| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1346/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1452 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1452
2018.10.22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Эрдэнэзаяа,
шүүгдэгч П.И /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Сартуул овогт Пүрэвжавын П.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0735 51956 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв .
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Сартуул овогт Пүрэвжавын П.И, 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, халх, эрэгтэй, 30 настай, дээд боловcролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы ***************** тоотод оршин суух хаягтай, барилгын ажилд туслах ажил хийдэг, урьд ял шийтгэлгүй, *************** тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч П.И нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-100 тоотод иргэн Г.Буянжаргалын толгойг цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч П.И нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрт 400.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Г.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Идэрээ нэг зүйлээр миний толгой руу цохиж хагалсан байсан тэгээд цагдаа дуудсан юм. Би эрүүл мэндээрээ хохирсон. Эмчилгээнийхээ зардлыг гаргаж авмаар байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ миний араас П.И цохисон” гэх мэдүүлэг. /хх-5, 31/,
Гэрч Б.Төгсжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Буянжаргал надад П.И цохиж учруулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-11/,
Гэрч Б.Батхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ямар ч байсан Буянжаргал, П.И 2 маргалдсан юм шиг байсан. Би болсон үйл явдлыг хараагүй” гэх мэдүүлэг./хх-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10984 дугаартай дүгнэлт:
1. Г.Буянжаргалын биед зүүн зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /xx-15/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч П.И нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-100 тоотод иргэн Г.Буянжаргалын толгойг цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч П.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.
Иймд шүүгдэгч П.И нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Пүрэвжавын П.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар П.Иг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин тѳгѳлдѳр болох хүртэл П.Ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР