Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/317

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0297/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А овогт Ж.Бт холбогдох эрүүгийн 2018003800332 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А овогт Ж.Б /РД: /, Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь ..... оны ..... дугаар сарын .....-ны өдрөөс .....-нд шилжих шөнө ..... аймгийн ..... сумын ..... дугаар багийн ..... дугаар байр ..... айл байрны .... тоотод иргэн Ш.Баийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь зүүн хоншоорын хөндийн урд хана, зүүн ухархайн доод хана, зүүн хацар, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зулайн хуйхны шарх, нүүр, зүүн гарын шуу дахь цус хуралт, хүзүүний баруун хажуу хэсгийн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...би хаалга нээсэн чинь нэг эрэгтэй хүн орж ирээд миний нүүр лүү гараараа цохиод би түүнээс хойш юу болсон гэдгийг санахгүй байгаа. Нэг ухаан ороход шалаар нэг цус болчихсон миний хамраас цус гарчихсан байхаар нь цагдаа дуудчих гээд цагдаа дуудсан... гэх хохирогч Ш.Баийн мэдүүлэг /хх-ийн17-18/,

- ...Тэгтэл оройн 00 цагийн үед хаалга дуугарахаар нь Баөд “хаалга нүдээд байна” гэж хэлсэн чинь Ба очиж хаалга онгойлгосон чинь пид пад гээд чимээ гарахаар нь яваад очсон чинь манай найз Баийг танихгүй нэг залуу зодож байсан... гэх гэрч Б.Боийн мэдүүлэг /хх-ийн 20/,

- ...Тэгэхээр нь босоод ирсэн чинь манай нөхөр Б нь Баийг барьж аваад “манай эхнэр яахаараа энд байж байдаг юм бэ?” гээд нүүр лүү нь гараараа алгадаад цохиод байхаар нь би очоод салгасан чинь над руу уурлаад надтай маргалдсан. Тэгээд Б бид хоёр гэр лүүгээ явсан... гэх гэрч Ч.Хгийн мэдүүлэг /хх-ийн 22/,

- ...Тэгээд би хэвтэж байсан чинь хаалга хүн нүдээд байснаа түс тас гээд чимээ гараад байснаа Бо миний байсан өрөөнд орж ирээд “Баийг гаднаас нэг хүн орж ирээд зодоод байна” гэхээр нь би дуслаа салгаад нөгөө өрөө рүү орсон. Тэгтэл Баийн нүүр хэсгээс цус гарчихсан нүүрээ дарчихсан байхаар нь би гаднаас орж ирсэн гэх Б гэдэг ахыг “та яаж байгаа юм бэ? Хүн цохиод” гэж хэлсэн чинь тэр Х гэдэг эгчтэй маргалдаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн... гэх гэрч Б.Оын мэдүүлэг /хх-ийн 23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ..... дугаартай “Ш.Баийн биед зүүн хоншоорын хөндийн урд хана, зүүн ухархайн  доод хана, зүүн хацар, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зулайн хуйхны шарх, нүүр, зүүн гарын шуу дахь цус хуралт, хүзүүний баруун хажуу хэсгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ш.Баийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ш.Баийн биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,

Хохирогч Ш.Баийн Дархан-Уул аймгийн “Саран Элит” Клиник эмнэлэгт хийлгэсэн Толгойн тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээ /хх-ийн 27/,

Ш.Баийн хамар, зүүн хацар, шанаа хавдаж хөхөрсөн, зүүн нүдний салстад цус хурсан, зулай хэсэгт оёдол тавиулсан 4 сантиметр орчим шархтай, хамар мурийсан эмзэглэлтэй гэх амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 28/,

Ш.Баийн зүүн нүдний зовхи хавдаж хөхөрсөн , хамар орчим хавдсан, зулайд 2-3 сантиметр орчим язарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Баийн биед зүүн хоншоорын хөндийн урд хана, зүүн ухархайн  доод хана, зүүн хацар, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зулайн хуйхны шарх, нүүр, зүүн гарын шуу дахь цус хуралт, хүзүүний баруун хажуу хэсгийн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 1.692.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ш.Баийн “...би Баас нийт 1.692.000 төгрөг бэлнээр эмчилгээний зардал гэж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/, хохирогч Ш.Баийн “...би эмчилгээ хийлгэсэн, бид ярилцан ойлголцсон. Цаашид Ж.Бт ямар нэгэн гомдолгүй” гэх тайлбар /хх-ийн 74/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Бын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар байр 60 айл байрны 03 тоотод иргэн Ш.Баийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь зүүн хоншоорын хөндийн урд хана, зүүн ухархайн доод хана, зүүн хацар, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зулайн хуйхны шарх, нүүр, зүүн гарын шуу дахь цус хуралт, хүзүүний баруун хажуу хэсгийн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2.  Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ж.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт усны нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49/, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 23/315 дугаартай албан бичиг /хх-ийн 52/, Б.Бу, У.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-73/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР