| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0186/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/188 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0186/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............. овогт ........... ийн ................т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918008720204 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Г ийн Г /регистрийн дугаар: ТЕ................/, ............... оны ........... дугаар сарын ..............ний өдөр .............. аймгийн .............суманд төрсөн, эрэгтэй, .......... настай, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, дүү нарын хамт ............аймгийн Дархан сумын .......... дугаар баг, .................тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн . сумын . дугаар багт байрлах “Н ” зочид буудлын 206 тоот өрөөнөөс иргэн Б.А-ийн Самсунг А50 маркийн гар утас, бэлэн 480.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн .... сумын дугаар багт байрлах “Н ” зочид буудлын 206 тоот өрөөнөөс иргэн Б.А-ийн Самсунг А50 маркийн гар утас, бэлэн 480.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-ын мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 1918008720204 дугаартай хэргээс:
Хохирогч Б.А-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “....Ажлынхаа хүмүүстэй “Э” спорт төвийн гадаа ганц 2 шил архи хувааж ууж байгаад орой нь Шинэ Дарханы “Q” бааранд ажлын газрын найз Баярцолмонтой цуг ороод 100 гр виски авч уусан. Тэгээд нэлээд согтсон байж байгаад үл таних 3 залуутай танилцаад тэр гуравтай цуг Дархан сумын 6 дугаар багт байрлах “Н ” буудалд орсон. Би тухайн үед согтуу байсан учир зарим зүйлээ сайн санахгүй байна. Тэр үед миний 480.000 төгрөг, Самсунг А50 маркийн гар утас зэрэг эд зүйлс байсан. Тэгээд өглөө буудлаас сэрээд мөнгө болон гар утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд өчигдрийн буудалд цуг орж ирсэн 3 залууг хэн болохыг мэдэхээр нэг нь баруун билүү зүүн хөмсгөө шивүүлсэн нэг залууг хүмүүсээс асуухад Шинэ Дарханд яваад байдаг “Б” гэж дууддаг болохыг мэдсэн юм. Тэгээд “Б” гэх залуугийн гар утасны дугаарыг олоод ярихад надад мөнгөний хэрэг гараад авсан ахаа уучлаарай гэж хэлээд байсан. Тэгээд надад буцаагаад өгчих болов уу гэж хүлээж байгаад өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг[1],
Гэрч Н.Ч ий мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр мэдүүлсэн: “...Г ах, Б эгч, нөгөө халзан толгойтой ах бид 4 баарнаас гараад архи уухаар болсон. Тэгээд хуучин Дарханд байдаг “Н ” буудал руу орохоор болоод хуучин Дархан явж байхдаа микрийн урд байдаг 24 цагийн дэлгүүрээс 0.75 литрийн архи, ундаа, тамхи авсан. Тэгээд хуучин Дарханд байдаг “Н ” буудалд ороод нэг өрөө авсан. Буудалдаа ороод нөгөө авсан архи хувааж уугаад байж байтал нөгөө халзан ах хамаг хувцсаа тайлаад согтуурхаад байсан. Тэгсэн Г ах, Б эгч бид 2 явлаа гээд гараад явсан. Тэгэхээр нь би хонох гэснээ болиод араас гараад явсан тэгээд гараад Г ах Б эгч хоёрын араас очоод уулзсан чинь бид 2 “Шинэ Дархан” руу явж буудалд орлоо чи яах юм гэж асуухаар нь би найзындаа очиж хонолоо гээд салаад явсан. Тэгээд би маргааш өглөө нь Улаанбаатар руу харихаар явсан. Бааранд танилцаад буудалд орсон ах “Н ” буудлын өрөөнд ороод архи ууж байхдаа ширээн дээр бэлэн мөнгө, гар утас гаргаж тавьсан. Хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Ямар ч байсан 20.000, 10.000 төгрөгийн дэвсгэртүүд харагдаж байсан. Харин өнгийг нь санахгүй байна. Самсунг А50 маркийн гар утас байсан. Г ах, Б эгч хоёрыг буудлын өрөөнөөс гараад явсны дараа ширээн дээр байсан бэлэн мөнгө, гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би Г ах гарахдаа аваад гарчихлаа гэж бодоод хэрвээ энд хоновол маргааш асуудалд орох юм байна гэж бодоод буудлаас гарч явсан юм.” гэх мэдүүлэг[2],
Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 14, 28-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Буудалд ороод авсан архиа ууж байтал А жаахан согтуурхаад байсан. Тэгсэн Г явъя гээд намайг дагуулаад гарсан. Бид хоёрыг гараад явж байхад Г ын хуурай дүү гэх залуу араас гараад ирсэн. ...Би хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. А согтуурхаад мөнгө болон гар утсаа ширээн дээр гаргаж тавиад байсан. Өөр зүйл хараагүй. ”Н ” буудалд архи уучхаад гараад “S” баарны буудалд нь ороход Г мөнгөтэй болчихсон байсан.” гэх мэдүүлэг[3],
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Б.А гийн эзэмшлийн ...”Самсунг А50” маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 700,000 /долоон зуун мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[4],
Г.Г ын яллагдагчаар мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Тэгээд архи дуусаад ирсэн чинь А гэдэг ах мөнгө гар утас зэргийг ширээн дээрээ гаргаж тавьж байгаад хувцсаа тайлаад унтах гээд байсан юм. Тэгэхээр нь би явлаа гэж хэлээд ширээн дээр байсан гар утас мөнгө зэргийг нь аваад Б г дагуулаад гараад явсан. Мөнгийг тоолж үзэхэд 480.000 төгрөг байсан. Тэгээд тухайн буудал дотор Б бид хоёр хамтдаа нэг шил Дархан нэртэй архи уугаад Б яваад өгсөн юм. Тэгээд л тухайн өдөр ийм зүйл болсон юм. Маргааш нь явж байгаад А ахтай тааралдсан. Тэгээд тухайн ах намайг гар утас, мөнгө хоёр яасан бэ? гэхээр нь би тэр ахад хандан гар утсыг нь таксинд унагаагаад алга болгочихжээ, мөнгийг нь цалин буухаар өгнө гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг[5] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Г.Г , шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа нар нь шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй ба улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрсөн.” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.А нь “Хохирлоо бүрэн авч барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Г ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Г-г 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР