Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Э.Бадрал, өсвөр насны шүүгдэгч Б.Г , түүний хууль ёсны төлөөлөгч Т.Бурмаа, өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Г од холбогдох эрүүгийн 1711005390014 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: Боржигон овгийн Б.Г , 2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 23-12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/; Шүүгдэгч Б.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төвийн гаднаас нууцаар, хууль бусаар хохирогч Д.Билэгзаяагийн “Күб” брэндийн унадаг дугуй хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ гүн” төвийн гаднаас нууцаар, хууль бусаар хохирогч Э.Жавхлантамирын Конандэйл брэндийн Трэйл-7 маркийн унадаг дугуй хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Теди төвийн гаднаас цоожгүй дугуй байхаар нь аваад Нарантуул худалдааны төв дээр 30.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө Пи Си тоглосон. Мөн нэг найзтайгаа талбайн ойролцоо явж байгаад нэг цоожгүй дугуй байхаар нь авсан. Тэр дугуйг Нарантуул худалдааны төвд аваачиж 40.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө мөн пи си тоглосон. Одоо дахин ийм гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.…” гэв. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хохирогч Э.Жавхлантамир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ ажилдаа өөрийн унадаг Каннондале Трайл 7 маркийн унадаг дугуйтайгаа ирсэн юм. Манай ажил Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Цэцээ Гүн төвийн офиссын байранд байдаг юм. Ажлын гадаа ирээд унадаг дугуйны зогсоол дээр өөрийн дугуйгаа унадаг дугуй цоожилдог зориулалтын цоожоор цоожлоод үлдээсэн юм. Өдрийн 11 цагийн үед үлдээсэн юм. Тэгээд би ажлаа хийгээд байж байтал манай офиссын жижүүр ирээд “танайхаас унадаг дугуйтай ирсэн хүн байна уу” гэхээр нь “би байна” гэсэн чинь “тэгвэл дугуйг чинь аваад явчихсан байнаа, ойролцоогоор 5 минутын өмнө авсан юм шиг байна” гэсэн. Тэгэхээр нь гарч харсан чинь миний унадаг дугуй байхгүй, цоожийг нь мултлаад үлдээсэн байсан. Тэгээд би цагдаад хандсан. Унадаг дугуй хулгайд алдсан талаар тухайн өдөр зам дээр машиндаа сууж байсан хүн эхэлж хараад тэгээд жижүүрт мэдэгдсэн юм байна лээ...” гэжээ /хх-11/. Хохирогч Д.Билэгзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэди төвийн дугуйн зогсоол дээр өөрийн CUBE брэндийн ногоон өнгийн оруулгатай, хар өнгийн унадаг дугуйныхаа суудлыг нь аваад Тэди төв дотор үйлчлүүлж байгаад ойролцоогоор 10 орчим минутын дараа гарч ирэхэд миний дугуй алга болсон байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан..” гэжээ /хх 43/. Гэрч Ч.Баттөр мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр намайг Теди худалдааны төвийн урд талын хаалганы дотор тал үүрэг гүйцэтгэж байхад гаднаас дугуйтай хүн орж ирэхээр нь энд дугуйтай орж ирж болохгүй гэсэн чинь унадаг дугуйны зогсоол дээр тавиад эмээлээ аваад орчихлоо гэтэл чи түр хараад байж байгаач ээ гэхээр нь би зөвшөөрөөд гадаа хараад зогсож байсан чинь нөгөө залуу ажлаа амжуулчхаад гарч ирээд дугуйгаа авахаар нь хүлээлгэж өгчихөөд буцаад орсон. Буцаж орох гэж байхад уг залуу түр харж байгаарай гээд хэлэхээр нь би за гэж хэлээд объектоо шалгаад явахдаа дугуйгаа харахаа мартчихаад зааланд байж байтал өөдөөс өөрөө хүрч ирээд дугуй алга болчихсон байна гэж хэлэхээр нь өө тийм үү гээд цуг яваад очиж үзтэл дугуй алга болчихсон байсан. Тэгээд хяналтын камерыг цуг шалгаж байгаад цагдаа дээр хамт хүрч ирсэн..” гэжээ /хх-46/. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, Эд зүйлсийн үнэлгээ /хх-18-19, 54-55/ зэргийг шинжлэн судлалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Өсвөр насны шүүгдэгч Б.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төвийн гаднаас нууцаар, хууль бусаар хохирогч Д.Билэгзаяагийн “Күб” брэндийн унадаг дугуй хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ гүн” төвийн гаднаас нууцаар, хууль бусаар хохирогч Э.Жавхлантамирын Конандэйл брэндийн Трэйл-7 маркийн унадаг дугуй хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Г ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогч Э.Жавхлантамирт 320.000, хохирогч Д.Билэгзаяад 720.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнийг төлж барагдуулаагүй байх тул нь өсвөр насны шүүгдэгч Б.Г , түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Г од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаанд хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, түүнд хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгахыг төрсөн эх хяналт Т.Бурмаад даалгаж шийдвэрлэв. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3, 8.7 дугаар зүйлд заасныг удирдлага болгон өсвөр насны шүүгдэгч Б.Г од хорих ял оногдуулахыг тэнсэж 01 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг төрсөн эх Т.Бурмаад даалгасугай.

 3. Өсвөр насны шүүгдэгч Б.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г , түүний хууль ёсны төлөөлөгч Т.Бурмаа нараас нийт 1.040.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Жавхлантамирт 320.000 төгрөг, хохирогч Д.Билэгзаяад 720.000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г од хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ХАЛИУН