Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 93

 

    

 

 

 

 

 

 

 

 

                                       С.Б-т холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Батцэнгэл,

нарийн бичгийн дарга Д.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-т холбогдох эрүүгийн 1808015460391 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Хилчин хотхон”-ы 83 тоотод хамт хөзөр тоглож байсан иргэн И.О-тэй маргалдаж, улмаар цээжин тус газар нь 1 удаа хутгалж “цээжний хөндийд нэвтэрч, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, баруун гарын алган дахь шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар С.Б-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-т оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох хураагдсан хутга, подволк, орны даавуу зэргийг зохих журмын дагуу устгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж, уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргасан.

Шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг 1 удаа хутгалсан гэж үзээд байгаа юм уу, 3 удаа хутгалсан гэж үзээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй, эргэлзээ төрүүлэхээр, зөрчилтэй дүгнэлтүүдийг хийсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч нь “...гарын гэмтлүүд хамаагүй шүү, би байцаагчдаа хэлчихнэ” гэдэг байсан боловч түүний байцаалтад энэ талаар тусгагдаагүй байсан тул анхан шатны шүүх хуралдаанд түүнийг оролцуулах хүсэлтийг гаргаж, хохирогч И.О-ийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах үед ямар гэмтлийг нь хэзээ авсан талаар тодруулахад “гарын гэмтэл нь өмнө нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны үед үүссэн, тухайн үед би гараа сойчихсон, боолттой явж байсан” гэж мэдүүлсэн болно.

Харин тогтоолд эдгээр гэмтлүүдийг миний үйлчлүүлэгч учруулсан мэтээр дүгнэсэн байх тул хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Мөн хэргийн зүйлчлэлийн хувьд хохирогч нь анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ давхралдан унасан гэдэг тул энэ үед хутгалагдсан байх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж, зүйлчлэлийг өөрчлүүлэх дүгнэлтийг гаргасан. Харин анхан шатны шүүх дээрх гарын гэмтлүүдийг миний үйлчлүүлэгчийг учруулсан, энэ нь санаа зорилгыг нь илтгэж байгаа гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай тогтоогдож байна гэж үзээд түүнд 5 жилийн хугацаанаар хорих ял оногдуулсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед 1 удаагийн үйлчлэлээр зүрхэнд хатган гэмтээж, хүнд гэмтэл учирсан нь хангалттай тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч үүнийг эргэлзээтэй, ойлгомжгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хутгыг бариад зүрхийг чиглэж, хутгаар хатгасан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан. Үүнийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх боломжгүй. Хохирогч унасан талаар мэдүүлдэг боловч “бид хоёрын хэн, хэн нь санамсар боломгоомжгүй үйлдэл хийсний улмаас миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн аль ч шатанд мэдүүлдэггүй. Шүүгдэгч С.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

                                               

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Хилчин хотхон”-ы 83 тоотод хамт хөзөр тоглож байсан иргэн И.О-тэй маргалдаж, улмаар цээжин тус газар нь 1 удаа хутгалж “цээжний хөндийд нэвтэрч, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, баруун гарын алган дахь шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч И.О-ийн: “...манай хаалгыг хажуу айлын залуу тогшоод “та хоёр манайд ороод ир, танилцмаар байна” гэхээр нь би эхнэр Энхчимэгийн хамт гэрт нь орсон. Тэгээд хажуу айлын залуу дэлгүүрээс авсан 0.33 литрийн архиа задлаад надад цайны аягаар хийж өгөөд намайг “дүү хөзөр тоглодог уу” гэхээр нь би “тоглодог” гэхэд “хоёулаа хөзөр тоглоё” гээд хөзөр тоглоод байж байтал манай эхнэр “хөзөр тоглохгүй” гээд уурлаад гараад явсан. Тэгээд бид хоёр хөзөр тоглож дуусаад би гэртээ орсон. Араас тэр хүн хөзрөө газар шидээд, хараал хэлээд байх шиг байсан. Би тоохгүй гэртээ орсон. Би гэртээ байж байсан чинь 10-20 минутын дараа дахин манай хаалгыг цохиод, хажуу айлын залуу “манайд ороод ир” гэхээр нь “за” гэж хэлээд би гэрт нь ороход шууд миний зүүн талын мөр лүү хутгалсан. Тэгээд би түлхсэн чинь намайг хавсарч унагаад миний дээрээс намайг цээж рүү зүрхэн талд нэг удаа хутгалсан. Тэгээд миний дээрээс дараад “би чамайг нэг мөсөн гүйцээчихье” гэж байсан. Тэр үед эхнэр гаднаас орж ирээд “хүүе, хүн аллаа” гээд татаад байх шиг байсан. ...цус алдаад ухаан орж гараад байсан. ...гэртээ орж чадалгүй газар унасан. Зүрхэн дотроо 5 оёдол, гадна талдаа 6 оёдол тавиулсан” /хх-17-18/,

гэрч Ю.Өвгөнхүүгийн: “...И.О-ийн эхнэр над руу утсаар “ахаа манай нөхөр хүнд хутгалуулчихлаа, та хүрээд ир” гэхээр нь яваад очиход манай найз гэртээ доошоо хараад хэвтэж байсан. ...Хэн хутгалсан талаар хэлээгүй. Манай найзын эхнэр Чимгээ хажууд зогсож байсан танихгүй хүнийг “хутгалчихлаа” гэж хэлж байсан” /хх-24-25/,

гэрч Ж.Энхчимэгийн: “...Бид нар хөрш айлындаа орж байгаагүй, анх удаа орсон юм. Авсан архинаас тэдний эхнэр бид хоёр уугаагүй. Эхнэр нь “хүнд юм өгнө” гээд гараад явсан. Би жаахан сууж байгаад гэртээ орчихоод буцаад ирэхэд тэр хоёр хоорондоо маргалдаж, зууралдчихсан байсан. Тэгсэн нөгөө залуу гал тогооны шургуулганаас хутга аваад И.О-ийн дээрээс дарж хэвтэн хутгатай гараараа цээжин хэсэгт хатгасан. И.О- “намайг хутгалчихлаа” гээд гадаа гараад газар унасан. ...” /хх-29-30/,

гэрч Ч.Насанжаргалын: “...хөзөр тоглоод, архиа ууж сууж байснаа хоорондоо тоглоомноос болоод хажуу айлын залуу манай нөхрийг “та хөзөр тоглож чадахгүй байж” гээд маргадаж байсан. Би ажил дээрээ очоод ...буцаад ирэхэд нийтийн байрны гадаа манай нөхөр хажуу айлын залуугийн цээжин хэсэгт нь гараараа дарчихсан “яанаа, энэ хүн цус алдаад байна, хурдан эмнэлэг дуудаарай” гэсэн. Би эхнэрээс нь “юу болсон юм” гэхэд “танай нөхөр ингэчихлээ” гэж хэлээд утсаар яриад байсан” /хх-31-32/,

шинжээч М.Энхбаярын: “...Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь хүнд, бусад нь хөнгөн зэрэгт хамаарна. Бугалга зэрэг нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Шархны байдлаар 3 удаагийн хүчин зүйлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийг хүн өөрөө, эсхүл гадны хүчин зүйлийн үйлчлэлээр учруулсан үгүйг тогтоох боломжгүй. Энэ гэмтэл нь хэвтээ, босоо аль ч нөхцлөөс үүсэж болно” /хх-57-59/,

шүүгдэгч С.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Тэгээд бид хоёр манайд хөзөр тоглоод дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Тэр үед би нилээн согтуу байсан, хоорондоо тоглоомоос болоод маргалдсан. Бид хоёр ноцолдож байгаад би гал тогооны шүүгээнээс хутга аваад тэр залууг хатгасан байсан. Би яг хаана нь хатгасанаа мэдэхгүй байна. Тэр залуугийн цээжин хэсгээс цус гараад ирэхээр нь би сандраад тэр залуугийн шархыг дараад “би хүн алчихлаа, эмнэлэг дуудаарай” гээд орилоход тэр залуугийн эхнэр орж ирээд би тэр залууг өргөөд гэрт нь оруулсан. Тэгээд эмнэлэг ирээд тэр залууг аваад явсан. ... нийт 840.000 төгрөг барагдуулсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Манай гэрээс хурааж авсан хутга хэрэг үйлдсэн хутга мөн. Би гэм буруугаа хүлээж байна” /хх-61-70, 73, 163/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №4470 дугаартай: 1. И.О-ийн биед “цээжний хөндийд нэвтэрч, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалга, баруун гарын алган дахь шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх цээжний хөндийд нэвтэрч, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эцэс төгсгөл, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-38/, хохирлын баримтууд /хх-19-23/, гэрч Ж.Энхчимэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-28/, хохирол барагдуулсан баримт /хх-79/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд нь тохируулан түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь “...хохирогч нь анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ давхралдан унасан гэдэг тул энэ үед хутгалагдсан байх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзсэн. С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Хэрэгт буй баримтаас үзэхэд, мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.О-: “...би гэртээ байж байсан чинь 10-20 минутын дараа дахин манай хаалгыг цохиод, хажуу айлын залуу “манайд ороод ир” гэхээр нь “за” гэж хэлээд би гэрт нь ороход шууд миний зүүн талын мөр лүү хутгалсан, тэгээд би түлхсэн чинь намайг хавсарч унагаад миний дээрээс намайг цээж рүү зүрхэн талд нэг удаа хутгалсан”, шүүгдэгч С.Б- сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Тэр үед би нилээн согтуу байсан, хоорондоо тоглоомоос болоод маргалдсан. Бид хоёр ноцолдож байгаад би гал тогооны шүүгээнээс хутга аваад тэр залууг хатгасан байсан” гэж тус тус гэм буруугийн талаар мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлэг нь гэрч Ж.Энхчимэг, Ч.Насанжаргал, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогджээ.

 

Хэдийгээр хохирогч И.О- анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...би өөрийгөө хутгалуулснаа ч мэдэхгүй, хутгалснаа ч мэдэхгүй. Би хутгыг нь булааж аваад тэврэлдээд унасан” /хх-203-204/ гэж анхны мэдүүлгээ өөрчилсөн бөгөөд энэ мэдүүлэг нь гэрчүүд болон  шүүгдэгч С.Б-ын өгсөн анхны мэдүүлгээс зөрүүтэй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд хохирогч, шүүгдэгч нарыг давхаралдан унасан болохыг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

 

Иймд С.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ