Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/902

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

            Улсын яллагч Н.Уранбайгаль,

            Шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Ж.Болорцэцэг,

Хохирогч Б.Б,

Шинжээч Л.Гансүх,

Гэрч Э.Золбоо,

Иргэний хариуцагч Н.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мангал овгийн Г.Чт холбогдох 1803005020312 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мангал овогт Г.Ч, 1985 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 357 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар АЮ85032430.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 6 дугаар сарын 5-ны оройн 18 цаг 00 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Синчи Ойл ХХК-ны шатахуун түгээх станцын зүүн урд замд Тоёота Приус маркийн 94-14 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25. “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.3 тэмдэглэлийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Бын жолоодож явсан Super Soco маркийн улсын дугааргүй мопедтой мөргөлдөж улмаар Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, мопедын эвдрэлийн хохиролд нийт 570.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Болсон явдлын талаар ярихгүй. Мөрдөн байцаалтанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Харин тухайн хэрэг болсны дараа шинжээч ирээд мөргөлдсөн цэгийг буруу тогтоосон.” гэв.

            Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг болдог орой 18 цагийн үед би өөрийнхөө эзэмшлийн Супер Соко маркийн мотоциклийг жолоодоод ганцаараа ажлаа тараад гэртээ харихаар Баянбүрд талаасаа ертөнцийн зүгээр зүүн хойноосоо баруун урагшаагаа 2 дугаар эгнээгээр 20 орчим км цагийн хурдтай явж байхад миний урд цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин 2 дугаар эгнээгээр явж байсан. Би эсрэг урсгалд ороогүй өөрийнхөө урсгалаар Т.Приус маркийн цагаан өнгийн автомашины зүүн хажуу талаар гүйцэт түрүүлээд орох үед нөгөө автомашин гэнэт зүүн гар тийшээгээ жолоогоо дарах үед уг машины зүүн урд карлон хэсэгт мөргөгдөх шиг болсон. Нэг ухаан ороход эсрэг урсгалын зам дээр сууж байсан. Мотоцикл зүүн хажуу талаараа уначихсан байсан. Улсын дугаар авдаггүй цахилгаанаар явдаг мопед загварын мотоцикл байгаа юм. А цэг гээд байгаа мөргөлдсөн газрыг үнэн зөв, тодорхой баримтжуулсан. Хэргийн газар ирсэн 3 бүрэлдэхүүн хүчээр шахаж шаардсан зүйл байхгүй. Харин ч дараа нь ямар нэг маргаан гардаг шүү, яг мөргөлдсөн газар чинь энэ мөн үү гэж анхааруулж байгаад бид хоёроос асууж, заалгаж байгаад хэмжилт, зураг зэргийг авсан. Бид 2 өөрсдөө зааж А цэгийг тодорхойлсон. Үүнээс гадна би тухайн цахилгаан мопедыг худалдаж аваад монголд ирэх үед хайрцаг дээрээ бичиг баримт нь байсныг мэдэхгүй хаячихсан. Тухайн цахилгаан мотоциклыг манай улсад мопед гэж үздэг юм байна лээ. Миний унаж явсан мопед тухайн үедээ нэлээд гэмтэл авсан. Зурган дээр харахад сайн мэдэгдэхгүй боловч гар утсан дээр авсан зургийг татаад үзэхэд гэмтлүүд нь сайн харагдаж байгаа. Намайг хэрэг шалгагдаж байх явцад цагдаа таны буруу байгаа учраас зөрчлийн хуулиар арга хэмжээ авах шаардлагатай гэж хэлсэн. Гэтэл тээврийн хэрэгслийн дугаар тухайн арга хэмжээ авч байгаа төхөөрөмжид оруулах шаардлагатай гээд болохгүй байсан учраас миний тээврийн хэрэгслийн дугаарыг оруулаад зөрчлийг бүртгэж, арга хэмжээ авсан. Би одоо эмчилгээний зардалд 1.036.000 төгрөг гаргасан. Хүзүү гэмтээд нэлээн зовиуртай байгаа. Мөн энэ хэргээс болоод ажилдаа явж чадахгүй ажлаасаа чөлөөлөгдсөн нэг сарын цалин 800.000 төгрөг нэмж авах хүсэлтэй байна...” гэв.

            Гэрч Э.Золбоо нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвд инженер ажилтай. Манай Авто тээврийн үндэсний төвд иргэн хүсэлт гаргахаар Техникийн хяналтын хэлтэс уг хүсэлтийг хуваарилдаг. Үүний дагуу надад Б гэж хүний хүсэлт ирсний дагуу би хөндлөнгийн гэрчийг байлцуулж байгаад тухайн мопедод үзлэг хийсэн. Үзлэг хийх үед мопед 20 км цагаас илүү хурдлахгүй байсан. Мөн уг тээврийн хэрэгсэл нь техникийн паспорт байхгүй байгаагүй. Паспортон дээр хүчин чадал, даац, дээд хурд, батарей зэргийг бичсэн байдаг. Тийм учраас би тээврийн хэрэгслийг сайтар үзэж, интернэтээс судалж байж харьцуулсан тодорхойлсон. Интернэтээр хайж судлах үед яг адил нэртэй тээврийн хэрэгсэл гарч ирж байсан боловч үзүүлэлтүүд өөр өөр байсан. Ингээд тухайн тээврийн хэрэгслийг мопед ангилалд хамрагдахыг тодорхойлсон...” гэв.

            Иргэний хариуцагч Н.Хонгорзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Г.Чийн эхнэр байна. Тухайн үед хажууд нь суугаад хамт явж байсан. Манай нөхөр хэрэг болох үед 20 км цагийн хурдтай явж байсан бөгөөд машинд маань жижиг зураас бүхий гэмтлүүд учирсан. Мяогийн хувьд толь нь хугарсан байсан. Цагдаагийнхан ирсний дараа А цэгийг тогтоох үед Б.Б, Г.Ч хоёр мөргөлдсөн цэг биш ээ гэж хэлж байсан...” гэв.

            Шинжээч Л.Гансүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Хэргийн газрын үзлэгээр авсан гэрэл зураг дээр тухайн осол гаргасан тээврийн хэрэгслийн хойд дугуй нь үргэлжилсэн цагаан шугам дээр байгаа учраас А цэг буюу мөргөлдсөн цэгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мопедыг гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй. Эдгээр хоёр замын хөдөлгөөнд оролцсон жолооч тус бүр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Осол хэний буруугаас болсон болохыг тогтоох боломжгүй...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 5-ны орой 18 цагийн үед би өөрийнхөө эзэмшлийн Супер Соко маркийн мотоциклийг жолоодоод ганцаараа ажлаа тараад гэртээ харихаар Баянбүрд талаасаа ертөнцийн зүгээр зүүн хойноосоо баруун урагшаагаа 2 дугаар эгнээгээр 20 орчим км цагийн хурдтай явж байхад миний урд цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин 2 дугаар эгнээгээр явж байсан. Би эсрэг урсгалд ороогүй өөрийнхөө урсгалаар Т.Приус маркийн цагаан өнгийн автомашины зүүн хажуу талаар гүйцэт түрүүлээд орох үед нөгөө автомашин гэнэт зүүн гар тийшээ жолоогоо дарах үед уг машины зүүн урд карлон хэсэгт мөргөгдөх шиг болсон. Нэг ухаан ороход эсрэг урсгалын зам дээр сууж байсан. Мотоцикл зүүн хажуу талаараа уначихсан байсан. Улсын дугаар авдаггүй цахилгаанаар явдаг мопед загварын мотоцикл байгаа юм. Эмчилгээ болон бусад зардалд 1.036.000 төгрөг гараад байна. Жолоочоос 290.000 төгрөг эмчилгээнд гаргасан. Өөр мөнгө өгөөгүй байгаа. ...тухайн осолд орох үед би мотоцикл газарт унасан газраас урагшаагаа 1.5 метр орчим газарт шидэгдэж газарт унасан. Тэгээд босоод суусан хүмүүс замаасаа гараарай гэхэд би замын хажуу руу гарсан. Би анх хэргийн газрын үзлэг хийхээр ирсэн цагдаа нар хаана анх мөргөлдсөн бэ мөргөлдсөн цэгээ 2 жолооч хоёулаа заагаад өг гэхээр нь би анх мөргөлдсөн цэгийг маш сайн санаж мэдэж байгаа учраас энд гээд хэргийн үзлэгийн схем зураг болон фото зургаар баримтжуулагдсан газарт зааж өгөхөд нөгөө жолооч мөн энд гээд цуг заасан би тэр үед цагдаа нар зөв үү зөвшөөрч байна уу гэхэд бид 2 тиймээ зөвшөөрч байна зөв гэж хэлээд А цэгийг заасан юм. 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр осолд орж журмын хашаанд мотоциклоо хийгээд 9 хоног болгоод журмын хашаанаас өөрөө очиж мөнгийг төлөөд авсан баримт хэрэгт байгаа. Би мотоциклоо журмын хашаанаас 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр аваад шууд Баянгол дүүргийн үнэлгээний газар болох Вендо ХХК-д очиж үнэлгээгээ хийлгээд Себоце компанийн хашаан дахь гражид аваачин хадгалсан.Үүнийг манай ах портер дээр ачиж явсан учраас мэдэж байгаа...” гэжээ /хх-ийн 21-22, 124-125х/.

    Гэрч Б.Отгонбаатар мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр уг мопедыг журмын хашаанаас дөнгөж гаргаад үнэлгээ хийлгэхээр явж байна гээд портер машин дээр ачсан байдалтай манай үнэлгээний газарт эзэн нь гээд залуу ирсэн. Ингээд манайхан тухайн мопедыг үзэж харахад баруун талаас мөргөлдсөний улмаас зүүн банк зурагдаж хагарсан, зүүн талын тоормосны бариул резин халзарсан, баруун зүүн толь хагарч суурь гажсан, зүүн хөлийн дөрөө болон суурь зурагдаж гулзайсан, баруун баг халзарсан, үрүүл буюу жолоо нь гажсан, хамгаалалтын малгай каск халзарсан эвдрэлүүд учирсан энэ бүгдийг фото зургаар бэхжүүлэн авсан бөгөөд нийт 12 хоногийн хугацаанд манай байгууллага үнэлгээ гаргахын тулд холбогдох сэлбэгийн судалгааг хийж 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний тайланг бичиж бэлэн болгож эзэнд нь хүлээлгэн өгсөн юм. Нийт үнэлгээ нь 570.000 төгрөг болсон. Үнэлгээн дээр мотоцикл гэж бичсэн боловч хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч мопед ангилалд орж байгаа үнэлгээн дээр бол мотоцикл гэж бичнэ.” гэжээ /хх-126-127/.

Гэрч Б.Мэнд-Амар мэдүүлэхдээ: “...Манай танил дүү Бын эзэмшлийн супер Соко ТС гэсэн загвартай бөгөөд мопедыг унаж явж байгаад осолд орсон гэж надад хэлээд тэгээд тун удалгүй 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн портер машинаа бариад журмын хашаанаас хамт очиж авч Портер дээр ачаад тэгэхдээ хүлж баглаад хөдөлгөөнгүй болгож байгаад тэгээд тэндээс авто үнэлгээний газарт очиж үзүүлж харуулаад буцаагаад Сэбоце ХХК-ны хашаан дотор байрлах миний эзэмшлийн гражид аваачин буулгасан юм. Ингээд унахгүй би хадгалж байгаад 2 долоо хоногийн өмнөөс би унаж хэрэглэж байна. Анх аваачин орхисноос хойш саяхныг хүртэл огт асаагаагүй болно. Үнэлгээ хийлгэхээс өмнө ямар нэг эвдрэл гэмтэл үүсэх нөхцөл бий болоогүй учир нь журмын хашаанаас аваад шууд очиж үнэлгээ хийлгэсэн тиймээс өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл учрах боломжгүйгээр шууд очоод л үнэлгээгээ хийлгэсэн. Мопед учраас улсын дугаар авах шаардлагагүй, ямар нэгэн эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон хөдөлгөөнд оролцдог юм билээ.” гэжээ  /хх-128-129/.

Г.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 5-ны орой 18 цагийн үед эхнэр Хонгорзулын нэр дээр байдаг 94-14 УНТ дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодоод эхнэр Хонгорзулын хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг Синчи ойл ШТС-ын зүүн урд замаар ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун урагшаагаа 2 дугаар эгнээгээр 15-20 км цагийн хурдтай явж байгаад зүүн гар тийшээ эргэхээр тасархай зураасны наад талаар нь зүүн гар тийшээ жолоогоо дарах үед миний зүүн гар талаар ертөнцийн зүгээр зүүн хойноосоо баруун урагшаагаа нэг мопедтой залуу орж ирээд машины зүүн урд хаалга орчимд мөргөөд зам дээр онхолдсон. Ингээд замын цагдаа ирж хэмжилт хийсэн. Тухайн үедээ мэдээгүй, ослын дараа харахад үргэлжилсэн цагаан зураасаар давсан харагдсан. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр үргэлжилсэн цагаан зураас руу эргэж орсон нь миний буруу. Нөгөө мопедтой залуу зүүн гар талаар орж ирээд миний машиныг мөргөөд өөрөө унасан. Тэгээд биедээ гэмтэл авсан. Иймд тухайн мопедтой явсан залуугийн буруу байгаа гэж бодож байна.” гэжээ /хх-73-74/.

ШШҮХүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7239 дугаартай дүгнэлтэд:

“1. Б.Бын биед хүзүүний 2-3-р завсрын жийргэвчийн урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ /хх-49/.

Замын цагдаагийн алба 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 474 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт:

“1. Т.Приус маркийн 94-14 УНТ улсын дугаартай автомашины жолооч Г.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25.7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Супер Соко маркийн мопедны жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан "Унадаг дугуй, мопед нь (унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд) нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж, харин ердийн хөсөг зөвхөн нэг эгнээгээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэжээ /хх-66/.

Вендо хөрөнгийн үнэлгээний компани: Супер Соко ТС-0 загварын мотоциклийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: “шууд зардлын дүн 52 0.000 төгрөг, нийт дүн 570.000 төгрөг /хх-56-61/.

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зам тээврийн осол болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Синчи Ойл ХХК-ны Шатахуун түгээх станцын зүүн урд замд үйлдэгдсэн байх ба уг зорчих хэсгүүдийн өргөн 7.80 м болон 9.20 м, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, сөрөг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээтэй зорчих хэсэгтэй байна. Уг 2 жолоочоор заалган хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан В цэг буюу үл хөдлөх цэгээр уг зорчих хэсгийн баруун талд байрлах номер дугааргүй гэрэлтүүлгийн төмөр шонгоор авч, шулуун тэгш өнцгөөр хэмжилт хийхэд А цэгээс 1 тоо хүртэл 7.8 м, уг А цэгээс Б цэг хүртэл 11.24 м ... уг автомашин нь тоормосны мөргүй, уг автомашины зүүн урд хаалга зурагдсан, ...мотоциклийн толь хугарч, их бие, кузов эвдрэлтэй...” гэжээ /хх-4-5/.

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-16/, хохирогчийн өвчний түүх /хх-50-55/, хохирлын талаарх баримтууд /хх-25-30/, Б.Бт шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас/хх-34/.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87/, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт, гомдол, гэрэл зургууд /хх-94-119, 139/.  

   Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 6 дугаар сарын 5-ны оройн 18 цаг 00 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Синчи Ойл ХХК-ны шатахуун түгээх станцын зүүн урд замд Тоёота Приус маркийн 94-14 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25. “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.3 тэмдэглэлийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Бын жолоодож явсан Super Soco маркийн улсын дугааргүй мопедтой мөргөлдөж улмаар Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, мопедын эвдрэлийн хохиролд нийт 570.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бын “...2018 оны 6 дугаар сарын 5-ны орой 18 цагийн үед би өөрийнхөө эзэмшлийн Супер Соко маркийн мотоциклийг жолоодоод ганцаараа ажлаа тараад гэртээ харихаар Баянбүрд талаасаа ертөнцийн зүгээр зүүн хойноосоо баруун урагшаагаа 2 дугаар эгнээгээр 20 орчим км цагийн хурдтай явж байхад миний урд цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин 2 дугаар эгнээгээр явж байсан. Би эсрэг урсгалд ороогүй өөрийнхөө урсгалаар Т.Приус маркийн цагаан өнгийн автомашины зүүн хажуу талаар гүйцэт түрүүлээд орох үед нөгөө автомашин гэнэт зүүн гар тийшээ жолоогоо дарах үед уг машины зүүн урд карлон хэсэгт мөргөгдөх шиг болсон. Нэг ухаан ороход эсрэг урсгалын зам дээр сууж байсан. Мотоцикл зүүн хажуу талаараа уначихсан байсан. Улсын дугаар авдаггүй цахилгаанаар явдаг мопед загварын мотоцикл байгаа юм., ...тухайн осолд орох үед би мотоцикл газарт унасан газраас урагшаагаа 1.5 метр орчим газарт шидэгдэж газарт унасан., ...Би анх хэргийн газрын үзлэг хийхээр ирсэн цагдаа нар хаана анх мөргөлдсөн бэ мөргөлдсөн цэгээ 2 жолооч хоёулаа заагаад өг гэхээр нь би анх мөргөлдсөн цэгийг маш сайн санаж мэдэж байгаа учраас энд гээд хэргийн үзлэгийн схем зураг болон фото зургаар баримтжуулагдсан газарт зааж өгөхөд нөгөө жолооч мөн энд гээд цуг заасан би тэр үед цагдаа нар зөв үү зөвшөөрч байна уу гэхэд бид 2 тиймээ зөвшөөрч байна зөв гэж хэлээд А цэгийг заасан юм...” /хх-ийн 21-22, 124-125х/, гэрч Б.Отгонбаатарын “...2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр уг мопедыг журмын хашаанаас дөнгөж гаргаад үнэлгээ хийлгэхээр явж байна гээд портер машин дээр ачсан байдалтай манай үнэлгээний газарт эзэн нь гээд залуу ирсэн. Ингээд манайхан тухайн мопедыг үзэж харахад баруун талаас мөргөлдсөний улмаас зүүн банк зурагдаж хагарсан, зүүн талын тоормосны бариул резин халзарсан, баруун зүүн толь хагарч суурь гажсан, зүүн хөлийн дөрөө болон суурь зурагдаж гулзайсан, баруун баг халзарсан, үрүүл буюу жолоо нь гажсан, хамгаалалтын малгай каск халзарсан эвдрэлүүд учирсан энэ бүгдийг фото зургаар бэхжүүлэн авсан бөгөөд нийт 12 хоногийн хугацаанд манай байгууллага үнэлгээ гаргахын тулд холбогдох сэлбэгийн судалгааг хийж 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний тайланг бичиж бэлэн болгож эзэнд нь хүлээлгэн өгсөн юм. Нийт үнэлгээ нь 570.000 төгрөг болсон. Үнэлгээн дээр мотоцикл гэж бичсэн боловч хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч мопед ангилалд орж байгаа үнэлгээн дээр бол мотоцикл гэж бичнэ...” /хх-126-127/ гэх мэдүүлгүүд болон Г.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 5-ны орой 18 цагийн үед эхнэр Хонгорзулын нэр дээр байдаг 94-14 УНТ дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодоод эхнэр Хонгорзулын хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг Синчи ойл ШТС-ын зүүн урд замаар ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун урагшаагаа 2 дугаар эгнээгээр 15-20 км цагийн хурдтай явж байгаад зүүн гар тийшээ эргэхээр тасархай зураасны наад талаар нь зүүн гар тийшээ жолоогоо дарах үед миний зүүн гар талаар ертөнцийн зүгээр зүүн хойноосоо баруун урагшаагаа нэг мопедтой залуу орж ирээд машины зүүн урд хаалга орчимд мөргөөд зам дээр онхолдсон. Ингээд замын цагдаа ирж хэмжилт хийсэн. Тухайн үедээ мэдээгүй, ослын дараа харахад үргэлжилсэн цагаан зураасаар давсан харагдсан. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр үргэлжилсэн цагаан зураас руу эргэж орсон нь миний буруу. Нөгөө мопедтой залуу зүүн гар талаар орж ирээд миний машиныг мөргөөд өөрөө унасан. Тэгээд биедээ гэмтэл авсан. Иймд тухайн мопедтой явсан залуугийн буруу байгаа гэж бодож байна.” /хх-73-74/ гэх мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-16-р хуудас/, техникийн шинжээчийн “Т.Приус маркийн 94-14 УНТ улсын дугаартай автомашины жолооч Г.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25.7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Супер Соко маркийн мопедны жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан "Унадаг дугуй, мопед нь (унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд) нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж, харин ердийн хөсөг зөвхөн нэг эгнээгээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” /хх-66/,  Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7239 дугаартай дүгнэлт/хх-49/, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ/хх-56-61/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.           

Иймд шүүгдэгч Мангал овгийн Г.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан торгох ял шийтгэв.   

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Б.Б нь эмчилгээний болон бусад зардалд баримтаар 689.100 төгрөг нэхэмжилсэн бөгөөд гэмт хэргийн улмаас түүний унаж явсан мопедод учирсан хохирол 570.000 төгрөг, нийт 1.259.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 290.000 төгрөгийг хасч, үлдэх 969.100 төгрөгийг Г.Чээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Харин хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, нотлох баримт хангалтгүй байх тул уг хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдан ирсэн жолоочийн №355427 дугаартай үнэмлэхийг Г.Чт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мангал овгийн Г.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Чээс нийт 969.100 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б /РД: КЮ78021170/-т олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Хэрэгт хураагдан ирсэн жолоочийн №355427 дугаартай үнэмлэхийг Г.Чт буцаан олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН