| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00547/И |
| Дугаар | 601 |
| Огноо | 2017-10-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00547/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, Г.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: .................. тоотод оршин суух, Д.Д-д холбогдох
“Орон сууц хөлслүүлсний төлбөр 500 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Б нь миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д нь миний эзэмшлийн 4 дүгээр багт байрлах А-18-11 тоот 1 өрөө байрыг сарын 250 000 төгрөгөөр үнэ тохиролцож хөлсөлсөн. 2 сарын хөлс 500 000 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 11 дүгээр сарын 16-нд хүүхдээрээ байрны түлхүүрийг өгч явуулсан. Дараа нь Д-тэй уулзахад цагдаа, шүүхдээ өг гэж хэлсэн. Иймд Ж.Д-гээс 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Хариуцагч Д.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын 4 дүгээр баг А-18-11 тоотод байрлах Б гэдэг хүний эзэмшлийн 1 өрөө байранд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд амьдарч байсан нь үнэн. Тэр үед эхнэр маань төрөөд эхнэр шинэ хүн 2-оо дааруулж зутруулахгүй гэж бодсоны үндсэн дээр байр хөлслөх болсон.Тэгэхдээ түрээсийн төлбөр тооцоог Б-тай яс тохиролцоогүй. Балжинням нь би урьд нь барилгын хүмүүст түрээслээд юу ч олж авч чадаагүй. Тог, усны өртэй үлдсэн. Та 2 орвол ор, эгч нь нэг их үнэ хэлэхгүй, хэдүүлээ явцын дунд болно биз гэж хэлсэн. Байранд орохын өмнө урьд нь амьдарч байсан хүмүүсийн тогны мөнгийг төлсөн. 50 000 төгрөг төлсөн. Бид 1 сар 17 хоног амьдарсан. Гэхдээ энэ байр нь хүн амьдрахад маш хэцүү, дөнгөж ороод 2-3 хонож байхад Ус сувгийн хүмүүс ирээд наад айл чинь манайд их өртэй, усыг нь тасдлаа гээд бүх крантыг нь хөрөөдөж хаясан. Б эгч өөрөө дэргэд нь хараад л зогсож байсан. Манайх нялх нойтон хүүхэдтэй усны хэрэглээ бол маш чухал байсан. 00-д орох болвол бид хажуу талын 1 дүгээр сургуулийн жорлонд очиж бие засдаг, усаа Хорихын байрны худгаас зөөж хэрэглэдэг байсан. Манайх эдний байранд 40 гаруй хоног амьдрахдаа хэрэглэсэн тогны мөнгө 2 удаа бичигдэж гарсныг төлсөн. Хэрэглээний ус байхгүй, жорлонд бие засах боломжгүй хүнд нөхцөлтэй байсан тул бид гэр хөлсөлж 2015 оны 11 сарын 12-ноос байрнаас гарч, түлхүүрийг хүүхдээрээ өгүүлсэн. Ийм нөхцөл байдалтай байсан тул Г.Б-аас нэхэмжилсэн 500 000 төгрөгийг төлж чадахгүй, харин орон сууцыг хөлсөлж орохдоо урьд Б-аас уг байрыг түрээсэлж байсан барилгын хүмүүсийн хэрэглэсэн тогны мөнгө 50 000 төгрөгийг төлсөн тул энэ мөнгийг суутган нэхэмжлэгчид 200 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Д-д холбогдуулж “орон сууц хөлсөлсний 500 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Д нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-18-11 тоотод байрлах нэхэмжлэгч Б-ын өмчлөлийн 1 өрөө байрыг түрээслэн эхнэр, хүүхдийн хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 12х/, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэхдээ нэхэмжлэгч Г.Б-ын хувьд бусдад хөлслүүлж байгаа орон сууцныхаа тог цахилгаан, ус халаалтын мөнгө буюу орон сууц ашиглалтын төлбөрийг төлөөгүй байж айл оруулснаар орон сууц хөлслөгч Д.Д-гийнх уг орон сууцанд тохь тухтай, аж төрөх нөхцөл хумигдаж, бие засах болвол байрнаасаа гарч өөр газар очиж бие засах, ундны болон хэрэглээний усаа гэр хорооллын худгаас зөөж хэрэглэх зэргээр хүндрэлтэй нөхцөл байдалд 47 хоног амьдарсан байна.
Хариуцагч Д.Д-гийн хувьд эхнэр, нялх хүүхдээ дааруулж зутраахгүйн тулд энэ байрыг хөлслөн амьдарч байсан боловч өвлийн хүйтэн орох тусам ус ундгүй байгаа, гадаа гарч бие засах зэрэг гачигдалт байдалд цааш амьдрах хэцүү тул гэр хөлслөн уг орон сууцнаас гарсан гэсэн тайлбарыг өгч байна.
Дашрамд нэхэмжлэгч Г.Б нь тог цахилгаан, усны өр төлбөргүй, ямар нэг асуудалгүй байрыг хөлслөгчид хүлээлгэн өгсөн талаар шүүхэд нотлоогүй болно.
Жич: нэхэмжлэгч нь өөрийн орон сууцаа 2016 он, эсхүл 1916 онд Д.Д-д хөлслүүлсэн гэж нэхэмжлэл болон тайлбартаа дурдсан боловч маргааны үйл баримт, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд 2015 онд өөрийн орон сууцаа хариуцагчид бичгээр гэрээ байгуулахгүйгээр амаар тохиролцон хөлслүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч Ж.Д нь уг орон сууцанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан бүтэн 2 сарын хугацаанд амьдраагүй байх ба дээр өгүүлсэн гачигдалтай нөхцөлд 47 хоног амьдарсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч Д.Д-гээс орон сууц хөлслүүлсний төлбөрт 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ж.Д-гээс 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Д.Д-гээс орон сууц хөлслүүлсний төлбөрт 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 16 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс 6 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР