Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ  УЛСЫН  НЭРИЙН  ӨМНӨӨС

 

Дундговь  аймаг  дахь Сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн  шүүгч  Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй   хийсэн  хуралдаанаар 

Нарийн бичгийн  дарга Э.Эрдэнэцэцэг

Улсын  яллагч  Ж.Очирбат

Хохирогч: Ч.Баатар

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч С.Мөнхчулуун нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос  Эрүүгийн  хуулийн 215  дугаар зүйлийн  215.3 дахь  хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн С.Мөнхчулуунд холбогдох  эрүүгийн  201612000091  тоот  хэргийг  2016 оны  7 сарын 21-ний  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч:  Монгол  Улсын  иргэн, 1965 оны 3 дугаар  сарын 7-ны  өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг  Зоогийн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан  гавьяа  шагналгүй, урьд 1 удаа  ял  шийтгүүлж  байсан,  ухаан  мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай Үнстий овгийн Сандуйжавын Мөнхчулуун /РД:ЗЮ65030717/

 

Шүүгдэгч С.Мөнхчулуун нь 2016 оны 5 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт 36-85 ДУА улсын дугаартай “Nissan Terrano” маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн  10.1.а-д заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. Уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Л.Баясгалангийн жолоодож явсан  92-11 УНП улсын дугаартай “Mitsubushi Fuso” маркийн автомашиныг шүргэсний улмаас онхолдож зам тээврийн осол гарган улмаар Б.Сайнцэцэгийн  амь насыг нь хохироосон гэмт  хэргийг  үйлдсэнд холбогджээ.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1. Шүүгдэгч С.Мөнхчулуун шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “2016 оны 5 сарын 23-ны өглөө 10 цагт хөдлөөд явсан. Үдээс хойш айлаас мал авах байсан. Т.Төмөрчулуун гэдэг айлд оччихоод цаашаа явсан. 2 км хэртэй явж байтал өөдөөс Цэцэгийн машин гараад ирсэн. Уулзах гээд зогстол зогсохгүй хажуугаар давхиад явсан. Араас нь давхиад тэгээд шүргэлцсэн. Өөр хэлэх зүйлгүй. Миний  буруугаас болж  осол  гарсан. Хийсэн  хэрэгтээ гэмшиж байна”  гэв.

            2. Хохирогч  Ч.Баатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “2016 оны 5 сарын 23-ны 4 цагийн үед осол болсон гэдгийг мэдсэн. Сумын хүн эмнэлгийн машин ирээд осол болсон газар луу бид нарыг авч явсан. Осол болсон газраас 5 км-ийн зайтай очиж явтал ойчсон тэрэг нь фургонтой зөрөөд явсан. Луусын Засаг дарга бас хамт явсан. Асуусан чинь шарлийг аваад явлаа гэхээр нь бид нар тэндээсээ эргээд Хулд суман дээр ирсэн. Хүүгийнхээ шарлийг үзье гэтэл морогт хийж, задлан хийнэ түүнээс хойш бол гэсэн. Задлан хийхийг хүлээгээд бараг шөнийн 2 цаг хүргэсэн. Тэнд нь задлан хийгээд Хулдын хүн эмнэлгийн тэрэг бид хэдийг нааш нь хүргэж ирсэн. Миний үзсэн зүйл энэ байна. Хоёр хүүхэддээ  хань бараа  болж  байг гэж   бодоод энэ  хүнийг шоронд оруулахгүй л гаргах саналтай байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.     

   3. Гэрч Л.Баясгалангийн:  “...2016.05.23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-овоо сумаас урагшаа байх айлаас 15 тооны тэмээний мах ачаад өөрийн эзэмшлийн “Мицубиши Пусо” маркийн 92-11 УНП маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар орох гээд явж байсан юм. Хулд сумаас урагш 20 орчим км-ийн зайнд хойш чиглэлтэй явж байтал миний хажуугаар жийп маркийн машин шахаж орж ирээд буруу талын хойд хэсгээрээ миний зөв талын урд хэсгээр шүргэгдсэн. Тэгсэн нөгөө машин эрчиндээ замаас зүүн тийшээ гараад буцаж зөв талаадаа дарж зам руу орж ирэн зөв талаараа 1-2 эргээд босч ирсэн. Тэр үед би тоормос гишгээд зогссон. Тэгсэн миний машины урд 10-15 метр зайд нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би гараад түргэн болон цагдаа дуудсан юм. Миний машинд гэмтэл учраагүй надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-рт/

4. Гэрч Ч.Алтанцэцэгийн: “...2016.05.23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-овоо сумаас урагшаа байх айлаас 15 тооны тэмээний мах Баясгалан гэх хүний ачааны машинд нь ачаад Улаанбаатар хотруу 12 цагийн үед гарсан юм. Би засмал замд ороод машины арын орон дээр унтаж байтал гэнэт жолооч хөөе Цэцэгээ сэрээрэй гэхээр нь бостол машины өмнө нэг хар өнгийн жийп маркийн машин хөлбөрөөд 4-н дугуйн дээрээ зогссон...Манай машины урд 10-15 орчим метр зайд Мөнхчулууны эхнэр Сайнцэцэг хэвтэж байсан. Манай машинд явсан хүмүүст ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Мөнхчулуун их согтуу харагдаж байсан, надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-рт/

5. Гэрч Т.Төмөрчулууны: “...2016.05.23-ны өдөр 14 цагийн үед манайд Мөнхчулуун гэх залуу өөрийн хар өнгийн жийп маркын машинтай ирсэн. Хамт яваа гээд 2 залуу 1 хүүхэн орж ирсэн. Тэр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй, нэг залуу нь нэг шил архи гаргаж өгсөн.  Түүнийг нь бид хэд задалж ууцгаасан. Тэгээд Мөнхчулуунтай хамт явсан нэг залуу нь манай гадаа портер маркын тээврийн хэрэгслээ үлдээсэн байсан. Тэр залуу машинаа аваад хөдлөөд явсан юм. Тэгээд Мөнхчулуун нь надтай ганцаараа үлдээд жоол юм ярьж сууж байгаад хөдлөөд явсан. Мөнхчулууны эхнэр нь гадаа машиндаа сууж байсан юм билээ би сүүлд уулзсан тэрнээс хойш таараагүй. Мөнхчулуун халамцуухан л байсан. Мал мах авах болон амьдралынхаа талаар л ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-рт/

6. Гэрч Б.Сайнхүүгийн: “...Баясгалан гэх хүний ачааны машинд нь мах ачаад 12 цагийн үед Улаанбаатар хотруу гарсан юм. Тэгээд Хулд сумын урд явж байтал замын баруун талд нэг хар жийп маркын машин урагшаа хараад зогсож байсан. Машины ойр хавьд хүн харагдахгүй байсан. Тэгээд цаашаа явж байтал нөгөө хар машин гэнэт хажуунаас шахаж орж ирэн буруу талын ард хэсгээрээ манай машинд шүргэгдсэн. Тэгсэн нөгөө машин замын зүүн хэсгийн шороо руу гараад зөв тийшээ даран засмал замд орон зөв талаараа 1-2 хөлбөрөөд 4-н дугуйн дээрэ босч ирсэн. Тэгээд нөгөө машин баруун тийшээ хөдлөөд урагшаа яваад бага зэрэг зайтай зогссон. Тэгээд жолооч нь гэх нэг согтуу ах бууж ирээд хашгичаад байсан.  Нэг эмэгтэй хүн манай машины урд нилээн зайтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-рт/

7. Гэрч Д.Төмөрбаатарын: “...Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас урагшаа байх нэг айлаас Алтанцэцэг 15 тэмээ авсан. Түүнийг нь бид гурав эвсэж нядлаад Баясгалан гэх залуугийн ачааны машинд ачаад 12 цагийн үед Улаанбаатар хотруу гарсан. Тэгээд би унтаад өгсөн. Тэгсэн нэг мэдсэн хажуугаар хар өнгийн машин маш хурдан гарч ирээд манай машины урдуур огцом дарж орж ирсэн. Тэгсэн манай машин тормос гишгээд зогссон нөгөө машин 1-2 хажуу талаараа хөлбөрөөд дөрвөн дугуйн дээрээ буугаад шууд хөдлөөд урагшаа яваад зогссон. Машин анх зогссон гэх газарт нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгсэн нөгөө машины жолооч бууж ирсэн ба ойртоод хартал Мөнхчулуун гэх залуу байсан. Мөнхчулуун нилээн согтуу байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 41-рт/

 

8. Гэрч Б.Пүрэвсүрэнгийн: “...2016.05.23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-овоо сумаас урагшаа байх нэг айлд очсон. Тэр айлаас Алтанцэцэг эгч 15 тооны тэмээ авсан. Түүнийг нь нядлаад Баясгалан гэх залуугийн ачааны машинд ачаад 12 цагийн үед Улаанбаатар хотруу явж байтал гэнэт хажуунаас нэг хар өнгийн машин гарч ирээд манай машины урдуур дарж орж ирээд буруу талын ар хэсгээрээ манай машинд шүргүүлсэн. Тэгээд нөгөө машин замын зүүн зах руу шарваад буцаж дарах үедээ зөв талаараа 1-2 удаа хөлбөрсөн. Тэгээд 4-н дугуйн дээрээ буугаад зогссон, газар нэг эмэгтэй хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Нөгөө машины жолооч ах машинаасаа гараад нөгөө эмэгтэй хүн дээр очоод тэврээд уйлаад байсан. Тэр ах согтуу байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 42-рт/

 

9. Дундговь аймаг дахь Цагдаагийн  газрын замын цагдаагийн  тасгийн  шинжээчийн  2016 оны 6 сарын 5-ны өдрийн ¹39 тоот  дүгнэлтэнд:

  • “Mitsubushi Fuso” маркын 9211УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Баясгалан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна.
  • “Nissan Terrano” маркын 3685 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Мөнхчулуун нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1.а-д...жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. Уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх. Мөн МУ-ын Замын хөдөлгөөнй дүрмийн 2.7.а-д жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
  • “Nissan Terrano” маркын 3685 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Мөнхчулуун Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1.а, 2.7.а-г зөрчсөн байна гэжээ. /хх-ийн 51-рт/

 

10. Дундговь аймгийн  шүүхийн  шинжилгээний албаны 2016 оны 6 сарын 23-ны өдрийн 23 тоот шүүх эмнэлгийн  задлан  шинжилгээний  дүгнэлтэнд: “...1. Б.Сайнцэцэгийн цогцост: Гавал болон цээж, хэвлийн хөндийн эрхтнүүд, мөчдийн хавсарсан гэмтэл: гавал тархины ил гэмтэл: Тархины баруун тал бөмбөлгийн дух хэсэг няцарсан, тухайн хэсгийн хатуу хальс урагдсан. Дух баруун хэсэг цөмөрсөн, гавлийн хөндийн урд хонхор, дунд хонхрын урд хана, шувуун залаа хэсэг бутарч сэлтэрсэн цөмөрсөн хугаралтай, тухайн хугарлаас зүүн чулуулгийн урд ханаар зүүн чамархайн доод хана хүрч төгссөн шугаман хугаралтай, элэгний урагдал, язрал ба эдийн няцрал, бяцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /650мл/, дотор эрхтний доргилт /гол судасны нум хэсэг, гол судасны гадна хана, улаан хоолойн ар хана, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, баруун, зүүн бөөрний өөхөн эд орчмын цус хуралт, баруун талын 1-р хавирганы толгой, 2-р хавирга толгой болон суганы дунд шугамаар, 3-р хавирга нуруу орчмын шугамаар, 6-р хавирга суганы урд шугамаар шууд хугаралтай. Зүүн талын 1-р хавирга толгой, 2-р хавирга нуруу орчмын шугамаар, 3-р хавирга суганы урд шугамаар хугарсан хугарал орчмын болон нугалмын дагуу хавирганы булчин, гялтан хальсанд нилэнхүйдээ цус хурсан, өвчүү болон бусад хавирга, нугалам, нугас хугарал гэмтэлгүй. Аарцаг, ууц яс бүтэн, хугаралгүй. Дээд мөчдийн яс бүтэн, хугаралгүй, зүүн атгаал яс тохойноос дээш 12 см зайд сэлтэрхий үүсгэсэн хугаралтай, хугарал орчмын булчинд цус хуралт ихтэй, баруун эрүү эрүүний заадлаас 3 см зайд хугарсан, хугарлын түвшинд  булчинд цус хурсан хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна.

   - Талийгаачийн цусанд 2,7 промилли этилийн спирт илэрч байгаа нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна.

  • Талийгаач  ОI бүлгийн цустай байна.
  • Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг  хууч өвчин тогтоогдсонгүй.
  • Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас баржээ гэжээ.  /хх-57-59-рт/

 

11. Дундговь аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн  2016 оны 06 сарын 03-ний  өдрийн техникийн дүгнэлтэнд:

  • 36-85 ДУА улсын дугаартай Ниссан террано маркийн тээврийн хэрэгсэл нь 2016.05.20-нд Дундговь аймагт техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.
  • Ослын улмаас арын нөөц дугуйны бэхэлгээний баруун хойд нугасны хэсэгт цэнхэр өнгийн будагтай зүйлээр зурагдаж будаг наалдсан, шар өнгийн /дохионы гэрлийн/ зүйл наалдаж үлдэж хонхойсон, зүүн хойд цонх хагарсан хойд гүфр доош унжиж зурагдсан, цөмөрсөн, зүүн талын 2 хаалга хэмхэрч урагдсан, зурагдсан, дээд рамм нугарсан, шилнүүд нь хагарсан, зүүн хаалганууд нь хэмхэрсэн, шилнүүд хагарсан, толинууд хагарч хэмхэрсэн, зүүн урд крило цөмөрч, урагдсан, копуд дээш пөмбийж зурагдсан, лүүк хэмхэрч ойчсон, урд салхины шил хагарсан, шил арчигч хэмхэрсэн, кабины орой цөмөрсөн, дотор салон, суудлууд хэмхэрсэн зэрэг эвдрэл гэмтэл илэрсэн бөгөөд осол болсны дараа үүссэн.
  • Дээрх эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлөөгүй.
  • Тухайн тээврийн хэрэгслийн тормоз болон бусад эд ангийг шалгаж үзэхэд урд тормоз хэвийн сайн, хойд дугуйны тормозны барилт бага зэрэг удаашралтай, бусад эд анги бүрэн бүтэн, хэвийн сайн ажиллагаатай байсан ба осол болоход техникийн талаасаа нөлөөлөөгүй болно гэжээ.  /хх-ийн 53-рт/

 

12. Шүүхийн  шинжилгээний  үндэсний  хүрээлэнгийн  2016 оны 6 сарын  20-ны  өдрийн 5352 дугаартай  шинжээчийн  дүгнэлтэнд:

-  Шинжилгээнд ирүүлсэн  “Сандуйжав Мөнхчулуун ЗЮ65030717” гэж  хаягласан  цус нь  шинжилгээнд тэнцэж байна.

- Шинжилгээнд  ирүүлсэн “Сандуйжав Мөнхчулуун ЗЮ65030717” гэх  цусанд 1.8 промилли спиртийн  агууламж илрэв.

- Цусанд илэрсэн  1.8 промилли нь согтолтын дунд зэрэгт  хамаарна гэжээ. /хх-ийн 73-рт/

13. Хэрэгт цугларсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч С.Мөнхчулуун нь согтуугаар 2016 оны 5 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт 36-85 ДУА улсын дугаартай “Nissan Terrano” маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн  10.1.а-д заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. Уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Л.Баясгалангийн жолоодож явсан  92-11 УНП улсын дугаартай “Mitsubushi Fuso” маркийн автомашиныг шүргэсний улмаас онхолдож зам тээврийн осол гарган улмаар Б.Сайнцэцэгийн  амь насыг нь хохироосон болох  нь  тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч С.Мөнхчулууныг тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдлын болон ашиглалтын  журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироох гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд   Монгол Улсын Эрүүгийн  хуулийн  215 дугаар  зүйлийн  215.3 дахь  хэсэгт заасан  хорих ялыг  оногдуулахаар шүүх  шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн  хуулийн  215 дугаар  зүйлийн  215.3 дахь  хэсэгт тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг  4 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл  ял  оногдуулахаар заасан  байх тул шүүгдэгч С.Мөнхчулууны  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар  хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх,  тохиолдлын  шинжтэй нөхцөл  байдлын улмаас анх  удаа  хүндэвтэр  гэмт  хэрэг  үйлдсэн  нь ял хөнгөрүүлэх  нөхцөл байдал  болж  байна.

            Шүүгдэгч  С.Мөнхчулуун  нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009.04.30-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн  215  дугаар  зүйлийн  215.2 дахь хэсэгт  зааснаар тээврийн  хэрэгсэл жолоодох  эрхийг 1 жилийн  хугацаагаар  хасч  хөдөлмөрийн  хөлсний  доод  хэмжээг  51 дахин  нэмэгдүүлсэнтэй  тэнцэх  хэмжээний  буюу 5.508.000  төгрөгөөр торгох  ялаар  шийтгүүлжээ.

 Дундговь  аймгийн   давж  заалдах  шатны  шүүхийн  2009.07.22-ны  өдрийн  34 дүгээр магадлалаар  сум дундын  шүүхийн  2009.04.30-ны  өдрийн 37 дугаар  шийтгэх  тогтоолыг  хэвээр  үлдээж, 2009 оны 07 сарын  09-ний  өдрийн Монгол Улсын  Өршөөл  үзүүлэх  тухай  хуулийн 4 дүгээр  зүйлийн  4.4 дэх  хэсэгт  зааснаар С.Мөнхчулуунд 2009 оны 04 дүгээр  сарын  30-ны  өдрийн 37 дугаар  шийтгэх  тогтоолоор оногдуулсан  Эрүүгийн  хуулийн 215 дугаар зүйлийн  215.2 дахь хэсэгт  зааснаар тээврийн  хэрэгслийн жолоодох эрхийг 1 жилийн  хугацаагаар  хасч, хөдөлмөрийн  хөлсний  доод  хэмжээг 51 дахин  нэмэгдүүлсэнтэй  тэнцэх  хэмжээний  буюу 5.508.000 төгрөгөөр  торгох  ялыг  өршөөн  хэлтрүүлж шийдвэрлэсэн  байх  тул шүүгдэгч  С.Мөнхчулууныг  анх  удаа  хүндэвтэр гэмт  хэрэг  үйлдсэн  гэж  үзсэн  болно.

 

            Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт  хэрэг үйлдсэн байх  тул  түүнд  оногдуулсан  хорих ялыг  жирийн  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлж,  шүүгдэгч нь  энэ  хэргийн улмаас цагдан  хоригдсон хоноггүй,  хохирогч Ч.Баатар нь  хохирол  төлбөр нэхэмжлэхгүй гэсэн  ба бусад гэм  хорын  талаархи хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх  эрхтэй  болохыг  тус тус дурдав.

            Хэрэгт АЯ№0257832 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгчийн №054135 дугаартай “B, C” ангиллын жолооны үнэмлэх хурааж ирүүлсэн  байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч С.Мөнхчулуунд  буцаан  олгож, шүүгдэгчийн жолооны  үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

            Мөрдөн байцаалтын  шатанд шүүгдэгч  С.Мөнхчулууны өмч болох 36-85 ДУА улсын дугаартай “Nissan terrano”  маркийн  тээврийн  хэрэгслийг  мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн  тогтоолоор битүүмжилж, битүүмжлэгдсэн  эд  хөрөнгийг шүүгдэгч С.Мөнхчулууны найз Д.Ганбаатарт  хариуцуулан  шийдвэрлэсэн  байна

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлийн 36-85 ДУА улсын  дугаартай “Nissan terrano”  маркийн  тээврийн  хэрэгслийг  цаашид битүүмжлэх шаардлагагүй гэж  үзэж  мөрдөн  байцаагчийн  2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй  болгож  шийдвэрлэлээ.

             

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294, 297,  298, 299, 303-т заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Үнстий овгийн Сандуйжавын Мөнхчулууныг тээврийн  хэрэгслийн  хөдөлгөөний  аюулгүй  байдлын болон  ашиглалтын  журам  зөрчсөний  улмаас  осол гарган иргэн Б.Сайнцэцэгийн амь насыг  нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн  215  дугаар  зүйлийн  215.3 дахь хэсэгт  зааснаар   шүүгдэгч С.Мөнхчулууны  тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг 3 жилийн хугацаагаар  хасч, 3  жил  6 сарын  хугацаагаар   хорих ял оногдуулж  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн  52 дугаар зүйлийн  52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч  С.Mөнхчулуунд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих  ялыг  жирийн  дэглэмтэй  хорих   ангид   эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч  нь  энэ  хэргийн  улмаас цагдан  хоригдоогүй, хохирогч Ч.Баатар  хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

5.Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн  293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Баатар нь оршуулгатай холбоотой  гарсан болон хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлын талаархи нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Мөнхчулуунаас нэхэмжлэх  эрхтэй болохыг заасугай.

6.Эрүүгийн  хуулийн  61 дүгээр  зүйлийн  61.1, 61.4 дэх  хэсэгт  зааснаар  шүүгдэгч С.Мөнхчулуунд оногдуулсан  3 жил 6 сарын  хугацаагаар  хорих  ялыг  тэнсэж, 3 жилийн  хугацаагаар  хянан  харгалзаж  хяналт  тавихыг  Дундговь аймаг  дахь Цагдаагийн  газарт  даалгасугай.

7.Эрүүгийн  хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Мөнхчулуунд  оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрх  хасах нэмэгдэл ялын хугацааг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн  88 дугаар  зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт  хураагдаж ирсэн АЯ№0257832 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч С.Мөнхчулуунд буцаан олгож, шүүгдэгчийн №054135 дугаартай “B,C” ангиллын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхчулууны эзэмшлийн 36-85 ДУА улсын  дугаартай “Nissan terrano”  маркийн  тээврийн  хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн  тогтоолыг хүчингүй болгосугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мөнхчулуунд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх  таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн  дотор  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч төлөөлөгч  нар давж заалдах гомдол  гаргах, улсын  яллагч  дээд  шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                 

                       ДАРГАЛАГЧ                                                    Г.МӨНХБАТ