| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00947/и |
| Дугаар | 151/ШШ2017/00953 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2017/00953
| 2017 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2017/00953 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй, Б.Отгончулууныг өвчний учир албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж их эмч, дэслэгч Б.Ууганцэцэг, эмчлүүлэгч этгээд Б.Отгончулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “-Өвчтөн Б.Отгончулуун нь 2017 оны 08 сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. Б.Отгончулуун нь уналт таталт өвчтэй тул манайд эмчилгээ хийгдэх боломжгүй мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байх тул албадан эмчилгээг зогсоох хүсэлтэй байна” гэв.
Эмчлүүлэгч этгээд Б.Отгончулуун нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2017 оны 08 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр архины албадан эмчилгээнд эмчлүүлэхээр ирсэн. Энэ эмчилгээнд ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байсан. Би унаж татдаг болохоор эмчлүүлэх шаардлагатай болсон учир миний энэ байдлыг харгалзан хугацаанаас өмнө суллаж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар эмчлүүлэгч этгээд Б.Отгончулууныг өвчний учир албадан эмчилгээнээс хугацаанаас нь өмнө чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Эмчлүүлэгч этгээд Б.Отгончулуун нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 2117 дугаар шийдвэрээр тус газарт захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр ирсэн ба 19 хоногийн хугацаанд эмчилгээ хийх явцад Б.Отгончулуун нь цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2017 оны 08 сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 7 сарын 20 өдрийн хамтарсан 152/188 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтад заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтад заасан уналт таталт өвчтэй болох нь нотлогдож байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Бортнууд овогт Баасанхүүгийн Отгончулууны архины албадан эмчилгээг хугацаанаас өмнө дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т зааснаар эмчлүүлэгч этгээдийн эмчилгээ дууссан талаарх мэдэгдлийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга, цагдаагийн байгууллагад 7 хоногийн дотор хүргүүлэхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, аладан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар эмчлүүлэгч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш тус тус 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ