Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/975 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         12          01                                    2020/ШЦТ/975 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

хохирогч: Б.О, түүний өмгөөлөгч Ш.Оюунмаа;

шүүгдэгч: Х.Ч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ч.-д холбогдох эрүүгийн   хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

         Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт  , ял шийтгэлгүй, Х.Ч

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Х.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “Дээж” дэлгүүрийн гадна Б.Оын хацар руу алгадаж, нүүр рүү нь өвдөглөж биед хамар ясны далд хугарал, зүүн доод зовхинд цус хуралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ч мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Дээж” дэлгүүрийн хажуу талын саадад Тэнгис гээд найзтайгаа юм яриад сууж байтал Х.Ч ирээд “утсаа өг” гэж хэлэхээр нь “өгөхгүй, ээж уурлана” гэж хэлсэн. Тэр үед намайг алгадаж миний хамар руу өвдөглөсөн. Миний хувьд гомдолтой байна. Хохирол 1.500.000 төгрөгийг гаргуулж авах саналтай байна...” гэв.  

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын мэдүүлэг /хх-ийн 5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10275 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-10/, шинжээч Б.Ариунзулын мэдүүлэг /хх-ийн 13/, Х.Чын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, Х.Чын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-23/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эмчилгээ болон хохирлын баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Х.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Дээж” дэлгүүрийн гадна иргэн Б.Оыг “гар утсаараа яриулсангүй, өөдөөс томорч хэдэрлэлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Оын /хх-ийн 5/: “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Дээж” дэлгүүрийн хажуу талын сааданд найз нарын хамт сууж байтал Х.Чагнанингар хүрч ирээд “гар утсаа өг” гэж хэлэхээр нь “гар утсаа өгөхгүй” гэхэд баруун хацар руу 2 удаа алгадсан. Баруун өвдгөөрөө нүүр рүү нэг удаа өвдөглөсөн. Миний хамарнаас цус гарахаар нь гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Оын биед “хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10275 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 9-10/,

 

Х.Чын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ий 18-19/: “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн орчим “Дээж” дэлгүүрийн хажуу талын тоглоомын талбайд Тэнгис гэдэг хүнтэй уулзахад Б.О ...хамт байсан. Би Б.Ооос “утсаа өгч байгаач” гэж асуусан. Тэгтэл өөдөөс орилоод байсан. ...надад уураа гаргаад байхаар нь би өөдөөс нь уурласан. Тэгээд баруун хацар руу нь алгадаад өвдөглөсөн чинь хамрыг нь өвдөглөсөн...” гэх мэдүүлэг болон хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн болон хохирлын баримтууд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч Х.Чын үйлдлийн шинж, хандлага, сэдэл санаа зорилгоос үзвэл тэрээр хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авахын тулд сэтгэл зүй болон бие бялдарын илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлж, заналхийлсэн, энэ айлган сүрдүүлэлт заналхийлэлд нь хохирогч ороогүйн улмаас хүч хэрэглэн зодсон бус харин хохирогчийг “гар утсаараа яриулсангүй, өөдөөс хэдэрлэлээ” гэх шалтгаанаар зодож хөнгөн гэмтээсэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзсэнийг дурдаж байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Х.Чын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Чын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлээ эмчлүүлэх, эмнэлэгт үзүүлэх, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж, хууль зүйн туслалцаа авахын тулд өмгөөлөгч сонгож авах үр дагаварт хүрсэн.

 

Иймд гэмт хэргийн улмаас гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт 1.285.000 төгрөгийг (эмчилгээ, өмгөөлөгчийн ажлын хөлс, унааны зардал) шүүгдэгч Х.Чаас гаргуулж хохирогч Б.Од олгох нь зүйтэй.

 

Харин хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Х.Ч нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж эрүүл мэндэд нь хохирол учруулах замаар нийгэмд тогтсон ёс суртахуун, иргэдийн амар амгалан амьдрах, бусдын эрхийг үл хүндлэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чаас 1.285.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Од олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ