Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00486

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00534 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 212/МА2019/00053 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Бт холбогдох,

2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 112 776 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248 111 төгрөг, нийт 360 887 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Ерөнхий эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Цалин хасах тухай тушаалыг хүчингүй болгох, эмнэлгийн албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын дүн, гүйцэтгэлийг үнэлсэн дүгнэлтээс, байгууллагын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээс тус тус Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж Бт мэс заслын эмчээр 7 дахь жилдээ тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байна. Тус эмнэлэгт ажиллаж байх хугацаанд аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хурал хийсэн нэрийдлээр Б.Бий 2019 оны 4 дүгээр сарын цалингаас 3 өдрийн цалинг болон улирал тутам авах цалингийн урамшууллыг үндэслэлгүйгээр хассан байна. Өөрөөр хэлбэл эхний улирлын урамшууллыг хууль бусаар хассан, нэхэмжлэгч Б.Б 2019 оны 4 дүгээр сард ажил таслаагүй, мөн бусад төрлийн зөрчил гаргаагүй тул ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Иймд Бгийн их эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин болох 112 766 төгрөг /37 592х3/, 2019 оны эхний улирлын урамшуулал болох 248 111 /827 037х30%/ төгрөг, нийт 360 887 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр болсон шүүх хуралдаанд Бгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Цалин хасах тухай 19 дугаартай тушаалын хуулбарыг гаргаж өгсөн. Миний бие урьд өмнө уг тушаалтай танилцаж байгаагүй, хариуцагчийн зүгээс уг тушаалын хувийг гардуулж өгөөгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шатанд уг тушаалтай танилцаж байна. Маргаан бүхий тушаал, хурлын тэмдэглэл, камерын бичлэгт байгаа огноо болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарууд хоорондоо илт зөрүүтэй байна. Миний бие 2019 оны 4 дүгээр сард огт ажил таслаагүй, мөн ажил олгогчоос баталж өгсөн хуваарийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 2,7,11,16,21,26,29-ний өдрүүдэд алсын, 3,8,13,19,25-ны өдрүүдэд ойрын дуудлагад явсан. Хууль болон байгууллагын дотоод журамд зааснаар ажилтан алсын дуудлагад үйлчилсэн тохиолдолд заавал биеэр амрах ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч чухам хэзээ намайг ажил тасалсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-д заасан албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт гэх баримт дээр байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү үнэлгээг гаргахдаа ажил олгогч Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам-ын дагуу үнэлгээ хийгээгүй. Ажил олгогч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны хурлын үед ийм үнэлгээний талаар огт юм хэлээгүй, үзүүлээгүй, зөвхөн нэр бүхий ажилтан нараас гомдол гаргасан учир урамшуулал олгоогүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагч уг баримтыг дараа нь нөхөж бүрдүүлсэн байна. Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам-д зааснаар миний бие үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргах эрхтэй. Ажил олгогч миний уг эрхийг минь ноцтой зөрчсөн байна. Үүнээс үзэхэд ер нь хариуцагч болоогүй юмыг болсон болгож, болсон юмыг болоогүй мэтээр харуулах гэж шударга шүүхийг төөрөгдүүлэхийг завдаж байна. Ажил олгогчоос надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг жил болгон шинэчлэн байгуулдаг байжээ. Тодруулбал, ажил олгогч Бгийн ерөнхий эмч К.Өмиргүл нь Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн байгуулсан. Миний бие Хөдөлмөрийн гэрээ болон Байгууллагын дотоод журмын аль алиныг зөрчиж ажил тасалсан зүйл байхгүй. Иймд хариуцагч Бгийн Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасан албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт гэсэн үнэлгээний өөрт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, мөн Бгийн их эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Цалин хасах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч К.Өмиргүл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их эмч Б.Бий 4 дүгээр сарын цалингийн 3 хоног ба 1 дүгээр улирлын урамшууллыг олгох боломжгүй болохыг дараах үндэслэлээр нотолж байна. Б.Б Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй, ажил тасалдаг, ажлын байрыг дур мэдэн орхиж явдаг, орой шөнийн цагаар утсаа унтрааж дуудлагад явдаггүй, эмнэлгийн ажилчдын нэгдсэн хуралд ирдэггүй. Энэ тухай эмнэлгийн ажилчдын хурлаар удаа дараа сануулж арга хэмжээ тооцсон. Гэвч тухайн зөрчлүүдийг байнга давтдаг, шаардлага хүлээж авдаггүй. Тусламж, үйлчилгээнд чирэгдэл гаргадаг. Иймд хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилд ирээгүй цагийг нэгтгэн бодож тооцоход 3 биш 5, 6 хоногийн ажил тасалсан боловч 3 хоногийн цалинг хассан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заагдсан. 4 дүгээр сарын 03, 16, 17-ны өдрүүдэд тус бүр 4 цаг, 10, 12, 29-ний өдрүүдэд бүтэн тасалсан байна. Урамшууллыг ажлын үр дүнг тооцож ЗГ-ын 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг үндэслэн олгосон. Хэвтэн эмчлүүлсэн, амбулаториор үйлчлүүлсэн, ард иргэдийн санал гомдол, дуудлагад үйлчлүүлсэн байдал, ажлын ачаалал, цаг ашиглалт, ажлын идэвх санаачилга, эмчилгээ, үйлдвэрийн стандарт мөрдөж ажилласан байдал, ёс зүй, харилцаа хандлага гэх мэт шалгуур үзүүлэлтээр дүгнэж урамшуулал олгосон. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаагүй гэж үзсэн. 3 дугаар сарын 17-ны өдөр С.Тойгабыл мориноос унаж гэмтэл авч 7 хавирга гэмтсэн. Гэмтсэн өвчтөнийг сумын төвд хүргэсэн суманд эмчлэх боломжгүй тул аймагт хүргэх шаардлагатай болж Б.Б эмчийг энэ дуудлагад явуулах гэсэн боловч очоогүй. Бага эмчээ дуудлагад явуулсан. Замд өвчтөний биеийн байдал хүндэрч бага эмч тусламж үзүүлж чадахгүй янз бүрийн асуудал гарах эрсдэлтэй байсан. С.Тойгабыл бас машинаас унаж хавирганы бэртэл авч эмнэлэгт 2 хоног хэвтэж, аймагт хүргэгдсэн. Суманд 2 хоног хэвтэхдээ Б.Б эмчийг дуудаж үзүүлэх гэсэн боловч өвчтөнийг ирж үзээгүй. Мөн өвчтөн н.Ташилыг аймагт хүргэхэд амбулаториор үзүүлж, хэвтүүлэх ёстой байсан боловч өвчтөнд өөрөө үзүүлээрэй гэж хамаатныд нь үлдээсэн байна. 04 дүгээр сарын 8-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл дотрын эмч амралт авч Турк улс руу явсан. Тухайн үед бүх өвчтөнүүдийг Б.Б эмч үзэж эмчлэх ёстой байсан. Хэвтэж буй өвчтөн Кулай, Советхан, Хайролла, Бахыт гэх мэт хэвтэн эмчлүүлэгчид бид хэвтсэнээс хойш Б.Б эмч нэг ч удаа ирж үзээгүй ядаж бидний даралтыг үзүүлээд өг гэж ерөнхий эмчид гомдол хэлсэн. Гэвч тэр талаар Б.Б эмчид хэлэхэд үгүйсгэсэн боловч тухайн үед хэвтсэн хүмүүсийн өвчний түүхийн ихэнхийг бичээгүй, ямар ч үзсэн тухай тэмдэглэгээ байхгүй байсан. Өвчтөн Болат мориноос унаж гэмтэл авч ухаангүй байсан, сумын төвөөс 60 км алслагдсан өвчтөнд очихдоо толгойны гэмтэл оёх утас ганц монитол 100 мл NaCI 0,9%-100,0-тай очсон. Би тухайн өвчтөний биеийн байдал хүнд оёдлын утас авч очоорой эм, ээлжийн сувилагчид бэлэн байлгасан шүү гэж хэлсэн. Өвчтөн нас барсны дараа ар гэр нь Миний аав аврах боломжгүй хүнд гэмтэл авсан 6-7 цагийн дотор нас барсан. Хэрвээ Б.Б эмч эм авч очсон бол миний аав нэг ч гэсэн цаг амьд байх байсан байх ямар ч эмчилгээ авалгүй нас барсан нь харамсалтай байна. Эмчийг өвчтөнд хариуцлагатай хандуулж сурга гэж ерөнхий эмчид гомдол гаргаж байсан. Ийм алдаа дутагдал нэг биш удаа дараа давтан гаргасан. 4 дүгээр сарын 11-нд хэвтсэн өвчтөнд 4 дүгээр сарын 19-нд өдрийн тэмдэглэл бичсэн нь өвчтөнийг үзэж хянаагүйг баталж байна. Эсвэл хэвтсэн тухай өвчний түүх нээгдсэн боловч дотор нь юу ч бичигдээгүй нь Эрүүл мэндийн сайдын 450 дугаар тушаалыг ноцтой зөрчсөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй авах үйлчлүүлэгчдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Мэс заслын тасагт 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 4 сар хүртэл нийт 39 өвчтөн хэвтэн эмчлүүлсэн байна. Алсын дуудлагад 19 удаа явсан. Энэ нь тухайн эмчийн ажлын ачаалал байхгүйг илтгэж байна. 3 дугаар сард өөрт нь оногдсон 70 хүнтэй тулж ажиллаагүй. Энэ 70 хүнийг гомдол, чирэгдэлгүй эмчилж ажиллаж болох байсан. Миний авсан арга хэмжээ ард иргэд чирэгдэлгүй чанартай, хүртээмжтэй сэтгэл ханамжтай тусламж, үйлчилгээ авч эрүүл мэндээрээ бүү хохироосой гэж эмчид сануулсан явдал гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00534 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 47 дугаар зүйлийн 47.1-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Цалин хасах тухай тушаалыг хүчингүй болгож,

Бгээс 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин 112776 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248111 төгрөг бүгд 360 887 (гурван зуун жаран мянга найман зуун наян долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Санырау байбол овогт Бакелийн Б.Бд олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 212/МА2019/00053 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00534 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Бгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Цалин хасах тухай тушаалыг, байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээс 04-р сарын ажилласан хоногоос 3 хоног (хоногийн цалин) хасах тухай хэсгийг тус тус хүчингүй болгож, хариуцагч Бгээс ажилтны 3 хоногийн цалин 112.766.00 /нэг зуун арван хоёр мянган долоон зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох хариуцагчаас 2019 оны эхний улирлын урамшуулалд 248.111.00 төгрөг гаргуулах, эмнэлгийн албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлсэн дүгнэлтээс Б.Бд холбогдох хэсгийг, байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийн мөнгөн урамшуулал олгохтой холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “эмнэлгээс 11500 /арван нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Б.Бд,” гэснийг “эмнэлгээс 4.550.00 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан Б.Бд,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн дааж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 212/МА2019/00053 дугаар магадлалыг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч К.Өмиргүлийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Бгийн ерөнхий эмчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн дотоод журам”-ын хоёр дугаар зүйлийн 2.4.2-т зааснаар хариуцагч Б нь захиргаа, хүний нөөцийн алба, нийгмийн эрүүл мэндийн алба, сувилахуйн алба хүүхэд дотор, төрөх болон мэс заслын нэгжтэй бөгөөд мөн журмын долоо дугаар зүйлийн 7.1 1, 7.1.2-т зааснаар бүртгэлийн дэвтрийг нэгжийн ахлах сувилагч бүртгэж хянахаар зохицуулагдсан байна.

Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн цагийн бүртгэлийн гэх баримтыг хэн гэдэг албан тушаалтан бүртгэсэн нь тодорхойгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг чухам аль аль өдрүүдэд ажил тасалсан гэдгийг нотолж чадаагүй байхад давж заалдах шатны шүүхээс уг эргэлзээтэй нотлох баримтыг магадлалын үндэслэл болгосон. Ингэснээр давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тэрбээр нэхэмжлэгчийг 2019 оны 4 дүгээр сарын 03, 10, 12, 16, 17, 29-ний өдрүүдэд 5-6 хоног ажил тасалсан гэхдээ 3 хоногийн цалин хассан гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч Б.Б нь ажил олгогчоос баталсан шийдвэрийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 2, 7, 11, 16, 21, 26, 29-ний өдрүүдэд алсын, 3. 8, 13, 19, 25-ны өдрүүдэд ойрын дуудлаганд явах хуваарьтай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй явдалд гомдолтой байна.

Хариуцагчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасан албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж урамшуулал олгох шалгуур үзүүлэлт” гэх баримтан дээр байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 1-рт энэхүү үнэлгээг гаргахдаа ажил олгогч Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан “Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн гүйцэтгэлийг дүгнэх журам”-ын дагуу үнэлгээ хийгээгүй байна. 2-рт: Ажил олгогч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын үед ийм үнэлгээний талаар огт юм хэлээгүй үзүүлээгүй, зөвхөн нэр бүхий ажилтан нараас гомдол гаргасан учир урамшуулал олгоогүй гэж тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл хариуцагч уг баримтыг дараа нь нөхөж бүрдүүлсэн байж болзошгүй, 3-рт: “Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн гүйцэтгэлийг дүгнэх журам”-д зааснаар миний бие үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргах эрхтэй юм. Ажил олгогчоос нэхэмжлэгчийн уг эрхийг нь ноцтой зөрчсөн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад хариуцагчаас зарим нэгэн нотлох баримтуудыг хожим нь нөхөн бүрдүүлж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн юм Тухайлбал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч байгууллага 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дугуй хэлбэртэй хуучин тамга тэмдгээ дөрвөлжин хэлбэртэй тамга тэмдгээр солиулж авсан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн. Бгийн ерөнхий эмчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тушаал болон уг тушаалыг үндэслэж гарсан "Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасан албан хаагчдын ажль н үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж урамшуулал олгох шалгуур үзүүлэлт” гэх баримт нь 2019 оны 4 ба 5 дугаар сарын байдлаар байхгүй дараа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нөхөн бүрдүүлсэн нотлох баримтууд байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж эдгээр хуурамч баримтуудыг магадлалын үндэслэл болгосон. Ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 212/МА2019/00053 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Бт холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 112 776 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248 111 төгрөг, нийт 360 887 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Ерөнхий эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Цалин хасах тухай тушаалыг хүчингүй болгох, эмнэлгийн албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын дүн, гүйцэтгэлийг үнэлсэн дүгнэлтээс, байгууллагын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээс тус тус Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

  Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7., 47 дугаар зүйлийн 47.1.-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Цалин хасах тухай тушаалыг хүчингүй болгож, Бгээс 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин 112 776 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248 111 төгрөг бүгд 360 887 (гурван зуун жаран мянга найман зуун наян долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Санырау байбол овогт Бакелийн Б.Бд олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Давж заалдах шатны шүүх Бгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Цалин хасах тухай тушаалыг, байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээс 04-р сарын ажилласан хоногоос 3 хоног (хоногийн цалин) хасах тухай хэсгийг тус тус хүчингүй болгож, хариуцагч Бгээс ажилтны 3 хоногийн цалин 112 766 00 /нэг зуун арван хоёр мянган долоон зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох хариуцагчаас 2019 оны эхний улирлын урамшуулалд 248 111 00 төгрөг гаргуулах, эмнэлгийн албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлсэн дүгнэлтээс Б.Бд холбогдох хэсгийг, байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийн мөнгөн урамшуулал олгохтой холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэд, хариуцагч холбогдох баримтыг нөхөж бүрдүүлсэн байж болзошгүй байхад хуурамч нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй...” гэх үндэслэл зааж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Бт мэс заслын эмчээр ажилладаг, Эмнэлгийн Ерөнхий эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №19 дугаартай тушаалаар Б.Бийг 2019 оны 04 дүгээр сарын 3, 7, 16, 17-ны өдрүүдэд  ажлын 4 цаг, 10, 12-ны өдрүүдэд ажлын 8 цаг тус тус ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээний 4.1.7., 4.2.8., 4.2.9. дэх заалт, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.4. дэх заалтыг үндэслэн 4 дүгээр сарын цалингаас 24 цагтай тэнцэх цалин хассан, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны “Эмч, эмнэлгийн ажилчдад 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох жагсаалт”-д мэс заслын эмч Б.Бд урамшуулал тооцогдоогүй, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар ажилтанд үр дүнгийн урамшуулал олгоогүй, цалин хассан үндэслэлийг хэлэлцсэн үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд:  сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэжээ.

Анхан шатны шүүх ажилтан 2019 оны 04 дүгээр сард 24 цаг ажил тасалсан нь баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр Эмнэлгийн Ерөнхий эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Цалин хасах тухай №19 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй гэж үзэж, Б.Б нь ажил тасалж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлийг сонгож хэрэглээгүй, хууль ёсны зарчмыг алдагдуулсан гэж дүгнэн, ажилтны хөдөлмөрийн хөлсийг үндэслэлгүй хассан тул ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас үндэслэлгүй хассан 3 хоног буюу 24 цагийн цалин 112 766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн давж заалдах шатны шүүх ажилтанд 2019 оны 01 дүгээр улирлын мөнгө урамшуулал олгоогүй ажил олгогчийн шийдвэр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын Гуравдугаар бүлгийн 3.8.-д нийцсэн гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн алдааг засч, шийдвэрт найруулгын болон бусад өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч дугуй хэлбэртэй тамга тэмдгээ дөрвөлжин хэлбэртэй тамга тэмдгээр солиулсан бөгөөд тамга тэмдэг солиулахаас өмнө үйлдэгдсэн баримтад дөрвөлжин тамга дарагдсан байгаа нь сүүлд нөхөж бүрдүүлсэн хуурамч баримт байхад давж заалдах шатны шүүх хуурамч нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

Хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан нотлох баримт хуурамч болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх хуурамч нотлох баримтыг үнэлж, шийдвэр гаргасан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, ажилтан 2019 оны 01 дүгээр улирлын ажлын тайлангаа ажил олгогчид ирүүлээгүй, ажил үүргээ гүйцэтгэснийг нотлох үүргээ биелүүлээгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 212/МА2019/00053 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжанаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД