Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 65

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 09 сарын 27 өдөр               Дугаар 65                                           Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Иргэдийн төлөөлөгч М.Зулбаяр

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Буянхишигт холбогдох 201617000107 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн харъяат, 1993 оны 08 сарын 12-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдрах, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн,  ЛД93081218 регистртэй, Хургад овгийн Баатархүүгийн Буянхишиг.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Буянхишиг нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 24 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд байрлах “Их наран” баарны гадна согтуурсан үедээ иргэн Б.Батдоржтой маргалдан улмаар хавсарч унаган цээж хэсэгт нь өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Буянхишиг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: 2016 оны 04 сарын 13-ны өдөр би сумын төв рүү орсон. Тэгээд “Их наран” гэдэг бааранд ороод 2.5 литрийн пиво дөрвүүлээ хувааж уучихаад шөнө 00 цагт тэндээс гараад “Их наран” баарны баруун талаар хойшоо явж байхад Батдорж гэдэг ах намайг модоор цохисон. Тэрнээс болж би Батдорж ахтай муудаж түүнийг хавсарч унагаад 2-3 удаа өшиглөсөн. Батдорж намайг модоор цохиогүй бол би түүнтэй муудахгүй байсан. Би Батдорж ахад эмчилгээний зардалд 300.000 гаруй төгрөг өгсөн. Одоо хохирогч надаас мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна... гэв. 

 

- Шүүгдэгч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: Базарсүрэн нь баарны урд зогсож байсан. Бид 4 шууд баруун хойд зүгт явж Хаан банкны хойд талаар баруун зүгт явж байтал Батдорж ах араас мод барьчихсан гүйж ирээд миний нуруу руу модоор нэг удаа цохих шиг болоод урд зүгт чигтэй гүйхээр нь би Батдоржийн араас нь гүйж байгаад цэцэрлэгийн зүүн талд, Засаг дарга Ганболд ахын хашааны баруун талд Батдоржийг гүйцэж аваад хөлөөрөө ташиж унагаагаад гараараа шанаа руу нь 1-2 удаа цохисон. Би Батдоржийг гараараа заамдаж доош дарж байтал Батдорж босч ирээд миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохиод намайг газар унагаагаад миний дээр гарчихсан. Энэ үед Базарсүрэн ирээд Батдоржийг салгаж байсан. Базарсүрэн нь Батдоржийг яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна. Би Батдоржийг зодох болсон шалтгаан нь миний нуруу руу модоор цохилоо гэсэн шалтгаанаас болж араас нь гүйж очиж зодох болсон. Би хавсарч унагаагаад гутлынхаа хоншоороор цээж нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн нь үнэн. Хавсарч унагаахад гэмтэл учирсан байж магадгүй гэж бодсон юм. Гараараа шанаа руу нь цохисныхоо дараа өшиглөсөн. Өшиглөсөн гэж хэлэхээр улам хүндэрч магадгүй гэж бодоод хэлээгүй юм... гэх мэдүүлэг /хх-46/

 

- Хохирогч Б.Батдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд байрлах “Их наран” нэртэй бааранд орж 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч ууж архи талдаа орчихсон байх үед Баяржаргал гараад дахин орж ирэхгүй байхаар нь араас нь гарсан чинь Их наран баарны баруун талд хүмүүс том том дуу гараад тэр дунд Баяржаргалын дуу гарч байхаар нь очиход Баяржаргал газар уначихсан ганцаараа хэвтэж байсан. Баруун хойд зүгт хүмүүс чанга чанга дуу гараад явж байхаар нь араас нь очиж Буянхишиг, Базарсүрэн нартай яагаад хүн цохиж зодож байгаа талаар маргаад би ажил руугаа явсан. Тэгтэл миний ажилладаг цэцэрлэгийн зүүн талд явж байтал Буянхишиг гэх залуу намайг хавсарч унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Энэ үед нь би босох гэж өөдөөс нь эсэргүүцэж байсан. Сүүлдээ миний бие босч чадахгүй амьсгалж чадахгүй болсон ” гэх мэдүүлэг. /хх-5/

 

- А.Базарсүрэнгийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би бие засах гэж баарнаас гарч баруун урд зүгт явж бие зассан, тэгтэл бие засаад эргэж байсан Баяржаргал ах намайг мөрлөхөөр нь шанаа руу нь нэг удаа цохиод буцаад баар луу орсон. Би баарнаас удалгүй гарч баруун урд зүгт Хаан банкны хойд талд явахад Гантөмөр найзтайгаа уулзчихаад буцаж ирэхэд Батдорж ах Буянхишиг бид хоёрын араас гүйж ирээд Буянхишигийн нуруу руу нь модоор цохиод баруун зүгт зугтахаар нь араас нь Буянхишиг бид 2 гүйгээд Хаан банкны баруун талд очиход Буянхишиг нь Батдорж ахыг хавсарч унагаагаад дээрээс нь өшиглөж байсан. Би очиход Буянхишиг доод талд нь орчихсон байхаар нь Батдоржийг түлхэж бөгс рүү нь 1-2 удаа өшиглөсөн энэ үед Гантөмөр ирсэн. Батдорж нь цэцэрлэгийн хашаа руу ороход нь Гантөмөр Батдоржтой уулзаж байсан. Батдорж нь цэцэрлэгийн хашааны орчимд газар хэвтээд байсан..гэх мэдүүлэг. /хх-51/

 

- Гэрч Х.Дагва-Осорын мөрдөн байцаалтанд өгсөн: Шилтэй архи талдаа орох үед Баяржаргал гараад явсан орж ирэхгүй байхаар нь Батдорж гарсан. Би удалгүй гарсан чинь “Их наран” баарны баруун талд Баяржаргал ганцаараа эвхрэлдээд хэвтэж байхаар нь босгосон. Энэ үед Хаан банкны хойд талд хүн бахиралдаж байгаа чимээ гарахаар нь би түрүүлж алхаж Баяржаргал араас бага зэрэг хазаганаад ирж байсан. Хаан банкны хойд талд 3 залуутай Батдорж хэрэлдээд зогсож байснаа баруун зүгт зугтаж гүйж байснаа урд зүгт эргэсэн би араас нь гүйгээд очиход хуучин засаг дарга Ганболдын хашааны баруун талд Батдоржийг газар унагаачихсан дээрээс нь Буянхишиг өшиглөж байсан... гэх мэдүүлэг /хх-12/

 

- Гэрч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: Хаан банкны зүүн хойд талын булан ороогоод хойд талд гарахад Батдорж ах ирчихсэн Буянхишиг, Базарсүрэн нартай уулзаад зогсож байснаа баруун зүгт гүйчихсэн. Би араас нь алхаад очоод байж байтал Базарсүрэн, Буянхишиг нар нь юу юуны завдалгүй шууд Батдоржийг цохиод газар унагаахаар нь би Базарсүрэнг барьж, Дагва-Осор ах Буянхишгийг барьсан... гэх мэдүүлэг. /хх-12/

 

- Гэрч Х.Отгонзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Гантөмөр бид 2 караокед сануулсан дуугаа дуулж дуусгаад гарсан чинь Базарсүрэн, Буянхишиг нар нь “Их наран” баарны баруун урд талд хоорондоо пизда наахуу гээд хоорондоо яриад байсан. Яасан бэ гэхэд яагаа ч үгүй гээд баруун хойд зүгт явсан чинь араас нэг ах гартаа мод, чулуу барьчихсан ирээд Базарсүрэн, Буянхишиг нар дээр ирчихээд баруун зүгт гүйгээд яваад өгсөн. Араас нь Буянхишиг гүйхэд араас нь Базарсүрэн гүйсэн. Гантөмөр надаас түрүүлээд гүйгээд араас нь яваад өгсөн би араас нь очиход гүйж байсан ах цээж нүцгэн гэрэлд хаалганы зүүн талд дээшээ хараад баруун гараараа цээжнийхээ зүүн талыг бариад байж байсан. Яасан бэ гэхэд зүгээрээ зүгээр хавирга бэртчихсэн юм шиг байна... гэх мэдүүлэг. /хх-14/ 

  

- Шүүх шинжилгээн албаны шинжээчийн дүгнэлт №170 тоот дүгнэлтэнд: 1.Б.Батдоржийн биед толгойн оройд зулгаралт, баруун гарын тохойн үенд зулгаралт, зүүн талын 7,8 дугаар хавирганы зөрүүтэй хугаралт, зүүн уушгинд шингэн хуралт, цээжний дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.... /хх-35х/  гэжээ.

 

- 2016 оны 07 сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн /нэмэлт/ дүгнэлт №170 /хх-94/

 

- Эмнэлгийн магадлагаа /хх-07/

 

- Аймгийн нэгдсэн эмнэлгийн №001337 дугаартай өвчний түүх. /хх-29-34/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.04.18-ны өдрийн 170 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт. /хх-35/

 

- Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-37/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.04.18-ны өдрийн 172 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт. /хх-38/ 

 

- Б.Буянхишигийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016.05.02-ны өдрийн 29 тоот тодорхойлолт /хх-60/

 

- Б.Буянхишигийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ. 2016.05.27 /хх-76-77/

 

- Эвлэрсэн тухай гэрээ. 2016.07.20 /хх-86/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.07.28-ны өдрийн 170 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-94-95/ зэрэг болно.

 

 

Шүүгдэгч Б.Буянхишиг нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 00.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд байрлах “Их наран” баарны гадна согтуурсан үедээ иргэн Б.Батдоржтой маргалдан, түүнийг хавсарч унаган цээж хэсэгт нь өшиглөж бие махбодид нь “ толгойн оройд зулгаралт, баруун гарын тохойн үенд зулгаралт, зүүн талын 7,8 дугаар хавирганы зөрүүтэй хугаралт, зүүн уушгинд шингэн хуралт, цээжний дотуур цус алдалт “ бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Буянхишигийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Х.Дагва-Осор, А.Базарсүрэн, Х.Отгонзаяа нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны 170 тоот шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Буянхишиг нь хохирогч Б.Батдоржийн өөрийг нь ямар ч шалтгаангүйгээр модоор цохисон үйлдэлд дургүйцэн түүнтэй маргалдан, хавсарч унаган, цээжинд нь өшиглөж гэмтэл учруулан, гэмт хэргийг хувийн сэдэлттэйгээр үйлдсэн хийгээд уг хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн байна.  

Энэ нь шүүгдэгч Б.Буянхишигийн “ Баарнаас гараад Хаан банкны хойд талд явж байтал араас Батдорж ах ирээд миний нуруу руу модоор цохиод урагшаа гүйхээр нь араас нь очиж барьж аваад хавсарч унагаагаад, гутлынхаа хоншоороор цээж нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн “ гэх, гэрч Х.Отгонзаяагийн “ Гантөмөр бид 2 караокед сануулсан дуугаа дуулж дуусгаад гарсан чинь Базарсүрэн, Буянхишиг нар нь “Их наран” баарны баруун урд талд хоорондоо пизда наахуу гээд хоорондоо яриад байсан. Яасан бэ гэхэд яагаа ч үгүй гээд баруун хойд зүгт явсан чинь араас нэг ах гартаа мод, чулуу барьчихсан ирээд Базарсүрэн, Буянхишиг нар дээр ирчихээд баруун зүгт гүйгээд яваад өгсөн ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Буянхишигт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Б.Буянхишигийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 55.1.10-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.

           Б.Буянхишиг гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан байснаа “ Х.Отгонзаяа, А.Базарсүрэн, Гантөмөр нарын хамт Мөнххаан сумын төвд байх “Их наран” нэртэй бааранд орж караокед дуулж, пиво ууцгаасан “ гэж хүлээн зөвшөөрч мэдүүлэх ба үүнийг гэрч Х.Отгонзаяа, А.Базарсүрэн, Гантөмөр нар давхар гэрчилж, нотолсон байна.

Шүүгдэгч Б.Буянхишиг нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батдоржид учирсан эмчилгээний зардал болох эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч эдгэрч гэм хор арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хэрэг үйлдэгдсэн болон хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн тухайн хэрэг гарахад хохирогчийн согтуурсан зүй бус үйлдэл үйлдэл нөлөөлсөн, хохирогчид хүнд гэмтэл учирсан боловч одоо эдгэрсэн, түүний гэм буруугаа ухамсарласан зэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч  Б.Батдорж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хургад овгийн Баатархүүгийн Буянхишигийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Б.Буянхишигийг 03 / гурав/ жил 05 / тав / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг журамлан ялтан Б.Буянхишигт оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

4. Ялтан Б.Буянхишиг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал болох эдийн хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Батдорж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож ялтан Б.Буянхишигт энэ дөрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.СУГАР

                                                            

                                           ШҮҮГЧИД                          Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

                                                          

                                                                                      С.НАСАНБУЯН