Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 481

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 13 өдөр             Дугаар 128/ШШ2019/0481           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: “Г” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 А/407 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар захирамжаа хүчингүй болгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “И” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4-р сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд 0,44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг авч, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах ******* дугаар гэрчилгээгээр газрыг ашиглаж эхэлсэн.

Хууль ёсны дагуу ашиглах эрх үүссэн газар дээр Аялал жуулчлалын төв барихаар байгаль орчны ерөнхий болон нарийвчлан үнэлгээ хийлгэн батлуулж, Архитектур төлөвлөлтийн даалгавар авч, эскиз зураг хийлгэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд суулгаж, холбогдох бүх техникийн нөхцлүүдийг эрх бүхий байгууллагуудаас авсан. Улмаар ажлын зураг хийлгэж Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлыг эхлэх зөвшөөрөл болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас түр хашаа барих зөвшөөрлөө аван, хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлж барилга барьж эхлэх шатанд “Г” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4-р сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд манай компани тухайн хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцсон.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчоос гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх шатанд нэхэмжлэгч “Г” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “Г” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл манай компанийн ашиглалтанд байгаа газрын маргааны зүйл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор байхгүй болж газар ашиглах эрх нээлттэй болсон.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2018 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг гаргаж “И” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тухайн шийдвэрийг гаргахдаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болоогүй 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг үндэслэл болгосон байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дээрх шийдвэрийг гаргахдаа “И” ХХК-д ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдээгүй бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1487 дугаар албан бичгээр манай компанид гурвалсан гэрээ хураалгах мэдэгдэл ирүүлснээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаал гарсныг мэдсэн.

Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа манай компанид газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэж буйг мэдэгдэж, сонсох ажиллагаа хийх үүргийн хүрээнд сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар хийх эрхийг хангалгүй шийдвэрээ гаргасан болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, хянан хэлэлцэгдэж дуусаагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон, уг анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт “...тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасны дагуу “И” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2019 оны 01-р сарын 16-ны өдрийн 01/10 дугаар албан бичгээр гомдол гаргасан боловч зохих хариуг хуулийн хугацаанд өгөөгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д “хуульд үндэслэгдэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудыг тусгаж өгсөн ба энэ нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд үндэслэгдэх агуулгын суурь нөхцлүүд билээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар захирамжийн үндэслэл нь “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0144 шийдвэр” байсан боловч уг шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байдаг. Уг давж заалдах шатны шүүхийн тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлсэн байх ба анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэр хүчингүй болсон нь хэргийн бүх оролцогчдод хүрсэн болно.

Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тогтоолоор хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаал гарсан нь уг тушаал өөрөө хууль бус захиргааны акт болохыг харуулахаас гадна манай компанид эрх олгосон Сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалын үйлчлэл сэргэсэн үйл баримт болно.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 40.4, 42.2-д тус тус зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаал өөрөө хууль зүйн үндэслэлгүй, хууль бус захиргааны акт ба Захиргааны ерөнхий хуулийн 48.1-д зааснаар хэсэгчлэн болон бүхэлд нь хүчингүй болгох үр дагавартай байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаал хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулах гомдлыг өөрт нь гаргасан байхад Газрын тухай 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.1-д тус тус зааснаар хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой байтал гаргаагүй нь Сайд хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг харуулж байна.

Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын өөрийн гаргасан 2018 оны А/407 дугаар тушаалаа хүчингүй болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг хүчингүй болгохыг Сайдад даалгах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “2 хонхтой асарыг анх байрлуулахдаа парелел биш хэлбэрээр 1 талыг нь хол, нөгөө талыг нь ойрхон зайд байрлуулсан байсан. “Зүүн талд байрлаж байгааг нь шилжүүлж, баруун талынхтай нь паралел хэлбэртэй болгоно шүү” гэж Д.О сайд хэлж байсан. 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ гэсэн байгаа. Мөн маргаан бүхий А/407 дугаар тушаалын 6 дугаар зүйлд жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалттай мэдээллийн төвийг байгуулахаар манай газар ашиглах эрхийг хүчингүй болгоод байгаа юм шиг утга бүхий зүйл бичсэн байгаа. Үүнээс үзэхэд Засгийн газрын бодлого нь мэдээллийн болон үйлчилгээний төв байгуулах сонирхолтой байна. Засгийн газрын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрт орчихсон, 2 сайд зөвшөөрчихсөн газрыг 3 дахь сайд гарч ирээд, зөвшөөрлийг нь цуцалсан нь захиргааны үйл ажиллагааг тууштай залгамжлах боломжгүй болгож байна. Бид орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулъя гэсэн албан бичгийг Богдхан уулын хамгаалалтын захиргаанд өгсөн боловч шүүхэд маргаантай байгаа учир хамтран ажиллах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Барилга газрын зүүн урд тал руу шахаж барихаар төлөвлөсөн, ийм боломжтой байгаа.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан А/407 тоот тушаалын үндэслэл болсон заалт нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Засгийн газар тогтоол, сайд тушаал гаргах эрхтэй гэж заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг иш татсан байдаг. Гэхдээ иш татсан зүйлээ хэдийн хэдэд заасныг дурдаагүй.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт .Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч байгальд ээлтэй, үйлчилгээний төвтэй, олон улсын стандартад нийцсэн цогцолбор барихаар хүсэлтүүдээ өгч батлуулсан байдаг. Үүнээс үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй нийцэж байгаа. Тушаалын үндэслэл болгосон шүүхийн шийдвэр нь хүчингүй болсон.

Сайдын тушаалын үндэслэлд Хан-уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 дугаар албан бичиг, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот албан бичгүүдийг дурдсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар сайд тусгай хамгаалалттай газар нутагт газрын зөвшөөрөл олгохдоо зөвшилцөж, саналыг аваад шийдвэр гаргана гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр А/87 тоот тушаал 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гарсан. Хэрэв сайдын тушаалыг үндэслэл болгож байгаа бол Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичиг А/87 тоот акт гарснаас хойш 1 жилий дараа гарсан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарт дурдаад байгаа саналуудыг аваагүй нь тус тушаалыг хууль бус байсныг харуулж байна гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Учир нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1110 тоот албан бичгээр тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хамтран ажиллах санал хүргүүлж байсан. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргаанд бичиг хүргүүлсэн. Үүний дараа 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал ирээд, Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017 онд санал хүргүүлээд, үүний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаал гарч, газар ашиглах эрх олгосон, үүний дагуу гурвалсан гэрээ байгуулагдсан. Хариуцагчийн хариу тайлбарт дурдагддаг саналууд А/87 дугаар тушаалаас жилийн дараа гарсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэлүүдийг заасан байдаг. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 40.1.2 дахь хэсэгт тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газрын эрхийг цуцлахаар заасан байдаг. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан 5 үндэслэл байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/407 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тухайн актын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шаардлагын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хуульд үндэслэх зарчим байх ёстой. Мөн маргаан бүхий тушаалын үндэслэл нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг үндэслэсэн байдаг. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас хариуцагчид тус шүүхийн шийдвэр хүчингүй болсон талаар тогтоолыг хүргүүлж мэдэгдсэн байдаг. Тэгэхээр дээрх шүүхийн шийдвэр хүчингүй болсон талаар 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдсэн байна. Энэ нь А/407 дугаар тушаал хууль бус болохыг харуулж байна. Шүүхийн шийдвэр хүчингүй болсноор сайдын 2017 оны А/87 дугаар тушаалын үйлчлэл сэргэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар А/407 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус захиргааны акт болно. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж зааснаар хэсэгчлэн болон бүхэлд нь хүчингүй болгох үр дагавар үүсэхээр байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад А/407 тоот тушаалаа эргэж хараач гэсэн хүсэлт хүргүүлсэн боловч хүлээж аваагүй учир шүүхэд хандсан. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт таслалын дараа газар ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол гэж байгаа. Яагаад “И” ХХК газар ашиглагч мөн гэж үзэж байна гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн тогтоолоор газар ашиглах эрх олгосон А/87 дугаар тушаалын үйлчлэл сэргэсэн. Өөрөөр хэлбэл А/87 дугаар тушаал одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Хуулийн дагуу газар ашиглагч нь “И” ХХК мөн учир хууль бус шийдвэрээ хүчингүй болгооч гэсэн хүсэлт хүргүүлсэн. Гэтэл ямар нэгэн хариу ирүүлээгүй. Тийм учраас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар шууд хүчингүй болгох үр дагавар үүсэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/407 дугаар тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0144 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот албан бичгийг тус тус удирдлага болгосон.

“И” ХХК-д газар ашиглах олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж заасныг хэрэгжүүлээгүй, хууль бус тушаал гэж үзэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал авахад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 дугаар албан тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд “И” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 4404м2 газар ашиглах зөвшөөрөл олгогдсон байна. Тухайн газрын орчинд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” байрладаг ба уг байгууламж нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлсэн газруудын нэг тал барилга байгууламж барих тохиолдолд олон нийтийн эрх ашиг хөндөгдөх, “Бурхантай хөшөө”-өөс зайтай бариулах талаар санал ирүүлсэн байна.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот албан бичгээр Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар ашиглуулах шаардлагагүй ба газрыг нийслэл хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөдөг ногоон байгууламж хэвээр байлгах гэсэн саналуудыг тус тус ирүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1487 тоотоор “И” ХХК-д мэдэгдсэн байна.

Иймд нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 2018 оны 12 дугаар сард багтаж шүүхэд гаргах байсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 “3ахиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.” гэж заасан байдаг.

Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан байдаг.

2019 оны 03 дугаар сарын 05-нд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.

Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “тухайн газрыг яам өөрийн ашиглалтандаа аваад, Нийслэлийн хот тохижилт зэрэг байгууллагуудтай гэрээ байгуулаад, бүтээн байгуулалт хийгээд явна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 0,44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар “И” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах ******* дугаар гэрчилгээг мөн өдөр олгож, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах гурвалсан гэрээг тус компани Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай 5 жилийн хугацаатай байгуулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон тухайн газрын байгаль орчны ерөнхий болон нарийвчлан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж, мөн 2017 оноос 2021 оныг хүртэл төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан байх бөгөөд, газар ашиглах эрх олгосон дээрх шийдвэрийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 7 дугаар сарын 18-нд ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, мөн аялал жуулчлалын төвийн барилгын эскиз зургийг баталж, цахилгааны холболт хийх 1865/2017 дугаартай техникийн нөхцлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, дулааны шугамын 85/2017 дугаартай техникийн нөхцлийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний яамнаас тус тус олгосон, улмаар ажлын зураг төслийн баримт бичигт Барилгын хөгжлийн төв 103/2018 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 4 дүгээр сарын 06-нд 060/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг олгожээ.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 357 дугаар захирамжаар тухайн байршилд буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн байсныг газар ашиглагч холбогдох газарт хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байдаг.

Гэтэл “Г” ХХК нь “И” ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийг буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн энэ шийдвэрийг болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот албан бичгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаар “И” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэ шийдвэрийг “И” ХХК-д хүргүүлээгүй байх үед “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “И” ХХК анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын  13-ны өдөр гаргаж, шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7793 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснээр гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргаж, гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Г” ХХК нь “уг ажлыг “И” ХХК явуулахаар болсон, гаргасан зардлаа тодорхой гэрээгээр зохицуулж байгаа” гээд “ “И” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “Г” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаал гарах үндэслэл болсон маргаан дуусгавар болж, захиргааны хэрэг хэрэгсэхгүй болсон, анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэр хүчингүй болсон байна. 

Хэдийгээр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаал гаргах үед Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байсан ч тушаалыг хүчингүй болгуулахаар 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлт, гомдол гаргах үед анхан шатны шүүхийн 144 дүгээр шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тогтоолоор хүчингүй болгосон байсан, давж заалдах шатны шүүхийн тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 17-нд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн тул энэ нь хүсэлт, гомдлыг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгох үндэслэл цаг хугацааны хувьд ч, хууль зүйн хувьд ч байжээ.

Ийнхүү 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сайдад гомдол гаргах үед “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/407 дугаар тушаалын үндэслэл болсон анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нөхцөл байдал үүссэн байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 “захиргааны актын үндэслэж байгаа бодит, эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн”, 50.1.2 “хаяглагдсан этгээдийн талд ашигтай нотлох баримт бий болсон” тохиолдолд хаяглагдсан этгээдийн хүсэлтээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно гэж зааснаар сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хүсэлт, гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй байжээ.

Тодруулбал “Г” ХХК-ийн нэхэмжлэлээр “... “Г” ХХК мөн адил хүсэлтээ гаргасаар байхад “И” ХХК –д газар ашиглах эрх олгосон нь үндэслэлтэй эсэхийг дүгнэж, хуулийн өмнө талуудын тэгш байдлыг хангаж талуудын саналыг судалж дахин шийдвэрлүүлэхээр” даалгасан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг биелүүлж, хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А/407 дугаар тушаал гаргасны дараа 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр “Г” ХХК маргахгүйгээ илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзсанаар 2018 А/407 дугаар тушаалын үндэслэл болсон анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дугаар шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нөхцөл байдал үүссэн, өөрөөр хэлбэл 2018 оны А/407 дугаар тушаалын хувьд хаяглагдсан этгээд болох “И” ХХК –д бодит нөхцөл байдал нь эерэгээр өөрчлөгдсөн, түүнд ашигтай шүүхийн шийдвэр гарсан байна.

Энэ тохиолдолд “И” ХХК–д сөрөг нөлөөлөл бүхий 2018 оны А/407 дугаар тушаалын үндэслэлийг хянаж, хүчингүй болгох зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д, дахин шийдвэрлэх зохицуулалтыг 50 дугаар зүйлийн 50.1-д тодорхой хуульчилжээ. Гэтэл энэ ажиллагааг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус компанийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан гомдол, хүсэлтээр шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байна.

Хэдийгээр гомдол хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал ч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/407 дугаар тушаалын нэхэмжлэгчид хамаарах хэсэг дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар дахин хянаж хүчингүй болгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын даалгах” шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Тушаалд дээр дүгнэгдсэн шүүхийн шийдвэрээс гадна Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот саналыг тус тус үндэслэсэн байдаг тул эдгээрийн хууль зүйн үндэслэлийг тусад нь дүгнэвэл:

Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь эрх бүхий этгээдээс олгогдсон газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдахаар бол уг шийдвэр хуульд үндэслэсэн байх ёстойгоос биш ямар нэгэн мөрийн хөтөлбөрт үндэслэх учиргүй. Тодруулбал газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан байдаг. 

Нөгөө талаас “И” ХХК-ийн зохих байгууллагуудаас  холбогдох эрх, зөвшөөрөл, техникийн нөхцөл авч тухайн газарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аялал жуулчлалын төв байгуулах төсөл нь маргаан бүхий актын үндэслэл болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн энэ талаарх заалттай зөрчилдөхөөр байгаа талаар хариуцагч ямарваа баримтаар нотлоогүй, хариу тайлбартаа ч энэ талаар дурдаагүй болно. Өөрөөр хэлбэл тушаалын энэ үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч “анх газар олгосон 2017 оны А/87 дугаар тушаал гаргахдаа Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал аваагүй, мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 тоотоор, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоотоор газар ашиглах эрх олгохоос татгалзсан” гэж тайлбарладаг.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10/1820 тоотоор “И” ХХК-ийн газар ашиглах хүсэлтэд санал авахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “04 дүгээр сарын 07-ны дотор саналаа ирүүлэхийг” мэдэгдсэн, мөн ийнхүү санал авахаар “И” ХХК 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 04/5 тоотоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан байдаг. Үүний хариу болгож Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 207 тоотоор “хүсэлтэд дурдсан солбицол бүхий газар нь яамны газарт хамаарагдаж буй” болохыг тодорхойлсон.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/87 дугаар тушаалаар “И” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсний дараа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг дарга газар ашиглагчтай тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах гэрээ байгуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл ийнхүү газар ашиглуулах гэрээ байгуулсан нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг дарга  “И” ХХК–д газар ашиглуулахыг зөвшөөрснийг илэрхийлэхийн зэрэгцээ тэдгээр байгууллагуудын 2018 оны санал гэх тоот нь тус компанид газар ашиглах эрх олгож эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий “хууль бус” захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг зааж өгсөн, энэ үндэслэлд хамаарахгүйн дээр  сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/87 дугаар тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 тоот “тухайн газарт барилга байгууламж барих тохиолдолд олон нийтийн эрх ашиг хөндөгдөхөөргүй, Бурхантай хөшөөнөөс зайтай бариулах талаар анхаарч ажиллана уу” гэсэн агуулга бүхий албан бичиг нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй, газар ашиглах эрх олгоход татгалзах санал өгсөн гэж үзэхээргүй, харин ашиглах эрх олгох тохиолдолд анхаарах нөхцлийг заасан байна.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот албан бичгийн агуулгаас үзвэл “...Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газар ашиглах эрхийг хамгаалалтын захиргаа авч, төлбөртэй зогсоол ажиллуулах” хүсэл зоригтой, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээс гадуур аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хүсэл зоригийг газар ашиглагчийн эрхэд халдах үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.    

Иймд дээр дүгнэсэн үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд үндэслээгүй, газар ашиглагчийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж дүгнэлээ.

“И” ХХК  нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргаж хандсан байхад гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй, харин ийнхүү шийдвэрлээгүй эс үйлдэхүйн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 17-нд тус компанийн гаргасан “цаашид хамтран ажиллах талаарх” 05/13 тоотод 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 10/4974 тоотоор өгсөн “шүүхийн маргаан шийдвэрлэгдээгүй байгаа тул ... дэмжих боломжгүй” гэх хариу өгсөн, энэ хариуг “тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн хариу гэж үзэхгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгоогүй хууль бус эс үйлдэхүй гэж үзлээ.

Хариуцагч нь “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэж маргадаг ч нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг гаргахаас өмнө эрх нь зөрчигдөх этгээдэд буюу “И” ХХК-д мэдэгдээгүй нь  Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1 “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг шууд хүргүүлнэ”, 27.5 “тайлбар, санал гаргах боломжийг хангана”, 27.7 “саналыг шийдвэр гаргахдаа заавал тусгах үүрэг хүлээхгүй ч тусгаагүй шалтгаанаа тайлбарлах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн, ийнхүү шийдвэр гаргасны дараа тус компанид шийдвэрийг хаяглан хүргүүлээгүй, шийдвэрийн талаар гомдол гаргах эрхийг хугацаанд нь хангаагүй нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 “захиргааны актыг хаяглагдсан этгээд болох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэнэ” гэснийг болон тухайн үед нь гомдол гаргах эрхийг зөрчсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар захиргааны актыг эрх нь зөрчигдөх этгээдэд дээрх журмаар мэдэгдсэнээр захиргааны акт хүчин төгөлдөр болох тул актад гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг ийнхүү мэдэгдсэн үеэс тооцно.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1487 тоотод Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын талаар дурьдаж, “гэрээ хураалгах” мэдэгдэл “И” ХХК-д хүргүүлснийг тус компани 2018 оны 12 дугаар сарын  18-ны өдөр хүлээн авсан болох нь Монгол шуудан ХК-ийн ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул энэ үеэс тухайн актыг талаар гомдол гаргах хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар тооцох ба тус компани 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өөрт нь гомдол гаргасан нь гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүйн дээр, мөн хуулийн 39 дугаар зүйлийн 93.2-т “дээд шатны эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэсэнтэй нийцэж байна.

Тэгээд ч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгохыг даалгах” шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс тооцон 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах байсан” гэж үзэх боломжгүй.

Иймээс сайдад 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасныг, гомдолд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйн талаар шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасныг гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Өмнө нь Г ХХК-ийн нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/87 дугаар тушаалаар “И” ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийг шүүх хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Г ХХК  нь нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг ч ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзахаас өмнө гарсан тушаалын хууль зүйн үндэслэлийг тэр үед гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон “И” ХХК–ийн нэхэмжлэлээр хянан шийдвэрлэхэд Г ХХК–ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэж  гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн ч Г ХХК  нь “сайдын 2017 оны А/87 дугаар тушаалтай маргахгүй, нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг тушаал хүчин төгөлдөр хэвээр буюу маргаан бүхий газар “И” ХХК-д үлдэнэ гэж ойлгож байгаа, сайдын 2018 оны А/407 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж” буйгаа, өөрөөр хэлбэл маргаан бүхий газартай холбоотой маргахгүйгээ, мөн шүүх хуралдаанд оролцохгүйгээ бичгээр илэрхийлсэн болно. 

Нэхэмжлэгч нь анх газар ашиглах эрх хүсэхдээ хүсэлт гаргаж буй газарт барихаар төлөвлөсөн аялал жуулчлалын төвийн барилгад 300 м.кв талбайг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын компаниудын төлөөлөгчийн газрыг байрлуулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны балансад шилжүүлэн өгөхөөр тусгасан байдгийг дурьдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.1.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.7, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА