Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0304/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Иргэдийн төлөөлөгч Э.Б,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт С.Ст холбогдох эрүүгийн 2018000000252 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт С.С /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “.......................” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.С нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 44 дүгээр байрны 08 тоотод эхнэр Б.Мгийн “унт” гэж хэлсэнд бухимдан түүний цээжний зүүн тал суганы ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Сийн өгсөн: ...өглөө нь ажилдаа явж байгаад 2 таньдаг хүнтэйгээ таараад 2 шил архи хувааж уусан. Тэгээд гарч яваад юу болсныг мэдэхгүй гэртээ харьснаа мэдээгүй, огт санахгүй байгаа, цагдаагийн хэлтэс дээр сэрсэн. Согтуурхаж ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Мгийн өгсөн: Тэр өдөр согтуу орж ирээд гэрт бөөлжих гээд байхаар нь унт үгүй бол гар гэж хэлсэн, С.С цаашаа хараад зогсоод байсан. Манай нөхөр амьдрал дээр намайг алгадаж ч үзээгүй, би нөхрийгөө хутга авна гэж огт бодоогүй. Тэгээд би ороо хураагаад зогсож байтал намайг цохих шиг болсон гэтэл хүү цаад өрөөнөөс “ээжийг хутгалчихлаа шүү дээ” гэсэн. Тэгээд хартал цус болчихсон байсан. Би гараараа дараад эмнэлэг дуудаж, цагдаа руу ярьсан. Эмнэлэгт эмчлүүлэхэд болон гэртээ хэвтэн эмчлүүлж байхад бүх зардлыг нөхөр маань гаргасан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн зовуурь байхгүй, биеийн байдал хэвийн байдалдаа орсон гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй гэрч С.Дий өгсөн: ...Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 21-ний өглөө аав гэрээсээ гараад явсан бөгөөд удаагүй эргэж орж ирэхдээ архи уучихсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгсэн чинь ээж болох М аавыг “унт” гэж хэлээд ор зассан чинь аав “унтахгүй” гэсэн. Тэгтэл ээж түүнийг “унтахгүй юм бол гар” гэсэн чинь аав уурлаад ээжийн гар луу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Гэтэл ээж аавыг цааш нь ор луу нь түлхсэн чинь аав босож ирээд галын өрөөний шүүгээн дээр байсан хар ногоон өнгийн иштэй хутгыг шүүрч аваад ээж рүү дайрсан. Энэ үед ээж ааваас айгаад “битгий” гээд түлхсэн чинь аав ээжийн гэдэснийх нь хажуу тал руу нэг удаа хутгалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

...Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 44 дүгээр байрны 8 тоот бор өнгийн төмөр хаалга байх бөгөөд галын өрөөний хаалганы баруун талд шалан дээр байх хогийн савны хажууд хар ногоон өнгийн иштэй 21 сантиметр урттай хутга хаясан байхыг хэргийн газрын үзлэгээр хураан авч фото зургаар бэхжүүлэв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,

...хутга нь нийт 20 сантиметр урттай, ажлын хэсгийн урт 11 сантиметр, ишний урт 9 сантиметр, ногоон, хар өнгө хосолсон иштэй, ажлын хэсэг дээр STAINLESS STEEL гэсэн бичвэртэй байв... гэх хэргийн газраас хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн 439 дугаартай “Б.Мгийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч С.Сийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Хайрхан багийн 44 дүгээр байрны 08 тоотод эхнэр Б.Мгийн цээжний зүүн тал суганы ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул С.Сийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мгийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол учирсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “...Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн зовуурь байхгүй, биеийн байдал хэвийн байдалдаа орсон” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэр бүлээ тэжээдэг ба амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой, гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруутай болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч С.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/-аар тогтоогдож байгаа ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч С.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ст оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ст өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ

                                                           ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ