| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00560/И |
| Дугаар | 648 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00560/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух, Н.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: .............. оршин суух, Б.Г-т холбогдох
“зээл, зээлийн хүүгийн 4 000 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г-ын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.
Хариуцагч Б.Г-ынт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч Н.Г-ын хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт, саналын дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Г-ын нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г-тай 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээ байгуулж нотариатчаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч Б.Г 4 000 000 төгрөгийг дутуу өгч зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Б.Г-аас 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Б.Г-т холбогдуулан “зээл, зээлийн хүүгийн 4 000 000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Н.Г-той 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийг зээлдэж авсан болох нь зээлийн гэрээ /хх-ийн 5х/, хариуцагч Б. Г-ийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сум дундын 28 дугаар шүүхэд хаяглан бичсэн баталгаа /хх-ийн 6х/ зэргээр тогтоогдож байна.
Дашрамд хариуцагч Б.Г нь Н.Г-ын нэхэмжлэлийг 2017.10.04-ний өдөр гардан авсан болох нь Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Нэхэмжлэл гардуулсан баримтаар тогтоогдож байх ба энэ баримтаас үзэхэд хариуцагч Б.Г- нь нэхэмжлэлд хариу тайлбараа шүүхээс тогтоосон 2017.10.11-ний өдрийн дотор буюу 7 хоногийн хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа буюу татгалзаж байгаа тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ зөрчсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Иймд хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч иргэн Н.Г-ын нэхэмжлэлийг өөрөө биечлэн гардаж авсан боловч хуулийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэхээ шүүхэд илэрхийлээгүй, тайлбараа өгөөгүй, шүүх хуралдааны товыг өөрөө мэдсэн атлаа шүүх хуралдаанд ирээгүй зэрэг нь нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болж байгаа тул нэхэмжлэгч иргэн Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Г-аас 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Г-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Г-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Г-аас 78 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Г-т олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР