Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 848

 

  

 

 

 

 

2017 оны 07 сарын 24 өдөр

 

 

 

 

 

     Дугаар 151/ШШ2017/00730

                                   

 

 

 

 

                                            Төв аймаг

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байр, 56 тоотод оршин суух Дархчуул овогт Доржпаламын Азжаргал /ТЖ80082614/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, малчин 2 гудамж, 147б тоотод оршин суух Тайж овогт Даваажавын Наранмандах /ЧЕ82080162/

 

Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Үдлэг багт оршин суух Боржигон овогт Нямхүүгийн Хаянхярваа /ЧД79121911/ нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 20,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Азжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам, хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбаатар, гэрч Д.Ариунзаяа, гэрч С.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Хаянхярваа эхнэр Д.Наранмандахын хамт 2014 онд надтай уулзахдаа Япон улсаас миний дөнгөж оруулж ирээд байсан Прадо 120 маркийн жип машиныг 45,000,000 төгрөгөөр зээлээр өгчих, мөнгийг нь хагас жилийн хугацаанд төлж барагдуулна гээд гуйгаад байхаар нь мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг бэлнээр авч эхнэр Наранмандахынх нь нэр дээр шилжүүлэн өгсөн юм. Энэ гэр бүлийн эхнэр, нөхөр 2 өмнө нь надтай нэг бус машины наймаа хийж, сайн танилууд болж, надаас зээлээр машин аваад мөнгөө өгчихдөг болохоор нь нэр дээр нь шилжүүлж өгсөн.

            Гэтэл тэд үлдэгдэл мөнгөө өгөхгүй элдэв шалтаг хэлсээр 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүргэж, мөн өдөр төлөөгүй үлдсэн 15,000,000 төгрөгөнд сарын 3 хувийн хүү тооцохоор тохирч Д.Наранмандах өөрийн гараар бичиж өгсөн. Үүнээс хойш тэдний Гурвалжингийн барилгын зах дээр борлуулдаг цементнээс нь авч суутгасаар үлдсэн 11,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусах амлалт өгч энэ тухай Н.Хаянхярваа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн гараар бичиж өгсөн. Хэрэв энэ амалсан хугацаанд эс төлсөн нөхцөлд хүүг хэвээр үргэлжлүүлэн тооцохоор тохиролцсон.

            Иймд миний итгэлийг хөсөрдүүлэн бүлэглэн луйвардах оролдлого хийж буй нэг гэр бүлийн Н.Хаянхярваа, Д.Наранмандах нараас 15,000,000 төгрөгөөс сар бүрийн 3 хувиар тооцоход 10 сарын хугацааны 4,500,000 төгрөг, 11,500,000 төгрөгөөс сар бүр мөн хувиар тооцоход 12 сарын хугацааны 4,140,000 төгрөг нийт 11,500,000+4,500,000+4,140,000=20,140,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

            Хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Би Д.Азжаргалаас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Прадо-120 маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Бэлнээр 25,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг бэлнээр, дансаар, Азжаргалын аав, төрсөн дүүгээр дамжуулан мөнгө, цементээр төлж байсан. Тухайн үед гааль дээрээс шууд авсан учир машины эвдрэл мэдээгүй номер авч унах гэтэл эвдрэлтэй байхаар нь засуулж  ч чадахгүй буцаагаад 23,000,000 төгрөгөөр зарсан. Энэ машины тооцоо дууссан байсан, гэтэл 2017 оны хавар цагдаагийн газраас дуудаж гэнэт 5,000,000 төгрөг нэхэж эхэлсэн. Өнөөдөр 20,140,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Азжаргалын аав гэх хүн надаар өр төлбөрийн талаар баримт бичүүлж авч байсан боловч автомашины төлбөр төлнө гэсэн болохоос бус хэзээ ч мөнгө зээлж байгаагүй. Нөхрөөр минь бас 2016 оны 04 дүгээр сард баримт бичүүлсэн нь ямарч үндэслэлгүй мөнгө зээлсэн гэж бичүүлсэн байсан, иймд эдгээр баримтыг нотлох баримт гэж хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнд өгөх өр төлбөр байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү Д.Азжаргал машинаа ийм хүмүүст өглөө гэхэд нь би дургүй байсан. Хариуцагч талаас 25,000,000 төгрөгийг нийт өгсөн юм билээ. 25,000,000 төгрөгийг өгөөд нэрээ шилжүүлье гэж ярьсан. Цементийг бол би авсан. Сүүлд цемент ирэхэд үнстэй хольсон цемент байсан. Би мэргэжлийн хяналт дуудна гэхэд 2 тонн цементийг авч яваад сольж ирсэн байсан. Бодит байдлаар ярьж байна. 25,000,000 төгрөг бол бэлнээр шилжүүлсэн мөнгө биш дансаар 10,000,000 төгрөг орж ирсэн. Үлдсэн 15,000,000 төгрөгийг бэлнээр цувуулж өгсөн байдаг. Энэ талаар маргахгүй байх гэж бодож байна.” гэв.

Хариуцагч Д.Наранмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Машин худалдаж авсан нь үнэн. Би өөрийгөө төлбөрөө бүрэн барагдуулсан талаар нотлох баримттай гэж бодож байна. 25,000,000 төгрөг аваад машинаа нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. 25,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд, нийт дансаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн цемент 14 тонн 750 килограммыг 1 тонныг нь 155,000 төгрөгөөр тооцож өгсөн. Дараа нь Ариунзаяагаар 2,000,000 төгрөг Азжаргалд өгүүлсэн байгаа. 2 удаа идэшний үхэр бэлдэж өгсөн, 1 үхрээ 1,500,000 төгрөгөөр бодоход 3,000,000 төгрөг болж байна. Үлдсэн мөнгийг баримтгүйгээр бэлнээр өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

Хариуцагч Н.Хаянхярваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Хаянхярваа нь эхнэрийнхээ өмнөөс мөнгийг өгч байсан. Худалдах, худалдан авах гэрээ огт хийгээгүй. Тиймээс Н.Хаянхярвааг хариуцагчаас хасч өгнө үү.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг үзэхэд  нэхэмжлэгч, хариуцагч нар 10,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан нь тогтоогддог боловч  талууд 45,000,000 төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах тухай тохиролцсон гэж тайлбар гаргадаг, 25,000,000 төгрөг бэлнээр өгч авалцсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч Д.Азжаргалын Хаан банкны дансны хуулгаас үзэхэд хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа  нар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,700,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,800,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогддог.  Мөн хариуцагч талаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 45 шуудай цементийг нэхэмжлэгч Д.Азжаргалын дүүд хүлээлгэн өгсөн байдаг. Нийтдээ 14 тонн 750 кг буюу 2,286,050 төгрөгийн үнэ бүхий цементийг автомашины төлбөрт өгсөн байдаг. 2 тооны хязаалан насны үхрийг 2 жил дараалан төлбөртөө өгч 1 үхрийг 1,500,000 төгрөгөөр тооцоход 3,000,000 төгрөг болж байна. Иргэн Д.Ариунзаяа 2,000,000 төгрөгийг бэлнээр Д.Азжаргалд өгсөн байдаг. Үүнийг Д.Азжаргал хариу тайлбартаа 1,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Нийт төлбөрөө барагдуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Азжаргал нь хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нарт холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 11,500,000 төгрөг, түүний хүүд 8,640,000 төгрөг нийт 20,140,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

            Хэрэгт авагдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ээс үзэхэд /хх-5/ нэг талаас нэхэмжлэгч /худалдагч/ Д.Азжаргал нөгөө талаас хариуцагч /худалдан авагч/  Д.Наранмандах нар 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Тоёота Прадо-120 маркийн тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, гэрээний нэмэлт нөхцөлд “төлбөр тооцоо дууссан болно” гэж зааснаар мөн өдөр төлбөрийг төлж барагдуулсан болох нь нотлогдож байх тул тухайн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... , худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж , худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.” гэж заасантай нийцэж байна. Гэвч маргалдагч талууд  шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа Тоёота Прадо-120 маркийн тээврийн хэрэгсэлийг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар хэлэлцэн тохиролцсон байх бөгөөд үнийн талаар маргахгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... мөн оны 10 дугаар сарын 1-ний өдөр 25 сая төгрөгийг бэлнээр авч ... эхнэр Наранмандахых нь нэр дээр шууд шилжүүлэн өгсөн юм.” /хх-1/ гэх тайлбараас үзэхэд 25,000,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл худалдан авмагц нэхэмжлэгчид өгсөн болох нь нотлогдож байна. Тухайн тээврийн хэрэгслийг Д.Азжаргал өөрийн нэр дээр Япон улсаас оруулж ирсэн болох нь 1221970 дугаар Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгийн хуулбар /хх-4/ -аар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч тал тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэлд 11,500,000 төгрөг, түүний хүүд 8,640,000 нийт 20,140,000 төгрөг гаргуулах шаардлагаа нотолж хариуцагч Д.Наранмандахын гарын үсэг бүхий 15,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн сарын 3 хувийн хүүтэй зээлсэн болно /хх-6/, хариуцагч Н.Хаянхярваагийн бичсэн үлдэгдэл 11,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгана /хх-7/ гэх агуулга бүхий баримт ирүүлжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгө, ... эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.3-т “... зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж  тус тус заажээ. Талууд маргааны эх үүсвэр болох тээврийн хэрэгслийг худалдаж, худалдан авахдаа зээлийн гэрээ байгуулаагүй, харин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь /хх-5/ тогтоогдож байна. Нэгэнт зээлийн гэрээ байгуулаагүй тул хариуцагч Д.Наранмандахын 15,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн болно /хх-6/ гэх баримт нь хуульд заасан гэрээний хэлбэрийн тусгай шаардлагыг хангахгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ. Мөн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдан авагч нь Д.Наранмандах байх ба тухайн тээврийн хэрэгслийн төлбөртэй холбогдуулан аливаа үйл ажиллагаа хийх итгэмжлэлийг Н.Хаянхярваад олгоогүй байх тул Н.Хаянхярваа нэхэмжлэгч Д.Азжаргалд  төлбөр төлөх талаар амлалт /хх-7/ өгөх эрхгүй болно. Н.Хаянхярваа хэргийн хариуцагч бус болох нь “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр тогтоогдсон улмаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчаас хасуулах хүсэлтийг гаргаж байх тул хүсэлтийг хүлээн авч Н.Хаянхярвааг хэргийн хариуцагчаас хасах нь зүйтэй.

 

            Дээр дурдснаас дүгнэж үзэхэд зохигчид тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохоос бус зээлийн гэрээ байгуулаагүй байх тул төлбөрийн үлдэгдэл мөнгөнд хүү тооцох хуулийн үндэсгүй байна. 

 

Хариуцагч Д.Наранмандахын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтэст өгсөн тайлбарыг /хх-11-12/ шинжлэн судлахад нэхэмжлэгч Д.Азжаргалд өгөх тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх, байгаа бол түүнийг  өгсөн эсэх нь тодорхой бус байхаас гадна Н.Хаянхярваа нь хэргийн хариуцагч бус тул түүний өгсөн тайлбар /хх-9-10/ хэрэгт хамааралгүй болно. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагчаас цемент авсан тооцоог нотлох баримт гэх дэвтрийн цаас /хх-163/ үг үсгийн засвартайгаас гадна баримтад зурсан гарын үсгийг хариуцагч Д.Наранмандах миний гарын үсэг бус гэж маргаж байгааг нэхэмжлэгч няцааж чадахгүй байна. Хэрэгт авагдсан тэмдэглэлийн дэвтрийн хуудас /хх-164/-д “2014.04.03 Азаа 2 тн, 2014.04.13 2 тн Энхээ” гэсэн тэмдэглэгээ бүхий хариуцагч Д.Наранмандахаас  цемент авсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Хариуцагч Д.Наранмандах нэхэмжлэгч Д.Азжаргалд тээврийн хэрэгслийн төлбөрт цемент өгч байсан гэдгээ нотолж шүүхэд ирүүлсэн тэмдэглэлийн дэвтэрт “Азаа 5 тн 160,000, Доржпалам 2 тн цемент, азаад 5 тн х 155000” зэрэг тэмдэглэгээ /хх-103-104/ хийсэн байгаа нь хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан төлбөртөө цемент өгч байсан гэх тайлбар болон гэрч С.Ган-Очирын шүүхэд өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүх хариуцагчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэгч Д.Азжаргалын Хаан банкны дансны хуулгыг холбогдох банкнаас гаргуулан авсан болно. Дансны хуулгыг шинжлэн судлахад хариуцагч Д.Наранмандах 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг /хх-129/, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг /хх-132/,  2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,700,000 төгрөг /хх-136/, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг /хх-137/, Н.Хаянхярваа  2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,800,000 төгрөг /хх-137/ нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогддог.  

 

Гэрч Д.Ариунжаргалын “Би 2016 оны 06 дугаар сарын эхээр Хаянхярваа, Наранмандах нараас 2 сая төгрөг, сүү авч яваад энэ хүн рүү ярьсан. Сонсголонгийн замаар явж 4-р цахилгаан станцын зам дээр машиных нь багаж онгорхой зогсож байхад өгсөн” гэх мэдүүлэг /хх-170/, гэрч С.Ган-Очирын “2015 онд 10 тн цемент лав хүргэж өгсөн, 2016 онд 8-9 тн цемент өгсөн” гэх мэдүүлэг /хх-170/ нь гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулсан, хариуцагчаас өөрийн татгалзлаа үндэслэж, маргаантай байгаа үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэрчийн мэдүүлэг  байх тул нотолгооны хэрэгсэл болно.

 

Хариуцагч Д.Наранмандах нэхэмжлэгч Д.Азжаргалд худалдан авсан тээврийн хэрэгслийн төлбөрт тохиролцсоны дагуу 45,000,000 төгрөг өгөх ёстойгоос 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 2,286,050 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлсэн, 2,000,000 төгрөгийг гэрч Д.Ариунжаргалаар өгүүлсэн, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий идэшний 2 үхэр нийлүүлжээ. Үлдэгдэл 2,013,750 төгрөг /45,000,000-25,000,000-10,000,000-2,286,050-2,000,000-3,000,000=2,013,750/-ийг нэхэмжлэгчид өгсөн болохоо хариуцагч тал нотолж чадахгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... , худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.” гэж заасныг хариуцагч Д.Наранмандах бүрэн биелүүлээгүй байх тул тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэлд 2,013,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Азжаргалд олгож илүү нэхэмжилсэн 18,126,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хэргийн оролцогчид хамаарахгүй Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримт /хх-4,5,8-12/, хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан баримт /хх-6,7,45-118,128-159,161,163,164/-ыг тус тус нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Хэрэгт авагдсан дараах баримт /хх-2,22-23,41/ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэхэмжлэгч Д.Азжаргал 20,140,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 258,650 төгрөг урьдчилан төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 2,013,750 төгрөгт ногдох 47,170 төгрөгийг хариуцагч Д.Наранмандахаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Наранмандахаас 2,013,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Азжаргалд олгож, илүү нэхэмжилсэн 18,126,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Азжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранмандахаас 47,170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Азжаргалд олгосугай.

3. Н.Хаянхярвааг хэргийн хариуцагчаас хассугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР