Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/722

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020/ШЦТ/722

Text Box: 2020/ШЦТ/7222020          08            05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

гэрч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б овогт Б М, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Н овогт Б Б, Б овогт Э Б нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****************

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ***** бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 626.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

шүүгдэгч ************* жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь тархи доргилт, тохой, шуу, шилбэ, гуянд цус хуралт, тохой шуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* хохирогч Б.М жирэмсэн болохыг мэдсээр байж зүүн хацар руу нь гараараа 1 удаа алгадаж, цонх толгойгоор нь мөргүүлж биед нь тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: "...2020 оны 4 дүгээр сард Б, Б нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар цагдаад гомдол гаргасан. Тухайн үед миний биеийн байдал муу байхад намайг цагдаа орж ирээд авч явсан. Би цагдаад болсон зүйлийг үнэн, зөвөөр нь ярьсан. Удаа дараа хүчирхийлэл үйлдсэн тул эсэргүүцэл үзүүлсэн юм. Намайг бусдын эд хөрөнгийг гэмтээж 626.260 төгрөгийн хохирол учруулсан гэж зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Б, Б нар хийсэн хэргээ хүлээхгүй байна. 4 дүгээр сарын 11-ний өдөр би ах, ээж нартайгаа муудалцаад Бийн гэрт ирээд ганцаараа байж байсан. Тэгтэл Б Б хүрээд ир гэж утсаар ярьсан. Б гаднаас хагас шил архи авч орж ирсэн. Би гоймон идээд сууж байсан. Би тухайн үед архи уугаагүй, торгуулийн мөнгө бодогдоод, яах вэ гэж бодоод сууж байсан ба би хямарчихсан байсан. Мөн жирэмсэн гэдгээ мэдчихээд байж байсан. Б, Б хоёр намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Би та хоёрыг заваараад явдаг гэдгийг мэднэ гэж хэлэхэд У /Б/ намайг яв гэж хэлсэн мөн Б ээжийг чинь шоглоно, хорлоно гэж хэлсэн. Тухайн үед тог тасарсан байсан. Тэгэхээр нь би архитай аягыг нь аваад шидсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: "...Би Мг цохиж зодсон зүйл байхгүй. Зугтах явцдаа унагааснаас болж М гэмтсэн байх гэж бодож байна. Гэвч би өөрийн буруугаа хүлээж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: "...Б тухайн үед надад пиво аваад ир гэж хэлсэн. 22 цаг болсон байсан учраас пиво аваагүй. Би 2 найзтайгаа явж байгаад гэрт нь очсон юм. Тухайн үед Мг жирэмсэн байсан гэдгийг би мэдээгүй. Мөн төрсөн өдрөөрөө агаарт гаръя гэж ярьж байхад М намайг зайл гэж хэлж байсан. Урьд нь Мтай таарамжгүй байсан үед зөндөө байсан. М Угийн зурагтыг хагалсан, бас хувцасыг нь хайчилж шатаадаг, машиныг нь эвдэлдэг. Би Богд-Ар хороололд 5 жил амьдарсан юм. Гэтэл намайг хөөхөөр нь би манай гэрээс яахаараа намайг хөөдөг юм гэхэд М над руу төмөр аяга авч шидсэн. Би хараасан нь үнэн. Би Утай хамт гарах гэтэл над руу архи авч шидсэн, маажиж самардсан. Би Мд гар хүрээгүй. Би энэ хэргээс болж ажлаасаа халагдсан. Юу ч болоогүй байхад намайг гүтгэж байгааг нь ойлгохгүй байна. Нөхрийнх нь хажууд би жирэмсэн эхнэрийг нь зодохгүй. Би Мд маажуулаад гэрээс нь зугтаж гарсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.О мэдүүлэхдээ: "...Намайг унтаж байхад Б ах өрөөнд орж ирээд "миний утас руу залгаадах, би утсаа хайгаад олохгүй байна” гэж хэлсэн. Би утсыг нь хамт хайсан боловч олоогүй. Тухайн үед эд нар маргалдаад М эгч Б ахыг хөөж байсан. Б ах явлаа, явлаа гэж хэлээд "чи яагаад намайг хөөж байгаа юм” гээд хэрэлдэж байсан. У ах М эгчийг боль, дуугүй бай гэж хэлэхэд М эгч "та хоёр хамт гадуур, дотуур явдаг юм байна лээ” гэж хэлж байсан. Тэгээд би өрөөндөө орчихоод юу болохыг хараад байж байхад М эгч аяга аваад Б ах руу шидэж байсан. Б, Б ах нар явах гэтэл М Б ахыг зуураад "чамайг явуулахгүй чи хаачих гээд байгаа юм” гэхэд Б ах түлхээд унагасан. Гэрээс гарсаных нь дараа араас нь М эгч архины шил авч орц руу шидсэн. Намайг өрөөндөө ороход М эгч юм хагалж эхэлсэн...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон Б.Мн өгсөн мэдүүлэгт: "...Б /Б/ намайг хэл амаар доромжлоод салаавч гаргаад байсан. Иймд би улбар шар өнгөтэй пивор архитай аягыг нүүр рүү нь шидтэл "тэнэг гичий, янхан” гэж орилохоор нь би нөхөртөө энэ тэнэг юм аа зайлуул гэж хэлтэл "би хүний толгой мэдэхгүй, тийм юм бол намайг удирдах чинь яасан юм, өөрөө зайлуул гэж хэлсэн. Гэтэл Б босч ирээд танай гэр орныг чинь шатаана, ээжийг чинь шоглох болно гээд хараагаад байсан. Тэгээд Б намайг толгойгоороо цээж рүү мөргөөд май цохь гээд байхаар нь би гал тогооны өрөө рүү ороод нөхөр рүүгээ ах дүү нартайгаа дандаа дээрэлхэж, доромжилж байдаг гэж хэлтэл манай нөхөр У цонх руу аяга авч шидэхээр нь миний дургүй хүрээд У руу хоолны шанага шидсэн. Гэтэл Б намайг алгадаад толгойноос бариад цонх руу түлхээд цонхтой хавсарч дагз цохьсон. Гэтэл манай нөхөр У салгасан. Тэгээд би зайлцгаа гэж орилоход манай нөхөр У яалгамаар байна гэж хэлээд гараараа зурагт, шилэн тавиур хагалтал тог тасарсан. Б над руу орилж дайраад байж байтал Б хая наадхаа гаръя гэж байсан. Тэгээд би Уг чи гарахгүй шүү гэхэд би хүний захиргаанд байдаг хүн биш гэж хэлээд намайг хоёр талын шанаа руу алгадаад байхаар нь чи яаж байгаа юм гэхэд намайг татаж унагаагаад цээжин дээр өвдөглөөд цохиод байсан. Би доороос нь тийчилж байтал миний гэдэс хөл гар руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд шүүр аваад миний толгой болон бие хэсэг рүү шүүрээр цохиод байсан. Харин Б манай нөхрийг цааш татаад аваад явсан. Манай нөхөр намайг өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан ба 2018 оны сүүлээр зодож байсан. Жирэмсэн байхад хэд хоногийн өмнө шат руу түлхэж байсан. Б миний дээрээс өвдөглөж байгаад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Би 3 сартай жирэмсэн байсан... Б намайг жирэмсэн гэдгийг Бээс сонссон байх, намайг зодсон орой чи жирэмсэн биз дээ, хүүхдүүдээ аваад салхинд гаръя гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-25, 65-70-рт/,

Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний зүүн нүдний дээд зовхи, баруун чихний ар хэсэгт хумсаараа маажуулсан шархтай. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-29-30- рт/,

Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр М эгч манайд ирээд 1 хоносон, гэрийнхэнтэйгээ хэрэлдсэн гэж байсан. Б ах 2020 оны 04 дүгээр сарын 11-ний 21 цагийн үед ажлаа тараад ирсэн. Тэгээд намайг унтаж байтал Б ах сэрээгээд миний утас руу залгаадах би утсаа олох гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь хайхаар том өрөөнд орсон. Б ах, М эгч хоёр гал тогооны ширээний ард сууж байсан ба Б ах бид хоёр буйдангийн ойролцоо утсыг нь хайж байсан. Б ах утсаа хайнгаа хүүхдүүдтэйгээ агаар салхинд гарах талаар бас бид хоёр ч угаасаа багаасаа гар нийлээд цуг өссөн болхоор хамт их цаг хугацааг туулсан гээд ярьж байтал М эгч тийн та хоёр хамт нийлж их хүүхэнддэг юм байна лээ гэж хэлсэн. Тэгтэл Б ах чи юу яриад байгаа юм бэ, чи яагаад түрүүнээс хойш над руу дайраад байгаа юм гэж хэлсэн. Б ах дуугүй сууж байсан. Гэтэл М эгч чи одоо зайл гэхэд Б ах би энд багаасаа өссөн, энэ чинь муу сайн ч гэсэн миний гэр шүү гэж хэлсэн. Гэтэл М эгч ширээн дээр байсан архины шил аваад Б ахын толгой руу чи зайл, юу гээд байгаа юм бэ гэж орилсон. Харин Б ах чи чинь ёстой мэдрэл хүүхэн байна, юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед би Б ахын ард зогсоод утсыг нь хайж байгаад маргалдаад эхлэхээр нь би ядаргаатай юм гэж бодоод өрөөндөө орсон. Тэгсэн удалгүй шил ч юм уу нэг юм хагарах чимээ гарахаар нь өрөөнөөсөө гүйгээд гартал буйдангийн урд талд М эгч Б ахын үснээс нь зулгаачихсан зогсож байсан. Б ах очоод мөрнөөс нь татаад чи М болиочээ суугаач гээд татаж байсан. Тэгсэн М эгч тавихгүй чи яадаг гэнээ, та нар шиг юманд дээрэлхүүлэхгүй шүү гэсэн чинь Б ах чи надаар яаалгамаар байгаа юм бэ гээд зурагтаа гараараа цохиж хагалаад дээд талын тавиурыг нь бас татаж хагалсан. М нь чи энэтэйгээ нийлж хүүхэнддэг биз дээ гэж хэлтэл Б ах одоо ингээд болъё, чи бид хоёр бүтэхгүй юм байна, чи үнэхээр тэнэг хүүхэн юм байна гэж хэлээд хувцсаа өмсөөд гарах гэтэл М эгч араас нь очоод нүүр рүү нь чи хайчих гээд байгаа юм бэ гээд алгадаад байсан. Б ах эргэж хараад чи ямар тэнэг хүүхэн бэ гээд түлхэж шалан дээр унагаасан. Тэгээд Б ах, Б ах хоёр гараад явсан. Тэгээд би өрөөндөө буцаад орсон. М эгч араас нь юм шидчих шиг болсон хагарах чимээ орцонд гарсан. М эгч буцаад орж ирээд болкон дээрээс жижиг сүх аваад унтлагын өрөөний том толь, нойлын өрөөний хажуу талын хувцасны шкабны толь, болконы цонхыг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-рт/,

Гэрч Э.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 06 эсвэл шинэ жилээр Мн гэрт ороход Мн зүүн нүд нь хөхөрсөн байсан. Б хамт байсан учраас ямар учраас зодуулсан талаар нь асуугаагүй. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би Гүнтэд ажил хийж байгаад 17 цагийн үед гэртээ харих гэж байтал Мгаас 3 удаа дуудлага ирсэн байсан. Тэгээд дахиад залгахаар нь утсаа автал М уйлчихсан намайг ирж аваад гэрт хүргээд өг, нөхөртэйгөө муудалцчихлаа гэж хэлэхээр нь Богд-Ар хороололд 18 цагийн үед ирсэн. Тэгээд Мн утас руу залгаад ирчихлээ гэж хэлэхэд би орцны хаалга, онгойлгож чадахгүй байна ирээд авчих гэхээр нь Богд- Арын байрны 1а байрны орцны хаалга дээр очиход орцны үүдэнд зогсож байсан. Би ажилтан Амаржаргалын хамт явж байсан учраас Амаржаргал бид хоёр Мн 2 талаас нь түшиж машинд суулгасан. Тэр үед Мн чигчий хуруунаас нь цус гаргачихсан боочихсон, хазагнаж доголоод явж чадахгүй байсан. Тэр үед М нөхөр шатнаас түлхээд хөлөө гэмтээчихлээ гэж хэлж байсан. Тэгээд Шар хаданд байдаг гэрт нь хүргэж өгөөд салсан. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 00 цагаас 06 цаг 42 минут хүртэл М нийт 27 удаагийн дуудлага хийсэн байсан. Би утасныхаа дууг нь хаагаад унтчихсан байсан учраас сонсоогүй. Өглөө утсаа харахад Мгаас "Хатнаа туслаарай, ээжид битгий хэлээрэй гуйж байна, бөөнөөрөө зодож алах гээд байна, намайг авч утас унтраах гээд байна, Богд Ард байна ***********, би аймаар айж байна, надад чамаас өөр залгах хүн алга” гэх мессежүүдийг 01 цаг 53 цагаас 01 цаг 57 минутын хооронд бичсэн байсан. Мөн 02 цаг 10 минутанд "гуйя Хатнаа утсаа ав л даа, гуйж байна би айгаад байна, миний утас холбогдохгүй байсан ч намайг ирж аваарай” гэсэн мессэж ирсэн байсан. 02 цаг 58 минутанд "Х миний цус тогтохгүй байна, надаа туслаарай гуйя, би маш их айж байна, намайг хурдан ав л даа” гэх мессэж ирсэн байсан. Өглөө 09 цаг 42 минутанд "Х надад байх газар хэрэгтэй байна, У битгий хэлээрэй, санаа нь зовчихно, ээж, агаа хоёр бас аймаар байгаа, утсаа ав ярих юм байна” гэсэн байсан. 10 цаг 26 минутанд "за за хэрэггүй дээ, баярлалаа” гэсэн мессежүүдийг явуулсан байсан. Тэгээд би ажилтай байж байгаад 12 цаг өнгөрч байхад М руу залгатал хүрч ирээд намайг авчих эсвэл хүн явуулчих гэсэн. Тэгэхээр би завгүй байсан, явуулах хүн байхгүй байсан учраас яагаад чи дахин дахин зодуулаад байдаг юм бэ, цагдаад дуудлага өг гэж хэлэхэд яах юм бэ, хүүхдээ бодоод байна гэхээр нь би 102 дугаарын утас руу залгаад Мн мессежээр явуулсан хаяг руу "гэр бүлийн хүчирхийлэл явагдаад байна, нөхөр нь эхнэрээ өчигдөр оройноос хойш зодлоо” гээд хаягийг нь зааж өгсөн. Намайг Японд байхад М над руу залгаад Б гээд залуутай үерхэж байгаагаа хэлсэн. Тэгээд ер нь Мтай ярих үед хэрэлдсэн, зодсон, гар хүрлээ гэх мэтээр ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-рт/,

Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Богд-Ар хорооллын *** байрыг би 2005 онд худалдаж авч байсан. Б, О хоёр 3-4 жил тэр байранд оршин сууж байгаа. Би өөрөө Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа. Богд-Арын ** тоот байранд байгаа тавилга эд хогшил зэргийг би худалдаж авч байсан, мөн Бийн ээж Л бас зарим эд хогшилийг нь худалдаж авсан. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө болсон зодооны үеэр миний худалдаж авч байсан үүдний орчим байрладаг хувцасны шкафны толь, унтлагын өрөөний шкафны толь, хаалга, тавиур эвдэрсэн, тагтны цонх, гал тогооны цонх, зурагт, зурагтын тавиур эвдэрч, хагарсан байсан. Зурагтын тавиур, зурагтыг Бийн төрсөн ээж Л 5-6 жилийн өмнө худалдаж авч байсан учраас би зурагт, зурагтын тавиурыг нэхэмжлэхгүй. Харин хувцасны 2 шкафны толь, хаалга, тавиур эвдэрсэн, тагтны цонх, гал тогооны цонх, унтлагын өрөөний шкафны тольны мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. 2006 онд үүдэнд байрладаг хоёр хувцасны шкафаа 1.500.000 төгрөгөөр хийлгэж байсан. Тагтны цонх, гал тогооны цонхыг анх байр авахад шинээр бүрэн бүтэн хүлээж авсан, унтлагын өрөөний шкафны толийг анх худалдаж авахдаа ор, шкаф, толь гэх 3 хосыг 2013 онд 2.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би эд зүйлийн үнэлгээгээр гарсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130-рт/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

  1. Б.Мн биед тархи доргилт, тохой, шуу, шилбэ, гуянд цус хуралт, тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 85-86-рт/ гэжээ.

Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 36-38-рт/,

Бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 47-48- рт/,

"Ашид Билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-96-98-рт/,

Шүүгдэгч Б.Мн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б, Б нар намайг зодоогүй гэж өөрсдийн бурууг ухамсарлахгүй, уучлалт ч гуйхгүй байна. Өөрсдөө ял шийтгэл авах болохоор эвдлээгүй юмыг эвдэлсэн болгох гэж гүтгэж байна. Шинжээчийн дүгнэлт дээр дурдагдсан эд зүйлсийг би эвдээгүй, өмнө нь хагарсан байсан. Үүдний өрөөнд байдаг хувцасны шкафны толь өмнө нь хагарсан байсан. Би үүдэнд Бтой ноцолдож байхдаа тохойгоороо хувцасны шкафны толийг цохиод нэмж хагалсан. Өөр зүйл эвдэж гэмтээгээгүй. Намайг худлаа зүйлд гүтгэж байгаад маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 124- 125-рт/,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...М, Б хоёр маргалдаад М чи хэзээ ийм болчихсон юм гэж хэлээд Б руу аяга авч шидсэн. Гэтэл Б босч ирээд зодмоор байгаа бол зод гээд толгойгоо Мд өгөөд байсан. Би Бийг чи явсан нь дээр юм байна гэж хэлсэн. М над руу дайраад намайг цохиод байсан. Тэгээд би Бтой хамт гараад явсан. Би Мн биед учирсан гэмтлийг учруулаагүй М хэрэг гарсан өдрөөс хойш хэд хоногийн дараа Шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-117-рт/,

Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...бүгдээрээ агаар салхинд гаръя гэх мэт зүйл зүйл ярьж байтал М намайг хөөсөн. Тухайн үед яагаад намайг хөөснийг би санахгүй байна. Би тэр байранд урьд нь 5 жил амьдарсан учраас Мд ”чи миний гэрээс намайг хөөдөг хэн бэ, өөрөө зайл” гэж хэлсэн. Гэтэл М над руу төмөр аяга авч шидээд миний зүүн чихний ард оносон. Би Мг хараахад М ууж байсан архины шилийг ширээн дээрээс аваад над руу шидсэн, тэгээд миний толгойны дагз хэсэгт оносон. Би "чи ямар тэнэг юм бэ” гэж хэлээд Бийг явах уу гэхэд Б "явъя” гэж хэлсэн. Гэтэл М намайг маажих гэхээр нь Б цааш нь түлхэж болиулсан. М миний баруун зүүн нүдний аль хэсгийг санахгүй байна тэр орчимд жаахан маажсан. Гэтэл Б Мг түлхсэн. Тэгээд Б бид хоёр зугтаагаад гарсан. Би түрүүлээд гарсан. Миний араас Б гарч ирээд бид хоёр 3 давхарт явж байгаад утсаа орхисноо санаад би буцаж очиж хаалга тогшиход Отгонпүрэв хаалга тайлсан. Тэгээд ахынхаа утсыг олоод өг гэж хэлээд гараад явсан... М шил болон аяга шидэхэд зүүн чихний ард хавдсан. Тухайн үед над руу архины шил шидсэнээс болоод миний толгой өвдөж байсан. Би Мн биенд нь нэг ч удаа гар хүрээгүй, харин хэл амаар доромжилсон. Би Мг жирэмсэн гэдгийг мэдээгүй, биед нь огт хүрээгүй учраас гэмтэл учруулаагүй. М Б бид хоёрыг гараад явсны дараа гэрийн эд хогшил эвдэхдээ өөрийгөө бэртээсэн байх гэж бодож байна. Би 2 бага насны хүүхэдтэй, би Мг зодож цохисон зүйл байхгүй байхад намайг гүтгэж худал мэдүүлэг өгсөн байна. Би бас группт байдаг аавыгаа асардаг, эхнэр ажил хийдэггүй, ийм байдалтай цагдаа сэргийлэх гэж яваад байгаа болохоор надад маш их төвөг удаж байна. Би Мгаас болж хохирч байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 106-109-рт/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

  • эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138, 149, 169-рт-рт/,
  • Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 133-рт/,

-иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 131, 139, 168-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтууд болно.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Б, Э.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М, Б.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар:

Хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч, гэрчийн мэдүүлгээс дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.М бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн болох нь гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...шил ч юм уу нэг юм хагарах чимээ гарахаар нь өрөөнөөсөө гүйгээд гартал ...М эгч тагтан дээрээс жижиг сүх аваад унтлагын өрөөний том толь, нойлын өрөөний хажуу талын хувцасны шкабны толь, валконы цонхыг хагалсан. Тэгээд би та яагаад байгаа юм бэ та тайвшир гэж хэлсэн. Тэгээд би сүхээ тавихаар нь өрөөндөө буцаад орсон...” гэх мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хэдийгээр шүүгдэгч Б.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч гэрч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгээр шүүгдэгч Б.М том өрөөний цонх, ус буцалгагч хагалсан гэх үйл баримт нотлогдоогүй бөгөөд "...гоо сайхны шүүгээний толийг 61.200 төгрөг, тагтны цонх 2 ширхэгийг 100.000 төрөгөөр, хувцасны үүдний шкафны хаалганы толийг 115.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт авагджээ.

Иймд шүүгдэгч Б.Мн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэргийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх шинж үгүйсгэгдэж байна. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно гэх үндэслэлд хамаарагдаж байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б хохирогч Б.Мг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн талаар:

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэсний дагуу шүүгдэгч Э.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Учир нь хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт "...Б.Б намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Б.Б, Э.Б хоёр байнга хов ярьдаг болохоор Э.Б намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан гэж бодож байна...” гэж мэдүүлж байна.

Харин шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд "...би Б.Мг жирэмсэн гэдгийг мэдээгүй, сонсоогүй...” гэж мэдүүлдэг ба шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэх хуульд заасан эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Б.Мг жирэмсэн гэдгийг мэдээгүй гэх түүний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна Б.М жирэмсэн эсэхийг харах бодит боломж бий болоогүй, түүнчлэн Б.М жирэмсэн эсэхээ түүнд хэлээгүй бөгөөд мэдэх боломжгүй зэрэг хэргийн нөхцөл байдлаас гадна хохирогчийн өгсөн мэдүүлгийг туйлын үнэн зөв хэмээн үнэлж, шийдвэрлэх боломжгүй юм.

Харин шүүгдэгч Э.Б 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, *** хохирогч Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн цаг хугацаанд байсан гэрч Г.Отгонпүрэвийн мэдүүлэг болон хохирогчийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хамтран амьдрагч Б.Мг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, *** хамтран амьдрагч Б.Мг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь тархи доргилт, тохой, шуу, шилбэ, гуянд цус хуралт, тохой шуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Мн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Б.Б удаа дараа хүчирхийлэл үйлдсэн тул би эсэргүүцэл үзүүлсэн... Б над руу орилж дайраад байж байтал Б хая наадхаа гаръя гэж хэлэхэд нь би Уг чи гарахгүй шүү гэхэд би хүний захиргаанд байдаг хүн биш гэж хэлээд миний хоёр талын шанаа руу алгадаад байхаар нь чи яаж байгаа юм гэхэд намайг татаж унагаагаад цээжин дээр өвдөглөөд цохиод байсан. Би доороос нь тийчилж байтал миний гэдэс, хөл, гар руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд шүүр аваад миний толгой болон бие хэсэг рүү шүүрээр цохиод байсан... Би 3 сартай жирэмсэн байсан, энэ тухайгаа Бт хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.О. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Б, Б ах хоёр явах гэтэл М эгч Б ахыг зуураад "чамайг явуулахгүй, чи хаачих гээд байгаа юм” гэхэд Б ах түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Мн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, тохой, шуу, шилбэ, гуянд цус хуралт, тохой, шуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэгдсэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч Б.Мн биед учирсан "тархи доргилт, тохой, шуу, шилбэ, гуянд цус хуралт, тохой, шуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч Б.Б цохиж зодсон үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Мтай хамт амьдардаг байсан тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн бусад хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг "гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Б.Б нь Б.Мг зодож, хохирогчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдсан бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т заасан "хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж”, "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Б.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М нь хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, Э.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б, Э.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Бт 480 цаг цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж түүний биечлэн эдлэх ялыг 472 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.Бид холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Б Б Мг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Б овогт Э Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Н овогт Б Бийг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б овогт Б Мг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б-ид 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Бт 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцон, түүний биечлэн эдлэх ялыг 472 /дөрвөн зуун далан хоёр/ цагийн хуцаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
  2. үүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
  4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг хохирогч Б.Мд нээлттэй үлдээж, хохирогч С.Сэрчмаа өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Б.Мгаас жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.