| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/63 |
| Огноо | 2021-07-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 21320000000057 тоот хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1978 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайнч мэргэжилтэй, ам бүл-1, *******,******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №424 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 08 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 02 жил 06 сар 22 хоногийн хорих ялыг хугацааны өмнө суллагдсан,
- Сэлэнгэ аймгийн сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №03 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багатааж нийт 10 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн тэгшитгэлд хамруулж /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 01 сарын хорих ялд дүйцүүлж, 06 жил 01 сар 17 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Бямбарагчаагийн Оч/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 12 өдрийн 19 цагийн орчим *******, Таван-Од эмчийн сангийн хашаанд байх Зоригоогийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 21320000000057 дугаартай хэргийг Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хэлэлцэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 21320000000057 тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Мандал сумын Зүүнхараа политехникын коллежийн ертөнцийн зүгээр зүүн талын шар өнгийн төмөр хашаатай Зоригоо ахынд 18 цагийн үед гаднаас орохдоо 0.5 шилтэй Их-монгол архи 1 шилийг авч орсон. Намайг ороход зүс таних Оч, Батбаяр, Туул, Зоригоо ах нар архи уугаад сууж байсан.Би дээрх хүмүүсийн ууж байсан архинаас уугаад, өөрийн авч орсон 0.5 шилтэй их монгол архийг задалж уугаад сууж байхад “Оч” гэх залуу над руу томроод байсан.Ямар шалтгааны улмаас над руу томорч байсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн зүс таних Оч гэх залуу миний зүүн шанаа хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон мөн нэг зүйлээр зүүн гарын шуу хэсэг рүү цохиж байсан. Тэгсэн цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан. ...Би Мандал суманд 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр самарт явах зорилготой Хөвсгөл аймгаас ирсэн. Ирээд самарт яваад 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр самраас ирсэн. Тэгээд нутаг буцаж чадахгүй вакцин хийлээгүй байсан болохоор Мандал суманд очих айл байхгүй байсан учир Мандал сумын хүнсний зах дээр явж байгаад Зоригт гэх хүнтэй танилцаж түүний гэрт нь хэсэг хугацаанд байж байсан. ...Би Оч, Батбаяр, Туул нартай Зоригт ахын гэрт танилцаж байсан. Оч, Батбаяр хоёр бас самарт явж ирээд нутаг буцаж чадахгүй, Зоригт ахын гэрээр хоноглодог байсан учир 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бид нар танилцаж байсан. ...Би 2021,06.12-ны өдөр 18 цагийн үед Зоригт ахын гэрт гаднаа: орохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Оч. Батбаяр, Туул Зоригт нар архи уугаад сууж байсан. Өөрсдийгөө хянах чадвартай байсан. ...Оч гэх залуугаас өөр хүн миний бие эрх чөлөөнд халдаагүй. ...Төмрөөр л цохиж байгаа харагдсан. ...Зоригт, Оч, Батбаяр, Туул нар байсан. Болсон зүйл бүгд гэрт болсон. ...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ... Би уг өдөр өөрийгөө хянах чадвартай байсан. Болсон үйл явдлын талаар мэдэж байна. ...Зүүн гарын шуу яс хугарсан. Шанаа, гар жоохон хөндүүрлэж өвдсөн. Одоо миний биеийн байдал хэвийн болж байна. Зүүн гар эдгэж байгаа. ...Оч намайг гараараа хүчтэй цохиж байсан. Төмрөөр цохиогүй байх сүүлд бодсон чинь гараараа л цохиод байх шиг байсан. ...******* миний биед гэмтэл учруулсны маргаашаас эхэлж надад эмчилгээний мөнгө өгсөн. Тухайн мөнгөөр нь гараа эмчлэхээр эм тариа авсан. Яг хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна. Эмчилгээний төлбөртэй холбоотой баримт байхгүй. ...Би *******той харилцан зодолдоогүй. Тухайн үед өөр хэн нэгэн надтай зодолдоогүй. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл надад байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 5-6, 8 дугаар хуудас/
Гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгаас самарт явах зорилготой Мандал суманд ирсэн. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын хэдний өдөр гэдгийн сайн мэдэхгүй байна самарт явж ирээд Зүүнхараагийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийн зүүн талын хашаанд байдаг Зоригт гэх хүнтэй гудамжинд явж байгаад танилцаж байсан. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зүс таних Зоригтын гэрт Оч, Туул, бид нар архи уугаад сууж байхад гаднаас 17-19 цагийн үед зүс таних Батчулуун гэх залуу архи уусан байдалтай, 1 шил архитай орж ирсэн. Тэгээд бид 5 уг архийг уугаад сууж байхад Оч, Батчулуун хоёр хоорондоо жоохон маргалдаад байсан. Тухайн үед бид нар битгий хоорондоо маргалдаад бай, адилхан самарт яваад ирсэн нутаг буцаж чадахгүй хүмүүс байгаа байж гэж хэлээд гайгүй болцгоосон. Тэгээд би гадагшаа 00 орж бие засаад эргээд ороод ирэхэд Оч гэх залуу Батчулууныг доороо оруулсан цохиж байсан. Тэгээд зодооныг нь болиулж салгаж байхад гаднаас цагдаа ирсэн. ...Оч, Батчулуун нар өөрсдийгөө хянах чадвартай байсан талаар сайн мэдэхгүй байна. Бүгд архи уусан байсан болохоор. Хоорондоо куртикны талаар л маргалдаад байх шиг байсан. ...Гартаа юу барьсан байсан талаар сайн хараагүй Уг айлд тог байхгүй байсан болохоор. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрч Ч.Зоригт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зүс таних *******, ******* нар хоорондоо манай гэрт муудалцаад байсан. ******* *******ы гар руу нь гараараа цохиод байсан. ...Тухайн үед манай гэрт *******, *******, Б.Батбаяр Г.Туул бид тав байсан. Тэгээд ******* ******* нарын зодооныг Б.Батбар ганцаараа салгасан. Г.Туул харвасан хүн болохоор салгаагүй. Би мөн гар муутай учир салгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ... 2021 оны 06 дугаар сарын 12-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг МСҮТ-ийн зүүн талын задгай хашаанд зүс таних Зоригийн гэрт архи ууж сууж байгаад зүс таних *******тай куртикнээс болж хоорондоо муудалцсан. Тэгээд *******ы нүүр хэсэг рүү 1-2 удаа гараараа цохисон, зүүн гар хэсэг рүү нь мөн гараараа цохисон. ...2021 оны 06 дугаар сарын 12-ний өдөр Зоригийн гэрт *******, Батбаяр, Туул гэх эмэгтэй бид тав байсан . ...Надаас миний куртикийг жоохон өмсөж байгаад өгье гээд авсан. Тэгээд 2 хоног өмсөөд явчихаар уурласандаа болоод *******ы бие эрх чөлөөнд халдсан. ...Бид бүгд өөрсдийгөө хянах чадвартай байсан. ...Би эмчилгээний төлбөр мөнгө өгсөн. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруутай үйл ажиллагаа боллоо ...гэх мэдүүлэг/Хх-ийн 29-30 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 2 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №120 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.*******ы биед зүүн гарын шуу ясны хугарал, зүүн шанаанд шарх, зүүн гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 16-17 дугаар хуудас/
Хохирогч *******ы яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 18 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 41 дүгээр хуудас/
Шүүгдэгч ******* хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 58 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны оройн 19 цагийн орчим *******ийн нутаг дэвсгэр Таван-Од эмийн сангийн хашаанд оршин суух Ч.Зоригтын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцаа улмаас маргаж улмаас эрх чөлөөнд нь халдаж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч *******ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг/Хх-ийн 11 дүгээр хуудас/,Хохирогч *******ы мэдүүлэг/Хх-ийн 5-6, 8-9 дүгээр хуудас/, гэрч Ч.Зоригтын мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №120 дугаартай дүгнэлт/Хх-ийн 16-17 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь гэмт хэрэг гарснаас хойш шүүгдэгчээс эмчилгээний зардалд мөнгө авсан гэж мэдүүлдэг боловч хэдэн төгрөгийг шүүгдэгчээс эмчилгээний зардалд хүлээн авсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******ид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны оройн 19 цагийн орчим *******ийн нутаг дэвсгэр Таван-Од эмийн сангийн хашаанд оршин суух Ч.Зоригтын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцаа улмаас маргаж улмаас эрх чөлөөнд нь халдаж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт ...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг уг өршөөлийн хуульд хамруулж ялаас чөлөөлөх, хасах, ялаас өршөөн хэлтрүүлэхээр заасан байна.
Гэвч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт ...Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №424 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 08 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хорих ялаас 02 жил 06 сар 22 хоногийн хугацааны өмнө өршөөн суллагдсан байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж торгох ялаас өршөөн хэлтрүүлэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Бямбарагчаагийн Очийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500/таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 06/зугаа/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ