| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0657/З |
| Дугаар | 128/ШШ2019/0715 |
| Огноо | 2019-10-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2019/0715
2019 оны 10 сарын 22 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.М
Хариуцагч: Ш Ш Г Е Г Х Б Х З Х Т Б А А
Нэхэмжлэлийн шаардлага: “Ш Ш Г Е Г Х Б Х З Х Т Б А Аны Нийслэлийн шүүхийн 1997 оны 6 сарын 24-ны өдрийн 213 дугаартай шүүхийн шийдвэр, 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 236, 237 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудастай, төлбөр төлөгч Т ОХХК /захирал Р.М/-д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь "*******,******* тоот дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудастай, 1997 оны 06 сарын 24-ны өдрийн 213 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Р.М, надад холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Үндэслэлээ 1997 оны 06 сарын 24-ний өдрийн 213 дугаар шүүхийн шийдвэрт “Т ОХХК /захирал О.М О/-с 29 665 800 төгрөгийг гаргуулж ХОТШ 425-р салбарт олгосугай” гэж дурдсаны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэн Л.М надад холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж байгаа гэж тайлбарладаг.
Гэвч би биш, 1995 онд Т-О ХХК нь ХОТШ банкны 425-р салбараас зээл авсан. 1997 оны 06 сарын 24-ний өдрийн 213 дугаартай Шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт ******* ХХК нь ХОТШ банкны 425-р салбараас 1995 онд хоёр удаа бүгд 35 сая төгрөг зээлж аваад 6535000 төгрөг төлсөн. Одоо зээлийн дутуу 23465800 төгрөг, хүүнд 1300000 төгрөг төлөх нь ... тогтоогдож байна” гэжээ. Үүнээс үзвэл ХОТШ банкнаас Р.М бус Т ОХХК нь зээл авсан бөгөөд хариуцагч болох нь тогтоогдож байна.
Одоо ХОТШ банк нь дампуурсан, Т ОХХК нь 2003 онд татан буугдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-т "... төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болохоор хуулийн зохицуулалттай байна. Миний хувьд Т ОХХК-иас эрх залгамжлан аваагүй, хувьцаа эзэмшигч биш болно.
Би шүүхийн шийдвэр гарах үед Т ОХХК-ийн захирлаар ажиллаж байсны учир Гүйцэтгэх хуудсанд миний нэрээр оруулан үйлдсэн байна. Үүнийг 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн шүүхийн тус албанд хүргүүлсэн 3/2216 тоот албан бичигт ‘Төлбөр төлөгч нь хуулийн этгээд болохыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой заасан байх ба харин гүйцэтгэх хуудас бичихдээ хуулийн этгээдийг төлөөх эрх бүхий этгээдийг хамт бичих нь зүй ёсных юм. Дээрх байдлыг гүйцэтгэх хуудсанд бичсэнийг төлбөр төлөгчийн нэрийг алдаатай бичсэн гэж үзэхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээдийг дуудах, харьцах, харин төлбөр төлүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан хуулийн этгээдэд холбогдуулан явуулах боломж нээлттэй байна." гэж тодорхой болгосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг иргэн Р.М надад холбогдуулан гүйцэтгэх нь хууль бус байна.
Тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Ш Ш Г Е Грын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс иргэн Р.М надад холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоос татгалзсан.
Уг татгалзсан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн ажлын албаны 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 4/1018 тоот албан бичгийг 2018 оны 05 сард хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “Тэтгэврийн данс дахь тэтгэврийн мөнгөн хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох”-оор нэмэгдүүлсэн боловч иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэх шалтгаанаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.
Тус татгалзсан 2019 оны 06 сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШТ2019/00227 тоот тогтоолыг 2019 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад иргэн Р.М надад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсны улмаас би өөрийн эд хөрөнгөөрөө хохирч байна. Би тэтгэврээс өөр орлогогүй, миний эхнэр хорт хавдрын өвчтэй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс 2018 оны 04 сараас хойш миний тэтгэврийн дансыг битүүмжилж, арилжааны банк дахь мөнгөн хөрөнгийг хураан авсан. Үүнээс болоод эхнэр бид хоёр эмчилгээгээ хийлгэж чадахгүй, орлогогүй болсон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус байх тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шийдвэр гаргана гэж заасан байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Р.Мд холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны зүгээс 1997 оны 6 сарын 24-ний өдрийн 213 дугаар шүүхийн шийдвэрт Т ОХХК гээд /захирал О.М О/-с 29.665.800 төгрөгийг гаргуулж Хотш банкны 425 дугаар салбарт олгосугай гэж дурдсаны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэн Л.М Од холбогдуулан явуулж байгаа гэж тайлбарладаг. Үүнээс харахад зээлийг иргэн авсан уу, эсхүл хуулийн этгээд авсан уу гэдгийг тодорхойлох шаардлагатай байгаа
Бидний зүгээс иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр зээлийг иргэн Р.М биш Т ОХХК авсан нь тогтоогдсон. 1997 оны 213 дугаар шүүхийн шийдвэрт төлбөр төлөгчийг эргэлзээтэй бичсэн учраас Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны зүгээс 2008 онд уг асуудлыг тодруулахаар Нийслэлийн шүүхэд албан бичгийг хүргүүлсэн байдаг. Үүний дагуу 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/2216 дугаар албан бичгээр ...шүүхийн шийдвэр зөв бичигдсэн байна. Хуулийн этгээдэд холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуул. Р.М нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд учраас түүнийг нэрийг бичсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн этгээдэд холбогдуулан явуулж, Р.М нь хуулийг этгээдийг төлөөлөх учраас тайлбар, мэдүүлгийг авах нь зүйтэй гэж мэдэгдсэн байдаг. Тэгэхээр Р.Мд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нь буруу юм.
Т ОХХК нь татан буугдсан. Хариуцагч компани байхгүй болсон ч захирал нь Р.М шүү дээ гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Т ОХХК нь татан буугдсанаар хуулийн этгээдийн эрх зүйн статус, чадвар, чадамж нь дуусгавар болсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д зааснаар ...төлбөр төлөгч, төлбөр авагч хуулийн этгээд татан буугдсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох зохицуулалттай. Үүний дагуу хариуцагч байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгооч гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл Т ОХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэсэн хариуг бидэнд ирүүлсэн.
Иргэний хэргийн шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах байдлаар шийдвэрлэх боломжгүй гэдэг байдлаар хандсан. Иймд бид Захиргааны хэргийн шүүхэд хандахаас өөр арга байсангүй. Нэхэмжлэгч Р.Мын тэтгэврийн дансыг битүүмжилсэн байсан учраас иргэний хэргийн шүүхэд тэтгэврийн дансыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах гэж гаргасан боловч шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Энэ нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэдгийг харуулж байна.” гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 213 дугаар магадлалаар Т ОХХК-ийн захирал Р.Моос зээлийн төлбөрт 29.665.800 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд 1.186.632 төгрөгийг тус тус гаргуулж ХОТШ банкны 425 дугаар салбарт олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Р.Мын харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 50 дугаар зүйл, банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 1/347 дугаар тогтоолоор данс битүүмжилж хасалт хийсэн.
Т ОХХК-ийн захирал Р.Мд шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгч байсан хэдий ч дээрх өр төлбөрийг тухайн үед бүрэн төлж барагдуулсан гэдэг тайлбар өгдөг боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч талаас төлбөрийг бүрэн барагдуулсан баримт баталгаа байдаггүй, “энэ асуудлаар холбогдох баримтыг авчирч, бүрдүүлж өгвөл гүйцэтгэх баримт бичиг хаагдах” болохыг тайлбарлан хэлсэн.
Төлбөр төлөгч Т ОХХК-ийн захирал Р.М нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийн эзэмшдэг төрийн банкны 100900366677 тоот дансыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хурал 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, төлбөр төлөгч Р.Мын Төрийн банкинд эзэмшдэг дээрх дансыг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгасан шийдвэр гарсан.
Нийслэлийн шүүхийн 1997 оны 213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д болон гүйцэтгэх хуудсанд Т ОХХК-ний захирал Р.Моос бүгд 30.852.432 төгрөгийг гаргуулж ХОТШ банкны 425 дугаар салбарт олгохоор заасан байдаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж заасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байна.
Нийслэлийн шүүхийн 1997 оны 213 дугаар магадлалд Т ОХХК-ийн захирал О.М Ооос дээрх төлбөрийг гаргуулахаар заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 213 дугаар шийдвэрээр Т ОХХК-иас /захирал Р.М/ зээлийн төлбөрт 29665800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1186632 гаргуулж, ХОТШ банкны 42 дугаар салбарт олгуулахаар шийдвэрлэсний дагуу тус шүүхээс 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 236, 237 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас олгожээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.” гэж заасан учраас Нийслэлийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 213 дугаар шийдвэрийн дагуу 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 236, 237 дугаар гүйцэтгэх хуудсанд Т ОХХК-ийн захирал Р.Моос зээлийн төлбөрт 29665800 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 1186632 төгрөгийг гаргуулахаар заасан нь иргэн Р.Мыг төлбөр төлөгчөөр тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээрх шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч Т ОХХК болон компанийг төлөөлөх эрхтэй этгээд Р.Мын нэр тусгагдсан боловч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэн Р.Мыг төлбөр төлөгчөөр тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас маргаан үүсчээ.
Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах ажлын албаны 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/347 дугаар тогтоолоор Р.Мын арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн шаардлага 29665800 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар 20-ны өдрийн 181/ШШ2019/01672 дугаар шийдвэрт “... Нийслэлийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 213 дугаар шийдвэрийн тогтоох хэсэг, 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 236, 237 дугаар гүйцэтгэх хуудаст Т ОХХК-ийн захирал Р.Мын нэрийг бичсэн нь компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар Т Окомпанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийг бичсэн гэж үзнэ..., .... нэхэмжлэгч нь Т ОХХК-ийн ХОТШ банкны 425 дугаар салбартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй болно. ...хариуцагч нь төлбөр төлөгчид хамаарахгүй нэхэмжлэгчийн ... дансыг битүүмжилсэн.” гэж дүгнээд, нэхэмжлэгч Р.Мын холбогдох дансыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд даалгаж шийдвэрлэжээ.
Мөн Банк хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах ажлын албанд Нийслэлийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/2215 дугаар албан бичгээр “... Төлбөр төлөгч нь хуулийн этгээд болохыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой заасан байх ба харин гүйцэтгэх хуудас бичихдээ хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хамт бичих нь зүй ёсных юм. Дээрх байдлыг гүйцэтгэх хуудсанд бичсэнийг төлбөр төлөгчийн нэрийг алдаатай бичсэн гэж үзэхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн этгээдийн төлөөлөх эрхтэй этгээдийг хуудаж, харьцах, харин төлбөр төлүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан хуулийн этгээдэд холбогдуулан явуулах боломж нээлттэй байна...” гэснээс үзэхэд ч Р.М нь төлбөр төлөгч Т ОХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тодорхой байна.
Түүнчлэн Төлбөр авагч ХОТШ банкны эрх хүлээн авагчийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар албан бичгээр Т ОХХК-иас авах 339436 төгрөгийн төлбөрийн шаардах эрхээ тус банкнаас авлагатай Гэгээн хүслэн ХХК-д шилжүүлсэн бөгөөд Т ОХХК нь 2003 онд татан буугдсан талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 003103694 дугаар лавлагаагаар нотлогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д “төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй;” тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.” гэж зааснаар шийдвэрлэхээр зохицуулжээ.
Иймээс хариуцагч Ш Ш Г Е Г Х Б Х З Х Т Б А Аны төлбөр төлөгч Т ОХХК /захирал Р.М/-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т ОХХК /захирал Р.М/-д холбогдох 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 236, 237 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг Ш Ш Г Е Г Х Б Х З Х Т Б А Анд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Ш Ш Г Е Г Х Б Х З Х Т Б А Анаас төлбөр төлөгч Т ОХХК /захирал Р.М/-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т ОХХК /захирал Р.М/-д холбогдох 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 236, 237 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг Ш Ш Г Е Г Х Б Х З Х Т Б А Анд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН