Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 743

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2017/00743

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр баг, Зүүндэлгэр, а7 гудамж 5 тоотод оршин суух Боржигон овогт Должинсүрэнгийн Мөнх-Очир /НГ81090172/-т холбогдох,

 

худалдах, худалдан авах гэрээний төлбөр 63,809 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Мөнх-Очир нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-30K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 96999905 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Д.Мөнх-Очир нь гэрээний үүргээ үл биелүүлж 96999905 дугаарын 2015 оны 10 сарын байдлаарх төлбөр 89,809 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Мөнх-Очирт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Мөнх-Очирын төлбөрийн үлдэгдэл болох 89,809 төгрөг, үүнээс гэрээний 7.1.2-т заасны дагуу барьцаа 30,000 төгрөгийг хасч үлдэгдэл 59,809 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг нийт 63,809 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Мөнх-Очир нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие “Скайтел” ХХК-иас нэхэмжилж байгаа 63,809 төгрөгийг төлнө. 3 хоногийн дотор төлж барагдуулана” гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Д.Мөнх-Очироос худалдах, худалдан авах гэрээний төлбөр 63,809 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Мөнх-Очир нь нэхэмжлэлийн шаардлага 63,809 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Мөнх-Очир нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 63,809 төгрөгийг хариуцагч Д.Мөнх-Очир нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийн 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 2,275 төгрөгийг,  хариуцагч Д.Мөнх-Очироос 2,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР