| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0877/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/894 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овгийн Ж.Цт холбогдох эрүүгийн 1811032291080 дугаартай хэргийг 2018 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Сартуул овгийн Ж.Ц, 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын 4-2127/а тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ИЮ90070578.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зээргэнэ зочид буудалд найз хүүхэн Т.Дг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 13 цагийн үед Ц нь найзынхаа хамт машинтай гэрт ирээд ирээд намайг аваад Нарантуул зах ороод Хаан банк орж мөнгө авах гэтэл банк байхгүй байсан бөгөөд гарах явж байтал түүний танил Болдоо гэх хүн таараад машин дотор бид гурав 2 шил архи хувааж уучхаад Болдоо нь бууж яваад бид хэд буцаж яваад би гэрээсээ орж утасны цэнэглэгч, мөнгө аваад буцаж яваад Зээргэнэ зочид буудлын 2 тоот өрөөнд 18 цагийн үед ороод найз нь машинтай яваад өгсөн. Бид хоёр орохдоо 1 шил архи аваад орсон бөгөөд архинаасаа Ц нь ганц хоёр уучхаад над руу агсан тавьж, хэрүүл хийснээ намайг алгадаж, үснээс зулгааж, хоолоо ам боогоод, нүүр рүү цохиж байгаад газар унагаагаад цээж рүү болон нүүр рүү өшиглөж зодсон. Тэгээд би арай гэж өрөөнөөс гараад зугтаагаад гэр рүүгээ харьсан. Өнөөдөр эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хавирга, хамар хугарсан байсан. Ийм зүйл болсон учраас цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан...” гэжээ /хх-8-9/.
Гэрч Ч.Уранчимэг мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 17 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоёулаа согтуу орж ирсэн. Тэгээд би дээш нь 2 номерын өрөөнд оруулчхаад дэлгүүр гараад ороод ирсэн чинь хажуу талын 3 номерын өрөөний хоёр хүн эгчээ хажуу талын өрөөнд зодоон болоод байна гэж хэлэхээр нь би дээшээ гараад өрөөнд нь орсон чинь залуу нь эмэгтэйгээ зодчихсон эмэгтэйн хамраас цус гарчихсан, цагаан хэрэглэлд арччихсан байж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн хувцсыг нь өмсүүлээд чи гараа гэж хэлээд доошоо буулгаад өөрийнхөө өрөөнд 00 оруулсан. Тэгсэн удалгүй нөгөө залуу нь буугаад ирэхээр нь би эмэгтэйг нь явчихсан гэж хэлээд залууг нь явуулах гэтэл нөгөө хүүхэн өөрөө 00 өрөөний хаалга онгойлгоод хэрүүл хийгээд байсан. Тэгээд би чи яагаад эмэгтэй хүнийг зодож байгаа юм бэ гээд асуусан чинь уучлаарай эгчээ эмэгтэй хүн эр нөхрөө ажлаасаа тараад ирэхэд нь найзтай нь буудалд архи сууж байх зөв үү. Тэгээд миний уур хүрээд цохисон юм аа гэж хэлсэн. Тэгээд би тэр эрэгтэйг буцаагаад өрөөнд оруулаад эмэгтэйг нь гаргаад явуулсан. Тэгтэл удалгүй нөгөө залуу нь нэлээд удаж байгаад гараад тэр 2 тус тусдаа явцгаасан...” гэжээ /хх 15-16/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №13503 дугаар дүгнэлтэд:
“1. Т.Дгийн биед тархи доргилт, духны гол хэсэг, 2 нүдний дээд доод зовхи, хамар, 2 хацар, дээд доод уруул, зүүн эрүү, хүзүүний 2 хажуу дээд хэсэг, зүүн өгзөг, зүүн гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, хамар яс болон зүүн 8-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-18/.
Шүүгдэгчийн Ж.Ц урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зээргэнэ зочид буудалд найз хүүхэн Т.Дг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Дгийн “...Ц нь ганц хоёр уучхаад над руу агсан тавьж, хэрүүл хийснээ намайг алгадаж, үснээс зулгааж, хоолоо ам боогоод, нүүр рүү цохиж байгаад газар унагаагаад цээж рүү болон нүүр рүү өшиглөж зодсон. Тэгээд би арай гэж өрөөнөөс гараад зугтаагаад гэр рүүгээ харьсан. Өнөөдөр эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хавирга, хамар хугарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Уранчимэгийн “...би чи яагаад эмэгтэй хүнийг зодож байгаа юм бэ гээд асуусан чинь уучлаарай эгчээ эмэгтэй хүн эр нөхрөө ажлаасаа тараад ирэхэд нь найзтай нь буудалд архи сууж байх зөв үү. Тэгээд миний уур хүрээд цохисон юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №13503 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Цийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Цт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг харгалзав.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Т.Д нь прокурорт гаргасан хүсэлтдээ “...Ц нь миний хохирол мөнгийг төлж, уучлалт гуйсан. Иймээс миний зүгээс гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овгийн Ж.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН