Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0465

 

2014 оны 12 сарын 03 өдөр                    Дугаар 465 Улаанбаатар хот



С.И, Н.Г, Д.Т, Х.Э нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.С, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар шийдвэртэй, С.И, Н.Г, Д.Т, Х.Э нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон С.И түүний өмгөөлөгч О.С нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Орон сууцны байранд зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагаа явуулахыг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосон 230 тоот сумын Засаг даргын захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн акт боллоо.

Нэхэмжлэгч бид зочид буудлын үйл ажиллагааг зохион байгуулахаас нь зөвшөөрлийг авч хуулийн хүрээнд явуулж байсан ба энэ үйл ажиллагаагаараа өөрсдийн амьжиргааг залгуулдаг төдийгүй олон хүнийг ажлын байраар хангадаг. Мөн орон нутгийн төсөвт татвар төлдөг татвар төлөгч юм. Үйл ажиллагаагаа явуулахын тулд буудлын засвар тохижилтод 20,0-60,0 сая төгрөгийг зарцуулсан, банкны их хэмжээний зээлтэй байгаа ба зохих Мэргэжлийн хяналтын газар болон хяналтын бусад байгууллагаас зөвшөөрөл авч, стандарт журмыг баримтлан ажиллаж ирсэн. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн сумын Засаг даргын 230 тоот захирамж нь Дархан-Уул аймгийн Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ирүүлсэн чиглэлийг үндэслэн уг захирамжийг гаргах болжээ.

... Манай “Сарнай” буудал 2006 онд Мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны дүгнэлт гаргуулж, аймгаас комисс гарч ажлын байрыг хүлээж авч үйл ажиллагаа эхэлж, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Иймд, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн сумын Засаг даргын 230 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Д.Т, түүний өмгөөлөгч Н.В шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б” ХХК-ийг байгуулж, “Найзууд” нэртэй буудлыг 2003 оны 11 дүгээр сард манай дүү ажиллуулж эхэлсэн. Ингээд би дүүгээсээ 2005 оны 9 дүгээр сард худалдан авч одоог хүртэл ажиллуулж байна. Дархан сумын Засаг даргын дэн буудлын үйл ажиллагаа зогсоох тухай шийдвэрийг 2014 оны 05 дугаар сарын 28-нд билүү 30-нд мэдсэн. Засаг дарга шийдвэртээ иргэдийн санал асуулга, хэлэлцүүлгийн үндсэн дээр үйл ажиллагааг зогсоосон гэжээ. 2013 оны 11 дүгээр сард ТВ-ээр аймгийн Иргэний танхимд хэлэлцүүлэг болох талаар сонсоод очиж, санал хүсэлтээ илэрхийлж байсан. Дархан сумаас ийм ажиллагаа явуулж байгаагүй.

Засаг дарга тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ эхлэхтэй холбоотой зөвшөөрөл олгодоггүй. Гэтэл үйл ажиллагааг шууд зогсоох шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүйгээс гадна захирамжийг сумын Засаг дарга гаргаагүй, Засаг даргын орлогч гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй байгаа нь хуулийг зөрчсөн байна.

Манайх буудалдаа өрх толгойлсон 2-3 эмэгтэйг ажиллуулдаг, тохижилт үйлчилгээ засварт зориулж 100 сая төгрөгийн банкны зээлтэй, бидэнд шалгалт хийх талаар мэдэгдээгүй, яг шалгалт хийх үед манай буудал засвартай байсан ба манай буудал стандартад заасан журмын дагуу ажилладаг. Иймд, Дархан сумын Засаг даргын 2014 оны 230 тоот шийдвэрийг хүчингүй болгох хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

”Номгон” буудал Дархан сумын 4 дүгээр баг, 15 дугаар байранд 3 өрөө байранд үйл ажиллагаагаа 2004 оноос эхэлсэн юм билээ. Миний бие 2007 онд 70

 

сая төгрөгөөр Хас банкны лизингээр байрыг худалдан авч, одоо 45 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, сар бүр 1 сая төгрөгийн зээлийг төлдөг. 2013 оны 12 дугаар сард байх үйл ажиллагаагаа өөрчлөх талаар бидэнд мэдэгдэл өгч байсан. Би байраа зарах талаар олон удаа зар өгсөн, өнөөг хүртэл зараа явуулж байгаа боловч байрыг авах хүн байхгүй байна.

Иймд, Дархан сумын Засаг даргын 2014 оны 230 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр Х.Э, өмгөөлөгч О.С нар тайлбарлахдаа:

“Т” нэртэй дэн буудлыг 2008 оноос эхлэн ажиллуулж байна. Стандартын дагуу бүх зөвшөөрлийг авч ажиллуулсан. Зохих хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт, танилцуулгаар манай буудлыг цаашид ажиллуулахыг зөвшөөрсөн байхад сумын Засаг дарга нийт дэн буудлын үйл ажиллагааг зогсоосон нь хууль зөрчиж байна.

Мөн дээрх шийдвэрийг Дархан сумын Засаг дарга гаргаагүй, Засаг даргын орлогч шийдвэр гаргаж байгаа нь хууль бус, захиргааны актын эрх хэмжээгүй гэж үзэж байна. Дархан сумын Засаг даргын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Б.А-ын шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ц.Н нараас шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа:

“2013 оноос эхлэн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн 70371313 утсаар болон веб сайтаар дамжуулан Зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагааг зогсоох тухай иргэдээс удаа дараа санал, хүсэлт гомдол ирсний дагуу Ьир5:/Лл/\ллл/.ТасеЬоок.сот/Дархан сум/ хуудас, тус сумын 18 багийн 2926 иргэнээс Нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудлын үйл ажиллагаа явуулах нь зөв эсэх талаар санал, асуулга авахад санал асуулгад оролцсон иргэдийн 2340 нь буруу гэсэн санал хүсэлт өгсөн байна.

Иргэдийн санал хүсэлтийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 05-ны 1/2018 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай саналыг хүргүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэхэд аймгийн Засаг даргаас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны 1-2564 тоот албан бичгээр өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн. 2013 оны 11 дүгээр сарын 11-ний 2/2053 тоот, 2014 оны 05 дугаар сарын 20-ны 3/759 тоот албан бичгээр тус тус зочид буудлын эзэд эрхлэгчдэд үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх, эсхүл үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдэж байсан. Дархан сумын Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 26-аас 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Засаг даргын орлогчид тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Дархан сумын Засаг даргын орлогчийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 3-т “Засаг даргын эзгүйд Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж орлох” гэж заасан байдаг тул захиргааны акт гаргах бүрэн эрхтэй байна.

Аймгийн Засаг даргын 2014 оны 107 дугаар захирамжаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал /дэн буудал/-ны стандартын түвшинд хийсэн шалгалтын дүнгийн танилцуулга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас тус тус ирүүлсэн санал болон Дархан сумын 18 багаас авсан иргэдийн санал асуулга, Засаг даргын Тамгын газрын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн 70371313 болон (1Мрз://\ллл/\л/.1:асеЬоок.сот/Дархан сум/хуудас, \ллллл/.с1агкЬап.тп веб сайтаар дамжуулан Зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагаа нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна, орчныг бохирдуулж байна гэх иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлт гомдол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн холбогдох хуулийн дагуу Дархан сумын Засаг даргаас 2014 оны 230 дугаар захирамжийг гаргасан.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.6, 5.7, 52.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.И, Н.Г, Д.Т, Х.Э нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2013 оноос эхлэн Дархан сумын ЗДТГ-ын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн 70371313 болон НирзУ/шммТасеЬоок.сот/Дархан сум/ хуудас, \ллллл/.с!агкЬап.тп вэб сайтаар дамжуулан Зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагааг зогсоох тухай иргэдээс удаа дараа гомдол, санал хүсэлт ирсний дагуу Ьйр5://\ллллл/ТасеЬоок.сот/Дархан сум/ хуудас, тус сумын 18 багийн 2926 иргэнээс Нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагаа явуулах нь зөв эсэх талаар санал асуулга авахад санал асуулгад оролцсон иргэдийн 2340 нь буруу гэсэн санал хүсэлт өгсөн. Иргэдээс удаа дараа ирж буй гомдол, санал хүсэлтийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 05-ны 1/2018 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад Нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай саналыг хүргүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэхэд аймгийн Засаг даргаас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны 1-2564 тоот албан бичгээр өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн.

Нийтийн зориулалттай орон сууцанд зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагаа явуулж, холбоотой иргэдээс удаа дараа ирсэн гомдлын дагуу 2013 оны 11 дүгээр сарын 11-ний 2/2053 тоот, 2014 оны 05 дугаар сарын 20-ны 3/759 тоот албан бичгээр тус зочид буудал /дэн буудал/-ын эзэд эрхлэгчдэд үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх эсхүл үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдэж байсан.

Аймгийн Засаг даргын 2014 оны 107 дугаар захирамжаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний Нийтийн зориулалттай орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал /дэн буудал/-ын стандартын түвшинд хийсэн шалгалтын дүнгийн танилцуулга, аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас тус тус ирүүлсэн санал болон иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна, орчныг бохирдуулж байна гэх иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол, санал хүсэлт, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн холбогдох хуулийн дагуу Дархан сумын Засаг даргаас Нийтийн зориулалттай орон сууцанд зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай захирамжийг гаргасан болно.

Дархан сумын Засаг дарга иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтийг үндэслэн Дархан сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,

 

түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “г”, “л”, 29.2-д заасан бүрэн эрхийн дагуу Нийтийн зориулалттай орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагааг хориглосон захирамжийг гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх нь иргэдээс ирүүлсэн санал гомдлыг харгалзахгүйгээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн эсрэг шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тиймээс уг захиргааны хэргийг үнэн бодитойгоор тогтоон шалгаж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нараас “...сууцандаа оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр хуульд зааснаас бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж болохыг зөвшөөрсөн. Дэн буудлын үйлчилгээ хориглосон үйлдвэрлэл үйлчилгээнд хамаарахгүй байгаа юм. Засаг дарга тухайн үйлдвэрлэл үйлчилгээ эхлэхтэй холбоотой зөвшөөрлийг олгодоггүй мөртөө үйл ажиллагааг шууд хориглосон шийдвэр гаргаж байгаа нь хууль нийцэхгүй ...” гэж маргажээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “г”, “л”, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.9, Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 33 дугаар тогтоолыг үндэслэн нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал /дэн буудал/-ын үйл ажиллагаа явуулахыг 2014 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн хориглосон байна.

Хэдийгээр Засаг даргад нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх нь байгаа боловч энэ нь хуулийн хүрээнд байхыг шаардана.

Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон үйлдвэрлэл үйлчилгээнд маргаж буй дэн буудлын үйл ажиллагаа хамаарахгүй байгаагаас үзэхэд Засаг даргын орон сууцны байранд дэн буудлын үйл ажиллагаа явуулахыг шууд хориглосон дээрх шийдвэр хуульд нийцээгүй байна.

Харин Дархан сумын Засаг дарга дэн буудлын үйл ажиллагаа эрхэлж байсан компаниудын үйл ажиллагаа зохих стандарт, журам, шаардлагад нийцээгүй нь шалгалтаар тогтоогдсон тохиолдолд л эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авахыг шаардах нь зөв байжээ.

Хариуцагч Дархан сумын Засаг дарга нь орон сууцны байшинд дэн буудлын үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэргүйгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхэнд халдсан нь буруу байна.

Нөгөөтэйгүүр хууль журмын дагуу орон сууцны байшинд зочид буудлын /дэн буудлын/ үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангасны үндсэн дээр холбогдох газраас зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байхад “иргэдийн саналын дагуу” хэмээн орон сууцны байранд үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Дархан сумын нийтийн орон сууцны 1 дүгээр давхарт байрлах дэн буудлуудын стандартын түвшинд хийсэн шалгалтаар нэр бүхий 15 дэн буудал хамрагдсан байна. Гэвч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа уг шалгалтын дүнг үндэслээгүй, гагцхүү иргэдийн санал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг тус тус үндэслэсэн нь захирамж болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудаар тогтоогддог бөгөөд талуудын маргаагүй асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад баримталсан “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах тухай” Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “56 дугаар зүйлийн 56.1” гэсэн заалтыг улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхтэй холбогдсон “57 дугаар зүйлийн 57.1” гэсэн заалтаар өөрчлөв.

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг “57 дугаар зүйлийн 57.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.