Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/979

 

 

 

 

 

 

 

2020           12          02                                   2020/ШЦТ/979

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Т.Т-, түүний өмгөөлөгч Л.Чинбат,

иргэний хариуцагч П.Энх-Амгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Магсархүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Т.Т-д холбогдох эрүүгийн 2003004430352 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "..." ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ...овогт Т.Т- нь:

 

- 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 100 айлын ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал дээр "Эрдэм Транс" ХХК-ний эзэмшлийн "Daewoo BS106" маркийн 06-17 УНБ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан "Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн хаалгыг бүрэн хаагаагүй байхдаа хөдөлсөний улмаас зорчигч 76 настай, эрэгтэй Б.Доржхандыг унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 5-13 дугаар хуудас /

 

Хохирогч Б.Доржханд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед 100 айлын автобусны буудал дээр ирээд автобуснаас буух үед автобус хөдлөөд намайг унагаачихсан. Тэгээд автобусны буудал дээр байсан хүмүүст бага хүүгийнхээ дугаарыг өгөөд дуудуулсан гэжээ. / хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас /

 

Иргэний хариуцагч П.Энх-Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Ослын улмаас автобусанд хохирол учраагүй. Т.Т- нь манай байгууллагад 3 жил ажиллаж байна. Өмнө  нь осол, хэрэг гаргаж байгаагүй. Т.Т-д байгууллагын зүгээс 2.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 1.080.000 төгрөг буцалтгүй тусламжаар, 800.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж өгсөн. Дахиад эмчилгээний зардлыг жолоочийн хариуцлагын даатгалаар барагдуулна гэжээ. / хавтаст хэргийн 59 дүгээр хуудас /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9602 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Доржхандын биед баруун чөмөгний төвгөр дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэрээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас /

 

Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 148 дугаартай магадлагаанд:

1. Daewoo маркийн 06-17 УНБ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Төмөрцоож овогтой Т.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан "Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч Б.Доржханд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэжээ. / хавтаст хэргийн 82 дугаар хуудас /

 

Шүүгдэгч Т.Т-г 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хавтаст хэргийн 101 дүгээр хуудас / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Магсархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний аав дээрх ослын улмаас биеэ дааж явж чадахгүй, хэвтрийн байдалтай асаргаанд байгаа. Өмнө нь өгсөн баримтаас дутуу өгсөн үлдсэн баримт болон эмчийн дүгнэлтийг авчирсан. Аав, ээж 2 маань миний асаргаанд байдаг. Нийт эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг авсан. Манай аав өөрөө хөдөлж чадахгүй болсон тул сарын 50.000 төгрөгөөр тооцож, 1 жилийн хугацаагаар асрагч хөлсөлсөн төлбөр  18.000.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээнд жилд 4 удаа асрагчийн хамт явах төлбөр 4.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөг болж байна. Мөн өмнөх нэхэмжлэлээс үлдсэн 22.927.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний хариуцагч П.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай байгууллага Т.Т-д 2.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 1.080.000 төгрөгийг буцалтгүй тусламжаар, 920.000 төгрөгний цалингийн урьдчилгаа өгсөн. Цаашид гарах хохирлыг даатгалаас авч өгнө гэв.

 

Шүүгдэгч Т.Т- нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 100 айлын ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал дээр "Эрдэм Транс" ХХК-ний эзэмшлийн "Daewoo BS106" маркийн 06-17 УНБ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан "Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн хаалгыг бүрэн хаагаагүй байхдаа хөдөлсөний улмаас зорчигч 76 настай, эрэгтэй Б.Доржхандыг унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ...Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 5-13 дугаар хуудас /, ...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед 100 айлын автобусны буудал дээр ирээд автобуснаас буух үед автобус хөдлөөд намайг унагаачихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Доржхандын мэдүүлэг / хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас /, ...Т.Т-д байгууллагын зүгээс 2.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 1.080.000 төгрөг буцалтгүй тусламжаар, 800.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж өгсөн. Дахиад эмчилгээний зардлыг жолоочийн хариуцлагын даатгалаар барагдуулна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний хариуцагч П.Энх-Амгалангийн мэдүүлэг / хавтаст хэргийн 59 дүгээр хуудас /, ... Б.Доржхандын биед баруун чөмөгний төвгөр дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9602 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас /, ... Daewoo маркийн 06-17 УНБ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Төмөрцоож овогтой Т.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан "Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч Б.Доржханд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн мөрдөгчийн 148 дугаартай магадлагаа / хавтаст хэргийн 82 дугаар хуудас / зэрэг болно.

 

            Шүүхээс шүүгдэгч Т.Т-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Т- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Магсархүү нь асрагч өдрийн 50.000 төгрөгөөр тооцож, 1 жилийн хугацаагаар хөлсөлсөн төлбөр 18.000.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээнд жилд 4 удаа асрагчийн хамт явах төлбөр 4.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөг, мөн өмнөх нэхэмжлэлээс үлдсэн 22.927.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт болон түүний тайлбараар хохирогч нь одоогоор нөхөн сэргээх эмчилгээнд яваагүй тул хохирлыг тооцон гаргуулах боломжгүй байна. Мөн Д.Магсархүү нь нялх хүүхэдтэй учир эцгийгээ харах боломжгүйгээс Б.Батгэрэл гэгчээр асруулахаар түүнтэй бичгээр гэрээ байгуулсан боловч гэрээгээ нотариатоор батлуулаагүй, гэрээний дагуу Б.Батгэрэлд 2020 оны 09 сараас 2020 оны 11 сар хүртэл нийт 3.050.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

             Гэтэл хохирогч Б.Доржханд нь 76 настай бөгөөд автын ослын улмаас хэвтрийн байдалтай, байнгын хүний асаргаанд байх шаардлагатай болсон тул түүний хүү Д.Магсархүүгээр асран хамгаалуулахаар Нийгмийн халамжийн газар 2020 оны 10 сарын 12-ны өдрөөс түүнд сар бүр 84.500 төгрөг олгохоор шийдвэрлэсэн болох нь  Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн 0072721 дугаартай дэвтрийн хуулбараар нотлогдож байна. Д.Магсархүү нь нялх хүүхэдтэй гэдэг үндэслэлээр эцгийгээ асран хамгаалах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд харин хохирогчид зайлшгүй тусгай асаргаа сувилгаа шаардлагатай бол дээрх асаргаатай холбоотой нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

            Хохирогчийн эмчилгээний зардлаас хоол болон нотлох баримтын шаардлага хангахгүй нэхэмжлэлийг хасаж, баримтаар нотлогдсон 2.344.255 төгрөгөөс 1.800.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн тул үлдэх 544.255 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, нэхэмжлэлээс 382.945 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:                    

1. Шүүгдэгч ... овогт Т.Т-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 / найман зуу/ нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Т- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Т.Т-гээс 544.255 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Доржхандад олгож, нэхэмжлэлээс 382.945 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашдын эмчилгээний зардал болон бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т- нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

6. Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч, нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ