| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0461/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/451 |
| Огноо | 2017-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Д.Дэлгэрмаа,
Хохирогч С.С,
Шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч С.Бум-Аюуш /№1481/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Шагдаржавын Дд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711000000064 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хими угаалгын мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шагдаржавын Д,
Шүүгдэгч Ш.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ш.Д нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-40 мянгатын 13 дугаар байрны 14 тоотод өөрийн бэр болох хохирогч С.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож түүний бие махбодид тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, хоёр шуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг: 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад Мөнх-Од хүүхдийн хамт ирсэн. Хүүхэд нь халуурсан байхаар нь би Мөнх-Одыг шөнө эмийн сан руу явуулж тариа авахуулсан. 19-ний өдөр 15 цагт хүүхэд тариатай байсан. Би хүүхдээ тэврээд Мөнх-Од таридаг байсан. Тухайн үед С ирээд ууртай байсан. Би сүүлийн үед тэдний хүүхдийг нь байнга харж байгаа. С урд нь хоёр удаа Шар хад руу авч яваад өвдүүлсэн байсан. Тэр өдөр хүүхэд өвдсөн байсан тул би бухимдсан байсан. Хүүхдээ нэг бол энд нэг бол шар хаданд байлга гэсэн. Яагаад хүүхэд харахгүй гэсэн гэвэл намайг ажилтай байхад эд нар хүүхдээ эрт ирж авдаггүй. Би өөрөө ажилтай байдаг. С хүүхдээ Мөнх-Од бид хоёрт даатгаад өөрөө хүүхэдгүй юм шиг явдаг. Сд гар хүрээгүй байхад өөрөө орилж цагдаа дуудна гэсэн. Би Сувд-Эрдэний үсийг хоёр удаа зулгааж, хоёр удаа толгой руу нь цохисон. Олон удаа цохиж зодсон зүйл байхгүй. С байрнаас гараад 30 гаран минут орилж зогссон. Хар хавгай гээд намайг овог нэртэй минь дуудаж хашгарсан. Би тэсэхгүй болоод гарч “чи яваач” гэхэд бид хоёр барилцаад үснээс нь зулгаасан. Би Сувд-Эрдэнийг дийлэхгүй юм байна лээ. Тэр үед СувдЭрдэнэ миний цээж рүү цохиж, доогуур өшиглөсөн гэв.
Яллагдагч Ш.Д-ын мэдүүлэг мэдүүлэг/хх-ийн 29-30/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С-ий мэдүүлсэн мэдүүлэг: Би эдний хүү Мөнх-Одтой 2008 онд танилцаад 2010 онд анхны охиныг нь гаргаж өгч эдний гэрт ирээд 3 сар болоход Д намайг өвлийн хүйтэнд охинтой минь хамт хөөж байсан. Манай хүүгийн дараагийн эхнэр манайд ирж байна, чи яв гэсэн. Дараа нь Мөнх-Од 2 жилийн дараа сүүлийн эхнэрээсээ салаад, ажлаасаа гарсан гээд намайг хайж олж ирж байсан. Би охиныхоо хоёр насных нь төрсөн өдөр болоход Мөнх-Одтой амьдарч байгаа. Дараагийнх нь хүүг 2016 онд төрүүлсэн. Түүнээс хойш хоол ундгүй болоод би ялт ч үгүй шалтгаанаар хөхүүл байхдаа хөхөө чинэрүүлээд “Алтжин бөмбөгөрийн” шөнийн захад гоо сайхны павилон түрээслүүлж ажлуулж байсан. Нөхөр маань хүүхдээ хардаг байсан. Сүүлдээ хүүхдээ ээждээ хүргэж өгөөд явдаг байсан юм байна лээ. Тухайн үед манай нөхөр ажил хийдэггүй тул орлого байхгүй болохоор би төрөөд 2 сартай байхдаа хүүхдээ ээждээ орхиод ажил хийдэг болсон. Боломжтой хоол ундтай байсан бол би хүүхдээ хараад гэртээ байж болох байсан. Манай нөхөр энэ тэндээс худал хэлээд мөнгө авчихдаг. Үнэндээ бол ээжид нь буруу байхгүй. Ээжийнхээ ч үгэнд ордоггүй. Айлын эрх хүүхэд. Түүнээс өмнө 8 дугаар сарын 4-ний өдөр би гэр бүлээрээ Хөвсгөл явчихаад иртэл айлын түрээсийг надаас өмнө очоод авсан байсан. Үүнээс болж манай нөхөр гэрээсээ яваад ээж дээрээ очсон байсан. Ээж нь хүүгээ гэр рүүгээ яв гэж хэлдэггүй. Харин ч халамжлаад гэртээ байлгаад наадах чинь мөнгө өгөхгүй бол сал гээд байдаг. Хүүхдүүдийг минь ажил дээр авчирч өгдөг. Би ямар ч завгүй тул хүүхдүүдээ ээждээ аваачаад өгдөг. Гэтэл эргүүлээд хүүхдүүдээ санаад байна аваад ир гэдэг. Хоёр хонуулахдаа гутал хувцас авах мөнгө өг гэдэг. Мөнгө өгөхгүй гэхээр хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй гэдэг. Тэгээд би аргагүй эрхэнд мөнгө өгдөг. Тухайн өдөр гэр рүү нь охиноо дагуулаад орсон. Би охиныгоо гаргасан байхдаа хүүхдээ хөхүүлж чадахгүй болтлоо зодуулж байсан. Би хүүтэйгээ уулзах гэж тэднийд очсон. 17-ны өдөр манай ажлаас ирж авсан байсан. Намайг орох гэхэд манай хадам ээж тариа найруулж байсан. Юу болж байгаа юм бэ гэхэд харин дааруулаад ханиад хүрсэн байна. Хоёр хоногийн өмнөөс тарьж эхэлсэн гэж манай нөхөр хэлсэн. Гэтэл хадам ээж хаа хамаагүй зүйл яриад бид хоёрыг муудалцуулах гээд байсан. Тэгтэл Мөнх-Од нь зүрхний өвчтэй болохоороо намайг далимдуулж зодох гээд байсан. Урд нь энэ хоёр намайг 4 удаа зодсон. Би цагдаад хэлдэггүй байсан. Би бүр “мишок” гэдэг хочтой болсон. Би хүний урамд энэ эгчийг хүндлээд нэг удаа гар хүрч байгаагүй, гар хүрч байгаа нь надаас зуураад байхаар нь гарыг нь тавиулах гэж түлэхдэг байсан. Намайг байрны гадна байж байхад Мөнх-Од над руу салаавч гаргаад байхаар нь би “Доржпагмын Мөнх-Одоо, Да та хоёр гарч ирээд намайг зод л доо” гэж хоёр удаа орилсон. Тэр үед Доржпалам “наад гичийгээ оруулаад ир” гэж байсан. Одоо Мөнх-Од надаас байнга мөнгө нэхэж байгаа. “Хоёр хүүхдээ аваад манай гэрээс зайл бид нараас юугаа авах гээд байгаа юм” гэж байсан. “Надаас хол байвал болоо, би хүүхдүүдэд чинь тэтгэмж өгч чадахгүй шүү” гэсэн. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч С.С-ий мөрдөн байцаалтад өгсөн: "...манай хүүг Д хадам ээж тэвэрчихсэн тариа хийх гээд байж байсан өмнө нь огт надад тариа хийж байгаа гэж хэлээгүй болохоор би уурласан. Тэгэхэд Мөнх-Од уурлаагүй байж байгаад би дааруулчих шиг боллоо, эсвэл даараад ирчихсэн юм уу тариа хийж байна. Ханиад хүрчихсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэр үед би коридорт үүдэнд нь зогсож байсан. Тэгтэл гэнэт хадам ээж Д надад уурлаад яах гээд хүүхдээ аваад ирсэн юм. Би харахгүй гэж хэлсэн биздээ. Нэг бол энэ гэрт амьдруул, үгүй бол өөрийнхөө гэрт байлга хүүхэд өвтгөлөө гэж хэлээд уурласан. Тэгэхээр нь би Намуунаа охиныгоо хурдан гутлаа өмс явъя гэж хэлээд зодох гээд байгаа юм шиг санагдсан болохоор явъя гээд охиныгоо дагуулаад гартал орцонд Мөнх-Од түрүүлж гарч ирээд миний малгайтай цамцнаас зуураад бариад авахад араас нь хадам ээж Д ирээд миний үснээс аймар их зулгаагаад, толгой руу маш их цохисон тэгээд тэр 2 гэр лүүгээ орчихсон. Тэр үед би цагдаа дуудчихаад байрны урд талын тоглоомын талбай дээр цагдааг хүлээгээд сууж байхад Мөнх-Од над руу тагтан дээрээ гарч ирчихээд салаавч гаргаад зогсож байсан. Цагдаа нарыг иртэл гадаа байж байх үедээ Мөнх-Од, Д нарыг гараад ир, гарч ирээд намайг зод гэж хэлэхэд 2-уулаа гарч ирээд Д намайг дахиад үсдээд чирсэн. Миний гарыг хүртэл бугуй хэсэгнээс бариад татаад мушгиад байсан. Тэгээд цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9х/
2017 оны 8 дугаа,р сарын 19-ний өдөр С.Сэс гаргасан гэмт хэргийн талаархи гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3х/, гэрч С.Бат-Эрдэнэ /хх-ийн 14х/, Д.Мөнх-Одын /хх-ийн 15х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.08.23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10708 дүгнэлтэд: С.С-ийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17х/ гэх дүгнэлт
болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Ш.Д-ын гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.Дд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний насны байдал, гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С мэдүүлэхдээ: “...Надаас хол байвал болоо, би хүүхдүүдэд чинь тэтгэмж өгч чадахгүй шүү гэсэн. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгч П.Доржпагмыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Д нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх ба түүний оролого олох боломж,
өөрийнх нь саналыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ш.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Ш.Д-ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ