Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/981

 

 

 

 

 

 

 

2020          12          02                                    2020/ШЦТ/981

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Хохирогч А.Амар,

Гэрч Б.Энхбаяр, Ц.Оюун-Эрдэнэ, Ц.Эрдэнэцэцэг,

Шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Н.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт С.А нарт холбогдох эрүүгийн 1909030331088 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... гэх газарт бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт С.А,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 1, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Н.Э нар нь:

 

- Н.Э- нь С.А-тай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн хажуу талын Бургер Кингийн ар талд хохирогч А.Амарын эзэмшлийн Самсунг Эс 7 маркийн гар утас, 32.000 төгрөгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

- С.А- нь Н.Э-тэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн хажуу талын Бургер Кингийн ар талд хохирогч А.Амарын эзэмшлийн Самсунг Эс 7 маркийн гар утас, 32.000 төгрөгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,

- С.А- нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлх баарны орчимд хохирогч Ц.Эрдэнэбаярын толгойн тус хэсэгт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Амар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд ганцаараа пиво уугаад ажил руугаа орох гээд зогсож байхад намхан нуруутай залуу ирээд “ Ганц юм уух уу” гэж асуухаар нь зөвшөөрсөн. Тэгээд Бургер Кингийн хажуу талд байрлах “М март" гэх дэлгүүрээс 200 гр хараа архи аваад Бургер Кингийн хажуугийн буланд ууж байхад өндөр нуруутай залуу ирээд бид 3 хамт уусан. Намхан нуруутай залуутай юм яриад зогсож байхад гэнэт миний хоолойг уяа шиг зүйлээр боосон. Тэгэхэд боосон залуу нь миний халааснаас Самсунг Эс-7 маркийн гар утас, 32.000 төгрөгийг авсан. Тэгээд тэр 2 зугтаагаад би ажил руугаа очиж, хүний гар утсаар цагдаад дуудлага өгсөн гэжээ. / 1хх 20-21 /

 

“Дамно" ХХК-ний №СБ1-19-858 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: ... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр Самсунг Эс 7 маркийн гар утас нь нийт 220.000  төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ. / 1хх 28-29 /

 

... Үүргэвчтэй залуу нь хар өнгийн хувцастай үл таних залуутай ярилцаж байгаад шатны шатны доод талын булан руу цааш харан зогсоход араас нь саарал өнгийн  футболктой хар өнгийн бэлтгэлийн өмдтэй цайвар өнгийн гуталтай, цэнхэр өнгийн ВPС саравчтай малгайтай, 25-30 орчим насны 170-175 см өндөртэй эрэгтэй цайвар өнгийн  тэлээ хэлбэртэй зүйл барьж байгаад араас нь боогоод унагааж ноцолдож байхад араас нь хараад зогсож байсан хар өнгийн куртиктэй, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, бараан өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн цагаан ултай пүүзтэй 25-30 орчим насны,170-175 см өндөртэй эрэгтэй хажууд нь очоод тонгойж байгаад буцаад гараа халаасандаа хийсэн чигтээ эргээд Багшийн дээдийн чигтээ алхаж байв. Боосон этгээд босоод зугтаав гэсэн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 10 /

 

Хохирогч Ц.Эрдэнэбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дамбадаржаагийн эцэст байх "Бэлх" бааранд өөрийн төрсөн дүү Шоовдор, Оюун-Эрдэнэ, хүргэн С.А, бэр Урнаа нарын хамтаар үйлчлүүлсэн. Гэтэл манай хүргэн С.Аг тус баарны гадаа үл таних 3 эрэгтэй хүн зодож байсан. Тэгээд би тэднийг салгах гэтэл миний үгийг үл тоож зодолдоод байсан. С.Аг зодож байсан залуучуудын нэг нь миний толгойг цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед газар дээрээ ухаан муужирч унасан. Тухайн үед юугаар цохьсон талаар сайн мэдэхгүй гэжээ. / 1хх 138-139 /

 

Хохирогч Ц.Эрдэнэбаяр мөрдөн шалгалтын явцад дахин мэдүүлэхдээ: ... Тэгээд байж байтал С.Аг үл таних 3 залуу баарнаас дагуулаад гарсан. Намайг С.Агийн араас ямар асуудал болсныг сонирхохоор баарны үүдэнд гартал цагаан малгайтай залуу, хар куртиктэй залуу, бараан хувцастай 3 залуу С.Атай маргалдаж байсан. Би тэр залуучуудад хандаж “та нар больцгоо” гэж хэлэхэд 2 залуу нь дуулгавартай больсон. Хүрэлчулуун гэх залуу эхлээд С.Аг цохих шиг болсон. С.А тэгэхэд атиралдаад тонгойх шиг болохоор нь би С.А дээр очоод Хүрэлчулуун тэр хоёрыг салгах санаатай дундуур нь ороход С.А намайг таниагүй бололтой миний толгой руу нэг удаа, тэгэхэд миний нүд харанхуйлаад дотор манарсан. Миний толгой манараад газарт унахад С.А баруун нүд рүү өшиглөсөн. Тухайн үед С.А миний баруун нүд рүү өшиглөхийг би мэдсэн. С.А "ална аа" гээд дуугарч байхыг нь би сонссон. Дараа нь түргэн тусламжийн эмч ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Одоо санахад С.А намайг цохиж зодсон. С.А намайг зодсон талаар миний төрсөн дүү Оюун-Эрдэнэ сайн мэдэж байгаа. Оюун-Эрдэнэ өөрөө хараад зогсож байхад С.А намайг зодоод, дахиад газраас том чулуу аваад "гүйцээчихье” гэж хэлсэн гэсэн.

Энэ гэмтлийг манай охин дүү Оюун-Эрдэнийн нөхөр С.А- надад учруулсан гэдгийг маргааш нь би мэдсэн. Эмнэлгийн тусламж аваад маргааш нь Шоовдорын гэрт надаас уучлалт гуйгаад” Ах аа. Би таныг цохьсон. Намайг уучлаарай. Би таны хохирлыг барагдуулна” гэж ярьж байсан. Би анхнаасаа гомдолтой байсан. Өөрөө “ Ах аа уучлаарай “гээд л алга болсон. Би эмчилгээнд зарцуулсан зардлаа авмаар байна. Нийт 700.000 гаруй төгрөг зарцуулсан. Баримтаар 305.250 төгрөг нэхэмжилж байна гэжээ. / 1хх 144-148 /

 

Гэрч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэр шөнө Дамбад ахын найз Шоовдорын гэрт хоносон. Тэгээд маргааш гэрт нь бид нар юм яриад сууж байхад С.А “ Би ахыг цохьсон” гэж хэлж байсан. Би С.А-тай нэг гэрт хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан учир нөхрийнхөө үйлдсэн хэргийг яриагүй юм. Би яг үнэндээ тухайн үед гэр бүлийнхээ гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг буруу ойлгож гэм буруутай эсэх асуудлыг ярихгүй байж болно гэж бодсон юм.

С.А тухайн үед газраас юм хайгаад гүйцээгээд өгье гээд байсан. С.А ахыг андуураад цохьсон гэж ярьж байсан гэжээ. / 1хх 179-180, 170-172 /

Гэрч Б.Энхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн эцсийн буудлаас бэлхийн эцсийн буудлын хооронд 10-36 УНЭ дугаартай машинаараа таксинд явдаг. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нилээн орой Дамбадаржаагийн эцэст зогсож байхад Бэлх баарны үүдэнд хүмүүс зодолдоод байх шиг байсан. Би нээх тоогоогүй зогсож байгаад Дамбадаржаагийн гэрлэн дохиотой уулзвар өнгөрөөд 2 хүн зогсож байхаар нь хөдлөөд очиж авсан. Тэгэхэд замын голд улаан өнгийн бэлтгэлийн өмд цамцтай хүн бараан өнгийн хувцастай настай хүнийг газар унагачихсан, гартаа барьсан чулуугаараа цохиж байсан. Тэгээд би замаасаа таксиндаа суулгасан 2 хүнээ аваад явсан юм гэжээ. / 1хх 166-167 /

 

Гэрч Ц.Эрдэнэцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Шоовоо гэх залуугийнд Эрдэнэбаяр бид хоёр очтол Баяраа гээд залуу согтуу "Яана аа. Эрдэнэбаяр ахаа би таныг зодчихлоо шүү дээ. Одоо яана аа" гэж хоёр удаа хэлж байсан гэжээ. / 1хх 168-169 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 494 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Эрдэнэбаярын биед баруун чамархай ясны заадас салсан, цөмөрсөн хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, биед тархи доргилт, баруун чихний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. / 1хх 210-211 /

 

Шинжээч Н.Энхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Баруун чамархай ясны заадас салсан, цөмөрсөн хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. ... Б.Ундармаа эмч Б.Эрдэнэбаяр нь компьютер томографикт үзүүлээгүй байх үед шинжилгээ хийсэн байсан бөгөөд бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд компьютер томографикийн дүгнэлт байсан учир дээрх дүгнэлтийг гаргасан. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэжээ. / 1хх 223-225 /

 

Яллагдагч Н.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр би С.А-тай цуг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Багшийн дээдийн хажуу талд алхаж яваад хохирогч гэх залуутай таарсан. Тэр залуу 0.5 л лаазтай пиво бариад явж байсан. С.А бид хоёр мөнгө нийлүүлж гаргаад 200 гр архи аваад Бургер Кингийн ар талд очсон. Тэгээд С.А-гийн билүү, миний тэлээ билүү. Ямарч байсан тэлээгээрээ боосон. Гэтэл С.А намайг чи цаашаа яв гэж хэлэхээр нь би ганцаараа яваад найз Бямбаа дээр очиж хоносон гэжээ. / 1 хх 64 /

 

Яллагдагч С.А мөрдөн шалгалтын явцад гэрч мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 11-ний орой Буурал гээд найзтайгаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн автобусны буудлын ар талд үл таних нэг залуутай таарсан. Тэр залуу пиво уугаад байж байсан ба бид хэд танилцаад тэр залуу бид хоёр мөнгөө нийлүүлээд Бургер Кингийн доор байдаг дэлгүүрээс 33 тай хараа архи нэгийг аваад гараад баруун талд нь очиж буланд ууж сууж байгаад Буурлаа тэр залуутай муудалцаад байсан. Тэгээд би боль гэтэл нөгөө залуу над руу дайраад байсан. Тэгэхээр нь би зүүж явсан тэлээгээ гаргаад араас нь боож унагатал миний тэлээ тасарсан. Тэгээд бид хоёр заамдалцаад байж байтал Буурлаа тэр хүний гар утсыг түрийвчтэй нь аваад яваад өгсөн. Тэгээд би босоод гарч гүйж зугтаад Буурлааг хайгаад олоогүй. Бид хэд архи ууж байтал манай Буурлаатай муудалцаад эхэлсэн ба би шууд араас нь боогоо л авсан. Тухайн хүнийг би боож унагаасан, харин манай найз Буурлаа халааснаас нь гар утас, түрийвчийг нь авсан гэсэн. Ямар утас, түрийвчинд нь хэдэн төгрөг байсныг би мэдээгүй гэжээ. / 1 хх 24 /

 

Шүүгдэгч Н.Э-ийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1хх 64, /

Шүүгдэгч С.А-г 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1хх 65 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2 хх 17, 22 / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Бид нар мөнгөө нийлүүлээд 200 гр хараа архи авч уусан. Тэгээд хохирогч компанид ажилладаг гэснээс болж маргалдсан. Халамцуу байсан учраас би түүнийг боож унагаасан. Дээрэмдэх санаа байгаагүй. Н.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцож ярилцсан зүйл байхгүй. Эд зүйлийг нь Н.Э- авсан. Мөнгө байсан гэж хохирогч А.Амар худлаа ярьж байна.

Хохирогч Эрдэнэбаяр нь манай эхнэрийн ах юм. Бид нар зургуулаа 4 шил 0.75л архи уусан. Сүүлд монгол архи нэмж уусан. Би биеийн тамирын улаан өнгийн хослолтой байсан. Караокены үүдэнд гэрэл их тод байсан. Маргааш нь бичлэгээс харахад гадаа зодоон болж байхад манай эхнэр ахын явсан газар руу явж байгаа харагдсан.

Би тухайн үед согтуу байсан болохоор үнэхээр цохьсон эсэхээ мэдэхгүй байна. Нотлох баримтаар нотлогдсон бол миний буруу.  Эмчилгээний зардлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр С.А- бид хоёр 22 цагийн орчим А.Амар гэх залуутай танилцаад ууж сууж байгаад С.А, тэр хоёр муудалцаад С.А- түүнийг тэлээгээрээ боосон. Би баруун талын халааснаас утсыг нь авсан.  Би энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Гар утсыг нь халаасандаа хийгээд зугтаж явахдаа унагаасан байсан. 32.000 төгрөг, Самсунг эс 7 гар утсыг хохирогчид өгсөн. Гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч А.Амар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 10 цагийн үед багшийн дээдийн автобусны буудал дээр би пиво уугаад сууж байсан. Шүүгдэгч нарын нэгэнтэй нь танилцаад багшийн дээдийн хажуу талын дэлгүүрт ороод 200 гр хараа нэртэй архи авч багшийн дээдийн бургер кингийн хажуу талын буланд архиа уунгаа хаана ажилладаг талаараа ярилцаад сууж байтал гэнэт хойноос боосон. Тэр үед миний нүд эрээлжлээд, зүүдэлж байгаа мэт  манарсан. Сэргэхэд бороо орсон тул би ажил руугаа явсан. Ажлын газрын эгчийн утсаар цагдаа дуудсан. Миний халаасанд 40.000 төгрөг байсан бөгөөд тэр мөнгөнөөс пиво, тамхи авсан байсан. Мөнгө нэмж архи авсан. Үлдэгдэл 30.000 гаруй төгрөг баруун халаасанд байсан. Түрийвчгүй шортны халаасанд  байсан. Мөн самсунг эс 7 маркийн гар утас байсан.

Н.Э- надад 32.000 төгрөг болон самсунг эс 7 маркийн гар утас өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Гэрч Б.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би таксинд явдаг бөгөөд 2 хүн аваад дээшээ өгсөөд явж байтал зам дээр улаан куртиктэй хүмүүс зодолдож байсан. Би хажуугаар нь гараад явсан. Тухайн үед үзэгдэх орчин сайн байсан. Шөнө байсан учир би машины гэрлээ асаасан байсан. Би хажуугаар нь тойроод гартал цаанаас нь 2 цагдаа ирж байсан.

Миний эхний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо болохоор би сайн санахгүй байна гэв. 

 

            Гэрч Ц.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тэр өдөр Ц.Эрдэнэбаярын төрсөн өдөр болоод бид нар хамт тэмдэглэсэн бөгөөд гараад зодоон болсон байсан. Ц.Эрдэнэбаярын толгой хагарч, шанаанд нь 6 оёдол тавиулсан. Энэ гэмтлийг хэн учруулсныг би хараагүй. Оёдол тавиулчихаад Шоовдор гэх айлд очиж хоноцгоосон. Тэр үед С.А  очсон. С.А маргааш нь “ Яана аа. Баяраа ахаа. Уучлаарай. Би таныг зодчихлоо “гэж хэлсэнг би сонссон гэв.

 

            Шүүгдэгч Н.Э-, С.А- нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн хажуу талын Бургер Кингийн ар талд хохирогч А.Амарын эд зүйлийг авахаар хүч хэрэглэж, хоолойг нь С.А- тэлээгээр боож, Н.Э- нь хохирогчийн эзэмшлийн Самсунг Эс 7 маркийн гар утас, 32.000 төгрөгийг дээрэмдсэн,

-С.А- нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлх баарны орчимд хохирогч Ц.Эрдэнэбаярын толгойн тус хэсэгт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Архи уугаад намхан нуруутай залуутай юм яриад зогсож байхад гэнэт миний хоолойг уяа шиг зүйлээр боосон. Миний халааснаас Самсунг Эс-7 маркийн гар утас, 32.000 төгрөгийг авсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Амарын мэдүүлэг  / 1хх 20-21 /, ... Самсунг Эс 7 маркийн гар утсыг 220.000  төгрөгөөр үнэлсэн “Дамно" ХХК-ний №СБ1-19-858 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 28-29 /, ... тэлээ хэлбэртэй зүйл барьж байгаад араас нь боож унагаад ноцолдож байхад араас нь хараад зогсож байсан эрэгтэй хажууд нь очоод тонгойж байгаад буцаад гараа халаасандаа хийсэн гэсэн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 10 /,  ... миний толгойг цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед газар дээрээ ухаан муужирч унасан. Тухайн үед юугаар цохьсон талаар сайн мэдэхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Эрдэнэбаярын мэдүүлэг / 1хх 138-139, 144-148 /, ... Тэр шөнө Дамбад ахын найз Шоовдорын гэрт хоносон. Маргааш нь бид нар юм яриад сууж байхад С.А- “ Би ахыг цохьсон” гэж хэлж байсан. Би С.Атай нэг гэрт хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан учир нөхрийнхөө үйлдсэн хэргийг яриагүй юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Оюун-Эрдэний мэдүүлэг / 1хх 179-180, 170-172 /,   ... Дамбадаржаагийн гэрлэн дохиотой уулзвар өнгөрөөд 2 хүн зогсож байхаар нь хөдлөөд очиж авсан. Тэгэхэд замын голд улаан өнгийн бэлтгэлийн өмд цамцтай хүн бараан өнгийн хувцастай настай хүнийг газар унагачихсан, гартаа барьсан чулуугаараа цохиж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Энхбаярын мэдүүлэг / 1хх 166-167 /, ... Шоовоо гэх залуугийнд Ц.Эрдэнэбаяр бид хоёр очтол Баяраа гээд залуу согтуу "Яана аа. Эрдэнэбаяр ах аа. Би таныг зодчихлоо шүү дээ. Одоо яана аа" гэж хоёр удаа хэлж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг / 1хх 168-169 /,  ... Ц.Эрдэнэбаярын биед баруун чамархай ясны заадас салсан, цөмөрсөн хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, биед тархи доргилт, баруун чихний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 494 дугаартай дүгнэлт / 1хх 210-211 /,  ... Баруун чамархай ясны заадас салсан, цөмөрсөн хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүрэлдхүүнтэй шинжээч нар компьютер томографикийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлтээ гаргасан гэсэн шинжээч Н.Энхбаярын мэдүүлэг / 1хх 223-225 /, ... С.А- бид хоёр Бургер Кингийн ар талд архи ууж байхад С.А- тэр залуу хоёр хоорондоо маргалдаад С.А- хоолойноос нь боогоод газар унагаахад би очиж салгасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Э-ийн мэдүүлэг / 1 хх 64 /,  ... Тухайн хүнийг би боож унагаасан, харин манай найз Буурлаа халааснаас нь гар утас, түрийвчийг нь авсан гэсэн. Ямар утас, түрийвчинд нь хэдэн төгрөг байсныг би мэдээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч С.А-гийн мэдүүлэг / 1 хх 24 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.А-г бүлэглэн хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон, хүний биед санаатай хүнд хохирол учруулсан,

Шүүшдэгч Н.Э-ийг бүлэглэн хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Н.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.А-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан С.А-, Н.Э- нарын үйлдэлд мөн хуулийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд архи ууж согтуурсан үедээ андуурч өөрийн эхнэрийн ах Ц.Эрдэнэбаярыг зодож гэмтээсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүнд хохирол учирсан, эмчилгээний зардлыг нөхөн төлөөгүй, шууд санаатай шунахай зорилгоор үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх,

шүүгдэгч Н.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, тэдгээрийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг / 1 ширхэг сиди гэмтсэн / хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.А-гаас баримтаар нотлогдсон / 1 дүгээр хавтас 246-249 / эмчилгээний зардал 305.250 төгрөг гаргуулан хохирогч Ц.Эрдэнэбаярт олгож, Ц.Эрдэнэбаяр нь 4 сар ажилгүй байсан гэх боловч эмнэлгийн хуудас болон нийгмийн даатгал төлсөн баримтгүй, даатгалаас цалингийн зөрүү авсан эсэх нь тодорхойгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин болон цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, хохирогч С.Амарын утас, мөнгийг авсан шүүгдэгч Н.Э- нь нөхөн төлсөн / 1 дүгээр хавтас 69 / тул дээрмийн хэрэгт шүүгдэгч нарыг төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгч С.А- 131 хоног, шүүгдэгч Н.Э- 74 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

           

Шүүгдэгч С.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч эмчилгээний зардлыг нөхөн төлөөгүй, түүний гэмт буруут үйлдлийн улмаас хүнд хохирол учирсан, согтуугаар шунахай зорилгоор шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт С.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, шүүгдэгч ... овогт Н.Э-ийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 / гурав / жилийн хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих,

шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-д зааснаар С.А-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.А-, Н.Э- нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.А-гийн цагдан хоригдсон 131 хоног, Н.Э-ийн цагдан хоригдсон 74 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг / 1 ширхэг гэмтсэн / сидиг хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар С.А-гаас 305.250 төгрөг гаргуулан хохирогч Ц.Эрдэнэбаярт олгож, хохирогч Ц.Эрдэнэбаяр нь ажилгүй хугацааны цалин болон цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Н.Э- нь төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

8.  С.А-, Н.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.А-, Н.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ