| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0889/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/909 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигин овгийн Б.Мт холбогдох эрүүгийн 18110226301123 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овгийн Б.М, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Тариат сум Хорго 3 дугаар багт оршин суудаг,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр суллагдсан, регистрийн дугаар АЗ85120111.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуулга баарны үүдэнд 2018 оны 9 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө М.Т руу пивоны шил шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө ах Мягмардорж түүний найз Бямбаа нарын хамт Дуулга бааранд орсон. Тэгээд би өмнө нь 17 клубт ажилладаг байсан болохоор ойр хавийн хүмүүсийг таньдаг бөгөөд 17 клубийн 3 дугаар давхарт байдаг ресейпшнтэй хэдэн үг солиод зогсож байхад гаднаас 3 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирсэн бөгөөд өрөө асуухад нь ресейпшн байхгүй гэсэн. Тэгтэл ресейпшн рүү сонин юм яриад байхаар нь би өрөө байхгүй гэнээ, би сая асуулаа байхгүй гэж байна гэсэн чинь намхан залуу нь надруу үг хаяад байсан ба нэг залуу нь зүгээр манай найз согтчихсон байна. Уучлаарай гээд тэд нар буудлаас гараад явсан. Ингээд удалгүй Бямбаа орж ирээд намайг дагуулаад бид хоёр буудлаас гараад иртэл өрөө асуугаад байсан залуучууд Дуулга баарны хаалганы урд сууж байсан. Тэгснээ надад үг хаяад байсан залуу надруу пивоны шил шидсэн бөгөөд би доошоо суусан чинь толгойн оройн хэсэгт оносон. Тэгээд тэр залууг барьж аваад яагаад шил шидэж байгаа юм бэ гэхэд чамайг намайг зодчих байх гэж айгаад шил шидсэн гэж хэлсэн...” гэжээ /хх-15-16/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №11153 дугаар дүгнэлтэд:
“1. М.Тын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-21/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-11/.
Хохирогч М.Тын Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...М.Т миний бие гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-62/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуулга баарны үүдэнд 2018 оны 9 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө М.Т руу пивоны шил шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Мөн шүүгдэгч Б.Мт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан байдал зэргийг тус тус харгалзав.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах зэргийн тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хэрэгт баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН