Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар  2020/ШЦТ/382

 

 

2020        12         07                                             2020/ШЦТ/382

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангууд овогт Э.С холбогдох эрүүгийн 2021000000433 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод нийтийн аж ахуй төрийн өмчит хувьцаат ХХК-нд сантехникч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 10-16 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тангууд овогт Э.С  /РД:

 

Шүүгдэгч Э.С нь 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 4-27 тоотод оршин суух Г.Мгэрт иргэн Г.Болдмааг хуурч Ред Ми Ноте-8 маркийн гар утас буюу өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

            Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би Болдмаагийн гар утсаар Фэйсбүүк ороод өгнө гэж хэлээд кодыг нь тайлуулаад утсыг нь авсан. Удалгүй Болдмаа гар утсаа авмаар байна гэж хэлэхээр нь би алга болсон байна гэж хэлээд түүнийг явуулсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад түүний эзэмшлийн гар утсыг 180.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/

 

            Хохирогч Д.Болдмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр найзууд болох Тулгаа, Ариунаа нарын хамт Бит баар руу орж хаах хүртэл нь үйлчлүүлсэн. Улмаар ... Сүлдээ нартай Хэрлэн сумын 6 дугаар баг 20 дугаар байрны саравчинд таарсан. ... бүгдээрээ ярилцаад Мөнгөн-Очирын гэрт очихоор болсон. ... тухайн айлд очоод байж байтал Сүлдээ ирээд надаас гар утсаа өгч бай утсаар яриад өгье гэж хэлээд авсан боловч миний эзэмшлийн Ред Ми Ноте-8 гар утсыг буцааж өгөөгүй. Сүүлд сонсоход хүнд зарсан сурагтай байсан. Би тухайн гар утсыг шилэн барилгын Самсунг дэлгүүрээс 2020 оны 7 дугаар сард 550.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар тал/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/

- ХААН банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37 дугаар тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.С нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Э.С нь 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 4-27 тоотод оршин суух Г.Мгэрт иргэн Г.Болдмааг хуурч Ред Ми Ноте-8 маркийн гар утас буюу өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Болдмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.   

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Д.Болдмаад Ред Ми Ноте-8 гар утасны шууд хохирол 550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болох /хх-ийн 37 дугаар тал/ ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар шүүгдэгч нь 180.000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Болдмаагийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудахад “шүүх хуралд оролцохгүй, *******гээс 180.000 төгрөг, 130.000 төгрөг, 180.000 төгрөг гээд 3 удаа цувуулж нийтдээ 490.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 60.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна”  гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******гээс 60.000 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 10-27 тоотод оршин суух Д.Болдмаа /ЖЕ98070809/-д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.С гийн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирлоос 490.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 60.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, байнгын цалин орлоготой зэргийг нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ЖЮ99072414 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тангууд овогт Э.С г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******гийн ЖВ99072414 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.   

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 10-27 тоотод оршин суух Д.Болдмаа /ЖЕ98070809/-д олгосугай. 

                                                                                                                                                 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА