| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0652/И |
| Дугаар | 700 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 700
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2017/00700 | Төв аймаг |
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, 2 дугаар баг, Мандал, мандалын аманд оршин суух Боржигон овогт Хасбазарын Мядагмаа /НЙ65121404/-гийн
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Мядагмаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Мядагмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1965 онд Төв аймгийн Борнуур суманд төрсөн. Бага дунд сургууль ТМС төгсөөд 1983-1984 оныг хүртэл 1 жил ногоочноор, 1987 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл барилгын бригадад ажилласан бөгөөд тус байгууллагад 1987-1992 оны 01 сар хүртэл 6 жил ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Мядагмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Төв аймгийн Борнуурын Сангийн аж ахуйд ногоочноор, 1987 оноос эхлэн 1992 оныг хүртэл Төв аймгийн Борнуурын Сангийн аж ахуйд нормчоор ажиллаж байсныг тус тус сэргээн тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Мядагмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Х.Мядагмаа нь Төв аймаг, Борнуурын Сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ногоочноор, Төв аймаг, Борнуурын Сангийн аж ахуйд Барилгын бригадад нормчноор 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
-БНМАУ Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаар ажилд томилох тухай тушаалын хуулбарт “Борнуур сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангиас үйлдвэрлэлд гарч ажиллах хүмүүсийг 6-р сарын 27-ноос ажилд томилсугай” гэх бичилт,
-САА-н даргын 1983.6.30-ны өдрийн 172-р тушаалын хавсралтын хуулбарт “Х.Мядагмаа ногоочин” гэх бичилт,
-БНМАУ Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1984 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 239 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт “...Х.Мядагмаа нарыг 8-р сарын 20-ноос ажлаас нь чөлөөлсүгэй” гэх бичилт,
-БНМАУ Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 254 дүгээр ажилд томилох тухай тушаалын хуулбарт “...Х.Мядагмаа ...нарыг 8-р сарын 1-нээс нормчноор түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулсугай” гэх бичилт,
-БНМАУ Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар буцалтгүй тэтгэмж олгож, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Борнуур САА-н ногооны бригадын ногоочин, барилга ангийн нормчин Х.Мядагмаагийн “1983.6 сараас 1992” оныг дуустал ажиллаж байсан цалингийн түүвэр,
-гэрч Ж.Энхтуяагийн “Миний бие 1987-1992 оны 01 сарыг хүртэл Х.Мядагмаатай хамт барилгын бригадад ажиллаж байсан...” гэх тодорхойлолт,
-гэрч Ж.Дэлгэржавын “Миний бие 1983-1984 онуудад Х.Мядагмаатай хамт ногооны бригадад хамт ажиллаж байсан нь үнэн” гэх тодорхойлолт,
-гэрч Ж.Тогоогийн “Миний бие 1983-1984 онуудад Х.Мядагмаатай хамт ногооны бригдад хамт ажиллаж байсан” зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар Х.Мядагмаа нь Төв аймаг, Борнуурын Сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ногоочноор, Төв аймаг, Борнуурын Сангийн аж ахуйн Барилгын бригадад 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Хасбазарын Мядагмаа /НЙ65121404/-г 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Төв аймаг, Борнуурын Сангийн аж ахуйд ногоочноор,
1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймаг, Борнуурын Сангийн аж ахуйн Барилгын бригадад нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Мядагмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР