Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2014/0029/З |
Дугаар | 221/МА2015/0045 |
Огноо | 2015-01-22 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2015/0045
П.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 532 дугаар шийдвэртэй, П.Э-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М-н давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден Вилл хотхоны 105 дугаар/15/5/ байрны 304 тоот 3 өрөө, 81.75 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбай бүхий 0-13 тоот автомашины зогсоолыг 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Э” ХХК-тай 12/06 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулан өөрийн өмчлөлд авсан. Уг орон сууцыг өөрийн өмчлөлд авснаас хойш одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд би уг орон сууцаа Эд хөрөнгийн эрхийн I улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахаар Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч уг орон сууц нь бүхэлдээ “Э” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд Зоос болон Хаан банкинд барьцаатай, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. “Э” ХХК нь өмчлөлийн талаар маргаагүй бөгөөд төлбөр тооцоог бүрэн I төлж барагдуулсан тул миний өмчлөлд бүртгэхийг хүссэн албан бичгийг гарган өгсөн. Уг орон сууцыг зогсоолын хамт гэрээнд заасны дагуу 81 750 ам доллараар захиалгаар бариулан худалдаж авсан. Иймээс би дээрх орон сууцны шударга өмчлөгч мөн тул орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Э нь “Э” ХХК-тай орон сууц захиалах гэрээг 2007 онд байгуулсан. Орон сууцны төлбөртэй холбоотой маргаан байхгүй. “Э” ХХК 2014 оны 5 дугаар сарын 12, 22-ны өдрүүдэд 2 удаа төлбөрөө бүрэн төлсөн, ямар нэгэн маргаангүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд “Э” ХХК дэмжиж байна гэдгээ илэрхийлж байгаа нь П.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгогдож байна. Хариуцагчийн хувьд 2007 оны 9 дүгээр сард Хана банк, Зоос банк ХХК, “Э” ХХК-иудын хооронд хийсэн гурвалсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Гэхдээ цаг хугацааны хувьд дүгнэж үзэхээр 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн П.Эад орон сууц захиалах гэрээ хийгдсэн. П.Э уг байрны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. 2007 оны 9 дүгээр сард хийсэн зээлийн болон барьцааны гэрээ нь П.Э-н 105 дугаар байрны 304 тоот орон сууцыг уг гэрээнд тухайлан зааж барьцааны зүйл болгоогүй байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд 60 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгад гарсан. Гэрээн дээр зарагдаагүй орон сууцнуудыг барьцаалах гэсэн байхад зарагдсан орон сууцнуудаа барьцаалсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голден Вилл цогцолборын 105 дугаар байр буюу Денверийн гудамж-15/5 тоот орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн 2204020093 дугаарт, Денверийн гудамж 1/7 тоот гаражийн барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020095 дугаарт “Э” ХХК /2823632/-ийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн байх бөгөөд тухайн эд хөрөнгө нь Зоос банк болон БНСУ-ын Хана банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6683 дугаар захирамжийг үндэслэн гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 11/3253 тоот, 1/6542, 2012 оны 2/4309, 2/9693, 2013 оны 2/2931, 2/2236 албан бичгүүд болон Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/4-4235 дугаар албан бичгүүдээр тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
Тухайн орон сууцыг “Э” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж дутуу гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд орон сууцуудыг тоот тус бүрээр нь салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны үндсэн дээр иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 19.2-т " Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно" гэж заасан. Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасныг үндэслэн 105 дугаар байрны 304 тоот орон сууц болон Д-13 тоот авто зогсоолыг салгаж бүртгэн гэрчилгээ олгох боломжгүй байгаа болно. “Э” ХХК, Зоос банк ХХК, БНСУ-ын Хана банк хооронд байгуулсан гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийн тэргүүн ээлжинд хангуулах эрх бүхий субъект нь БНСУ-ын Хана банк юм” гэжээ.
Гуравдагч этгээд БНСУ-ын Хана банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн П.Э-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт У.М би гуравдагч этгээд болох Хана банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч П.Э өөрийгөө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 105 дугаар байрны 304 тоот орон сууц, D-13 тоот авто зогсоолын өмчлөгч гэж үзсэн нь эргэлзээтэй байна. Хэдийгээр тэрээр төлбөр тооцоогоо 2007 онд хийсэн ч төлбөр тооцоогоо дутуу төлсөн буюу төлбөрийн асуудалтай гэдэг нь харагдана. Түүний 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 250 ам доллар төлсөн гэх баримт нь маш эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Хана банк нь 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Э” ХХК-тай бонд захиалгын гэрээ байгуулсны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон баригдаж дуусаагүй буюу улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилгыг барьцаалж, мөн 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан юм. Энэхүү барьцаалсан хөрөнгийн нэг хэсэг нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден Вилл хотхоны 105 дугаар байр ордог юм. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голден Вилл хотхоны 105 дугаар байр нь 60 хувийн гүйцэтгэлтэйгээр “Э” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж дараа нь Хана банкинд барьцаалагдсан байдаг. Мөн Зоос банк болон Хана банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь бүртгэлтэй байсан гэх, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 11/3253, 1/6542 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2013 оны 2/2931, 2/2236 дугаар албан бичгүүдээр тухайн орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн гэх үйл баримт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нөгөө талаар Хана банкны нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд одоог хүртэл явагдаж байгаа бөгөөд энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс барьцаанд байгаа орон сууцнуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд энэ нь П.Э-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болох юм. Мөн Баянзүрх дүүргийн шүүхэд Хана банкны хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6683, мөн шүүхийн шүүгчийн 2012 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 5761 дүгээр захирамж гарснаар 105 дугаар байрны өмчлөх эрхийг ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлэхийг хориглосон юм. Өөрөөр хэлбэл П.Э-н эзэмшиж буй гэх Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден Вилл орон сууцны хорооллын 105 дугаар байрны 304 тоот орон сууц, Р-13 тоот авто зогсоолын өмчлөлийн асуудал иргэний шүүхээр нэг мөр шийдэгдээгүй байхад, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, үлдээж өгөхийг хүсье" гэжээ.
Гуравдагч этгээд “Э” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "П.Э нь “Э” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу төлбөрийн үүргээ тогтоосон хугацаанд бүрэн төлсөн. Иймд иргэн П.Э нь гуравдагч этгээд болох “Э” ХХК-д төлбөр тооцооны ямар нэгэн үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд манай компани оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул биднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Зоос банкны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн П.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “Э” ХХК нь 2007 оны 8 дугаар сард Баянзүрх дүүрэг, Денверийн гудамжинд баригдаж байсан Голден Вилл орон сууцны барилгын ажилд зориулж 20 тэрбум воны бондыг 24 сарын хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэйгээр БНСУ-ын Pusan bank, Woori bank, Shinhan capital, Хана банк зэрэг байгууллагуудад худалдсан. “Э” ХХК-ийн Голден Вилл орон сууцны цогцолборыг бариулах санхүүжилтийг БНСУ-ын хөрөнгө оруулагч талууд тэдгээрийг төлөөлөн Хана банк, нөгөө талаас Зоос банк оролцон олон талт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг БНСУ-ын хөрөнгө оруулагч тал давхар барьцаалсан. Энэ гэрээнд Зоос банк нь БНСУ-ын хөрөнгө оруулагч талын оруулсан санхүүжилтийг “Э” ХХК-ийн барилгын ажлын явц байдал, санхүүжилттэй уялдуулан шилжүүлж байх, орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд борлуулалтын орлогыг тусгай дансанд төвлөрүүлэн буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн болно. Дээрх гэрээнүүдийг байгуулах үед “Э” ХХК-ийн нэр дээр Голден Вилл орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас гарган өгсөн байсан бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн гаргасан тус компанийн өмчлөх эрхийг баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт юм. Орон сууцыг захиалах, худалдан борлуулахаас өмнө тус компани дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд өмчлөгчийн хувьд хөрөнгөө бусдад шилжүүлэх, барьцаалах захиран зарцуулах бүрэн эрхтэй юм. Нэхэмжлэгч П.Э-н худалдан авсан 105 дугаар орон сууцны барилга нь бүхэлдээ дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан ба сууц өмчлөгч тус бүрээр гэрчилгээ салган гаргаагүй тул “Э” ХХК-ийн өмч хэвээр байна. “Э” ХХК-ийн өмчлөлийн энэ байрыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагад дууссан барилгын гэрчилгээ гаргуулан авч, захиалагч тус бүрээр гэрчилгээг салган гаргах ёстой бөгөөд өмнө нь захиргааны хэргийн шүүхээр үүнтэй төсөөтэй хэргүүдийг шийдвэрлэхдээ өмнө нь гарсан хүчин төгөлдөр гэрчилгээ байсаар атал давхардуулан олгохоор шийдвэрлэж байгааг анхааран холбогдох хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэхийг хүсэж байна. Иймд хариуцагчийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд холбогдуулан хууль тогтоомжид дурдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан хариу тайлбарыг Зоос банк дэмжиж байгаа болно. Жич: Гуравдагч этгээд Зоос банкны эрх хүлээн авагч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул хурлыг байлцуулахгүйгээр хийж, шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 532 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден Вилл хотхоны 10 дугаар /15/5/ байрны 304 тоот 81.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон 15/7 дугаартай D-13 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр П.Эыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд БНСУ-ын Хана банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “Иргэн П.Э-н нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт У.Мөнхбат би гуравдагч этгээд болох Хана банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 532 тоот шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэн гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 532 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт « ... П.Э-н Голден Вилл хотхоны 105 буюу 15/5 дугаар байрны 304 тоот, 81.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 0-13 тоот автомашины зогсоолыг өмчлөх эрхийг түдгэлзүүлээгүй, "... орон сууцны барилгуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Э” ХХК, Зоос банктай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден Вилл хотхоны 6305,64 м.кв талбай бүхий 105 дугаар/15/5/ байр 60 хувийн гүйцэтгэлтэйгээр барьцаалагдсан боловч П.Э-н “Э” ХХК-тай 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу худалдан авсан уг байрны 304 тоот, 81.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 0-13 тоот автомашины зогсоол барьцаалагдсан болох нь нотлогдоогүй, түүнчлэн П.Э дээрх барьцаат зээлийн гэрээний оролцогч биш, уг барьцааны гэрээгээр үүрэг хүлээгээгүй байдаг» гэжээ.
Гэвч "Хана" банк нь 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Э” ХХК-тай Бонд захиалгын гэрээ байгуулсны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийн хангах арга болгон баригдаж дуусаагүй буюу улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилгыг барьцаалж, мөн 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан юм. Энэхүү барьцаалсан хөрөнгийн нэг хэсэг нь нэхэмжлэгч П.Э-н нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл" хотхоны 105-р байр ордог. Өөрөөр хэлбэл , Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голден вилл" хотхоны 105 дугаар байр нь 60 хувийн гүйцэтгэлтэйгээр “Э” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, дараа нь "Хана" банкинд барьцаалагдсан байдаг. Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6683 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан.
Дээрхээс үзэхэд 105-р байрны өмчлөх эрхийг ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлэхийг хориглосон ба нөгөө талаар "Хана" банкны нэхэмжлэлтэй "Э" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд одоог хүртэл хийгдэж байгаа бөгөөд энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс барьцаанд байгаа орон сууцнуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан нь иргэн П.Э-н нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Голден Вилл хотхоны 105 буюу 15/5 дугаар байрны 304 тоот, 81.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 0-13 тоот автомашины зогсоолын өмчлөлийн асуудал иргэний шүүхээр нэг мөр шийдэгдээгүй, барьцааны гэрээгээрээ тэргүүн ээлжинд "Хана" банкны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгаа юм.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 532 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч П.Э-н “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден Вилл хотхоны 105 дугаар /15/5/ байрны 304 тоот, 81.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий D-13 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр П.Э-ыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд БНСУ-ын Хана банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнхбат давж заалдах гомдолдоо “Хана банк нь 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Э” ХХК-тай Бонд захиалгын гэрээ байгуулсны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон баригдаж дуусаагүй буюу улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилгыг барьцаалж, мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан юм. ...Барьцааны гэрээгээр тэргүүн ээлжид “Хана” банкны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгаа юм” гэсэн үндэслэлээр маргажээ.
Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6683 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020091, Ү-2204020097, Ү-2204020098, Ү-2204020096, Ү-2204020093, Ү-2204020094, Ү-2204020095, Ү-2204020092 дугаарын гэрчилгээтэй орон сууцны барилгуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн байх бөгөөд уг захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 11/13253 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандан “Э” ХХК-ийн нэр дээр байгаа дээрх орон сууцуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл орон сууцны барилгуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь Голден вилл хотхоны 105 буюу 15/5 дугаар байрны 304 тоот, 81.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, D-13 тоот автомашины зогсоолыг өмчлөх эрхтэй шууд хамааралтай гэж үзэх боломжгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас дээрх байруудыг түдгэлзүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан байр, авто зогсоолыг бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус байна.
Учир нь нэхэмжлэгч П.Э нь Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үнийг бүрэн төлсөн болох нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн тэмдэглэл, “Э” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай албан бичиг, гэрч Б.Золзаяагийн мэдүүлэг зэргээр нотлогджээ.
Мөн “Орон сууц захиалгаар бариулах тухай” 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг “Э” ХХК-ийг төлөөлж захирал Им Жун Ү, нөгөө талаас П.Э нар байгуулсан байх бөгөөд харин Зоос банк болон “Э” ХХК-ийн хооронд 2007 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр орон сууцны зориулалттай барилга зоорины давхартайгаа 11 давхар, 60 хувийн гүйцэтгэлтэй /105/, 6305.64 м.кв байрыг барьцаалсан гэрээ хийгдсэн нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг орон сууц захиалгаар бариулах гэрээ хийгдсэний дараа хийгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн захиалгаар бариулсан орон сууц болон авто зогсоол барьцаанд орсон эсэхийг нэхэмжлэгч иргэн мэдэх боломжгүй юм.
Нөгөөтээгүүр хариуцагчийн бүртгэхээс татгалзах үндэслэл болсон эрх бүхий байгууллагын албан бичгүүд нь нэхэмжлэгчийн одоо оршин сууж буй орон сууц, авто зогсоолыг битүүмжлэн захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэнд хамааралгүй учир Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10 дахь хэсэг болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтууд зөрчигдөхгүй болно.
Дээрх үндэслэлүүд болон бусад үндэслэлүүдээр зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд БНСУ-ын Хана банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнхбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд БНСУ-ын Хана банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнхбатаас давж заалдах давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ