| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/1015/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/972 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/972
2020 12 01 2020/ШЦТ/972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: Г.Түвшинбаяр;
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто машины оператор мэргэжилтэй, “М” ХХК-нд автомат сүлжих цехэд машин баригч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт , урьд ял шийтгэлгүй, Б.А
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 13-ны оройн 22 цагийн үед ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” караоке, баараар үйлчлүүлж байсан “согтуу эмэгтэй тооцоогоо хийхгүй агсраад байна” гэх зөрчлийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Д.Б-ныг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, хөл рүү нь өшиглөж, нүүрэн тус газар нь маажих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-8/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/, гэрч В.М мэдүүлэг /хх-ийн 15-16/, эргүүлийн офицер Д.Б-ны илтгэх хуудас /хх-ийн 18/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 23/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-27/, хохирогч Д.Б /хх-ийн 30-33, 34-35/, гэрч С.Н /хх-ийн 38-39/, гэрч Г.У /хх-ийн 40-41/, гэрч Н.Б /хх-ийн 51-52/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10598 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/, зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 74/, Б.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 53-67/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “С ” караоке, бааранд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор агсам согтуу тавихгүй байх, үйлчилгээний төлбөр тооцоогоо төлөх, нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардах зэргээр албан үүргээ биелүүлж буй Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Д.Б-ныг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Б-ны /хх-ийн 30-33/: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Г.Угтахбаярын хамтаар ээлжийн албан үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад 20 цаг 52 минутад ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С ” караоке дотор “согтуу эмэгтэй хүмүүс тооцоогоо хийхгүй агсраад байна” гэх зөрчлийн дуудлага мэдээллийг хүлээн авч 21 цаг 10 минутад очиход ...үл таних 40 орчим настай хоёр эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байдалтай, орилж чарлаад караокены барментай маргалдаж хэрүүл хийсэн байдалтай байсан. 40 орчим настай, гадуураа хар хөх өнгийн нимгэн богино куртик, хөх өнгийн пүүз, хар өнгийн даавуун өмдтэй, шар царайтай, бор үстэй, үл таних эмэгтэйд хандаж “та энэ караокед архи согтууруулах ундааны зүйл буюу архи худалдаж авч ууж хэрэглэсэн байна, та төлбөр тооцоогоо хийгээд гэртээ харь, гэр чинь хаана байдаг юм бэ, таны нэрийг хэн гэдэг юм бэ” гэж шаардлага тавьж хэлэхэд “та нарт ямар хамаатай юм бэ, би тооцоо хийхгүй” гээд орилж чарлаж миний өөдөөс агсарч дайраад байсан. Би “та одоо төлбөр тооцоогоо хийхгүй бол бид таныг одоо авч яваад эрүүлжүүлэх байранд хүргэх болно, эрүүл саруул болоод төлбөр тооцоогоо хийгээрэй” гэж хэлэхэд “үгүй, та нар яахаараа намайг авч явдаг юм бэ” гэж хэлээд дайрсан. Би дахин шаардлага тавиад “та төлбөр тооцоогоо хийчих, гэр чинь ойрхон бол та нарыг хүргээд өгнө” гэж хэлэхэд шаардлага биелүүлэхгүй “үгүй ээ” гэж орилж чарлаад агсраад байсан. Тухайн эмэгтэйг хөдөлгөөнт эргүүлийн машин дээр авчирч машины баруун талын хойд хаалгыг онгойлгож суулгах гэхэд намайг “пизда минь” гэж хэлээд хөлөөрөө баруун гуя руу нэг удаа жийсэн. Шаардлага биелүүлэхгүй байхаар нь зүүн гарыг нь бариад гавлах гэхэд миний нүүрэн тус газарт баруун гараараа маажиж зүүн хацар, хамар, дух, баруун нүдний дээд зовхинд шарх сорви үүсгэж биед халдаж дайрсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.У-н /хх-ийн 40-41/: “...дуудлагын дагуу эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Б-ны хамт “С ” нэртэй бааранд очиход хоёр эмэгтэй тооцооны улмаас баарны үйлчлэгчтэй маргалдсан байдалтай байсан. ... “тооцоогоо төлөөд яв” гэсэн шаардлага тавьсан боловч “та нар яадаг юм бэ” гэж агсарч эсэргүүцсэн. Уг хоёр эмэгтэй шаардлага биелүүлэхгүй болохоор нь баарнаас авч гарсан ...илүү агсраад байсан саарал хувцастай эмэгтэйн хоёр талд нь гараад гараас нь бариад явсан. Машины хажууд очоод хаалга онгойлгон суулгах гэтэл нөгөө эмэгтэй суухгүй гэж эсэргүүцсэн. Би машины урд хаалгаар ороод хойд талын суудал дээр очоод нөгөө эмэгтэйг машин дотроос татаж суулгах гэтэл нөгөө эмэгтэй офицер Д.Б-ны нүүрийг маажсан. Эрүүлжүүлэх байр руу хүргэхдээ машин дотор гарыг нь гавласан байдалтай авч явж байхад офицерыг өшиглөж “пизда нар” гэх мэтээр хэлж, авирлаж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч В.М-н /хх-ийн 15-16/: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны оройн 20 цагийн үед манай караокед хүмүүс маргалдаад 20 цаг 52 минутад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар 21 цагийн үед ирж агсам тавиад тооцоо хийхгүй байсан эмэгтэйтэй уулзахад цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй хэрүүл хийж байсан. Уг эмэгтэйг цагдаагийн алба хаагч машиндаа суулгах шаардлага тавихад эсэргүүцэн цагдаагийн алба хаагчийн нүүрийг маажсан. Дуудлагаар ирсэн хоёр цагдаа арай хийж машиндаа суулгаж аваад явсан...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Н-н /хх-ийн 38-39/: “...өөрийн найз Б.Аын хамт уг бааранд орсон. Үйлчлүүлж байхдаа барментай дуунаас болж Б.А маргалдсан ...цагдаа орж ирээд манай найзыг “эрүүлжүүлэх байр руу авч явна” гэж хэлсэн. Б.А “би явахгүй” гээд маргаан үүсгээд машинд нь суухгүй гээд эсэргүүцэж байхдаа цагдаагийн албан хаагчийн биед санамсаргүй халдсан...” гэх мэдүүлгээр,
Д.Б-ны биед учирсан “дух, баруун дээд зовхи, зүүн хацар, эрүүнд зулгаралт” бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүйг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10598 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 47-48/,
Б.Аын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6-8/: “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ...хамт ажилладаг С.Н-н хамт 17-н орчим байдаг “С ” нэртэй караоке бааранд орсон. Тэгээд пиво ууж сууж байгаад нэг мэдэхэд эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд сэрсэн. Өөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/, эргүүлийн офицер Д.Б-ны илтгэх хуудас /хх-ийн 18/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 23/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бааранд агсам согтуу тавьж, хэрэглэсэн эд зүйлийнхээ төлбөр тооцоог төлөхгүй байсан, зөрчлийн шинжтэй дуудлагын дагуу ирсэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” зэргийг хохирогч, гэрч нар зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалж буй хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн Б.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Б-ны “...ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.А нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалж буй хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, тогтвор суурьшилтай эрхэлсэн ажилтай, хохирогч гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, С ыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх байдлаар цээрлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний доторх хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд
мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ