| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0255/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/230 |
| Огноо | 2017-06-14 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.МӨНХ-ОД |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Гантогтох,
улсын яллагч Б.Мөнх-Од,
гэрч Д.Батбаяр,
хохирогч С.Өөдлөх, түүний өмгөөлөгч Б.Норовжанцан,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Эрүүгийн 201625022964 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1954 оны 05 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапит хотхон 24-111 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ............................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд” компанийн 221 тоот өрөөнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн хохирогч С.Өөдлөхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар С.Өөдлөхийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв,
түүний хэрэг бүртгэлтэд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016.11.25 өдрийн 15:00-16:00 цагийн хооронд байх СБД-н 8-р хороо Таван богд ХХК-ны 2-р давхрын урагшаа харсан хаалганд Батбаяр түүний охин Энххишиг бид 3 ороход Өөдлөх, Эрдэнэбаатар гэх 2 хүн сууж байсан Өөдлөх, Батбаяр, Энххишиг 2-т гэрээ гаргаж үзүүлсэн тэгээд Батбаяр гэрээг үзээд гэрээний асуудлаас болж маргалдаад энэ гэрээнд заагдсанаар барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл байхгүй гэж хэлээд Батбаяр гэрээг нь аваад халаасандаа хийгээд их сүндэр компани руу явъя гэж хэлэхэд Эрдэнэбаатар, Батбаяр нар нь гэрээний ярилцаад байж байтал Энххишиг, Өөдлөх нар нь хоорондоо маргалдаад хоорондоо барилцаж авах маягтай болсон тэгэхээр нь би очоод Энххишиг, Өөдлөх нарыг гараараа 2 тийш нь түлхэж салгасан тэгтэл Батбаяр нь Их сүндэр гэх компани руу явъя гэж хэлэхэд Өөдлөх би явахгүй гээд үлдсэн тэгээд Батбаяр,Энххишиг бид 3 Их сүндэр гэх Хятадын компани руу явсан. Өөдлөх араас та нарыг чадна би яаж чаддагаа харуулна гэж үлдсэн. Би Өөдлөхийг цохиж зодсон асуудал байхгүй. Би Энххишиг,Өөдлөх нарыг салгах гэж хоёр тийшээ гарынхаа алгаараа мөр хэсэг рүү нь түлхсэн өөр зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-20-21, 92/,
Хохирогч С.Өөдлөх шүүх хуралдаанд “…2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний бие С.Өөдөс нь Чиномун компанийн өглөг авлагын асуудлаар өмгөөлөгч Эрдэнэбаатараас өрөөнд нь зөвлөгөө авч байхад Батбаяр залгасан. Надтай уулзъя гэсэн. Би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байна удахгүй уулзана гэж хэлсэн. Удалгүй Батбаяр охинтойгоо Баярсайхантай хамт ирсэн. Тэгээд надаас шууд мөнгөө нэхэж эхэлсэн. Би барилга чинь чанаргүй баригдсан байна. Барилгын зохиогчийн хяналтын газраас дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтийн талаар хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргасны дараа мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхэд Батбаяр сандал барьж дайраад Баярсайхан намайг шууд цохиод унагаасан. Саяны өмгөөлөгчийн хэлсэн шиг Энххишиг рүү дайрсан зүйл байхгүй. Би босч амжилгүй цохиулсан. Баярсайханд зодуулснаас болоод баруун, зүүн нүдний хоёр ухархай хоёулаа хугарсан. Миний баруун нүд ухархайн гэмтэл 2-3 мм-ийн суулт өгсөн. Тэгээд би яаралтай хагалгаанд орсон. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа нүдний харааны талаар хэлж байна. Гэмтлийн зэрэг хүснэгт дээр нүдний гэмтэл ухархайн булчиндаа нөлөөлсөн бол гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үндэслэл болдог учраас би дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Одоо хавтаст хэрэгт хавсаргасан баримт 900.000 гаруй төгрөг байгаа гэв…” гэв,
түүний хэрэгт бүртгэлтэд хохирогчоор өгсөн “…2016.11.25 өдөр СБРД-н 8-р хороо Таван богдын байрны 221 тоотод байрлах өмгөөлөгч болох Ж.Эрдэнэбаатараас хууль зүйн зөвлөгөө аваад байж байтал Чанумун компанийн захирал Батбаяр, охин Энххишиг, Батбаярын ах Батсайхан гэгч нар өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын өрөөнд байхад орж ирээд Батбаяр, Батсайхан нар чи мөнгө хэзээ өгөх гэж байна чамтай олон юм ярихгүй гэхээр нь Батбаяр, Батсайхан нарын барьсан барилгын цахилгаан дамжуулагч дэд өртөөний барилга нь зургийн дагуу хийгдээгүй суурь нь хөндий хийгдсэн барилгын бат бэх чанарыг хангахгүй барилга барьсныг зургийн компани дүгнэлтийн дагуу хөндлөнгийн дүгнэлт гаргах шаардлагатай гэж хэлэхэд Батсайхан Батбаяр нар чи муу гуйлгачин мөнгө өгөхгүй новшроод байна гээд Батсайхан миний нүүрэн тус газар руу цохисон мөн Батбаяр нь сандал бариад дайрахад өмгөөлөгч Эрдэнэбаатар босож Батбаярыг болиулсан миний хамарнаас цус гарч байхад Батбаяр нь ширээн дээр байсан ажлын гэрээг аваад явсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Баярсайхан нь миний нүүр лүү цохисон юугаар цохьсныг мэдэхгүй байна. Батбаяр, Баярсайхан нартай урьд нь ямар нэгэн өс хонзон өр авлагатай асуудал байгаагүй. Одоогоор барилгын ажил чанаргүй, зургийн дагуу баригдаагүй учир мэргэжилийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ. Баярсайхан гэдэг хүн нь анх өөрийгөө танилцуулахдаа би Батбаярын ах Батсайхан байна гэж танилцуулж байсан би бичиг баримтыг нь үзээгүй болохоор мэдэхгүй байна намайг цохисон хүн бол одоо байцаагдаж байгаа Баярсайхан гэж хүн мөн.…” гэсэн мэдүүлэг /хх-11/,
Гэрч Д.Батбаярын “…2016.11.25 өдөр СБД-н 8-р хороо Таванбогд компани байран дээр хүрээд ир гээд над руу Өөдлөх гээд БНХАУ-н иргэн залгаад уулзъя би Таванбогд 2-р давхарт өмгөөлөгчтэй байна гэж хэлсэн тэгэхээр нь би охин Энххишиг, хуурай ах Баярсайхан нартай очиход өмгөөлөгч Эрдэнэбаатар, Өөдлөх нар нь хамт сууж байсан тэгтэл Өөдлөх манай компани хийсэн ажлыг алдаатай доголдолтой гэх шалтаг шалтгаан яриад байсан тэгэхээр нь би чи угаасаа захиалагч биш гэж маргалдсан хэрвээ надад үлдэгдэл 14.200.000 төгрөг өгөх байсан тэр мөнгийг өгөхгүй бол чамтай би яриа байхгүй чи угаасаа залилан хийсэн МУ-н барилгын тухай хуулийг зөрчсөн гэж хэлсэн ширээн дээр манай компани Өөдлөхийн компанитай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ байсан тэгэхээр нь би тухайн гэрээг аваад нугалаад өвөртөө хийхэд Өөдлөх надтай зууралдаад миний энгэрийн халаас руу өмгөөлөгчтэй дайраад байсан тэгсэн чинь бид 2-г салгах гээд манай охин Баярсайхан ах 2 түлхэлцээд зууралдаад байж байсан. Та надаас юу олж долоох юм бэ гээд байсан. Эрдэнэбаатар өмгөөлөгчтэй гэрээг өгөхгүй гээд маргаад байж байсан нөгөө талд Өөдлөх манай охин Энххишигтэй зууралдаад маргалдаад байх шиг байсан тэгээд би явцгаая гээд бид 3 гараад явсан. Би Өөдлөхийг цохиж зодсон асуудал байхгүй. Энххишиг нь Өөдлөхийг цохиж зодсон асуудал байхгүй мөнгө нэхэж орилсон. Баярсайхан Өөдлөхийг цохиж зодоогүй байх бид нарыг салгах гэж дундуур орж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-12/,
Гэрч Ж.Эрдэнэбаатарын ”… 2016.11.25 өдөр СБД-н 8-р хороо Таванбогд плаза байрны 221 тоот бай ажил дээрээ сууж байхад С.Өөдлөх гээд үйлчлүүлэгч надтай утсаар ярьж зөвлөгөө авах асуудал байна гэсэн тэгээд 15:30 минутын орчим над дээр орж ирээд хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан асуудлаар зөвлөгөө авъя гэсэн тэгээд би гэрээг нь үзээд сууж байтал барилгын ажил гүйцэтгэж байгаа компани, захиалсан Өөдлөхийн компани хоёрын хоорондох ажлын гүйцэтгэлийн чанарын доголдлоос холбоотой асуудал байсан тэгтэл гаднаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. эмэгтэйг нь би С.Өөдлөхтэй гэрээ байгуулсан компани захирал гэж ойлгосон гэтэл С.Өөдлөхийн компанитай гэрээ байгуулсан гэрээн дээр төлөөлж Батбаяр гэж гарын үсэг зурсан байсан Батбаяр, Баярсайхан нар нь С.Өөдлөхөөс ажлын хөлс нэхсэн гэтэл С.Өөдлөх ажлын чанар дутуу байна муу байна гэж хэлсэн тэгээд Батбаяр, Баярсайхан нар өндөр дуугаар С.Өөдлөх рүү дайрч барилгын ажил гэрээ хийх эрхгүй барилгын ажлаа хүлээж ав, ажлын хөлсөө төл гэж шаардан муу Өвөрмонгол гэх мэтээр доромжилсон тэгэхээр нь би өмгөөлөгч хүн байна та нас маргааны асуудлаа өөр газар шийд энд шийдэх асуудал биш эвээр шийдээ гэж хэлээд Би Батбаярыг түлхэж өрөөнөөс гаргах гэж оролдсон миний хажууд Өөдлөх зогсож байтал С.Өөдлөхийг Баярсайхан цохисон. Тэгэхээр нь би бүгдийг нь гар гэж хөөхөд Батбаяр нь эвхдэг бор сандлаар Өөдлөхийг цохих гэж далайсан тэгээд тэр 3 гараад явсны дараа цагдаа дуудсан. Батбаяр нь гарахдаа ширээн дээр байсан гэрээ шүүрч авч явсан буцааж өг гэсэн шаардлага тавихад өгөөгүй. С.Өөдлөхийг хэн цохьсныг хараагүй цохиулаад унахыг нь харсан. С.Өөдлөхийг хэн цохьсныг санахгүй байна. Энххишиг бол цохиогүй тийм ч ааш араншин гаргаагүй. Би өрөөнөөс түлхэж гаргахыг оролдсон хүнээ харвал танина. Баярсайхан Өөдлөхийг цохисон байх гэж бодож байна.…“ гэсэн мэдүүлэг /хх-13/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №16385 тоот актын “…С.Өөдлөхийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-16/,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1186 тоот актын “…Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹16141 тоот шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. …С.Өөдлөхийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, Баруун нүдний хараа бууралт 0.4 бүхий гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. С.Өөдлөхийн баруун нүдний харааны 0.4 болсон нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний хараа бууралт нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-50/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-26/, шүүгдэгч Г.Бы хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-24, 27-42/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-25/, хохирогч С.Өөдлөх, шүүгдэгч зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд” компанийн 221 тоот өрөөнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн хохирогч С.Өөдлөхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар С.Өөдлөхийг зодож бие махбодид нь “…биед тархи доргилт, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, Баруун нүдний хараа бууралт 0.4…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч С.Өөдлөх, гэрч Ж.Эрдэнэбаатар, Г.Батбаяр нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №16385 тоот актын дүгнэлт, Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1186 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Г.Бы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байна.
Шүүгдэгч Г.Бы дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Г.Быг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Г.Бхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч С.Өөдлөхөөс эмчилгээний зардалд 974.700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх эмчилгээний зардлыг шүүгдэгч Г.Баас гаргуулах нь зүйтэй байна.
Харин хохирогч С.Өөдлөх нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хиад боржигон овогт Гаваагийн Баярсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Гаваагийн Баярсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Гаваагийн Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Баас 947.700 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Өөдлөхөд олгож, хохирогч С.Өөдлөх нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Бурьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бурьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР