Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

 

 

 

 

     2022         01            21                                   2022/ШЦТ/95     

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0071/Э

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Н,

улсын яллагч Г.Ц /томилолтоор/

шүүгдэгч Л.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатгин овогт Л.Г-д холбогдох эрүүгийн 2109015880024 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа манаач, галчийн ажил хийдэг, ам бүл 2,эхнэрийн хамт, Сүхбаатар дүүрэг 11 хороо, 813 дугаар байр, 1 дүгээр орцны 24 тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Л.Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17 дугаар гудамжны 34 тоотод эхнэр Сарантуяатай маргалдан зодож түүний эрүүл зулайн хуйх, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 2109015880024 дугаартай хэргээс:

Хохирогч Т.Сарантуяагийн “... 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өглөө 9-10 цагийн үед Г нь ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17 дугаар гудамжны 24 тоот гэртээ ирсэн. Тэгээд буцаад муурын элс авах гээд 32-ийн тойргийн тийшээ явсан, өдөр 14 цагийн үед Г нь шал согтуу гэртээ орж ирээд надтай хэрүүл хийж ширээ сандал өшиглөөд байсан. Би яагаад архи уусан талаар асуухад над руу уурлаад гараа зангидаж байгаад цээжний хэсэгт 1 удаа, толгой орчим 2-3 удаа цохихоор нь би гэрээс гарч зугтаад хашаан дотроо зогсож байхад гаднаас эгч Чанцалдулам эгч орж ирээд намайг яагаад гадаа зогсож байгаа талаар асуухаар нь би Г согтуу байгаа талаар хэлэхэд эгч намайг дагуулаад гэр рүү буцаж ороод яагаад манай дүүг зодоод байгаа талаар асуухад манай эгчийг Г хэл амаар доромжлоод байсан тэгтэл эгч намайг цагдаа дууд наад Г чинь согтуу байна гэхээр нь би цагдаа дуудаад цагдаа ирээд надаас мэдүүлэг аваад Ганболдыг аваад явсан. Надад учирсан гэмтлийг нөхөр Г учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11002 дугаартай дүгнэлтээр “Т.Сарантуяагийн биед зулайн хуйх, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Шүүгдэгч Л.Г-ын яллагдагчаар өгсөн“... 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өглөө 09 цагийн үед ажлаасаа гараад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17 дугаар гудамжны 34 тоотод гэртээ ирсэн гэрт ирэхэд эхнэр Сарантуяа байсан гэрийн ус байхгүй байсан болохоор би усанд яваад буцаад гэртээ ирсэн би буцаж гэрээс гараад муурандаа элс авах гээд явж байхдаа таньдаг Сүхээ ахтай хамт 0.33 литрийн 1 шил архи хувааж уугаад өдөр 12 цагийн үед би гэртээ буцаж орсон. Би тухайн өдөр болсон зүйлийг сайн санахгүй байна. Гэрт ороход эхнэр Сарантуяагийн эгч Чанцалдулам ирчихсэн байх шиг байсан тэгээд Сарантуяа надаас газрын гэрчилгээ болон иргэний үнэмлэх чинь хаана байгаа юм гээд тэрнээс болж маргаан болоод миний нүднээс шилийг авч шидсэн тэгээд би Сарантуяатай хэрэлдэж байгаад гэрээс гараад яваад өгсөн орой 18 цагийн үед гэртээ орж ирэхэд Сарантуяа ганцаараа байсан би тэгээд унтаад өгсөн. Би Сарантуяаг цохисон үгүйгээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн 11002 дугаартай “...1. Т.Сарантуяагийн биед зулайн хуйх цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Л.Г нь 2021.11.04-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17 дугаар гудамжны 34 тоот өөрийн гэртээ  эхнэр Төмөрхуягийн Сарантуяатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зулайн хуйх, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн дотор хэрүүл маргаан үүсгэж асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн догшин хэрцгий авир, ухвар мөчид зан байдал нь шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч   Л.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Т.Сарантуяагийн хууль ёсны эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Сарантуяа нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 58 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Л.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Л.Год оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн .4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Л.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР