Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/978

 

 

 

 

 

 

 

2020         12          02                                     2020/ШЦТ/978

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Д.М-д холбогдох эрүүгийн 1909005820234 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ... тоотод оршин суух, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ХМШЗ/01 дугаартай захирамжаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, одоо хорих 425 дугаар нээлттэй ангид ял эдэлж байгаа, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ...овогт Д.М нь:

 

- 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим ***нутаг дэвсгэрт байрлах “Революшн” ресторанд иргэн Х.Ш-гийн Айфоне Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр С** нутаг дэвсгэрт байрлах “***” лоунжид Э.М-н Айфоне Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цаг 50 минутын орчим *** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний эмийн санд эм зүйчээр ажиллаж байсан хохирогч Ш.А-г “гар утсаа өгөөч, хүнтэй яриад өгье” итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 150.000 төгрөгний үнэ бүхий Самсунг 7 маркийн гар утсыг залилан мэхэлж авсан,

- 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С***хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караокед үйлчлүүлж байхдаа тус караокены ажилтан Б.Б-д “гар утсаа цэнэглүүлсэн ах утас аваад ир гэнээ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Г-н эзэмшлийн Самсунг Жи 5 маркийн гар утсыг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Ш мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... ** ресторанд үйлчлүүлж байх үед бие засах өрөө ороод гараад ирэхэд ширээн дээр байсан миний гар утас алга болсон байсан. Буцаж бие засах өрөөнд орж үзээд байхгүй болохоор нь тухайн үйлчлүүлж байсан газрын хүнийг дуудаад камер шүүж үзэхэд нэг үл таних хүн гаднаас орж ирээд миний сууж байсан ширээн дээр тавьсан миний Айфоне Икс загварын гар утсыг хулгайлаад аваад гарч яваа бичлэг байсан гэжээ. / 1хх 65-66 /

Гэрч Б.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... ***ресторанд үйлчлүүлж байх үед манай 2 найз бие засах өрөө орсон. Тэгээд би А-н хамт ширээнд сууж үлдээд хоорондоо юм яриад сууж байтал гэнэт нэг үл таних хүн ширээ рүү ирээд сэтгүүл бариад юу яриад байгаа нь мэдэгдэхгүй юм яриад байсан. Тэгэхээр нь би зарах гээд байгаа юм бол уу гэж бодоод үгүй гэж хэлээд явуулсан. Гэтэл найз Х.Шинэтуяа бие засах өрөөнөөс гарч ирээд ширээн дээр байсан гар утас алга болсон байна гэж хэлсэн гэжээ. / 1хх 73-74 /

Гэрч Г.А  мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 22 цагийн үед би ** ресторанд найз **** бид дөрөв сууж байтал Ш, Ц нар бие засах өрөө орсон. Тэр хойгуур манай ширээн дээр нэг туранхай хар хувцастай залуу ирээд Б.Д бид хоёроос “ Сэтгүүл авах уу “ гэж асуугаад сэтгүүлээ ширээн дээр тавьсан. Энэ үед бид хоёр авахгүй гээд буруу хараад суусан. Тэгтэл тэр залуу ширээн дээр байсан сэтгүүлээ аваад яваад өгсөн. Х.Ш бие засах газраас гарч ирээд “ Ширээн дээр байсан миний утас алга болсон байна “ гээд утсаа хайгаад олоогүй. Камерын бичлэг шүүж үзэхэд сэтгүүл авах уу гэж асуусан залуу сэтгүүлтэйгээ давхар бариад авч гарсан байсан. Гадуураа хар өнгийн хувцастай залуу юүдэнтэй малгай өмссөн. Нүд, нүүр хэсэг нь харагдаж байсан гэжээ. / 1хх 71-72 /

Хохирогч Э.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... *** лоунжид өөрийн найз Э.Нарантунгалагийн хамт сууж байгаад бие засах өрөө рүү яваад ирэхэд ширээн дээр тавьсан миний Айфоне Икс маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд өөрийн найз Э.Н-с асуухад миний найз анзаарч хараагүй байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тухайн утсыг 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ** төвөөс 2.980.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 2.850.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. / 1хх 63-64 /

Гэрч Э.Н-г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... *** лоунжид сууж байгаад гарах үед манай найз Э.М-н нь ариун цэврийн өрөө рүү орсон. Би тэр үед өөрийн тооцоогоо авах гээд хүлээж байх үед 165 см өндөртэй, бор өнгийн царайтай, хар өнгийн үүргэвчтэй, гартаа кардон цаас барьсан хүн ирээд юм асуугаад байсан. Би айн гэхэд “ Өө. За за. Уучлаарай эгчээ “ гэж хэлээд гараад явсан гэжээ. / 1хх 76 /

Хохирогч Ш.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 22 цаг 50 минутын үед ** дугаар байранд байрлах "***" ХХК-ний эмийн санд намайг ажиллаж байхад гаднаас үл таних 20 орчим насны эрэгтэй хүн утсаараа яриулаач гэж гуйгаад орж ирсэн. Тэгэхээр нь би түүнд өөрийн Самсунг маркийн Он-7 загварын гар утсаа өгсөн. Тэр хэн нэгэн хүн рүү залгаад утсаар яриад байсан. Тухайн үед гаднаас манай эмийн санд урьд өмнө үйлчлүүлж байсан хоёр залуу орж ирээд эм худалдаж авсан. Би тэр хоёрт үйлчилж байхад миний утсыг гуйгаад ярьж байсан хүн аваад эмийн сангаас гараад зугтаасан. Миний утсыг аваад зугтаачихлаа гэхэд нөгөө эм худалдаж авч байсан хоёр залуу түүний араас хөөсөн. Яг энэ үед гаднаас миний нөхөр намайг тосох гээд  орж ирж таарсан.  Тэгээд  тэр залуугийн араас хөөж хэсэг хугацааны дараа нөгөө хоёр залуугийн нэг нь миний утсыг барьчихсан орж ирсэн гэжээ. / 2 хх 1 /

 

Хохирогч Э.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой *** үйл ажиллагаа явуулдаг Мишээл караокед өөрийн найз Жавхлантөгсийн хамт орсон. Тухайн үед караокед ороод удаагүй өөрийнхөө гар утсыг цэнэглүүлэх гээд тус караокены бармен эмэгтэйд үлдээсэн. Тэгээд караокеноос гарах болоод караокены гадаа коридорт найзтайгаа тамхи татаж байгаад гар утсаа үлдээснээ санаад буцаад орох гэж явахад караокед зөөгч хийж байсан үл таних банди зөрөөд гарсан. Тэгээд барменаас нь "гар утсаа авъя" гэсэн чинь бармен эмэгтэй “ Манайд зөөгч хийж байсан банди гар утсыг чинь аваад гарсан” гэж хэлсэн. Миний алдсан утас Самсунг Жи-5 маркийн гар утас байсан. 2019 оны 06 дугаар сард 150.000 төгрөгөөр авсан гэжээ. / 1хх 178-180 /

 

Гэрч М.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Д.М надад “ Чиний утсыг тавиад өнөөдөр жоохон ууя” гэхээр нь би үгүй гээд гэр рүүгээ явсан. Араас нь караокены бармен охин Болороо намайг дуудаад “ Танай найз чинь хүний утас аваад явсан байна “ гэж хэлсэн гэжээ. / 1хх 184-186 /

 

Гэрч Б.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Б-н найз нь нөгөө гар утсаа алдсан ахтай гадаа тамхи татчихаад орж ирээд надад хандаж " Гар утас цэнэглүүлсэн ах утас аваад ир гэнээ" гэж хэлэхээр нь би өгчихсөн. ... Тэгсэн удалгүй нөгөө гар утас цэнэглүүлэх гээд үлдээсэн ах орж ирээд гар утсаа авъя гэсэн. Тэгэхээр нь би “ Дөнгөж сая таньтай зөрсөн хүүхэд таныг гар утас аваад ир гэж байна гээд утсыг чинь аваад гарсан “ гэж хэлэхэд надад өгөөгүй гээд байсан гэжээ. / 1хх 189-190 /

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 17, 47 /

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 77-78, 83-84, 204-205, 2хх 7-8 /

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 2хх 10 /

Яллагдагч Д.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой Турнинг пойнт паб-д кардон цаас барьж ороод ширээн дээр сууж байсан нэг эмэгтэй дээр очиж “задгай мөнгө байвал өгөөч” гэж гуйгаад барьсан цаасаа ширээн дээр байсан гар утас дээр тавьсан. Тэгээд гар утсыг давхар барьж гарч явсан. Тэгээд утсаа маргааш нь Тэди төвд танихгүй хүнд 450.000 төгрөгөөр зарсан гэжээ. / 1хх 95-96 /

 

Шүүгдэгч Д.М-ийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1хх 95-96, 212-213, 2хх 23-25, /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1хх 101 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хоригдож байх хугацаанд их зүйл ойлгож хүмүүжсэн. Хохирлоо ажил хийж төлнө гэв.

 

Шүүгдэгч

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим ***нутаг дэвсгэрт байрлах “Революшн” ресторанд иргэн Х.Ш-гийн Айфоне Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр С** нутаг дэвсгэрт байрлах “***” лоунжид Э.М-н Айфоне Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цаг 50 минутын орчим *** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний эмийн санд эм зүйчээр ажиллаж байсан хохирогч Ш.А-г “гар утсаа өгөөч, хүнтэй яриад өгье” итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 150.000 төгрөгний үнэ бүхий Самсунг 7 маркийн гар утсыг залилан мэхэлж авсан,

- 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С***хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караокед үйлчлүүлж байхдаа тус караокены ажилтан Б.Б-д “гар утсаа цэнэглүүлсэн ах утас аваад ир гэнээ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Г-н эзэмшлийн Самсунг Жи 5 маркийн гар утсыг залилан мэхэлж авсан гэмт хэргүүдийг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

Шүүхээс шүүгдэгч Д.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч, ял тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ХМШЗ/01 дугаартай захирамжаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2ш сидиг хэрэгт хавсаргаж, Д.М-оос 3.882.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Ш-д 2.090.000 төгрөг, Э.М-д 1.672.000 төгрөг, Э.Г-д 120.000 төгрөг тус тус болгож, хохирогч Ш.А-д гар утсыг буцаан өгсөнг / 2 хх 10 / дурьдаж, Д.М нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 154 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Д.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 / нэг / жилийн хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ХМШЗ/01 дугаартай захирамжаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.М-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2ш сидиг хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.М-оос 3.882.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Ш-д 2.090.000 төгрөг, Э.М-д 1.672.000 төгрөг, Э.Г-д 120.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.М-ийн цагдан хоригдсон 154 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Д.М-ийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ