| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0165/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/172 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/172
2019 02 15 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-т холбогдох эрүүгийн 2038000260141 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.М.
Шүүгдэгч Д.М- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан хясаа гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...улсын дугаартай Сонато-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан Д.Б-ын амь насыг хохироосон, Н.Б-гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ням-Очир нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан хясаа” гэх газрын асфальтан замд “Сонато-6” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. А.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 дүгээр зүйлийн Б. “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 4 дүгээр хавсралтын 3.7 “улирал, цаг агаарын тухайн нөхцөл тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашиглах”, Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, хурд сонгоогүйн улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Б-ын амь насыг хохироож, мөн зорчигч Н.Б-н эрүүл мэндэд “баруун тойгны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулан “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19 дүгээр хуудас/,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд цагдаагийн газраас Энхтүвшин гэдэг цагдаа манай гэрт очоод Д.Б- гэдэг хүн нас барсан байна гэж мэдэгдсэн. Би тэр оройдоо өөрийн нөхөр Г-ын хамт цагдаагийн газар дээр ирж болсон явдлын талаар тодруулахад 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 02-нд шилших шөнө миний төрсөн ах Дашбямбын ууган хүү Д.Б-ыг зам тээврийн ослын улмаас Алаг-Эрдэнэ сумын ойролцоо нас барсан байна гэж хэлсэн. ...Одоогоор ямар нэгэн гомдол, санал байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
- Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 3-4 цагийн үед Соната маркийн машинтай жолооч Д.М-, Д.Б- нарын хамтаар Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явсан. Далай дээр жил болгон 01 дүгээр сарын 01-ний өдөр очдог. 22 цаг өнгөрүүлээд наашаа Мөрөн рүү гарч явахдаа постны цаад талын сайр дотор түр зогсоод 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи хувааж уусан. Тэгээд наашаа Мөрөн рүү хөдлөөд Хатгалаас 10 гаруй километр явж байгаад зам тээврийн осол гарсан. Машиныг жолооч Д.М- барьж явсан. Би яг жолоочийн ард талын суудалд сууж явсан. Амь хохирогчийг жолооч Д.М- хойно сууж явсан гээд байгаа юм. Харин би болохоор урд сууж явсан гэж бодож байна. Сайн санахгүй байна. ...80-100 км цагийн хурдтай явж байсан. Гэтэл гэнэт урдаас машины хурц гэрэл тусаад Д.М- машины рулийг баруун тийш нь дараад замын тойрог байсан учраас машин шарваад замаас гарч өнхөрсөн. Тэгээд би ухаан алдаад нэг сэрсэн чинь миний хугарсан хөл өвөр дээр байсан. Тэгээд би Д.М-оос гайгүй юу гэж асуусан чинь гайгүй гэсэн. Д.М- надад хэлэхдээ Д.Б- машины урд нас барсан байна гэж хэлсэн. ...Надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30, 34-37 дугаар хуудас/,
- Гэрч А.Хашчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явж байхад Алаг-Эрдэнэ сумын нутаг Цагаан хясаа гэх газарт үл таних баруун гараа сойчихсон залуу гар өргөхөөр нь зогссон чинь тэр залуу ирээд машин онхолдчихлоо гэсэн. Тэгээд юу болсон бэ, хүмүүс нь гайгүй юу гэхэд нэг хүн нас барчихсан, нэг хүн машин дотор байгаа гэж байсан. Тэгээд онхолдсон машин дээр очиход хойд талын суудал дээр нь хөлийн шагай хэсэг нь эргэчихсэн, өвдөгнөөс нь цус гарсан юм уу гэмтэлтэй залуу сууж байсан. Харин нас барсан хүн нь онхолдсон машинаас 6-7 метр зайд шидэгдсэн юм уу гэмээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.М- гэх залууг танихгүй. Харин Дамдинсунхор гэх хүнийг танина. Бид Цуурай авто сургууль хамт ажиллаж байсан юм. ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын эзэмшилд байдаггүй. Жолооны сургалт явуулах журманд дадлага хийж байгаа машинууд байгууллагын нэр дээр бүртгэлтэй байна гэсэн журамтай учир уг журмын дагуу жолооны дадлагын багш нарын машин манайд бүртгэлтэй байдаг. Гэхдээ тэр машинууд нь жолооны багш Д.З-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байсан ба тэр машинаа сүүлд Дамдинсунхор гэх хүнд зарсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
- Гэрч Д.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Уг тээврийн хэрэгсэл нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн нэр дээр бүртгэлтэй боловч миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгслийг би өөрийн албан ажлын хэрэгцээнд ашиглаж байгаад 2019 оны 12 сарын 09-ний өдөр Д-гэх хүнд 3.400.000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгөө аваад ажилтай байсан учраас хоёр талаасаа ярьж тохироод сүүлд худалдах, худалдан авах гэрээ хийж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь шилжүүлж өгөхөөр тохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Шинжээчээс мэдүүлэг авсан: “Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичиглэлийн алдаа гаргаж дээрх гэмтлийг тусгаагүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн өвдөгний рентген зурагт тойг хугарсан гэж бичигдсэн байсан бөгөөд рентген зураг болон хариуг харьцуулан гэмтлийн зэрэг тогтоох журмаар гэмтлийг тогтоосон. ...Шарх болон тойгны хугарал, зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Харин хөлдөлт нь нам температурын үйлчлэлээр үүссэн гэмтэл” гэх
тэмдэглэл /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 14 дугаартай: ”1. Д.Балжиням нь цээжний битүү гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шокод орж нас баржээ. 2. Д.Б-ын цогцост цээжний битүү гэмтэл болон зүүн хацар, шанаа, баруун хацар, баруун сарвуу, хуухнаг, баруун зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цээжний битүү гэмтэл нь нас барахад шууд нөлөөлсөн байна. 3. Д.Б- нь шүүх эмнэлгийн шинжилгээ орохоос 18-20 цагийн өмнө нас барсан байна. 4. Амь хохирогчийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогч Д.Б- нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, химийн шинжилгээний хариу /хх-ийн 53-57 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч мчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 60 дугаартай: “1. Н.Б-н биед баруун зулай, баруун өвдгөнд шарх, баруун гуянд цус хуралт, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун тавхай 4-р зэрэг, зүүн тавхай 3-р зэргийн хөлдөлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Н.Б-н биед баруун тойгны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн тавхайн хэсгийн хөлдөлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 2.1-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин шарх болон цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтак: нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
- “Хуандай Сонато” маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 81-86 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн: “...Жолооч Д-овогтой Д.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлгийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэсэн заалтыг зөрчсөн байна. /эрх хасагдсан лавлагааг хавсаргав/, 3 дугаар зүйлийн 3.4.6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 4-р хавсралтын 3.7-д Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1. Жолооч хөдөлгөөны эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагүү үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дурэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Зам тээврийн осол гарахад зам болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй” гэх дүгнэлт /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,
- Амь хохирогч Д.Б-ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 126 дугаар хуудас,
- Шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Уг тээврийн хэрэгслийг манай аав Дамдинсунхор надад худалдаж авч өгсөн. Миний автомашин байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаартай: “1. Д.М-ын биед зүүн далны зөрөөтэй хугарал, ил шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Д.М-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. ...5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуудас/,
- Жолоочийн лавлагаа, эрх хасагдсан тухай жолоочийн мэдээлэл /хх-ийн 92-93 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Д.М-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 108 дугаар хуудас/,
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж үзлээ.
Ослын дараа мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнх нь шүүгдэгч Д.М-ын биенээс авсан цусанд шинжилгээ хийсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжилгээ хийсэн он сар, өдөр, газар, шинжилгээ хийсэн үндэслэл, шинжээч томилсон байгууллага, албан тушаалтан, шинжээчийн эцэг, /эх/-ийн нэр, боловсролын болон эрдмийн зэрэг, мэргэшил, мэргэжил, ажилласан хугацаа, шинжилгээний обьектийн талаарх мэдээлэл, шинжилгээний аргачлал, явц, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт” зэрэг хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг зөрчсөн дүгнэлт гаргасныг /хх-ийн 61 дүгээр хуудас/ шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “шинжээч нь ...мөрдөгчийн шийдвэрт тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана” гэснийг зөрчиж, мөрдөгчийн заасан хугцаанаас 5 хоног хэтрүүлэн гаргасан, “дүгнэлт” хэлбэрээр бус “химийн шинжилгээний хариу” гэж гаргаж хууль зөрчсөн байна. Энэ талаар мөрдөгч, прокурор шинжээчийн дүгнэлтийг үнэлж, зөвтгүүлэх арга хэмжээг авах байжээ. Дээрх шинжилгээний обьект болох тухайн үед шүүгдэгчийн биенээс авсан цус одоо байхгүй гэж шүүх хуралдаанд улсын яллагч тайлбарлаж байх тул энэхүү шинжилгээг ахин хийлгэх боломжгүй байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Л.Д.М- нь амь хохирогч Д.Б- болон хохирогч Н.Баябадалай нарын хамт гурвуулаа Мөрөнгөөс Хатгал руу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 3-4 цагийн үед гарч явсан, гарахдаа гурвуулаа 0.75 литрийн Хараа архи хувааж уугаад гарсан, оройн 22 цагийн үед Хатгалаас буцаад гурвуулаа Мөрөн сум руу гарч явсан, замдаа 0.75 литрийн Хараа архи, 0.5 литрийн Монгол архи хувааж ууж дуусгасан, шүүгдэгч Л.Д.М- нь гэрчийн мэдүүлгээр архи уусан, архи сайн даадаг /гэрч, хохирогч Н.Б-н мэдүүлэг/, дараа нь шөнөдөө явж байгаад осол гаргасан, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн үед осол болсон талаар гэрч Хашчулуунтай тааралдаж хэлсэн, 09 цагт нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, цагдаагийн байгууллага 11 цаг 55 минутанд очиж ажиллагаа хийсэн, шүүгдэгч Л.Д.М-ын биенээс хэний тогтоолоор ямар шинжилгээ хийх зорилгоор юуг, хэзээ авсан болох нь тодорхой бус, энэ талаар хавтаст хэрэгт байхгүй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хэргийн газарт нэг удаа, дараа нь Хатгалд нэг удаа цуснаас нь шинжилгээ авсан, шинжилгээг хэзээ авсан нь тодорхой бус, энэ талаар хэрэгт тэмдэглэл, нотлох баримт байхгүй байна.
Шүүгдэгч Л.Д.М- нь хэргийн бодит байдал дээр гэмт хэрэг үйлдэх үедээ
архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч хууль зүйн хувьд хэрэглэсэн гэж үзэх эсэх талаар:
-Хохирогч Н.Б-н хохирогчоор өгсөн:“...Мөрөнгөөс гарахдаа 3-уулаа /Л.Д.М-, Н.Б-, ..../ 0.75-ын Хараа архи хувааж уугаад гарсан...жолоочийн хувьд бага зэргийн согтолттой байсан,...амь хохирогч бид 2 өөрдсийгөө удирдан жолоодох чадваргүй байсан, харин жолоочийн /Л.Д.М-/ удирдан жолоодох чадвар тийм ч сайн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-27-29 дүгээр хуудас/,
-Хохирогч Н.Б-н гэрчээр өгсөн: “...Хатгал тосгоны төвөөс Мөрөн лүү хөдлөхдөө...зогсоод машин дотроо 0.75 литрийн Хараа нэртэй архи, 0.5 литрийн Монгол нэртэй архи авч явсан тэр архиудаа уусан. Тэгээд бид нар ууж байсан архиа дуусгаад хөдөлсөн..100-120 км цагийн хурдтай явсан байх их л хурдтай явсан...архи ууж, хурд хэтрүүлсэнээс зам тээврийн осол болсон гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-34-37 дугаар хуудас/ зэргээс шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хэргийн бодит байдлын хувьд нотлогдож байгаа хэдий боловч хууль зүйн үндэслэлийн хувьд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “...шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль хувь, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль хувь илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглсэн гэж үзнэ” гэж заасны дагуу шүүгдэгчийн биед дээрх шинжилгээний хариу байхгүй байх тул түүнийг хууль зүйн хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэхгүй.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.М- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.М-ын хууль бус үйлдлээс болж 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөн ба бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн буюу гэм буруугийн холимог хэлбэрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Д.М-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол
нь 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- /хх-ийн 22-23/, болон хохирогч Н.Б- /хх-ийн 29-30/ нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.М-оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хохирогч нарт хохирол төлбөргүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, үйлдсэн гэмт хэрэг, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, зарим хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Д.М-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг тус тус харгалзан үзсэн болохыг тэмдэглэж байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн тэнсэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, мөн хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж, эсхүл ..нөхөн төлөхөө илэрхийсэн бол...тэнсэж..” гэх хуулийн урьдчилсан нөхцөлийг хангаагүй байна гэж дүгнэв.
Энэхүү хуулийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хууль биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэж болохоор заажээ. Ингэхдээ дараах урьдчилсан хуулийн нөхцөлийн анхаарна. Үүнд:
Хохирогч Н.Б- хэргийн бодит байдлын талаар мэдүүлэхдээ шүүгдэгчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэхийг зөвшөөрсөн бөгөөд уг мэдүүлэгт “ Зам тээврийн осол гарахад та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байна. Та ямар учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодсон юм бэ” гэсэн асуултанд “эртхэн шиг харъя гэж бодсон” гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд “гэмт хэрэг гарах үед та архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу” гэж асуухад шүүгдэгч “хэрэглээгүй” гэж хариулж байсан зэргээс дүгнэн шүүгдэгч нь хэргийн бодит байдлын талаар бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял оногдуулж болохоор хуульчилсан ба шүүх дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийх хорих ялын хамгийн бага хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох бөгөөд шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорих нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Д.М-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Шүүгдэгч Д.М-ыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ