Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0266

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж,шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б*******, хариуцагч Х.Х******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 198 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, А ХХК-ийн нэхэмжлэлтэй, С*******ийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С*******тэй харьцдаг, 9011273005 улсын бүртгэлийн дугаартай, 5446686 тоот регистрийн дугаартай А ХХК-нд С*******ийн татварын улсын байцаагч Т.А*******, Х.Х******* нарын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340021 тоот дүгнэлтээр 200,000,000 төгрөгийн зөрчил илрүүлэн энэ талаар эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Улсын мөрдөн байцаах газарт 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М******* нь 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 008864530 дугаартай падаанаар 90,000,000 төгрөгийн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 008864587 дугаартай падаанаар 50,000,000 төгрөгийн, 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 008864614 дугаартай падаанаар 60,000,000 төгрөгийн, нийт 200,000,000 төгрөгийн хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материалын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулан тооцож, 20,000,000 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт уг компанийн захирлыг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Нөхөн татвар болох 20,000,000 төгрөгийг хэрэг бүртгэлийн шатанд буюу 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18,181,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,818,100 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 12 дугаар сарын 37-ны өдрийн 548 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдэх субьектив санаа зорилго байгаагүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Татварын улсын байцаагч Т.А*******, Х.Х******* нартай хийсэн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ярилцлагын тэмдэглэлд би 2011 оны 09, 10 дугаар саруудад Гурвалжингийн гүүрний 44 барилгын материалын захаас цемент худалдан авч зуурмагийн үйлдвэрт нийлүүлж байсан. Манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч аж ахуйн нэгж тул нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийж тайландаа тусгах шаардлагатай тул падаан нэхэмжилж авдаг. Үүний дагуу сар болж байгаад бөөнд нь падаан бичүүлж авч байсан. Хуурамч бичилттэй гэдгийг мэдээгүй, худалдан авалт хийхийн хувьд байнга л худалдан авалт бага багаар хийдэг. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байцаагдаж байх үедээ мөрдөн байцаагчийн шаардлагаар 20,000,000 төгрөг төлсөн. Одоо дээрээс нь алданги, торгууль төлөх ямар ч санхүүгийн эх үүсвэр байхгүй, төлбөрийн чадваргүй гэж хэлсэнчлэн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,818,100 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18.181,900 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг Татварын ерөнхий газарт төлж барагдуулсан юм.

Ингээд С*******ийн татварын улсын байцаагч Х.Х*******, Т.А******* нар нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд А ХХК-ийн 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34/0004686 тоот актаар 2011 онд нэмэгдсэн өртгийн албан татварын 008864530 дугаартай падаанаар 90,000,000 төгрөгийн барааг, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 008864587 дугаартай падаанаар 50,000,000 төгрөгийн барааг 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 008864614 дугаартай падаанаар 60,000,000 төгрөгийн барааг 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр худалдан авсан мэтээр хий бичилт хийж татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд 20,000,000 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000 төгрөгийн торгууль, 8,601,600 төгрөгийн алданги, нийт 34,601,600 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.

Анх 200,000,000 төгрөгийн бодитой худалдан авалт хийсэн. Өөрөөр хэлбэл 2011 онд цементийн эрэлт ихсэж, зуурмагийн үйлдвэрүүдтэй аман байдлаар гэрээ хийн газар дээр нь буюу цемент бууж байсан газар дээр нь буюу 44-ийн зах буюу Гурвалжин-ийн захаас БНХАУ-аас ирсэн ченжүүдээс худалдан авч, харилцагч компаниуддаа нийлүүлдэг байсан. Газар дээрээс нь шууд худалдан авалт хийхдээ баримт падаан авдаггүй байсан ба хийх ёстой төлбөрөө дутуу өгөөд, тэр компаниуд сарын эцэст баримтаа бөөнд нь авчирч өгөөд үлдэгдэл мөнгөө авдаг байсан. Тухайн үед тэр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь тайланд тусгахад албан ёсны зөвшөөрөлтэй, хүчин төгөлдөр падаан байсан. Хэрвээ тэр падаанууд хуурамч байсан бол тайланд тусгахад зөвшөөрөлгүй, хуурамч падаан байна гэдэг нь тэр дороо мэдэгдэх ёстой байсан. Гэтэл тэр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд ямар ч асуудалгүй, хуурамч гэх үндэслэлгүй падаанууд байсан учир бид бөөнд нь авсан падаанаа тайландаа тусгаад явж ирсэн.

Энэ нь Т******* ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 008864530 дугаартай падаанаар 90,000,000 төгрөгийн худалдан авалт, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 008864587 падаанаар 50,000,000 төгрөгийн худалдан авалт, Т******* ХХК-ийн 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 008864614 дугаартай падаанаар 60,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байгаа. Бид хуурамч падаан гэдгийг нь мэдээгүй, татвар төлөхөөс зайлсхийх санаа зорилго агуулаагүй. Энэ нь ч Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 548 дугаар тогтоолоор нотлогдож хэргийг хэрэгсэхгүй болгосноор батлагдаж байна.

Үнэндээ бид бодитойгоор худалдан авалт хийсэн боловч худалдагчийн хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас хохироод байгаа учир энэхүү байдлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр манай компанид хуурамч падаан бичиж өгсөн Т******* ХХК болон Т******* ХХК-иудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Бид бусдын буруутай үйл ажиллагаа, мөн өөрсдийн хуулийн мэдлэг дутмаг зэрэг шалтгаануудаас болж Татварын ерөнхий газарт 20,000,000 төгрөгийг төлчихсөн байгаа. Бид бүтээгдэхүүн худалдан авсан падааныг хуурамч гэдгийг мэдээгүй, татвар төлөхөөс зайсхийгээгүй учир буруутай этгээдүүдээр хохирлоо барагдуулж, С*******ийн татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34/0004686 дугаартай актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж С*******ийн татварын улсын байцаагчийн 34/0004686 тоот актыг хэвээр үлдээж, манай компанийн гомдлыг хэрэгсэхгүй болгож 33 тоот тогтоолыг гаргасан байна. Гэтэл Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 3 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжийн дагуу магадлагч татварын байцаагч Н.О******* нь магадлагааг хийж Татварын улсын байцаагчийн 34/0004686 тоот актыг хүчингүй болгож батлуулах дүгнэлт гаргасан байдаг. Мөн Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 548 тоот тогтоолд Ж.М******* нь Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг тус тус үндэслээгүй болох нь тодорхой харагдаж байна.

Иймд С*******ийн татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34/0004686 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С*******ийн татварын улсын байцаагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..5446686 тоот регистрийн дугаартай А ХХК-ийн 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7/2627 тоот албан бичгийн дагуу шалгалтыг татварын улсын байцаагч Х.Х*******, Т.А******* нар хийж гүйцэтгэсэн. Тус компани нь анх 1 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд 1,000,000.0 төгрөгийн дүрмийн сантай байдаг. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн, улсын бүртгэлийн 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 9011273005, нэмэгдсэн өртгийн албан татварын 05 сарын 03-ны өдрийн 21422 тоот гэрчилгээтэй, 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ачлал жуулчлал, барилгын материалын худалдаа эрхлэх туслах үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн.

Шалгалтын явцад 2011 онд нэмэгдсэн өртгийн албан татварын 008864530 дугаартай падаанаар 90,000,000.0, 008864587 дугаартай падаанаар 50,000,000.0 төгрөгийн барааг Т******* ХХК-иас, 008864614 дугаартай падаанаар 60,000,000.0 төгрөгийн барааг Т******* ХХК-иас худалдан авсан мэтээр хий бичилт хийж татвар ногдуулах орлогоо бууруулан Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Т******* ХХК, Т******* ХХК-иас барилгын материал авсаныг нотлох санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын падаан, кассын орлогын ордер байхгүй бөгөөд тус компаниудын хооронд их хэмжээний мөнгөний гэрээг амаар байгуулах боломжгүй, тооцоог бэлнээр удаа дараа хийж байсан гэж тайлбарлаж байгаа нь санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Захирал Ж.М******* 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн ярилцлагадаа Манай компани гурвалжингийн зах дээрээс худалдан авалт хийхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгдөг. Би мэдэхгүй байна гэсэн байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад нийт 200,000,000.0 төгрөгийн зөрчлийн нөхөн татвар 20,000,000.0 төгрөг төлсөн нь хий бичилттэй падаан авч татвар төлөх орлогоо бууруулсныг гэрчилж байна. Татварын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340021 тоот дүгнэлтийг Нийслэлийн прокурорын газрын 548 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тул Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 35.3 дугаар зүйлийг үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр татварын улсын байцаагч 34/0004686 тоот акт тогтоосон. Актаар 20,000,000,0 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000.0 төгрөгийн торгууль, 8,601,600.0 төгрөгийн торгууль төлөгдөхөөр тогтоогдсон. Энэхүү захиргааны хэргийн шүүхээр Т******* ХХК, Т******* ХХК-иас худалдан авсан падааны тухай яригдаж байна. Нэхэмжлэлд дурдсан нийлүүлэгч Самвондриймвок ХХК энэ хэрэгт огт хамааралгүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Татварын ерөнхий газрын 7/2627 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 548 тоот тогтоол зэргийг үндэслэн актыг бичсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй юм гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 198 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С*******ийн татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 34/0004686 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Х******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрт дурьдсан нэг зөрчилд давхардуулан хариуцлага хүлээлгэсэн мэтээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Татварын улсын байцаагчийн 343403 тоот актын 28,415,800.0 төгрөгийн зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар заалтыг зөрчсөн тул акт тогтоогдсон. Шүүх хурлын материалд актууд, анхан шатны баримтууд авагдсан байгаа.

2. Нийслэлийн прокурорын газрын 548 тоот тогтоолын дагуу А ХХК-ийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй бологосон нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйл, 35 дугаар зүйлийн 35.3-д энэ хуулиин 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэсэн заалтыг зөрчсөн тул татварын улсын байцаагчиин 34/0004686 тоот актыг тогтоосон. Эдгээр зөрчлүүд хоорондоо огт хамааралгүй бөгөөд өөр өөр хуулийн заалтуудад гарсан зөрчил болох нь тодорхой харагдаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-ийн аль заалтыг баримталсан нь тодорхойгүй гэдэг нь хуулийн үндэслэлгүй бөгөөд шүүгч өөрөө энэ актын утга учрыг ойлгоогүйтэй холбоотой болно.

А ХХК нь Т******* ХХК-аас 140,000,000.0,Т******* ХХК-аас 60,000,000.0 нийт 200,000.000.0 төгрөгийн барааг худалдан авсан мэтээр хий бичилт хийсэн нь анхан шатны баримтаар нотлогдоогүй, Т*******, Т******* компаниудад цементний төлбөр шилжүүлсэн баримт хэрэгтавагдаагүй, бараа материалын зарлагын падаан, эдгээр компанитай тооцоо нийлсэн акт байхгүй, Самвондриймвок компанийн баримт нь энэ хэрэгт огт хамааралгүй учраас Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл: 74.1.4.тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх гэсэн заалтыг үндэслэсэн нь төрийн захиргааны байгууллагаас гарсан эрх зүйн акт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг нарийвчлан харуулж байгааг нотолж байна.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд: 74.1.Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-д Энэ хуулийн 74.1. 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтыг үндэслэн 200,000,000.0 төгрөгийн зөрчилд 20,000,000.0 төгрөгийн нөхөн татвар, түүний 30 хувь болох 6,000,000.0 төгрөгийн торгууль, татварыг хугацаандаа төлөөгүй саатуулсан хоногт 8,601,600.0 төгрөгийн алданги (2011 оны Засгийн газраас тогтоосон алдангийн хэмжээ-0,056) нийт 34,601,600.0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоогдсон нь хууль зүйн үндэслэлтэйг нотолж байна.

Дээрх хуулийн заалтууд актанд тодорхой тусгагдсан бөгөөд актны эх хувь, санхүү татварын тайлангууд, холбогдох бүх баримтууд хэргийн материалд авагдсан болно. Иймд уг хэргийг дахин хянаж хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь буруу байх тул дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

С*******ийн татварын улсын байцаагчийн маргаан бүхий 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34/0004686 дугаар актаар А ХХК нь 2011 онд нэмэгдсэн өртгийн албан татварын 008864530 дугаартай падаанаар 90,000,000.0 төгрөгийн, 008864587 дугаартай падаанаар 50,000,000.0 төгрөгийн барааг Т******* ХХК-аас, 008864614 дугаартай падаанаар 60,000,000.0 төгрөгийн барааг Т******* ХХК-аас худалдан авсан мэтээр хий бичилт хийж татвар ногдох орлогоо бууруулсан зөрчилд 20,000,000.0 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000.0 төгрөгийн торгууль, 8,601,600.0төгрөгийн алданги нийт 34,601,600.0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

Уг зөрчилд өмнө нь хариуцагч татварын улсын байцаагч нар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 340021 тоот дүгнэлт гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлснийгУлсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 548 дугаар тогтоолоор татварын өр төлбөрийг төлж барагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдэх субьектив санаа зорилго байгаагүй зэрэг байдлыг харгалзан үзэж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 д ... төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.3-т худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасан.

А ХХК нь эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаанд татварын улсын байцаагчийн дүгнэлтэд бичигдсэн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18,181,900.0 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,818,100.0 төгрөг, нийт 20,000,000.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг Татварын ерөнхий газрын төрийн сан дахь дансанд төлж барагдуулсан байна.

Хэдийгээр А ХХК нь 20,000,000.0 төгрөгийн татварыг нөхөн төлсөн боловч тус компанийн захирал Ж.М*******т холбогдох татварын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу үүссэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсноор нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд бичигдсэн татварын улсын байцаагчийн дүгнэлт биелэгдэх үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг үндэслэн хасалт хийсэн татварын зөрчлийг тогтоосон шийдвэргүй болох тул татварын улсын байцаагч нараас зөрчлийг тогтоож, акт гарган нөхөн татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна 34 дүгээр зүйлийн 34.1-д 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт... бичихээр заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Татварын ерөнхий хуульд зааснаар нөхөн татварт үндэслэж торгууль, алданги тавьдаг гэх тайлбар үндэслэлтэй байх ба харин энэ акт тогтоосноор нэхэмжлэгчийн уг зөрчилдөө төлсөн татварыг дахин төлөх үр дагаврыг үүсгэхгүй юм.

Мөн Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д зааснаар нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн дээрх зөрчил гаргасан байх тул Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл болохгүй учир татварын улсын байцаагчийн актаар А ХХК-ийн 200,000,000.0 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.2, 74.3-д заасныг үндэслэн торгууль, алдангийн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй.

Харин хариуцагч нараас хариуцлага тооцохдоо нэхэмжлэгчээс уг татварыг 2013 оны 03 дугаар сарын 18-нд болон 2013 оны 10 дугаар сарын 31-нд тус тус төлөх хүртэлх хугацааны алдангийг төлүүлэх ёстой атал татварын улсын байцаагч акт гарах хүртэл хугацаагаар алданги тооцсон нь буруу байна.

Нэхэмжлэгч Апеллко ХХК нь татвар ногдох орлогоо бууруулсан гэх 20,000,000 төгрөгийн нөхөн татвараас 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18,181,900 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,818,100 төгрөгийг тус тус төлсөн байх тул 18,181,900 төгрөгийг 392 хоног хэтрүүлсний алданги 4,390,400 төгрөг, 1,818,100 төгрөгийг 223 хэтрүүлсний алданги 227,156.7 төгрөг, 6,000,000.0 төгрөгийн торгууль нийт 10,617,556.7 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөх үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт хүчин төгөлдөр, уг өр төлбөрийг дээр дурдсанаар 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар бүрэн төлж барагдуулсан, тухайн татварыг төлөх үүрэг дуусгавар болсон хойно 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэг зөрчилд дахин давхардуулан нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр акт бичсэн нь үндэслэлгүй гэж буруу дүгнэжээ.

Учир нь татварын улсын байцаагч нар 2012 оны 11 дүгээр сарын 30-нд нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийг шалгаж Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт[1] гаргаж, 200,206,300,0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил илрүүлснээс 200,000,000.0 төгрөгийн зөрчилд 340021 тоот дүгнэлт бичиж, 206,300 төгрөгийн зөрчлийг 342403 дугаар акт[2]-ын тогтоох хэсгийн 1.3-д зааснаар нэхэмжлэгчээр төлүүлэхээр тогтоожээ. Үүнээс нэхэмжлэгч нь 342403 дугаар актаар тогтоосон төлбөрөө төлсөн, харин 200,000,000.0 төгрөгийн зөрчилд бичсэн дүгнэлт нь дээр дурдснаар биелэгдэх боломжгүй болсноор улсын байцаагч 2014 оны маргаан бүхий актыг гаргасан байна.

Түүнчлэн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 342403 дугаар актаар дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй холбогдуулан акт тавиагүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 342403 тоот хүчин төгөлдөр байгаа гэж байгаа бол 1 зөрчилд 2 акт хүчин төгөлдөр гэж харагдаж байна гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд С*******ийн татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34/0004686 дугаар актаар 34,601,600.0 төгрөгийн төлбөр тогтоосныг 23,984,043.3 төгрөгөөр багасгаж, нийт 10,617,556.7 төгрөг төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340021 дүгнэлтийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 3340021[3] гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 242101[4] гэж тус тус буруу бичснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахьзаалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 198дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.2, 74.3-д заасныг тус тус баримтлан С*******ийн татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34/0004686 дугаар актаар 34,601,600.0 төгрөгийн төлбөр тогтоосныг 23,984,043.3 төгрөгөөр багасгаж, нийт 10,617,556.7 төгрөг төлүүлэхээр тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН