| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/1004/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/971 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/971
2020 12 01 2020/ШЦТ/971
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
улсын яллагч: Ц.Амгаланбаатар;
шүүгдэгч: Ш.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Б” зоогийн газарт тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Ш.А
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Ш.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-6/, насанд хүрээгүй хохирогч Д.Э /хх-ийн 11-12, 13-16/, гэрч Д.Ү /хх-ийн 17-19/, гэрч Д.Сэ /хх-ийн 21-25/, гэрч Д.Э /хх-ийн 27-28/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9948 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/, Ш.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-61/, Д.Энхжингийн хүсэлт /хх-ийн 62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.А нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 28-211а тоотод насанд хүрээгүй Д.Э-г “хүзүүний зүүлтний монетон кулоныг хулгайллаа, хашрааж үнэнийг нь хэлүүлнэ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
насанд хүрээгүй хохирогч Д.Э-н /хх-ийн 14-16/: “...өмнө нь эмээгийн зүүлтний кулон алга болсон гээд намайг хардаад байсан. Тухайн өдөр эмээ надаас гинжээ нэхээд загнаад “гинж гаргаж өг” гэж хэлж байхад гаднаас Ш.А эгч орж ирээд “сайн зод тэгвэл үнэнээ хэлдэг, суран бүсээр зод” гэж хэлсэн. ...Ш.А эгч Э ахын өмдний тэлээгээр миний дал, нуруу руу ороолгоод мөн миний өмдийг тайлж байгаад өгзөг, гуя хэсэгт ороолгосон. ...миний биед учирсан гэмтлийг Ш.А эгч зодож учруулсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.С-н /хх-ийн 22-24/: “...Миний монетон гинжний кулон алга болсон. ...Д.Э “би кулоныг авсан, хаана хийснээ мэдэхгүй байна” гээд хоёр хоног гэртээ хамаг юм онгичуулан хайсан бөгөөд огт олдохгүй байсан. ...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээ охин Д.Энь “би аваагүй” гээд байсан. Тухайн үед Д.Э нэг хоёр удаа цохиж аваад “чи яасан тоглоомтой юм, цагдаад өгнө” гээд уурлаж байхад Ш.А гаднаас орж ирсэн. Ш.А “энэ миний утас, мөнгө, чихэвч бас авсан, үгэнд ордоггүй хэг, ёг гэж харьцдаг, чи эмээгийнхээ юмыг авчихаад аваагүй гэдэг чи хулгайч шиг байна” гэж уурлаж суран тэлээ аваад ...нэг хоёр ороолгосон. Миний толгой өвдөөд гэртээ орсон. ...хэсэг байж байгаад гарахад Ш.А хашаанд явж байсан ба “юу болсон” гэхэд “Д.Э юм авснаа хэлсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Э-ын /хх-ийн 27/: “...Манай дүү Д.С-н хүзүүний кулон гээд нэг монетон юм алга болоод Д.Э“авсан, аваагүй” гээд хэд хоносон. Тэр өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Э, Д.С загнаад “чи зүүлтний кулон өг” гэхэд Д.Э “би аваагүй” гэж уурлаад Д.С загнаж байхад гаднаас манай бэр Ш.А орж ирсэн. Тэгээд Ш.А “Д.Э хашраагаад өгье” гэж хэлээд суран бүсээр өмдийг нь тайлаад өгзөг, гуяыг нь ороолгож байсан. Би настай хүн учир юу ч хэлээгүй суусан. Ш.А өмдний тэлээгээр ороолгохоос өмнө Д.С гараад явсан байсан. Би Ш.Аыг “одоо боль, олдох байлгүй, байгаа байлгүй дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
Д.Э биед “баруун дал, баруун өгзөг, гуянд цус хуралт” бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9948 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 33-34/,
Ш.Аын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ий 4-6/: “...Д.Э тухайн үед “би зүүлтний кулон аваагүй” гээд гүрийгээд байхаар нь өмдний тэлээгээр хашраая гээд нэг хоёр удаа дал хавсарч ороолгоод мөн өмдийг нь тайлж шувталж байгаад суран бүсээр өгзөг гуяыг нь 7-8 удаа ороолгосон.Д.Э биед учирсан гэмтлийг би учруулсан. Миний буруу. Би хашраах гээд тийм үйлдэл гаргасан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Ш.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогч Д.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нарын “...Гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэсэн байр суурь хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ш.Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ш.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ