Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 047

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
Улсын яллагч: Т.Серикжан
Шүүгдэгч: М.Бердимурат
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манений Бердимуратад холбогдох эрүүгийн 201604000162 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дүгээр оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жадик баян овогт Манений Бердимурат, РД: БЮ78112533. 
Шүүгдэгч М.Бердимурат нь согтуугаар УАЗ-315212 маркийн 7878 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнийн 01 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу төв эмийн сангаас Сагсай сум руу чиглэж явах засмал зам дээр эсрэг урсгал сөрж улмаар хохирогч Р.Хадылбекийн жолоодож явсан “даюн” маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж хохирогч Р.Хадылбекийн биед хүндэвтэр гэмтэл болон 2433000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07, 08-11-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19-р хуудас/, Зам тээврийн осол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16-р хуудас/, мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20, 21-22-р хуудас/,  Шинжээч Н.Тилеухабылын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт. /хх-ийн 50-51-р хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бауыржаны гаргасан 2016 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-р хуудас/   
     
-Хохирогч Р.Хадылбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2016 оны 07 дугаар 01-ний өдрийн 23 цаг 30 минутын үед өөрийнхөө мотоциклоор таксинд явж байсан ба Өлгий сумын төвөөс нэг хүн аваад Сагсай сумын чиглэлд буюу 12 дугаар багт хүргэж өгсөн. Тэгээд буцаад Сансар, Цамбагарав дэлгүүрүүдийн урьд таксины зогсоолд ирж байх замд буюу төв эмийн сангийн дээд талаас төв рүү ирж байхдаа эсрэг урсгалаас нэг шар өнгийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд намайг мөргөсөн. УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж гарч ирэх үед би тоормос дараад, сигнал өгөөд гэрлээ шилжүүлсэн боловч урсгал сөрөн чигээрээ ирээд намайг мөргөсөн. Тэр үед ухаан алдсан байсан ба юу болсныг нь мэдээгүй, нэг мэдэхэд эмнэлгийн түргэн ирж намайг эмнэлэгт   хүргэсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа эрүүл байсан ба намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч эрүүл, согтуу байсан эсэхийг мэдээгүй болно"  гэх мэдүүлэг /хх 39-41-р хуудас/
- Гэрч Р.Өсерханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын 29-ны орой хэдэн цаг байсныг нь санахгүй байна. Харанхуй болсон байсан. Хашаан дотор явж байхад засмалын замаас машин мөргөлдөх мэт дуу сонсогдсон. Тэгээд хашааны гадаа гараад харахад нэг мотоцикл замын хажууд унасан байдалтай байсан ба хажууд нь 2 залуу зогсож байсан. Тэгээд би 103 болон  цагдаад дуудлага  өгсөн  болно. Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүд аль аль талаас ирж мөргөлдсөн болохыг хараагүй. Мөргөлдсөн мотоцикл болон суудлын машины жолооч нарыг огт танихгүй хүмүүс байсан. Харин осол болсон газарт цугларсан хүмүүс мөргөсөн машин явчихлаа гэж хэлээд байсан ба миний бие мөргөсөн машин явахыг хараагүй болно" гэсэн мэдүүлэг /хх 42 хуудас/
-Гэрч А.Манений мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....Бердимурат даруухан зантай, тусархаг, цайлган сэтгэлтэй, хүмүүжил сайтай, хүний хэлснийг биелүүлдэг, урьд өмнө хэрэг, зөрчил гаргаж байгаагүй, осол гарах өдөр хаанаас согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдсэнгүй.Тамхи татдаггүй, хүнд муу юм санадаггүй өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг залуу юм. Миний хүүхдийн хийсэн хэргийг зохих журмын дагуу хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөргөсөн Хадилбек гэдэг залууд учирсан хохирлоо бүрэн төлж өгсөн "  гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/
- Гэрч Х.Камелиягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн орой Толбо сумаас таксигаар ирээд 4 замын Цамбагарав дэлгүүрийн үүдэнд буусан. Яг хэдэн цагийн үед ирснийг санахгүй байна, ямар ч байсан нэлээн орой болсон байсан юм. Тэгээд нагац дүү болох М.Бердимурат руу утастаж намайг ирээд авах уу, би хөдөөнөөс ирлээ гэхэд М.Бердимурат тэгье гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Бердимурат өөрийн 78-78 БӨТ улсын дугаартай, УАЗ-31512 дугаартай тээврийн хэрэгслээр хүрч ирээд хүрч ирээд намайг суулгаж аваад Сагсай сум руу явдаг засмал замаар өгсөж явж байгаад юу болсныг нь анзаараагүй нэг мотоциклтой мөргөлдөж зогссон юм. Тэгээд би машинаас буугаад мотоциклын жолоочийн биеийн байдлыг нь асууж байхад зам дагуу зогсож байсан үл таних нэг хүн эмнэлэг руү дуудлага өгч байсан, Бердимурат надад би гэр лүүгээ явлаа та хурдан эмч цагдаа дуудаарай гэж хэлээд яваад өгсөн. Тухайн уед надад гар утас байгаагүй байсан ба удалгүй эмнэлгийн түргэн болон цагдаа нар ирсэн. Мотоциклийн жолоочийг эмнэлэг рүү аваад явсан. Түүний дараа Бердимурат аавыгаа дагуулж хэргийн газар ирсэн. Осол гарахаас өмнө М.Бердимурат яг хэдэн километрийн хурдтай явж байсныг нь би анзаараагүй ба нэлээн хурдтай явж байсан шиг санагдаж байна. хэр зэргийн согтуу байсныг мэдэхгүй, ямар ч байсан архи үнэртэж байсан ба М.Бердимуратын хэлж, ярьж байгаа зүйл нь зүгээр байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/
Шүүгдэгч М.Бердимуратын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өсгөн ".... 2016 оны 07 дугаар сарын 01-ний шөнө Толбо сумаас миний зээ ах болох Х.Камелия гэдэг хүн аймгийн төвд орж ирлээ Цамбагарав дэлгүүрийн урдаас ирээд аваач гэж дуудсан. Би тухайн үед гэртээ байсан ба өөрийн 7878 БӨТ улсын дугаартай УАЗ-31512 маркийн машинаар гэрээс гарч Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн хойд талд байдаг Цамбагарав, Сансар нэртэй дэлгүүрийн урдаас очиж, зээ ах Х.Камелияг аваад буцаад гэр лүү явж байх замд Сагсай сумын чиглэлээс төв зам руу чиглэн ирж байсан цэнхэр өнгийн мотоциклын урд талаас урсгал сөрж очиж мөргөсөн. ....би зам тээврийн осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан юм. Намайг Цагдаагийн газарт авч ирж, миний согтолтын хэмжээг драйгер үлээлгэж шалгахад 3.05 промиллийн согтолттой гэж гарсан би эрх үүрэгтэй болон яллагдагчаар татсан тухай тогтоолтой танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 83-84, 86-87 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ " зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Бердимурат нь согтуугаар УАЗ-315212 маркийн 7878 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнийн 01 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу төв эмийн сангаас Сагсай сум руу чиглэж явах засмал зам дээр эсрэг урсгал сөрж улмаар хохирогч Р.Хадылбекийн жолоодож явсан “даюн” маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж хохирогч Р.Хадылбекийн биед хүндэвтэр гэмтэл болон 2433000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт шүүгдэгч М.Бердимуратын өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч М.Бердимурат нь согтуугаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Бердимуратын эзэмшлийн УАЗ-31512 маркийн 78-78 БӨТ улсын дугаартай тээврийг хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болох нь зүйтэй байна.
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан М.Бердимуратад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Бердимуратад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
                              ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жадик овогт Манений Бердимуратыг “согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бердимуратын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч М.Бердимуратад оногдуулсан 1жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Бердимурат цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар  хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч М.Бердимуратын эзэмшлийн УАЗ-31512 маркийн 78-78 БӨТ улсын дугаартай тээврийг хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 0960271 дугаартай  тээврийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61  дүгээр зүйлийн 61.1, 61.1.4-т зааснаар шүүгдэгч М.Бердимуратад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай. 
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бердимуратад урьд авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ