Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 66

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 09 сарын 28 өдөр                Дугаар 66                                          Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Н.Эрдэмбилэг

Иргэдийн төлөөлөгч Н.Балжинням

          Гэрч Б.Чинбаатар, Б.Нарантэгш

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ариунболдод холбогдох эрүүгийн 201617000193 тоот хавтаст хэргийг 2016 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг Хамар чулуун гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,ЛЕ85022719 регистрийн дугаартай,  Далх овгийн Баатарсүхийн Ариунболд

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ариунболд нь 2016 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамар чулуун гэх газарт гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Бат-Эрдэнэтэй маргалдан зодож, түүний бие махбодид бүдүүн гэдэсний өгсөх, хөндлөн гэдэсний хана, чацархайн цус хуралт, ходоод 12 хуруу гэдэсний, ходоодны урд бага махиа нугалмын цус хуралт, цус алдалт, хэвлийд шингэн хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-  Шүүгдэгч Б.Ариунболд  шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 16-17 шилжих шөнө Чинбаатар манайд ирээд байж байсан. Намайг хониндоо яваад ирэхэд Бат-Эрдэнэ, Нарантэгш нар ирсэн байсан. Бид нар 2 пиво, 1 ширхэг 0.5 литрийн архи уусан. Өглөө нь Чинбаатар намайг Бат-Эрдэнэ та хоёр муудалцаад байсан гэж хэлсэн. Би сүртэй зүйл болоогүй байх гэж бодсон. А.Бат-Эрдэнийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна.  Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. А.Бат-Эрдэнэд эмчилгээний зардалд 4.980.000 төгрөг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.

 

- Хохирогч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 17-ны орой гэртээ пиво уучхаад дахиж пиво уумаар санагдаад ойрхон нутагладаг Нарантэгшээр машинаа бариулаад сумын төв орж дэлгүүрээс Боргио пиво 2 ширхэг, 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад Ариунболдын гэр рүү очсон юм. Очиход Ариунболд, Чинбаатар хоёр архи уусан бололтой халамцуу байсан. Би авчирсан архи, пиво Чинбаатар, Ариунболд хоёртой хувааж уусан. Би тэр үед Чинбаатартай “чи намайг хулхидсан” гээд маргалдсан. Гэтэл Чинбаатар нь намайг боож унагахад ухаан алдсан. Нэг сэргэхэд гэртээ хэвтэж байсан. Нарантэгш хэлэхдээ “ шөнө Ариунболд, Чинбаатар та нар хоорондоо муудалцаад Ариунболд нь чиний гэдэс рүү өшиглөж зодсон, ухаангүй дээшээ хараад хэвтэж байхаар нь Ариунболдыг салгаад чамайг аваад явсан” гэж хэлсэн. Тэр өдөр гэдсэн дотор хөндүүрлээд амьсгалж болохгүй өвдөөд байхаар нь сумын эмнэлэг рүү мориноос ойчоод моринд гишгүүлээд гэдсэн дотуур өвдөөд байна гэж түргэн дуудаж үзүүлэхэд эмч ирж үзээд сумын эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очоод эхо аппаратаар хараад гэдсэн дотроо шингэнтэй байна яаралтай хагалгаа хийх хэрэгтэй гээд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдэгдэж эмч нар дуудсан. Тэгээд л тэр өдөртөө хагалгаанд орж эмчилгээ хийлгүүлсэн. Тухайн үед хэвлийн хөндийн гэмтэл авсан. Тархи толгой нүүр ам гар хөл бол зүгээр байсан. Тэр өдөр би Ариунболдын гэрт очихоосоо өмнө өөрийн гэртээ 2.5 литрийн Боргио пивийг ганцаараа уусан байсан учраас дээрхи архи пивийг уугаад их согтсондоо ухаанаа алдсан юм. Нэг сэрэхэд гэртээ ирчихсэн хэвтэж байсан бөгөөд гэдэс дотор их өвдөж байсан. Тэгээд хамгийн сүүлд санаж байгаагаар Чинбаатартай маргаж байхдаа ухаанаа алдсан болохоор л намайг боосон гэж хэлсэн юм. Дараа нь хүмүүсээс сонсоход Ариунболд миний гэдэсрүү хөлөөрөө дэвсэж зодсон болохыг мэдсэн. Би өөрийн авчирсан архи пиво Ариунболд, Чинбаатар хоёртой гурвуулаа хувааж ууснаа мэдэж байна. Дахиж пиво авч уухаар сумын төврүү явснаа санахгүй байна. Одоо надад Ариунболдод гаргаад байх гомдол санал байхгүй байна. Ариунболд нь эмчилгээний зардалд гарсан 4.380.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учраас одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 11 х /

 

- Гэрч Б.Нарантэгшийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд Бат-Эрдэнэ хадам дүү Ганхуягтайгаа цуг манайд ирчихсэн жаахан халамцуу сууж байсан. Бат-Эрдэнэ намайг сумын төврүү хамт явчих гэхээр нь би Бат-Эрдэний машиныг жолоодоод сумын төв орсон. Сумын төвд ирээд Хишиг дэлгүүрээс 0.5 литрийн Улаанбаатар архи, 2 ширхэг 2.5 литрийн Боргио аваад сумаас баруун урагш 15 орчим километрт Ариунболдынд очсон юм. Бид хоёрыг очиход Ариунболдын гэрт Чинбаатар ирчихсэн жаахан халамцуу сууж байсан бөгөөд авч очсон архи пивоо Чинбаатар, Ариунболд, Бат-Эрдэнэ нар хувааж уусан. Би бол уугаагүй. Тэгээд бүгд сумын төв орохоор болоод би машиныг нь жолоодоод явсан. Сумын төв ороод Ариунболдын ээж Саруул эгчээс 2 ширхэг 2.5 литрийн Боргио аваад буцаад хөдөө гэрт нь очиж би гадаа машинд унтсан. Шөнө 02 цагийн үед Ариунболдын эхнэр Дэлхийцэцэг намайг сэрээгээд Бат-Эрдэнэ Ариунболд хоёр зодолдоод байна гэхээр нь гэрлүү ортол гэрт Бат-Эрдэнэ шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн, Ариунболд дээрээс нь гэдэсрүү нь өшиглөж байхаар нь би салгасан. Тэр үед Чинбаатар Ариунболдыг салгах гээд зууралдаад байсан. Тэгээд Бат-Эрдэнийг сэрээх гэтэл сэрэхгүй болохоор Чинбаатар ус цацаж сэрээгээд би гэрт нь хүргэж өгсөн. Замдаа Бат-Эрдэнэ бөөлжөөд байсан. Сумаас ирээд Ариунболд, Бат-Эрдэнэ хоёр пиво уугаад сууж байхдаа миний дэргэд лав маргалдаагүй, намайг машинд хэвтэж байхад маргалдсан. Юунаас болж маргалдсныг мэдэхгүй. Намайг харахад Ариунболд нь Бат-Эрдэнийг хэвтэж байхад нь гэдэс рүү хүчтэй дэвсэж байсан. 2-3 удаа хүчтэй дэвссэн ... гэх мэдүүлэг /хх-н 13 х /

 

- Гэрч Б.Чинбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ариунболдын эхнэр хүүхдүүд нь бүгдээрээ гэрийн зүүн талд унтаж байсан. Би тэр хоёрт та хоёр юу гэж маргалдаад байгаа юм бэ больцгоо гэж хэлээд хамт сууж пивоноос нь 2 аягыг уух үед Бат-Эрдэнэ намайг “муу гуйлгачин, буян дааддаггүй, дологгүй” гээд сандал дээр сууж байсан чигээрээ миний хөлрүү зөөлөн хэд хэдэн удаа өшиглөөд толгойруу алгадаад байхаар нь би түүнийг  чи болилдоо гээд Бат-Эрдэний хоёр мөрнөөс нь барьж цааш нь хойд талын диван орруу түлхэж унагаад үйлдлийг нь болиулсан. Тэгээд буцаад байр байрандаа суугаад би өөртөө нэг аяга пиво аягалж уучихаад Бат-Эрдэнэ Ариунболд хоёр бие биендээ баярхаж маргалдаад эхлэхээр нь би тэр хоёр базууд болохоор арай зодолдохгүй байлгүй гэж бодоод нойр хүрээд байсан болохоор баруун орон дээр хэвтээд хэсэгхэн зуур унтаж байтал Ариунболд, Бат-Эрдэнэ хоёр чанга чанга дуугараад дуу нь өндөрсөөд ирэхээр нь би сэрээд хартал Бат-Эрдэнэ Ариунболдын толгойруу зөөлөн зөөлөн алгадаж байсан. Тэгсэн чинь Ариунболд уурласан байх суугаа чигээрээ Бат-Эрдэний нүүрлүү 2 удаа цохих шиг болоход Бат-Эрдэнэ хойшоогоо диван ор налаад ойчсон. Тэр үед Ариунболд босож ирээд Бат-Эрдэний нүүрлүү хоёр удаа өвдөглөхөд нь би босож ирээд Ариунболдыг салгах гээд цээжнээс нь тэврээд хойш нь татах үед Бат-Эрдэнэ хоёр гараараа нүүрээ хамгаалаад байж байснаа доошоо шалан дээр дээшээ хараад хэвтэхэд нь Ариунболд Бат-Эрдэний цээжрүү хоёр удаа аль нэг хөлөөрөө дэвссэн. Энэ үед гаднаас Нарантэгш орж ирээд Ариунболдыг надтай нийлээд салгасан. Тэгээд Бат-Эрдэнэг харахад нүд нь аниастай ухаан алдсан байдалтай гар хөл нь сул байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь би гэрийн гаднаас шанагатай ус авчраад цээж нүүрийг нь усаар арчихад сэрсэн. Тэгээд Нарантэгш Бат-Эрдэнэг гэрээс дагуулж гараад гэрийн гадаа жаахан сууж байгаад аваад явсан. ...Тухайн үед намайг машин дотор унтаж байгаад гэрт ороход Ариунболд гутлаа тайлчихсан оймстойгоо сууж байсан. Тэгээд Бат-Эрдэнэтэй муудаж түүний цээжин дээр дэвсэх үедээ гуталгүй, оймстой хөлөөрөө дэвссэн... гэх мэдүүлэг /хх-н 16-17 х /

 

- Гэрч Д.Дэлхийцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэр өдөр Нарантэгш, Бат-Эрдэнэ, Чинбаатар нар манай гэрт ирээд Ариунболдтой архи ууж байгаад орой сумын төврүү дахин архинд явсан. Шөнө ирэхэд нь би хүүхэдтэйгээ унтаж байсан. Унтаж байтал хүмүүс бахиралдаад зодолдох шиг болохоор нь сэрэхэд манай нөхөр Ариунболд, Бат-Эрдэнэ хоёр зодолдох гээд зууралдаж байхад би гадагшаа гарахад Нарантэгш ах гадаа машинд унтаж байхаар нь сэрээж гэрлүү оруулсан. Тухайн үед Чинбаатар зодооныг салгах гээд гэрт байсан. Би Нарантэгш ахыг машинаас дуудчихаад гэрлүү буцаж ороогүй. Шууд гурван хүүхдээ аваад илүү гэрт орж унтсан. Өглөө босоод гэртээ ороход манай нөхөр Ариунболд, Чинбаатар нар байсан. Бат-Эрдэнэ, Нарантэгш нар явчихсан байсан. ...Намайг сэрэхэд манай нөхөр Ариунболд, Бат-Эрдэнэ нар зууралдчихсан байсан. Чинбаатар нь унтаж байгаад дөнгөж сэрээд намайг тэр хоёрыг салгах гээд хорих үед хамт хорилцсон. ...Харин Бат-Эрдэнэ манай нөхөр Ариунболд нар маргалдах янзтай Бат-Эрдэнэ нь баярхаж яриад байсан... гэх мэдүүлэг /хх-н 14 х /

 

- Гэрч С.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 06 сарын 18-ны өдөр намайг гэртээ амарч байхад 11 цагийн үед манай ажлаас над руу ярьж “хөдөө хүн хэвлий дотор нь өвдөөд амьсгалж чадахгүй байна гэсэн дуудлага ирлээ. Таныг дуудлаганд яв гэж байна” гэхээр нь би эмнэлгийн жолоочтой хамт сумын төвөөс зүүн урагш 30 гаруй км-т байх Бат-Эрдэнэ гэдэг айл руу дуудлаганд очсон тэднийд очиход Бат-Эрдэнэ орон дээрээ эвхрэлдээд хэвтэж байсан. Гэрт нь Бат-Эрдэнийн хадам ээж, эхнэр хүүхэд нь байсан. Бат-Эрдэнээс юу болсон талаар асуухад тэрээр хэлэхдээ “өчигдөр мориноос ойчоод мориндоо гишгүүлсэн” гэж хэлж байсан. Тэгэхэд амнаас нь бага зэрэг архи үнэртэж байсан. Биеийг нь үзээд хүндэвтэр байдалтай байхаар нь ар гэрийнхэнд нь биеийнх нь байдлыг танилцуулаад сумын эмнэлэг аваад явсан. Эмнэлэг дээр очоод Бат-Эрдэнийн хэвлийг эхо-д харахад хэвлий дотроо шингэнтэй байхаар нь АНЭ рүү энэ талаар мэдэгдэж дуудлага өгсөн. Тэгээд тэр шөнөдөө аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Мангалжав, Ариунаа нар ирж Бат-Эрдэнэд хэвлий нээж шалгах мэс засал хийсэн ...гэх мэдүүлэг /хх-н 15 х  /

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 304 дугаартай дүгнэлтэнд: 1. А.Бат-Эрдэний биед бүдүүн гэдэсний өгсөх, хөндлөн гэдэсний хана, чацархайн цус хуралт, ходоод 12 хуруу гэдэсний, ходоодны урд бага махиа нугаламын цус хуралт, цус алдалт, хэвлийд шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэжээ /хх-н 21-22 х /

 

- Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн:  Хохирогч А.Бат-Эрдэнийг анх үзсэн Наран сумын их эмч Ууганцэцэгийн 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтонд нүүр болон бусад биед ил харагдах гэмтэл шархын талаар бичээгүй, зөвхөн хэвлийн битүү гэмтэл дотуур цус алдалтын талаар дурьдсан байсан. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын их эмч Мангалжавын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А.Бат-Эрдэнийн хэвлийн хөндийг нээсэн мэс засал хийсэн тэмдэглэлд нүүрний болон бусад биеийн ил харагдах гэмтлийн талаар тусгаагүй, мөн биеэр үзээгүй тул дээрхи эмч нарын бичгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 26 х / зэрэг  нотлох баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Б.Ариунболд нь 2016 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “ Хамар чулуун “ гэх газарт өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.Бат-Эрдэнэтэй маргалдан, түүнийг зодож бие махбодид “ бүдүүн гэдэсний өгсөх, хөндлөн гэдэсний хана, чацархайн цус хуралт, ходоод 12 хуруу гэдэсний, ходоодны урд бага махиа нугаламын цус хуралт, цус алдалт, хэвлийд шингэн хуралт “ бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ариунболдын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон гэрч Б.Чинбаатар, Б.Нарантэгш нарын мэдүүлгүүд, хохирогч А.Бат-Эрдэнийн мэдүүлэг, Шинжээч эмчийн 304 тоот дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Хэргийн нотлох баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Ариунболд нь хохирогч А.Бат-Эрдэнийн баярхаж, үг хэлээр доромжлон, толгой руу нь цохиод байсан үйлдэлд дургүйцэн түүнтэй маргалдан, гэдсэнд өшиглөж гэмтэл учруулан, гэмт хэргийг хувийн сэдэлтэйгээр үйлдсэн хийгээд уг хэрэг гарах шалтгаан нөхцөл нь тодорхой сэдэлттэй буюу хохирогч А.Бат-Эрдэнийн согтуурсан үедээ гаргасан зүй бус авир, үйлдэлтэй холбоотой гэж үзнэ.  

Энэ нь гэрч Б.Чинбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Ариунболд, Бат-Эрдэнэ хоёр чанга чанга дуугараад дуу нь өндөрсөөд ирэхээр нь би сэрээд хартал Бат-Эрдэнэ Ариунболдын толгой руу зөөлөн зөөлөн алгадаж байсан. Бат-Эрдэнэ би мянган малтай, 2 машинтай, чи малгүй гээд байсан. Тэгсэн чинь Ариунболд уурласан байх суугаа чигээрээ Бат-Эрдэний нүүр рүү 2 удаа цохих шиг болоход Бат-Эрдэнэ хойшоогоо диван ор налаад ойчсон. Тэр үед Ариунболд босож ирээд Бат-Эрдэний нүүр рүү хоёр удаа өвдөглөхөд нь би босож ирээд Ариунболдыг салгах гээд цээжнээс нь тэврээд хойш нь татах үед Бат-Эрдэнэ хоёр гараараа нүүрээ хамгаалаад байж байснаа доошоо шалан дээр дээшээ хараад хэвтэхэд нь Ариунболд Бат-Эрдэний цээжрүү хоёр удаа аль нэг хөлөөрөө дэвссэн. Энэ үед гаднаас Нарантэгш орж ирээд Ариунболдыг надтай нийлээд салгасан ” гэх мэдүүлгээр тогтоогдоно.

Шүүгдэгч Б.Ариунболдод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Б.Ариунболдын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 55.1.10-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.

           Б.Ариунболд гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан байснаа “Тэр өдөр Чинбаатартай 2.5 л Боргио пиво, Бат-Эрдэнэ, Нарантэгш нартай 1 шил архи, 3 ширхэг 2.5 л пиво уусан. Согтоод ухаан алдсан учир юу болсныг мэдэхгүй байна “ гэж хүлээн зөвшөөрч мэдүүлэх ба үүнийг гэрч Д.Дэлхийцэцэг, Б.Чинбаатар, Б.Нарантэгш нар гэрчилж, мэдүүлжээ.

Шүүгдэгч Б.Ариунболд нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч А.Бат-Эрдэнэд учирсан эмчилгээний зардал болох эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хэрэг үйлдэгдсэн болон хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай 96 дугаар зүйлийн 96.1-д тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн тухайн хэрэг гарахад хохирогчийн үг хэлээр доромжлон согтуурсан зүй бус ажиллагаа нөлөөлсөн, хохирогчид хүнд гэмтэл учирсан боловч одоо эдгэрсэн, түүний гэм буруугаа ухамсарласан, хохирогчид учирсан эдийн хохирлыг төлж барагдуулсан зэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо. 

 

Б.Ариунболд энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэрээр хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд нийт 4.980.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.Бат-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Далх овгийн Баатарсүхийн Ариунболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Баатарсүхийн Ариунболдыг 03 /гурав/ жил, 05 /тав/ сарын хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг журамлан ялтан Б.Ариунболдод оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ариунболд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэрээр хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд нийт 4.980.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.Бат-Эрдэнэ нэхэмжлэх зүйлгүй гомдол, саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Ариунболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР

 

ШҮҮГЧИД                                     Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

С.НАСАНБУЯН