| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2019/1257/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1283 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б эрүүгийн 1906 0270 31673 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнгүр горхи” хотхоны ... байрны... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Ү зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа цай, хоолгүй явсан. Өдөр охиноо цэцэрлэгээс авахад үсийг нь самнаагүй байсан. Би эхнэртээ “гэр орондоо анхаарал тавь” гэж хэлтэл эхнэр өөдөөс уурласан. Би эхнэрийнхээ өөдөөс босоод очтол намайг цохисон. Би эхнэрээ эргүүлээд 3 удаа алгадсан. Тэгээд би гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Хийсэн үйлдэлдээ дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй, эхнэрийнхээ дүгнэлттэй танилцсан, эрүү нүүрэнд нь гэмтэл учирсан байсан, хүлээн зөвшөөрч байгаа, бугалга сарвуу руу нь цохиогүй, зууралдах явцад үүссэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 39 дүгээр тал/
Хохирогч Х.Ү-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгсэн манай нөхөр аяга угааж байгаад “би ер нь ийм юм хийх ёстой юмуу” гэж уурлаад над руу хүрээд ирэхээр нь би цээж рүү нь түлхээд мөр рүү нь цохисон чинь манай нөхөр Б нүүр рүү нэг удаа алгадахад би буйдан дээр унасан, тэгсэн миний дээр гарч ирээд дахиад 2-3 удаа цохисон. Тэгээд миний эрүү эвгүй болоод нөхөртөө хэлсэн чинь “өө яанаа, уучлаарай” гээд босохоор нь би хөл нүцгэн гэрээсээ гүйж гараад таньдаг хоёр айлынхаа хаалгыг тогшсон чинь хаалгаа тайлахгүй байхаар нь би доошоогоо нэг давхарт очсон чинь манай байрны зүс таних эгч таарахаар нь “цагдаа дуудаж өгөөч” гээд дуудлага өгүүлсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20-21 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5214 дүгээр:
1. Х.Ү-ийн биед доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьж, зүүн бугалга, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 29 дүгээр тал/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 40 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнгүр горхи” хотхоны .. байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Ү зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн өгсөн “...Би эхнэртээ “гэр орондоо анхаарал тавь” гэж хэлтэл эхнэр өөдөөс уурласан. Би эхнэрийнхээ өөдөөс босоод очтол намайг цохисон. Би эхнэрээ эргүүлээд 3 удаа алгадсан.” гэх,
мөрдөн байцаалтад Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Хийсэн үйлдэлдээ дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй, эхнэрийнхээ дүгнэлттэй танилцсан, эрүү нүүрэнд нь гэмтэл учирсан байсан, хүлээн зөвшөөрч байгаа, бугалга сарвуу руу нь цохиогүй, зууралдах явцад үүссэн байх гэж бодож байна.” гэх /хх-39/,
мөн хохирогч Х.Ү-ийн өгсөн “...Тэгсэн манай нөхөр аяга угааж байгаад “би ер нь ийм юм хийх ёстой юмуу” гэж уурлаад над руу хүрээд ирэхээр нь би цээж рүү нь түлхээд мөр рүү нь цохисон чинь манай нөхөр Б нүүр рүү нэг удаа алгадахад би буйдан дээр унасан, тэгсэн миний дээр гарч ирээд дахиад 2-3 удаа цохисон. Тэгээд миний эрүү эвгүй болоод нөхөртөө хэлсэн чинь “өө яанаа, уучлаарай” гээд босохоор нь би хөл нүцгэн гэрээсээ гүйж гараад таньдаг хоёр айлынхаа хаалгыг тогшсон чинь хаалгаа тайлахгүй байхаар нь би доошоогоо нэг давхарт очсон чинь манай байрны зүс таних эгч таарахаар нь “цагдаа дуудаж өгөөч” гээд дуудлага өгүүлсэн.” гэх /хх-20-21/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5214 дүгээр “1. Х.Ү-ийн биед доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьж, зүүн бугалга, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-29/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-42/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-55/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Х.Ү мөрдөн байцаалтад гэм хорын хохирол нэхэмжлээгүй, мөн “гомдол санал байхгүй, өөрөө ойлгож зан харьцаагаа засаасай гэж бодож байна.” гэж мэдүүлсэн /хх-24/, Прокурорын байгууллагад гаргасан хүсэлтдээ “одоо гэр бүлийн хүн Б.Б тэй хамт амьдарч байгаа ба ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэсэн /хх-55/, шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар холбогдоход “миний бие гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж тайлбар гаргасан /хх-73/ байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Б өөрийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгөтэй, тодорхой орлоготой болох нь тогтоогдож байх тул түүнд оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох шаардлагагүй байх ба торгох ялыг шүүгдэгч нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ