдаа орж ирсэн. Тэгээд би тамхины өрөөнд ороод тамхи татаад зогсож байтал цагдаа нар намайг байж бай тайлбар авна гэж хэлсэн. Тэгээд би тайлбар өгчөөд гараад явсан Би хэрэг гарсан өдрөөс 2 хоногийн өмнө Өмнөговь аймгаас ирээд унаа хүлээж байх хооронд, хүмүүс автомат тоглоомын газар луу ороод байсан тэгэхээр нь сонирхоод явж ороод тоглосон, би ганцаараа орсон 5.000 төгрөгөөр нэг удаа тоглодог. Би 20.000 төгрөгөөр 4 удаа загас гэдэг тоглоомыг тоглосон сүүлийн тоглолтон дээр 20.000 төгрөгтэй болоод тоглоом ажиллуулж байгаа хүнээс гарахдаа 20.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-35/,

 

Гэрч Д.Мишигдоржийн “...Би 2017.01.07 шөнө СБД-н 5-р хороо 1-17 тоот автомат тоглоомын газар хоносон маргааш өдөр Галт ах 15:00 цаг өнгөрөөж ирээд тоглоомын газрыг онгойлгосон. Тэгээд 16:00 цагийн орчим хүмүүс орж ирээд тоглоом тоглох гээд хараад зогсож байхад цагдаа нар орж ирээд намайг хаалга цоожил гэхээр нь би хаалгыг цоожилсон. Тэгээд цагдаа нар үзлэг хийсэн дараа нь цагдаагийн газар ирсэн.... Би автомат тоглоомын газар хамгаалагч ажил хийдэг Автомат тоглоомын газрыг Галт ах ажиллуулдаг. Би сайн мэдэхгүй галт ах ирж онгойлгож хаадаг байсан. Нэг хүн 10.000 төгрөгөөр тоглодог удалгүй дахиад 10.000 төгрөгөөр карт авч цэнэглээд тоглодог…” гэсэн мэдүүлэг /хх-29 /,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-21, 23-24/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-23/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-74/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /45, 47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46, 90/, шүүгдэгч Э.Галтын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-94-95/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-96-97/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Галт нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 1-17 тоотод картаар цэнэглэж тоглодог 10 ширхэг автомат тоглоомын тоног төхөөрөмжийг буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,

Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 1-17 тоотод яллагдагч Э.Галтын ажиллуулж байсан картаар цэнэглэж тоглодог 10 ширхэг автомат тоглоомын тоног төхөөрөмжийг буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон болох нь дээр дурдсан гэрч Д.Мишигдоржийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Э.Г, Ц.Онарын сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Галтын хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан, шүүгдэгч Ц.Отгонбаярын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Галтыг хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан, шүүгдэгч Ц.Отгонбаярыг хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэлд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг аль аль нь тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн орлого, зарлага гэж бичсэн 34 хуудастай дэвтрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 ширхэг автомат тоглоомыг улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Г, Ц.Онь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1.Шүүгдэгч Бэсүд овгийн Энхтуяагийн Галтыг  хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Тайж овгийн Цэдэнхүүгийн Отгонбаярыг хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Энхтуяагийн Галт, Цэдэнхүүгийн Отгонбаяр нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Э.Г, Ц.Онар нь торгох ялаас зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 34 хуудастай дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 ширхэг автомат тоглоомыг улсын орлого болгосугай.

 

5.Эрүүгийн 201625020751 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Г, Ц.Онарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР