Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

                                                                 

 

   

                                                                                                                        

 

 

 

Б.М, Б.Хнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Соёмбо,

хохирогч Г.М,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Мичидмаа,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 924 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан гомдлоор Б.М, Б.Х нарт холбогдох эрүүгийн 1805000510859 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Б.Х-нь бусадтай бүлэглэж, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 цагийн үед, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Эрэл”-ийн 46 дугаар байрны баруун талд иргэн Г.М-ыг боож унаган, нүүрэн  хэсэгт нь цохиж хөнгөн хохирол учруулан дээрэмдсэн,

Б.М-нь бусадтай бүлэглэж, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Эрэл”-ийн 46 дугаар байрны баруун талд иргэн Г.М-ын гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэж, боож унаган дээрэмдсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Х-үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.М-үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б.Х-, Б.М-нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд, мөн шүүгдэгч Б.Х-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.М-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Б.Б.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлж, Б.Б.Х-, Б.М-нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Х-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.М-цагдан хоригдсон 4 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Б.Х-, Б.М-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М-давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Б.Х-тай хамтарч дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Мөн асуудлын талаар үнэн зөвөөр удаа дараа мэдүүлэг өгч байсан. Би хохирогч М- гар утсыг аваагүй, авах санаа зорилго байгаагүй. Б.Х-ыг утас дээрэмдэж авах санаа бодолтой байгааг ч мэдээгүй, энэ талаар надад хэлсэн зүйл байхгүй. Хэлсэн бол би хүнийг дээрэмдэхийг зөвшөөрөхгүй байсан. Намайг бие засаж байхад Б.Х- хохирогчийг дээрэмдсэн бөгөөд намайг “зугтаарай” гэхээр нь би гүйгээд удалгүй баригдсан. Би энэ талаар хэлсэн. Б.Х- ч мөн баталж хэлсэн. Намайг хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн байдлаар мэдүүлэг авсан байсан. Би энэ мэдүүлгийн талаар огт мэдээгүй. Харин “8 цаг хоригдсонтой чинь холбоотойгоор гарын үсэг зуруулж байна” гээд нэг удаа гарын үсэг зуруулсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө удаан хугацаанд шоронд суух болсондоо маш их гомдол, харамсалтай байна. Би энэ хэрэгт биечлэн оролцоогүй. Тухайн үед айсандаа мэдүүлгээ өгсөн. Намайг бие засаж байхад энэ асуудал болсон. Иймд намайг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.М-өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 924 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй гэж үзэж өөрчлөлт оруулж, Б.М-холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна.

1. Хохирогч Г.М- хавтас хэргийн 99 дүгээр талд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “...Өндөр залуу нь миний нүүр лүү цохиж, миний биед учирсан гэмтлүүдийг учруулсан байгаа. Тухайн үед намхан залуу бол цохиж зодоогүй, харин хамт байж байсан” гэж мэдүүлжээ. Гэтэл шүүх тогтоолдоо хохирогч хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлсэн гэсэн буруу дүгнэлт хийж, үүнийгээ яллах гол баримт болгон тусгажээ.

2. Харин ч Б.М-гэрчээр болон яллагдагч, шүүгдэгчээр нийт 6 удаа мэдүүлэхдээ өөрийн гэм бурууг үгүйсгэж, хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлсэн. Мөн Б.Х-нь Б.М-тухайн үйлдэлд оролцоогүй, өөрөө хэрэг ганцаар үйлдсэн, хэрэг үйлдэх гэж байгааг Б.М-мэдээгүй талаар удаа дараа мэдүүлэн гэрчилсэн. Шүүх хуралдааны явцад ч хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг Б.М, Б.Хнар нүдэнд харагдтал мэдүүлсэн. Тэдгээрийн мэдүүлэгт зөрүү байгаагүй. Харин хавтаст хэргийн 97 дугаар талд байх яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгийг түүнд мэдэгдэлгүйгээр, уншуулалгүйгээр өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан байдаг ба ийм мэдүүлэг байгааг анхан шатны шүүх хуралдаанд орохын өмнө мэдсэн байдаг.

3. Дээрэмдэх гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоо эхлэж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч   хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхитэй үйлдлээр тус тус илэрдэг.

Дээрэмдэх гэмт хэргийн үйлдлийн шинжид эд зүйлс, эд хөрөнгийг авахаар бусдын өмчлөх эрхэнд хүчирхийлсэн, довтолгоо, халдлага үйлдсэн ба үйлдэхээр заналхийлсэн үйлдлийг хэлнэ. Шүүгдэгч Б.М-хохирогчид илээр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байхгүй. Оролцоогүй үйлдэлд Б.М-ялласнаараа Монгол Улсын Их хурлаас 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

 Энэ гэмт хэргийн субьектив тал нь шунахай сэдэлттэй, бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах гэсэн хүчирхийлсэн, довтолсон, заналхийлсэн шууд санаа зорилготой буюу зориуд хүсэж үйлдэгддэг атал Б.М-анхаасаа ийм санаа зорилго, сэдэл огтхон ч байгаагүй, гар утсыг ч аваагүй, Б.Х-дагаад гүйсэн ийм л үйлдэл байдаг. Б.М-нь тухайн үед Б.Б.Х-тай хамт байсан нь, мөн хэрэг үйлдээд зугтахад дагаж гүйсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ... энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалтад хамаарч болох юм.

Шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн дүгнэлтүүд үндэслэлгүй тухайд:

Шийтгэх тогтоолд “Хохирогч удаа дараа тогтвортой мэдүүлж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан” гэж тогтоолд тусгагджээ. Энэ нь бодит байдалд нийцэхгүй. Мөн тогтоолд хавтас хэргийн 34-36 дугаар талд байгаа мэдүүлгийг онцлон тусгасан. Энэ мэдүүлэг нь уг хэргийг хамтарч үйлдсэнийг давхар нотолж байгаа мэтээр дүгнэжээ. Энэ мэдүүлэгт Б.М-нь “Б.Х-... утсыг нь аваад зугтаахаар нь ... би хамт зугтааж ...байгаад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг байх ба “хамт зугтаасан” нь хэрэгт хамтарч оролцсоныг нотлох юм уу.  Түүнээс гадна тогтоолын тодорхойлох хэсэгт “Энэ хэрэгт хамааралтай бичгийн нотлох баримтуудыг үгүйсгэх буюу шүүгдэгч Б.М-Б.Б.Х-тай бүлэглэж, хохирогч Г.М-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлоогүй байна гэх байдал хавтаст хэрэгт тогтоогдоогүй байна” гэсэн нь илтэд үндэслэлгүй юм.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлгийг нотлох баримтад тооцохоор зохицуулсан. Түүнийг хамтран оролцсон гэх байдлыг үгүйсгэх олон мэдүүлгүүд байна. Тухайлбал хавтас хэргийн 18, 35, 37, 69 дүгээр талуудад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б.М-мэдүүлгүүд, мөн хавтас хэргийн 65, 94 дүгээр талуудад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Х-өгсөн мэдүүлгүүд, хавтас хэргийн 99 дүгээр талд хохирогч Г.М-ын өгсөн “...тухайн үед намхан залуу бол цохиж зодоогүй, харин хамт явж байсан...” гэх зэрэг мэдүүлгүүд байгаа болно.

Ийм байтал шүүх “хүч хэрэглэж авахаар довтлоогүй гэх байдал хавтас хэрэгт тогтоогдоогүй” гэж дүгнэсэн. Мөн “Гэм буруу дээрээ маргаж байгаа тул түүнд шүүхээс ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй” гэж шударга шүүхэд найдаж, үнэний төлөө байсных нь төлөө шударга бусаар ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнд нийцээгүй.

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “яллаж байгаа хэргийн товч агуулга”-ын талаар заасан. Гэтэл яллах дүгнэлтэд Б.Х-нь бусадтай бүлэглэн, Б.М-нь бусадтай бүлэглэн гэж бичсэн нь хэргийн холбогдогчид өөр хоорондоо бүлэглэсэн бус, хэн нэгэн өөр хүмүүстэй бүлэглэсэн гэх агуулгаар ойлгогдохуйц байдлыг бий болгож байгаа нь яллах дүгнэлт ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Дүгнэлтэд шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг ашиглахгүй” байх зохицуулалттай. Яллах дүгнэлтийн хавсралтаас харахад ч прокурор “хавтас хэргийн материалаас яллах талын дараах нотлох баримтуудыг судлуулна” гэж дурджээ. Б.Х-/хх-94/, хохирогч Г.М-ын /хх-99/ гэх мэдүүлэг нь Б.М-үйлдэл оролцоог шууд үгүйсгэсэн буюу яллах талын гэхээсээ илүү цагаатгах талын маш хүчтэй нотолгоонууд юм. Шинжээчийн дүгнэлт нь хэргийн холбогдогчдын бүлэглэсэн эсэхийг тогтооход ямар ч ач холбогдолгүй юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 924 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Б.М-холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.М-өмгөөлөгч Н.Мичидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нь Г.М-ын мэдүүлгүүд нь тогтвортойгоор нэг зүйлийг нотолсон мэдүүлгүүд өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтууд болон энэ хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Сүүлд өгсөн буюу хавтас хэргийн 99 дүгээр талд өгсөн мэдүүлгээр өмнө нь өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн гэж хэлмээр байна. Мөн энд 1 ширхэг гар утас байсан гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Б.Х-“гар утсыг би авсан” гэж мэдүүлсэн нь хохирогч Г.М-ын “жижиг залуу миний гар утсыг авсан” гэснийг үгүйсгэж байна. Эцэст нь хэлэхэд хамт байсан гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн гэснийг нотлох баримт биш бөгөөд дээрмийн гэмт хэрэг нь үйлдлээр илэрдэг. Гэтэл Б.М-үйлдлийг үгүйсгэх нотлох баримт байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.” гэв.

 

Хохирогч Г.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн анхан шатны шүүх хуралдаанд би өөрийгөө оролцох шаардлагагүй гэж бодоод оролцоогүй. Тухайн үед би халамцуу байсан. Хоёр залуу ирээд л хоромхон зуурын асуудал болсон. Б.М-энэ хэрэгт холбоогүй гэж бодож байна. Б.М-ар гэрийнхэн нь надтай уулзаад хорих ял авсан талаар хэлсэн. Б.М-залуу хүн учраас боломж байдаг бол ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Х-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед би гэр бүлийн асуудалтай явж байгаад найзтайгаа таарсан. Найз охинтойгоо ярих гэхэд миний утсыг авахгүй байсан учраас замд таарсан хохирогч залуу Г.М-тай таараад “утсаараа яриулаач” гэхэд “тийм юм байхгүй шүү” гэхээр нь хавсарч унагааж, цохиод, утсыг нь бариад зогсож байтал замын цаанаас хэдэн залуучууд “хөөе” гэхээр нь би найзыгаа “зугтаарай” гэж хэлээд өөрөө зугтаасан. Зугтааж явж байхдаа хохирогчийн гар утсыг гээсэн. Би ганцаараа гэм буруутай тул манай найзад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэм буруутай, харамсаж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Х-өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Х-мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Гэм буруугийн асуудалд маргаддаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбарыг сонслоо. Хохирогч Б.Мөнхбаатар “2 хүнд дээрэмдүүлсэн” гэж дээрмийн гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад анх гомдол гаргасан. Мөн хохирогчоор тооцож түүнээс дахин мэдүүлэг авахад энэ талаар мөн “2 хүн дээрэмдсэн” гэж тогтвортой мэдүүлдэг. Хохирогч Г.М- энэ хуралдаанд “шүүгдэгч Б.М-өмгөөлөгч болон ар гэрээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, харж үзнэ үү гэсэн үүднээс уулзсан” гэж тайлбар гаргаж байгаагаас харахад хамгийн сүүлд буюу хэргийн 99 дүгээр талд авагдсан мэдүүлгийг өгсөн болов уу гэж үзэж байна. Б.М-гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлээгүй. Харин ямар нэгэн байдлаар хамт байсан гэж мэдүүлсэн. Хохирогч Г.М-ын мэдүүлгүүд тогтвортой гэж үзэж байна. Мөн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Б.Х-сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “согтуу эрэгтэй хүн хүрээд ирэхээр нь би шууд барьж аваад хавирч унагааж, Б.М-дээрээс нь нүүр лүү нь цохиод, би гар утсыг нь булааж, дээрэмдээд зугтаасан” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд Б.М, Б.Хнар нь дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан Б.М-мэдүүлгийг үгүйсгэж байна. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж өөрт нь танилцуулаад тэр даруй яллагдагчаар мэдүүлэг авсан. Нэг цаг хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Б.Х-аас мөн адил энэ журмын дагуу танилцуулж мэдүүлэг авсан. Мөн холбогдох хуулийг сануулж, гарын үсэг зуруулж давхар баталгаажуулж мэдүүлэг авсан. Тухайн мэдүүлэгт Б.М-өөрийн гэм бурууг зөвшөөрсөн байдаг. Дээрх баримтууд болон бичгийн бусад нотлох баримтуудаас үзэхэд Б.М-нь бусадтай бүлэглэж буюу Б.Б.Х-тай бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь харагдаж байна. Яллах дүгнэлтэд Б.Б.Х-, Б.М-нарыг бусадтай бүлэглэж гэсэн нь нэг цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд тухайн үед шүүгдэгч Б.Б.Х-, Б.Мөнхбаяр, хохирогч Г.М- нар хамт байсан тул бусадтай бүлэглэж гэж оруулж ирсэн. Энэ хэргийн хувьд ялгамжтайгаар бусадтай бүлэглэж гэж бичсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлууд нотлогдсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.Б.Х-, Б.М-нар бүлэглэж, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 цагийн үед, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Эрэл”-ийн 46 дугаар байрны баруун талд иргэн Г.М-ын “Huawei Y5” загварын гар утсыг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж, боож унаган дээрэмдсэн,

Энэ үед Б.Х-нь хохирогч Г.М-ын нүүрэн тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.М-ын: “Тухайн өдөр байгууллагын шинэ жилийн баяр болсон тул би бага хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ... гар утсаараа яриад явж байхад өндөр, нам хоёр эрэгтэй хүн ямар ч үгийн зөрүүгүй, араас хоолой боож, өндөр нь намайг боож унагаад, дээрээс цохиж байхад, жижиг биетэй нь миний халаасанд байсан гар утсыг булаацалдаж байгаад аваад зугтсан ...”, “...уг 2 залуугийн өндөр нь /Б.Б.Х-/ намайг боож унагаагаад, миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Бусад гэмтлийг ноцолдож байхдаа учруулсан байгаа...” /хх-14-15, 16-17, 99/,

 

шүүгдэгч Б.Х-сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Б.М-бид хоёр буцаад явж байхад “Эрэл”-ийн байрны баруун талд явж байсан согтуу хүн хүрээд ирэхээр нь би нөгөө согтуу залууг барьж аваад хавсарч унагаахад, Мөнхбаяр дээрээс нь нүүр лүү нь цохиод, би гар утсыг булааж аваад зугтаасан гэмт хэрэг хийсэн... Би “гар утсаар чинь яриад өгье” гэхэд “үгүй” гэхээр нь дээрэмдээд авчихсан ... гар утас надад байж байсан. Би хавсарч унагаасан...”, “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн учраас нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” /хх-40-41,65-66, 94-95/,

 

шүүгдэгч Б.М-сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Б.Х- тэр хүнийг “ална шүү” гээд хөл рүү нь хавсарч унагаагаад “утсаа өг” гэхэд нөгөө хүн өгөхгүй байсан. Тэгсэн Б.Х- нүүр лүү нь цохиод, гартаа барьчихсан байсан гар утсыг аваад зугтахаар нь би хамт зугтааж, явган хүний замаар гүйж байхад замын уулзвар дээр нэг машин намайг хаагаад зогсохоор нь хойгуур гараад гүйх гэж байгаад цагдаад баригдсан. Би бие засчихаад эргээд харахад Б.Х- тэр хүнийг дээрэмдэж байсан...” /хх-35-36, 37-38, 69-70, 97-98/ гэх мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №БГ2-18-683 дугаартай: “Huawei Y5 маркийн 1 ширхэг гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 399.000 төгрөгөөр үнэлэгдэв” /хх-28-29/ гэх тайлан,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн №690 дугаартай: “1.2. Г.М--н биед зүүн талын завьжинд язрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-26/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Х-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.М, Б.Хнарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Б.Х-үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б.М, Б.Хнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тус тус  зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нар “... Б.М-бусдыг дээрэмдэх хэрэгт оролцоо байхгүй тул цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

1. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Г.М-: “... Намайг 2 залуу дээрэмдсэн ...намхан залуу нь /Б.Мөнхбаяр/ миний куртикны халааснаас гар утсыг авсан” /хх-17,19/ гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд тогтвортой өгсөн.

 

Мөн шүүгдэгч Б.Х-сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...би нөгөө согтуу залууг барьж аваад хавсарч унагаахад Мөнхбаяр дээрээс нь нүүр лүү нь цохиод, би гар утсыг булааж аваад зугтаасан...” /хх-40-41/ гэх мэдүүлэг,

“...Би урьд өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн учраас нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дээрэмдэх ямар нэгэн санааг гаргаагүй. Гэнэт л гар утсыг нь аваад зугтаачихсан” /хх-65-66/ гэх мэдүүлэг нь хохирогчийн дээрх мэдүүлгийг давхар нотолсон байна.

 

Хэрэг үйлдэгдэх үед байсан гурван хүний хоёр нь буюу хохирогч Г.М-, шүүгдэгч Б.Х-нарын анхны мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.М-хэргийн оролцоо үйлдлийг тодорхой мэдүүлснийг үгүйсгэх хөдөлбөргүй нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

 

Мөн шүүгдэгч Б.М-өмгөөлөгч Л.Данзанноров “шүүгдэгч Б.М-мэдүүлгээ удаа дараа тогтвортой өгч байсныг цагаатгах талын нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлээгүй” гэжээ.

 

Шүүгдэгч Б.М-нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр: “...Бомборо /Б.Б.Х-/ тэр хүнтэй маргалдаад тэр ахыг “ална шүү” гэхэд нь тэр ах зугтаах гэхээр нь Бомборо барьж аваад газар унагаад “утсаа өг” гэхэд “өгөхгүй” байхаар нь нүүр лүү нь цохиод утсыг нь аваад гүйсэн” /хх-21-22/, 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр сэжигтнээр: “... Б.Х- бид хоёр 10 дугаар хорооллын зам дагаж явж байхад Б.Х- “бие заслаа” гэхээр нь би араас нь дагаад тамхи татаад явж байхад утсаар яриад явж байсан 30-40 орчим насны хар куртиктай, согтуу эрэгтэй хүнтэй тааралдах үед Б.Х-тай мөрлөлцсөн” /хх-35-36/,

2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр сэжигтнээр: “...би хэрэг хийгээгүй, тэр хүнийг Б.Х- дээрэмдсэн. Би хажууд нь хараад л зогсож байсан” /хх-38/,

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар: “... Би тухайн үед Б.Х-тай хамт явж дээрмийн хэрэг үйлдсэн нь үнэн. Гэхдээ би хохирогчийг цохиж зодоогүй” /хх-97-98/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд түүний дээрх мэдүүлгүүдээс үзэхэд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үед Б.Б.Х-тай хамт байсан, үйлдлээрээ нэгдэн оролцсон, хэргийн үйл баримтыг тодорхой мэдэж байсан байна.

 

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х-нь: “хохирогчийн утсыг би авсан. Мөнхбаяр цохиж зодоогүй. Мөнхбаяр байрны ард байсан...” /хх-129/ шүүгдэгч Б.Мөнхбаяр: “...Байрны ард бие засаад зогсож байсан чинь Б.Х- “зугтаарай” гээд орилохоор би гүйж байгаад цагдаад баригдаад эргээд харахад ард 30 эргэм насны хүн газар унасан байсныг харсан...” /хх-129 ар тал/, “...би мэдээгүй, Хишигтбатыг “зугтаарай” гэхээр нь айсандаа зугтсан. Гар утсыг авсан талаар цагдаа дээр ирээд мэдсэн” /хх-130/ гэж   мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлжээ.

 

Гэвч хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Б.Б.Х-, Б.М-нарт дээрэмдүүлсэн...” талаар өгсөн мэдүүлэг нь Б.Б.Х-, Б.М-нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдтэй тохирч байх тул шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Мөн шүүгдэгч Б.М-нь давж заалдах гомдолдоо “намайг хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн байдлаар мэдүүлэг авсан байсан. Энэ талаар огт мэдээгүй. 48 цаг хоригдсонтой чинь холбоотойгоор гарын үсэг зуруулж байна гээд гарын үсэг зуруулсан” гэжээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.М-нь гэрчээр 1 удаа, сэжигтэн, яллагдагчаар 4 удаа байцаагдсан байх бөгөөд байцаалтын дараа өгсөн мэдүүлэгтэйгээ танилцаж, “үнэн зөв” хэмээн гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч Б.М-мэдүүлгүүдийг үзэхэд, түүнийг дарамталж, хүч хэрэглэж хэрэг хүлээлгэсэн байж болох нөхцөл байдал байхгүй байна.  

 

Иймд “хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, үйл баримтыг зөв дүгнэсэн хэдий ч шүүгдэгч Б.Б.Х-, Б.М-нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.М-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Х-гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдэлд тохирсон байна. Харин “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн агуулга, зорилтод нийцэхгүй байна.

 

Шүүгдэгч Б.Х-нь Б.Мөнхбаяртай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрдөг боловч, анхан болон давж заалдах шатны   шүүх хуралдаанд дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйл баримтыг нуун дарагдуулж, ганцаараа үйлдсэн мэтээр мэдүүлж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хууль зүйн ойлголтод хамаарахгүй.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...давж заалдах шатны шүүх ...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно...” гэснийг үндэслэн  Б.Б.Х-ад оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

 

Цаашид прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарын бүлэглэсэн үйлдлийг тодорхой, ойлгомжтой бичих нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 924 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дэх заалтын шүүгдэгч Б.Б.Х-ад холбогдох хэсгийг “Шүүгдэгч Б.Б.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар...” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Б.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Д.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ