| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00523/И |
| Дугаар | 595 |
| Огноо | 2017-10-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00523/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................. тоотод оршин суух, иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Н.Э-ийн даргад холбогдох
“ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 01 дүгээр сарын 03-нд Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлэгт шилжин ажилд орсон. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/176 дугаартай даргын тушаалаар ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажиллаж байх хугацаандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчил удаа дараа гаргаж байгаагүй. Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглээгүй. Ажлын бус цагаар гэртээ найзуудтайгаа баяр тэмдэглэж байсан. Мөн 2017 оны 07 сарын 17-ны өдөр намайг гэртээ баяраа тэмдэглээд байж байхад орлогч дарга К жолооч Б-ын хамт манай гэрт орж ирсэн. Түүнээс ажлын байранд архи уусан зүйл байхгүй. Би 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ээлжинд гарсан юм. Маргааш нь эмнэлгийн тусгай хог хаягдал хаяхаар хойд Цогт-Өндөрийн наана шатаахаар явсан. Би 2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр амраад 2017 оны 07 дугаар сарын 15-ныхаа өдөр ээлжинд гарсан юм. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөн ээлжинд гарах байснаа 2 өдөр дараалаад хол замд явсан чинь миний цагаан мах эргээд ядраад гарч чадаагүй. Жолооч нар ер нь хот руу хүн авч явах юм бол 2 өдөр амардаг юм. Тэгээд нэг гарахдаа хоёр өдөр амрах ёстой байснаа амраагүй ээлжинд гарсан тэрнийхээ амралтыг би амарсан. Тэгэхээр намайг ээлж солилоо гээд байгаа юм. Нэг жолооч 7 хоногт 64 цаг ажилласан байх ёстой байтал 120 цаг ажиллаж илүү цагаар ажилласан. Би нэг ч удаа ажил дээр согтуу ирж үзээгүй. Ажлын байранд архи уусан тохиолдол нэг ч байхгүй. Тийм байхад намайг ийм үндэслэлээр ажлаас халсанд гомдол байна. Иймд Н-ийн дарга Л.М-ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/176 дугаартай ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1х)
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: Жолооч Б.А нь ажлын хариуцлага алдаж, архи согтууруулах ундаа хэрэглэж алдаа зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/176 дугаартай тушаалаар дуусгавар болгосон. Миний бие энэ хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс итгэмжлэлээр оролцож байгаа. Болсон хэрэг явдлын тухайд сайн мэдэхгүй. Гэхдээ нэгдсэн эмнэлгийн орлогч К даргаас болсон явдлын тухай сонссон. Мөн хавтаст хэрэгтэй танилцсан. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/176 дугаартай тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ээлжинд гарах ёстой байсан юм билээ. Өөрөө ч энэ талаараа мэдэж байсан бөгөөд тэр өдөр гарах ёстой байсан Эрээнээ гэх жолооч нь А-ыг ажилд гарна гээд хөдөө явчихсан байсан. Ингээд дуудлага ирэхэд А нь ажлын байрандаа байхгүй, гэртээ архи уугаад байж байсан гэсэн. Тэгэхээр нь К дарга А-ын гэрт нь очоод ажлын машинаа Б жолоочоор бариулаад аваад ирсэн гэсэн. Уг тушаалын үндэслэл нь ажилдаа гарах ёстой байтал гэртээ архи уугаад сууж байсанд нь ажлын цагаар архи уулаа гэж зөрчил гаргасан гэж үзсэн. Ажлын машиныг ер нь гражид хийх ёстой, гэр рүүгээ авч явна гэж байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.А нь Хэнтий аймгийн Н-гийн даргад холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Н-ийн дарга Л.М нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/176 дугаартай Б.А-ыг ажлаас халах тухай тушаалдаа:..103-ийн жолооч Б.А нь ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан тул 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халсугай гэсэн шийдвэрийг гаргажээ.
Н-гийн дарга хариуцагч Л.М нь тус эмнэлгийн 103-ийн жолооч Б.А-ыг ажлын байранд архи, согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас нь халсан боловч нэхэмжлэгч Б.А нь ажлын байранд ажлын цагаар архи, согтууруулах ундаа “удаа дараа” хэрэглэсэн байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх ба хариуцагч тал үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг үгүйсгэж, татгалзаж байгаа бол тэр тухай тайлбар, холбогдох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно.
Нөгөөтэйгүүр Хэнтий аймгийн Н-гийн даргын жолоочБ.А-тай 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 7-8х/-нд ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэх зөрчлийг :”ноцтой зөрчил”-д тооцно гэсэн заалт байхгүй байна.
Зүй нь ажил олгогч нь ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн харилцааг цуцлах, дуусгавар болгох тухайгаа тодорхой нэрлэн заах ёстой юм.
Маргааны үйл баримтаас үзэхэд 103-ийн жолооч Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажиллах ёстой байсан. Улаанбаатар хот руу яаралтай өвчтөн авч явах болтол утсаа авахгүй алга болсон. Эмнэлгийн удирдлагуудаас гэрт нь очиход согтуу байдалтай байсан учраас машиныг нь авчирч өөр хүнээр бариулж явуулсан. Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой жижүүрт гарах байсан зэргээр хариуцагч тал тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон ажилчдын ирцийн бүртгэл, цаг ашиглалтын бүртгэл, ээлжинд гарах жолоочдын жижүүрийн бүртгэл, холбогдох бусад баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэгч Б.А-ыг хөдөлмөрийн харилцаанд дээрх зөрчил дутагдлыг гаргасан гэж дүгнэлт хийх боломжгүй байна..
Хариуцагч тал нь жолооч Б.А-ыг “ажлын байранд удаа дараа архи уусан” гэх үндэслэлээр ажлаас халсан байгаа ч бодит байдал дээр Б.А-ыг ажилд гарах ээлжиндээ гараагүй, ажил тасалсан, ажил үүргийн хуваариа буюу ээлжээ өөрөө дур мэдэн өөрчилсөн, ээлжинд гарах өдрөө гэртээ архи ууж согтуурсан байдалтай байсан асуудал дээр зөв үнэлэлт дүгнэлт өгч, жолооч Б.А-ын гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоож баримтжуулаагүй, буруу үндэслэлээр ажлаас нь халсан байдал тодорхойлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т..:ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ. Нэхэмжлэгч Б.А өөрийг нь ажлаас халсан тушаалыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гардаж авч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байгаа нь хуулийн хугацаанд байна.
Иймд нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хэнтий аймгийн Н-ийн даргын түүнийг ажлаас халах тухай 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн б/176 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-ыг урьд нь ажиллаж байсан албан тушаал болох Хэнтий аймгийн Н-ийн 103-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.А-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул түүний 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Хэнтий аймгийн Н-гийн даргад үүрэг болгох нь зүйтэй байна.
Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл учраас нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хэнтий аймгийн Н-ийн дарга Л.М /хариуцагч/-ын Н-ийн 103-ийн жолооч Б.А-ыг ажлаас халах тухай 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн б/176 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-ыг урьд нь ажиллаж байсан албан тушаал болох Хэнтий аймгийн Н-гийн 103-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Б.А-ын хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Хэнтий аймгийн Н-гий дарга Л.М /хариуцагч/-т үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР